-Хамгийн анх хэзээ улсаа төлөөлөн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан бэ?
-Энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор ажилласан. Түүний дараа 2013 онд Өмнөд Судан улсын хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ынНью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилласан. Нийтдээ гурван удаа ажиллагаанд явсан байна.
-Хамгийн анх энхийг сахиулах ажиллагаанд явах тушаал авахад юу бодогдож байв?
-Манай улсаас энхийг сахиулах ажиллагаанд явж эхэлж байсан үе л дээ. Тиймээс англи хэлтэй офицеруудыг бараг л албан хүчээр явуулж байсан. Одоо бол хүмүүс өөрсдөө саналаа өгч өрсөлдөж, шалгаруулалтад орж байж явдаг журамтай болсон. Миний өмнө нэг эмэгтэй офицер баруун Сахарт явсан байсан. Миний хувьд Монголоос штабын офицерээр анх удаа явж байгаа нь тэр.
Өмнө нь штабын офицероор эрэгтэйчүүд явж байсан учраас тэдэнтэйгээ холбогдоод бэлтгэлээ базаасан даа. Сүүлийнх буюу Нью-Йоркод ажиллахад бас Монголоос анх удаа болсон. Энэ тохиолдолд ажлын хувьд туршлага болгоод асуучих хүн байгаагүй.
-Гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг офицер хүний хувьд нэр төрийн хэрэг. Дайны бүсэд ажиллаж байсан уу?
-Өмнөд Суданд очиход яг л дайны нөхцөл байдал угтсан. 2012-2013 он шилжих үед Өмнөд Суданы эрх баригчдын тэмцэл мөргөлдөөн болсон. Улс орон хэдэн эрх баригчдын тэмцлээсээ болоод нэг шөнийн дотор л дайны байдалд шилжиж энгийн ард иргэд нь амь үрэгдэхийг нүдээрээ харах харамсалтай санагдаж байлаа. Тэр үед би үүрэг гүйцэтгээд явж байсан юм. Миний амьдардаг бааз, ажилладаг бааз хоорондоо арав орчим км-ын зайтай. Тэр хооронд явж байхад замын хажуугаар хоолойг нь огтлоод алчихсан хүмүүс, сүмд нуугдаж байсан оюутнуудыг бөөнөөр нь алчихсан байхыг харах гээд амар биш л дээ. Энэ байдал бараг 9 сар үргэлжилсэн.
-Тэнд ямар хугацаагаар ажилласан бэ? Нүдээр харж дунд нь явахад хэцүү л санагдаж байсан байх…?
-Тэнд би жилийн хугацаатай ажилласан. Шинийн нэгний өглөө цэргийн багийн монголчууд дээрээ очиж золгох үхсэн хүмүүсийн дундуур сүлжээд явж байхдаа “Шинийн нэгний өглөө ингэж явах ч гэж дээ” гэж гэнэт бодогдоод таагүй санагдсан хэрнээ “Ард байгаа эх орон, ээж аавын минь сүлд хийморь намайг ивээж байгаа, цоглог л явна шүү дээ. Мөрөн дээрээ Монголын армийн мөрдөстэй хүн чинь юун сонин юм бодчихов”гээд л өөртэйгөө яриад тайвширч явсан. Тэнд эмэгтэйчүүд дотроо өндөр цолтой нь болохоор дайны нөхцөлд бусдадаа нунж дорой байдлыг харуулж болохгүй гэдгээрээ өөртөө өндөр хариуцлага өгнө.
-Бидний эх орон бол амар тайван улс. Ийм эх орноосоо хол дайны байдалд ажиллахад эх орныхоо тухай юу бодох юм?
-Энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн албан хаагч болгон л үүнийг мэдэрдэг байх. Бид чинь ямар агуу сайхан эх орон, ямар сайхан амгалан тайван бүс нутагт бид төрж, өссөн юм бэ гээд өөрийн эрхгүй омогшино. Ийм сайхан эх оронд эрх дураараа ажиллаж, амьдарч байж яагаад үүндээ сэтгэл ханахгүй гуньж гутраад, чамлаад өөр тийшээ явах гээд зүтгээд байгаа юм бэ гэдгийг маш тодоор олж хардаг. Миний хувьд бүр илүүгээр мэдэрсэн байж магадгүй. Дэлхийн хамгийн ядуу хамгийн дайнтай улсад нь ажиллалаа. Гэтэл Нью-Йорк Манхеттан хамгийн баян тансаг газар. Тэнд бас хоёр жил ажилласан. Баян, ядуугийн туйл газруудад ажиллаж үзэхэд хүнд эцсийн эцэст өөрийн өссөн төрсөн эх орон шиг минь эрхэм дээд, үнэ цэнэтэй зүйл үгүй гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн.
-Эрсдэлтэй нөхцөлд ажиллахад аав ээж, хань ижил нь хэрхэн хүлээж авдаг бол?
-Манай гэр бүлийн хүн цэргийн хүн учраас ойлгодог. Анх явахад хүүхэд маань төрөөгүй байсан учраас нэг бодлын амар байсан байх. Аав ээжийн хувьд гэвэл ээж маань намайг цэргийн хүн болгосон учраас үгүй гэж хэлэх эрх байхгүй. (инээв) Аав маань дуугүй хүн учраас юм хэлээгүй.
-Эх орноороо дутах, үгүйлэх тэр мэдрэмжээсээ хуваалцаач?
-Нутагтаа байхдаа айраг байсан ч нэг их уудаггүй шүү дээ. Гэтэл хүний газар байхаар айраг уумаар санагдаад бүр завьжинд амт нь амтагдах шиг болоод залгимаар хүсэл төрөөд байдаг юм билээ. Надад тэндээ үлдэж ажиллах санал ирсэн юм. Тэгээд өөрийгөө төсөөлсөн чинь Тавантолгойн сургуулилтын талбайд эрээн хувцсаа өмсөж, халаасандаа гараа хийчихээд салхи сөрөөд л алхаж байх үеийн нэг тийм мэдрэмж бүхнээс илүү сайхан санагдаад тэр саналыг угаасаа хүлээж авч чадахгүйгээ ойлгосон. (инээв) Эх орноороо дутна гэхээр нэг тийм мэдрэмж төрдөг юм болов уу. Хаана ч явсан миний бүх зүйл тэнд байгаа гэсэн өмчирхөг мэдрэмж орж ирдэг. Энэ эх орны эрх чөлөөний мэдрэмж байх.
-Хүн ийм үнэт зүйлээсээ хол явж байж л үнэ цэнийг нь илүү тод мэдэрдэг юм болов уу?
-Сүүлийн үед хүмүүст чиний үнэт зүйлс гэж юу юм гэдгийг мэдрүүлье гэж их хичээдэг болсон. Яагаад гэвэл би өөрийнхийгөө олох гэж их удсан. Энэ бол хүний сэтгэл дүүрэн байх, аз жаргал амтагдах тэр мөч. Энэ мөч бол үнэт зүйл. Түүнийгээ хүн гэхдээ хаана ч эдлэж болно. Яагаад ингэж бодсон бэ гэхээр Өмнөд Суданд дүрвэгсдийн ихэнх нь дотны хүмүүсээ алдчихсан, бие эрхтнээсээ салсан их хэцүү байдалтай байдаг.
Гэтэл нэг өдөр тэдэн дунд хөлдөө гуталгүй шахам хэрнээ хоёр хүүхдээ дундаа хөтөлчсөн, шавхай туулчихсан, толгой дээрээ нэг гялгар уутаар борооноос хамгаалж яваа эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ жинхэнэ хайрын харцаар хараад явж байгааг харлаа. Би машинтай явж байснаа зогсоод тэр хүмүүсийг харсан. Тэр хүмүүс НҮБ-ын дүрвэгсдийн хуаран руу ирж байгаа хэрнээ бид гэр бүлээрээ амьд байна гэсэнхарцаар бие бие рүүгээ харж үгээр хэлэхийн аргагүй жаргалтай харагдаж байсан. Тийм л агшнаа мэдрэхийг хүний аз жаргал гэх байх.
Хүн идэж барахгүй эд хөрөнгө, алдар нэртэй болоод ч ийм аз жаргалыг мэдэрч чадахгүй бол хэн ч биш шүү дээ. Түүнээс хойш минималист маягаар амьдрахыг хичээдэг болсон. Тухайн агшиндаа байгаа юмандаа баясаад, сэтгэлээ дүүргээд нэг ч болтугай хүнд туслаад түүнээсээ сэтгэл ханамж авчихвал тэр л жаргал. Бодоод байхад хүннүцгэн л ирсэн, нүцгэн л буцна. Аз жаргалтай амьдрахад өөр юу хэрэгтэй гэж.
-Эрсдэлтэй нөхцөлд байгаа хүн элдвийг л бодож амждаг. Ингэж яваад үхчихвэл яах билээ гэж бодож байсан уу?
-Ийм бодол зөндөө л орж ирнэ. Бодоогүй байхад бодогдуулна шүү дээ. (инээв) Ядаж байхад манай хөрш сөнөөгч онгоцны нисгэгч солонгос эмэгтэй байсан юм. Тэр “Чи бид хоёрын байрлал аюултай цэгт байна. Эндээс буудвал чи яг оногдоно. Чи зурагт, хөргөгчөө энэ талдаа тавь, ядаж сум орж ирэхэд шууд оногдохгүй” гэнэ. Эхлээд үнэмшээд нөгөө жижиг өрөөндөө юмнуудаа ийш тийш нь түлхдэг байснаа сүүлдээ бүр тоохоо ч байсан. Гэтэл нэг өдөр яг ард буудалцаан боллоо. Тэгээд бааздаа ирэхэд хамаг үе мөч суларчихсан, амьд ирсэндээ баярладаг л юм билээ. Тэгэхэд л ингээд үхвэл яах билээ гэж анх удаа бодогдсон шүү.
-Тэгээд?
-Үгүй яахав дээ, үхвэл үхнэ л биз. (инээв) Үүргээ биелүүлж яваад үхэхэд гомдолгүй гэдгээ аль 17настайдаа тангаргаар өргөчихсөн хүн шүү дээ. Тэгээд ч би дэмий явж байгаад үхчихэж байгаа биш. Эх дэлхийн энхийн төлөө явж байгаад үхэхэд юуны гомдол байх вэ дээ. Ингээд бодохоор маш их хүч зориг авна. Үүнийг ганцаараа бодоод ганцхан өөрийгөө зоригжуулаад явах биш тэр анги, баазад байгаа бүх эмэгтэйчүүдэд хэлмээр санагдаад эмэгтэйчүүдийн холбоо хүртэл байгуулсан. Норвеги, энэтхэг, япон гурван эмэгтэйтэй нийлээд тэнд байгаа эмэгтэй цэргийн зургаан багтаа нисдэг тэргээр тойрч очиж яриа илтгэл тавьсан.
-Хүнийг бэрхшээл “Хүн” болгодог юм гэсэн. Түүнийг заавал туулах албагүй ч хүний зовлон бэрхшээлийг харж, ойлгож чадвал илүү ихээр хайрлаж энэрдэг болох уу?
-Энэ үнэн. Дайны цагт хамт ажиллаж байгаад энхийн цагт эргээд уулзахад тэр хайр хүртэл бүр жинхэнэдотроосоо байдаг.
-Сүүлийн үед монголчууд бие биеэ эх оронч биш гэж их шүүмжилдэг болсон. Эх оронч сэтгэл гэж таныхаар юу вэ?
-Хүн хүнээ хайрлахыг л хэлнэ. Хүн хүндээ үнэн сэтгэлээсээ хандаж чадах юм бол тэр их хайр нийлээдэх орноо сайхан аваад явчихна. Монгол эх орон гэвэл монгол хүн. Монгол хүний бие биеэ хайрлах хайран дээр л эх орон тогтоно. Зүгээр л дэргэдэх хүнээ хайрлачих, нэг нэгнийхээ сайн сайхан яваад баярлаад сурчих тэгээд л болоо шүү дээ. Өнөөдөр энэ л дутаад байна.
Би ахмад үеийнхэн маань залуу үеэ үгүйсгэж буруушаадагт дургүй. Бидний үе бол “алтан үе” бидний үед тэгдэг байлаа, ингэдэг байлаа, одоо та нарын үеийнхэн яанаа гэх мэтээр залуу үеийнхнийхээ хүсэл мөрөөдөл, урам зоригийг унтраасан юм ярьдгийг би хувьдаа буруу гэж үздэг. Бид залуу үеэ урам зоригоор тэтгэж, дэмжих хэрэгтэй. Харин ч аль ч үеийнхнээс дараагийн үеийнхэн нь үргэлж өөр, шинэ байдаг. Шинэ эринийхэн мэдээж өөр л байхаас ч яахав.
-Монголчууд өөрсдийгөө залхуу, хулгайч гэх мэтээр муугаар харж, цоллох нь их байна. Бусад олны дунд явахад монгол хүн гэж ер нь ямар хүн байх юм?
-Монголчууд гэнэн, итгэмтгий их сайн хүмүүс шүү дээ. Алдаа гэвэл юмыг нухацтай боддоггүй хурдан, хөнгөнөөр шийдээд явчихдаг байж магадгүй.
-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явж буй монгол цэргүүд эх орныхоо нэрийг өндөрт өргөж бүхий л уралдаан тэмцээнд нь хүртэл манлайлдаг. Бид ч ийм мэдээ байнга хүлээж авдагтаа маш их баярладаг. Монгол хүнд бусад үндэстнээс өөр онцлог давуу тал байдаг уу?
-Үнэхээр тийм чанар байдаг. Бид бол цаанаасаа өгөгдөлтэйгөө төрсөн хүмүүс юм байна гэж би хардаг. Бид эндээс багаар явахдаа л бэлтгэл хийдгээс биш бусад тохиолдолд ажлаа хийж байгаад л явдаг. Гэтэл тэнд очоод дунд нь ороод л гялалздаг. Монгол хүн юмыг маш хурднаар багцалж ойлгоод түүнийгээ хурднаар өөрийн болгож чаддаг өвөрмөц чадвартай гэдэг нь харагддаг. Тэсвэр хатуужил, эр зориг, хурц оюун ухаан гээд манайхан үнэхээр бахархмаар цэргүүд.
Би нэг жишээг оюутнуудадаа ярих их дуртай. Яагаад гэвэл энэ үйл явдлын ганц монгол гэрч нь би юм. Яг одоо үүнийг танай сонинд ярих завшаан тохиолдсонд баяртай байна.
-Баярлалаа. Тэр тохиолдлоо бидэнтэй хуваалцаач?
-Өмнөд Суданд иргэний дайн хурцдаад НҮБ-ын бааз руу дайрсан. НҮБ-ын баазыг Хятадын цэргүүд хамгаалж байсан юм. Гэтэл хамгаалж байсан цэргүүд нь харуулын цэгээ орхиод зугтааж байгаад хоёр цэрэгараасаа буудулаад нас барсан үйл явдал болсон. Ингээд асуудал болоод НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Би тэнд өмнөд Судан хариуцсан офицер гэдгээрээ орж репорт тавина.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-аас эхлээд Хятадын Элчин сайдууд нь суучихсан өргөтгөсөн хурал болсон юм. Тэгэхэд мэдээж Хятадын тал цэргүүдээ өмөөрнө. Гэтэл тэнд байсан манай цэргийн зөвлөх Английн хошууч генерал “Би нэг л жишээ хэлье. Танай цэргүүд ажиллагаанд явахаасаа өмнө хөрш орныхоо цэргүүд шиг тодруулж хэлье: Монгол цэргүүд шиг бие бялдар, сэтгэл санааны бэлтгэлтэй байсан бол зугтааж байгаад араасаа буудуулах биш харин ч дайны хөлөөс маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж чадах байлаа” гээд хэлэхэд нь миний хамаг шар үс босох шиг л болсон. Үнэхээр монгол цэргүүдээрээ тэгэхэд би бахархсан шүү. Энэ үгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээрээс сонссон гэрчийн хувьд монголчуудтайгаа хуваалцах би дуртай. Бусад үед биднийг сайнаар хэрхэн ярьдагийг бид мэдэхгүй шүү дээ. Би энэ түүхийг шавь нартаа ярих хамгийн дуртай.
-Хүний чанар ямар үед танигддаг вэ?
-Мэдээж эх орноосоо хол байхад хүний чанар нэг танигдана. Мөн эрх мэдэл, албан тушаал авсан дараа хүний чанар нэг танигддаг даа. Хэнтэй ч, хэзээ ч эргэж уулзах нүүртэй л явах юмсан гэдэг бол миний зарчим. Өөр дээрээ жишээлэхэд би хурандаа гээд томроод байхыг хүсдэггүй. Ажил, сургуулийнхантай нийлээд клуб байгуулж ууланд алхах, хамтдаа өглөөний кофеууж ярилцах гээд ер нь хүмүүстэй нээлттэй харилцаж, хүнээрээ л байхыг боддог. Хүн хүндээ аятай таатайсэтгэгдэл төрүүлээд, эвтэй сайхнаар амьдарчихаж яагаад болохгүй гэж.
-Аливаа мэргэжилд байвал зохих зан чанарууд тухайн хүнд байвал илүү амжилттай байдаг. Цэргийн хүнд байх ёстой ямар чанар танд байдаг вэ?
-Ер нь бол үнэнч шударга байх ёстой. Тагнуулд хамт явж болохуйц итгэлтэй хүн үү гэж л ярина шүү дээ. (инээв) Ийм зан чанарууд надад байгаа гэж бодож байна.
-Цэргийн бүсгүй байх ямар вэ?
-Бахархалтай сайхан. Хэчнээн эр хүн эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн гэж соёмбот тугийн өмнө зогсож амаараа хэлж үзээгүй бидний дунд яваа билээ гээд бодоход би азтай бүсгүй. Гэтэл би 17-хон насандааалтан соёмбот далбааныхаа өмнө эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн гээд хэлсэн эмэгтэй хүн шүү дээ гээд бодохоор л бардамхан алхана шүү дээ.
-Ажил мэргэжлийнхээ аль агшинаас омогшлыг авдаг вэ?
-Жагсаал дундаа зогсоод төрийн дууллаа сонсож, ёслох үе л хамгийн сайхан.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Зэвсэгт хүчнийхээ буянаар дэлхийн олон орноор явсан. Үлдсэн орнуудаар нь аялах мөрөөдөлтэй. Хорин хэдэн жил тушаалаар амьдарсан хүн чинь өөр хэв маягаар амьдарна гэхээр бүх юм нь цэгцтэй, ойлгомжтой, луужинтай хөлөг онгоцноосоо буугаад хөлгүй далайд жижигхэн завин дээрээ суугаад ганцаараа сэлүүрдэх гэж байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг юм билээ. (инээв)