-Салхи шиг найрагч бүсгүй маань гүйгүүл морь шиг нутаг руугаа ойр ойрхон давхичихдаг болоо юу даа…?
-Би Хантайширын нурууны бэлд буюу Алтай хотод төрж өссөн. Аав минь Шаргынх, ээж минь Халиуных. Би жил болгон зун, намартаа нутагтаа очиж амсхийгээд ирэх сайхан. Нутаг, хүн хоёрын энэ холбоос монгол хүнд л байдаг. Энэ уул, ус, газар шорооны нэг хэсэг нь би, амьдралын минь нэг хэсэг нь миний нутаг.
Би Говь-Алтайнхаа шороон дунд бужигнаж, Хантайширын нурууны салхинд хацраа сайртуулж өслөө. Ер нь өдийг хүртэл нутгаасаа салаагүй оюун байхаасаа л тэр замаараа нутаг руугаа гүйж байна даа. Энэ өвөл гэнэт ээж минь бурхан боллоо. Миний аав ээж хоёрын эгэл хэрнээ агуу нэг хүсэл байдаг юм. Тэр нь нутагтаа л шингэх гэдэг. Ээжийнхээ хүслийг биелүүлж Говь-Алтайн Халиунд очиж ижийгээ тэнгэрт нь өргөж, газартаа шингээлээ.
Харин сая нутагтаа Хүүхдийн баяраар очиж бичсэн хүүхдийн номуудаа хүмүүст хүргэлээ. Нутагт маань дэвшилтэт алхмуудыг авчирч байгаагийн нь хувьд Ш.Раднаасэд гишүүнтэй хамтарч “Оюун санааг орон нутагт” аян өрнүүлээд ирлээ. Энэ ажлыг маань улстөржүүлээд эсвэл намын ялгаварлаар авч үзээд мөнгө төгрөгтэй холбож тайлбарлахыг хүсвэл энэ надад хамаагүй. Хамгийн гол нь нутагт маань Хүүхэд залуучуудын ордон баригдаж шинэ сургууль ашиглалтад ороод гурван ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд хоёр ээлж болоод хөгжлийн анхан шатны ажлууд хийгдээд сайхан байна.
-Сүүлийн үед сэм сэмхэн хүмүүнлэгийн бас иргэний манлайллын ажил хийгээд байгаа юм болов уу гэж харж байлаа…?
-Монголын утга зохиол, оюун санааны оргилууд төрж өссөн энэ нутагт бид хийх ёстойгоо хийж, үлдээх ёстойгоо үлдээх ёстой юм байна гэж бодож байна. Хүссэн хүсээгүй энэ цаг үед хүн бүрт тулж ирсэн шаардлага энэ гэж хэлж болно. Зөвхөн Алтайчуудын хувьд ч биш бусад орон нутагт ч ийм байгаа байх. Бид 30 жил байшин барилга, зам, бензин тос, шүүс зайрмаг хүний амьдралд өөр хэрэгтэй юу байдаг юм түүнийг мөрөөдөж амьдарлаа. Гэтэл энэ бүхнийг мөрөөдөөд хүссэнээ хүртээд иртэл нөгөө оюун санаа гэдэг юм хааччихсан юм бэ гэж өөрийн эрхгүй эрж хайж, асуух цаг иржээ.
Бид хэчнээн сайхан шилэн байшинд суугаад, брэндээр гоёод ч урагшаа алхахгүй ээ гэдгээ ойлгох цаг ирчихээд байна.
Хүмүүнлэгийн ажлын хувьд гэвэл ер нь хөдөө явахаараа машиныхаа ард оцойтол нь боломжоороо ном ачаад явдаг. Ямар ч байсан энэ ард түмэн бол унших ёстой гэдгийг тархи, зүрхнийхээ мухарт туг шиг л хадаж явдаг хүн шүү дээ. Өвөр хязгаарын айлд яваад ороход миний хуучин номнуудаас униндаа хавчуулчихсан байдаг. Тийм байхад би номуудаа хүргэхгүй гээд яах билээ.
-Ингээд яваад байхаар Эмүжин өрсөлдөх нь ээ гэхгүй байна уу?
-Ийм үл ойлгогдох асуултууд дунд нэлээд удсан л даа. Би улс төрд хэзээ ч орохгүй. Би ямар нэгэн албан тушаалын төлөө хэн нэгэн эрх мэдэлтэнд зүтгэхгүй. Гэхдээ нутагтаа нэр дэвшиж байгаа хамгийн сэтгэлтэй, Алтайчуудын амьдралыг урагшлуулж чадах хүнийг хэнээс ч айхгүйгээр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Монголд номынхоо орлогоор амьдрах хэцүү, маш цөөхөн зохиолч номынхоо орлогоор амьдардаг гэдэг юм билээ. Эмүжингийн хувьд номоо зараад сууж байгаа харагдахгүй, ном нь тэр болгон олдохгүй. Бүтээлүүдийнхээ орлогоор амьдрах бүрэн боломж байна, тийм үү?
-Би талбай дээр номоо хямдруулаад зарж суудаггүй. Миний номууд дэлгүүрийн 50-70 хувийн хямдралд ордоггүй. Би цаашдаа ч ийм л байх болно. Бүх номоо жил гаруй хэвлэхгүй барьчихлаа л даа. Яагаад гэвэл зарим бүтээлүүдээ цогц байдлаар эмхлэж гаргах болсон байна. “Улбар хөлт”, “Хар торон” бээлий хоёроо “Согооны хэвтэр” гэдэг өгүүллэгийн шинэ номтойгоо хамтатгаж цогц байдлаар гаргана. Он жил өнгөрөхөд хүнээс гарч буй яруу найраг өөр болдог юм байна. Энэ номуудаа ч гэсэн цогц байдлаар гаргана. Номоос гадна жүжгүүд, кино зохиол, дууны шүлэг бичиж байна. Одоо гэхэд гурав дахь жүжгээ бичээд эхэлчихсэн байна. Тиймээс миний үзэгний үзүүр хөдөлж л байгаа бол тэр надад өгөөж орлого болж ирдэг.
-Ер нь хэчнээн номын эзэн болчихов?
-Хүүхдийн зургаан номоо нэмвэл 16, 17 болчих вуу. Зарим талаараа энэ олон номыг чинь байн байн хэвлүүлээд нааш цааш нь ачиж зөөгөөд явна гэдэг хэцүү. Бараг жижигхэн хэвлэлийн компанийн ажил болно. Надад нүсэрддэг ажил учраас тэр болгон хэвлүүлээд гүйгээд байх сонирхол алга.
-Сошиал хуудаснаас нь харж байхад хангай, говь, уул, тал хаа сайгүй л салхи, сэлфи хоёр татуулж явах юм. Судалгаа хийгээд л яваад байна уу?
-Зохиолч, яруу найрагч бол салхины дундах салхи, агаарын дундах агаар магадгүй хөрс шороо өвсний үндэс нь байдаг. Бас зохиолч хүн бол хүн судлаач байдаг. Одоо би түүхэн зохиол руу орохоор өнгөрсөн жилээс судалгааг нь хийгээд Төвд рүү яваад ирлээ. Дахиад ч өчнөөн явах хэрэгтэй байна. Хэрэв би дөрвөн хананы дунд би юу бичих вэ гээд хумсаа хэмлээд суувал хэзээ, ямар бүтээл төрөх вэ. Ингэж явах нь надад ажил, тайвшрал, аз жаргал гунигийг бий болгодог.
-Чамайг юу яруу найрагч байлгадаг вэ?
-Мэдэхгүй байна. Заримдаа ингэж өөрөөсөө асуудаг ч олдоггүй. Надтай хамт төрсөн, тэр нь би өөрөө байдаг бол би анзаарахгүй шүү дээ. (инээв) Гэхдээ ингээд төрчихсөн юмаа гээд суугаад байж болохгүй. Үнэхээр чамд бичих ур чадвар, мэдрэмж заяасан юм бол хөдөлмөрч байх хэрэгтэй. О.Дашбалбар, Д.Урианхай гээд олон агуу хүмүүс бидэнд хэчнээн ботиуд үлдээж, үлдээхээр бичиж байна. Авьяас, мэдрэмж гэдгийг хөдөлмөртэй хослуулж байж л зохиолч, яруу найрагч гэж өөрийгөө нэрлэх нь зүйтэй байх.
-Уран бүтээлч хүн өдөр тутмын аар саархан ахуй, энэ их бужигнаан шуугианаас сэтгэлээ хол, цэвэр ариун байлгах нь зөв юм болов уу гэж боддог. Ийм байлгахын тулд ямар нэгэн аргыг хэрэглэдэг үү?
-Байлгах гэж биш би угаасаа байж чаддаггүй, тогтдоггүй. Мэдээж юмаа бичээд суух үед өөр. Заримдаа манайх телевизээ асаалгүй өчнөөн сар болчихсон байдаг. Оюун санаа, сэтгэл зүрхээ өөрийнхөөр нь, дагшин байдлаар нь авч үлдэх нь мэдээж чухал. Гэхдээ зорилго, зориулалт гаргаад сэтгэл зүрхээ тийм байлгая гэдэггүй. Би угийн л зөнгөөрөө амьтан шүү дээ. (инээв) Хэт их тав тухыг хүсэх нь өөрөө тав тухгүй байдал. Түүнийхээ оронд машиныхаа ард хэдэн борц, гоймон, номоо хийчихээд яваад өгсөн нь дээр.
-Энэ онд хэчнээн км замыг туулчихав?
-Он гарнаас хойш гэвэл Монголд 6000 гаруй км-ыг туулсан байх. Саяхан ЕвроАзийн медиа форумд оролцоод ирлээ. Тооцоолж үзсэнгүй л дээ.
-Яруу найраг, кино, жүжиг, өгүүллэг, түүхэн, эротик, хүүхдийн гээд төрөл бүрийн жанраар бичиж байна. Нэг хүнээс ийм олон төрлийн зохиол төрнө гэхээр сонин санагдаад байна…?
-Сонины нүсэр ачааг 10 гаруй жил үүрэлцэж явахдаа яруу найрагтай хамт байсандаа баярладаг. Тэр үед яруу найраг намайг аварсан. Зөвхөн яруу найргаа хөөгөөд явсан бол магадгүй өнөөдөр ямар нэгэн хэнээрхэл тусчихсан явж байх ч юм билүү. Яруу найрагчийн омголон зүрхийг өгүүллэгийн зохиолууд маань илүү ухаарал, бодрол руу хөтөлсөн байх. Хүүхдийн үлгэрийн ном маань мэдээж хүүхдүүдэдээ үлгэр ярьж өгдөггүй ээж гэж үгүй. Тэндээс л улбаатай.
-Та магадгүй өөр шигээ бодож байгаа байх. Хүүхдэдээ үлгэр ярьж өгдөггүй ээж олон байдаг. Үлгэрийн номууд чинь эндээс төрсөн байх нь ээ?
-Би хөвгүүдэдээ орой болгон нэг үлгэр зохиож ярьж өгдөг. Хүүхэд их хөөрхөн шүү дээ том болох тусмаа үлгэрийн захиалга нь дагаад “том” болдог. Эхлээд чонын тухай үлгэр сонсмоор байна гэж байсан бол жаахан өсөөд ирэхээрээ “Ээж ээ, бэлтрэгнүүдтэй чонын тухай үлгэр ярьж өгөөч” гэнэ. Тэгж байснаа дурласан лууны тухай ярьж өгөөч гэнэ. Тэгэхээр би жилд хэдэн үлгэр зохиосон ээж байх нь вэ. Тэр олон үлгэрээс хэдхэнийг нь Монголын хүүхдүүдэд яагаад зориулж болохгүй гэж бодож зорьж хийсэн ном л доо.
-Хөвгүүдтэй ээж байх сайхан. Хөвгүүдээ ямар эр хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Ээжийн хүссэн биш тэд өөрсдийнхөө хүссэн эрчүүд болж байгаа. Би дэргэд нь чиг шугам л байсан. Өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг, зоримог, аливаад уужуухан ханддаг тийм эрчүүд байгаасай гэж чиг шугам нь болохыг хүссэн. Хөвгүүд ирээдүйгээ өөрсдөө хөтлөөд аваад явчихдаг юм билээ. Эрэгтэй хүүхдэд эр зоригийн хүмүүжил суулгах ёстой гэж тэр орон зайг нөхөх гэж л хичээсэн. Надад хэдийнээс олон чихмэл тоглоом байсаар ирсэн юм. Тэр тоглоомуудаа хооронд өөр өөр хоолойгоор яриулж тоглодог байлаа. Хүүхдүүдээ бага байхад нь ч, одоо ч тэр тоглоомуудаар тоглож ярьдаг. (инээв)
-Хүүхдийн зохиолыг том хүний сэтгэхүйгээр бичнэ гэвэл худлаа болно. Хүүхдийн үлгэр зохиоход танд байдаг хүүхдийн гэмээр гэнэн зан чанар нөлөөлж дээ…?
-Ээж маань намайг саяхан “Чи ер нь хүүхэд хэвээрээ л хүн юм байна” гэж гайхаж хэлж байсан. Хүн бүхэн л хүүхэд байсан, өнөөдрийг хүртэл туулж ирсэн тэр хүнд ачааны чинь дор хүүхдийн араншин дарагдчихаад байж байдаг. Би харин энэ араншингаа өөртэйгөө хамт энэ хүртэл тээж ирж чадсан юм болов уу даа.
-Гэнэн байхад бусдаас сэтгэлийн шарх авах нь амархан байдаггүй гэж үү?
-Тэр шархыг өөртөө хэр зэрэг удаанаар байлгаж идээлүүлж, буглуулснаас л болно. Би дээрээс нь төрөлхийн дэндүү гэмээр мартамхай. Энэ маань шархдаад шаналахгүй байхаас авардаг давуу тал болдог. (инээв)
-Дээрээс нь бас хэнэгггүй тийм үү?
-Тэр ч багын зан даа. Юм болгонд оролцоод, уралцаад байх сонирхол багаас байгаагүй. Орхиж, мартаж чадах нь амар юм даа.
-Эмэгтэй хүн дурлах тусмаа гялалздаггүй гэж үү?
-Хүний дурлах, хайрлах, алдах онох нь өөрөө сэтгэлдээ түүнийг хэрхэн хүлээж авч эсвэл хэрхэн гадагшлуулж байгаагаас л шалтгаална. Насан залуугийн дурлал, идэр үеийн дурлал гээд нас насанд хүний бүхий л зүйлс өөрчлөгддөг. Гэтэл дурлалд хандах хандлага хэвээрээ байгаад байдаг.
-Ямар хандлага?
-Итгэмтгий, гэнэн, гэгээн, алдахаас айдаггүй.
-Дурлалын шүлгээ бичсээр л байна уу?
-Бичилгүй яахав. Өмнө нь шүлгүүдэдээ нэр өгдөггүй байсан. Тэгээд саяхан шинээр нэр өгч эхэлвээ. Тэгсэн чинь хайр…хайр….хайр гээд нэртэй болчихсон. “Сүүлчийн хоргодох газар”-аас бусад бүх шүлэг нь хайр нэртэй болчихоод болдоггүй. (инээв)
-Дурлахыг хүсвэл дурлал ирэх болов уу?
-Дурлалын шувуу хүний зүрхэнд үүрээ засчихсан нисэхэд бэлэн байдаг юм биш үү? Тэр нисэхэд бэлэн шувуугаа хүмүүс торонд хорино, давхар торонд хашина, далайн гүн рүү шиднэ. Тэр нисэхэд бэлэн өд сөдөө дэвэлзүүлээд байгаа шувуугаа хорихгүй бай л даа.
-Дурлалын дууч бүсгүй маань ганцаараа амьдрахдаа ч гудийхгүй, хар цагаан хэл амнаас ч айхгүй. Дахиад л эр хүнийг өмөөрч шүлэг бичсээр…?
-Эр хүнийг натураар нь хүлээж авдаг хэвээрээ. Түүнийгээ илэрхийлэхээс айхгүй бас хэвээр. Би өөрөө ийм хүн байж эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бусдын өмнө босго тавих хүсэлгүй.
-Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхдаа аз жаргалаар илүү гэрэлтдэг юм болов уу. Үнэхээр тийм үү?
-Чиний хувьд аз жаргалын үндэс юу юм бэ гэдэг чухал. Миний хувьд хүссэнээрээ л амьдрах, зөнгөөрөө л байх… Өөрийнхөө хүсэл зоригийнхоо эсрэг юуг ч сөргүүлэн тавьдаггүй. Эр хүнээр ярья л даа. Би тэр хүнд дурлалаа, гал шиг халуун дурлалаа, хайртай боллоо.
Гэтэл он жилүүдийн тоосонд энэ бүхэн дарагдаад хуучирсан байхыг нэг л өдөрх мэдэрнэ. Тэр үед би “Үгүй ээ, би нөхөртэй байх ёстой, үгүй ээ би ганцаараа байх ёсгүй” гээд байвал аз жаргал байж чадах уу. Гэхдээ ганцаараа байхаар аз жаргалтай болдог ч юм биш. Үнэхээр хайртай хүнийхээ далавчных нь нөмөрт хоргодож үлдээд тэр нь надад аз жаргал байвал тэндээ үлдэнэ.
Тиймээс ирэхийг хүссэн цагтаа ирдэг, явахыг хүсвэл явдаг, бичихийг хүссэн сэдвээ л бичдэг. Түүний эсрэг алдар нэр, ашиг хонжоо, мөнгө төгрөгийг сөргүүлэн тавих хэрэгцээ үгүй. Хэрвээ тэгвэл аз жаргалаа ямар нэг юмаар наймаалцаж байгаа хэлбэр байх.
-Хүсэл зоригоороо амьдрах сайхаан. Гэвч заримдаа хүмүүстэй зохицоход асуудал тулгардаг. Энэ тухайгаа?
-Орхиж чаддаг байх. “Миний зөв”, “би ялагч байх ёстой” гэж арцалдахын оронд орхиод л гарчихна. Цаг хугацаа бүхнийг харуулна. Ийм байхад би шатаад яах юм. Надад шатах юм зөндөө л байна шүү дээ.
-Өнөөдөр, одоо бид нэгэн цаг үед нэгэн хөх тэнгэрийн дор амьдарч байна. Сэтгэл тань юунд эмзэглэх юм?
-Эх орноо хэндээ өвлүүлнэ дээ… Ирээдүйгээ зөв өсгөж төлөвшүүлэхгүй бол, өнөөдрийн өөрсөд шигээ болгочихвол эх орноо хэндээ үлдээх юм бэ л гэж эмзэглэдэг.