-Энэ амьдралаас бүх тод өнгөнүүдийг нь аваад хаячихвал юу үлдэх вэ, урлаг бол тэр тод өнгө нь-
-Дунд сургуульдаа “Анима”-д суралцсан уу?
Эхлээд нэг хувийн дунд сургуульд сурч байгаад 45-р дунд сургуулийг төгссөн. “Сургууль нураасай” дууг сонссоор байгаад л төгсчихсөн хүн шүү дээ. (инээв). “Амина” сургуульд нэг жил суралцаад өөрийгөө зураач болох хүн биш юм байна гэдгээ ойлгосон. Урлагийн амьдрал хатуу учраас өөр зам сонгоё гэж бодож байсан ч урлаг судлаач болсон доо. 2013 онд МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн.
-Урлагийн зам “харгис” гэх юм . Харин ч эрх чөлөөтэй, дур зоргоороо биш үү?
-Тийм л дээ. Зураач нарын гэр бүлд өссөн болохоор арай өөр мэргэжилтэй хүн болъё гэж бодож байсан ч урлагийн замыг сонгочихлоо. Гэхдээ эрх чөлөө хариуцлагатай хамт байж л жинхэнэ эрх чөлөө болдог. Хариуцлагаа ухамсарласан эрх чөлөөг сонгосон гэх юм уу даа.
Урлагийн хүний тухайд гэвэл нийгмийн өмнө, эрин зууныхаа өмнө гээд хүлээсэн том том үүргүүдтэй. Бурханаас өгсөн авьяасыг булшилж болдоггүй.Тийм хүн өгөгдсөнөөсөө өөрийг сонголоо ч гэсэн байнгын сэтгэл дотроос нь хатгаж шаналгаж байдаг. Нэгэнт өгөгдсөн ерөөл ч юм шиг, хараал ч юм шиг энэ авьяасаа гаргавал тэрхүн ажлаа сайн хийж чаддаг.
Урлагийн хүний нийгмийн өмнө хүлээдэг энэ үүрэг, хариуцлагаас нь болоод л урлагийн замыг “харгис” гэж хэлж болох юм даа.
-Чи өөрөө зурдаг уу, ямар авьяастай вэ?
-Биелэгдээгүй болохоос огт авьяасгүй биш юм шиг байгаа юм.Япон хэл, хятад хэл үзэж, төгөлдөр хуур сурч, бие хамгаалах урлагаар хүртэл хичээлж үзлээ. Өөрийгөө нэг үе сонирхсон зүйлсээ орхиод байдаг, ямар ч авьяасгүй хүн юм гээд гутардаг байлаа. Харин авьяасгүй хүн гэж байдаггүй юм билээ. Тэр нь хөдөлмөр, хичээл зүтгэлийн л асуудал байдаг билээ. Зургийн авьяас байгаа байх. Өөрийнхөө дуртай зүйлийг олоод түүнийгээ барьж авах л чухал. Миний авьяас уран зураг биш бол уншиж судлах байж болох юм гэж бодсон.
-Юм юм хийж үзнэ гэдэг залуу хүний эрэл хайгуул байх. Эцэст нь эрж хайснаа олсон гэж бодож байна уу?
-Мэргэжлээ сонгох гэж жил төөрсөн. Дараа нь олоод их л том юм бодож орсон доо. Нэгдүгээр дамжаандаа өөрсдийгөө “Ардын зураач” бодож орж ирдэг. Хоёрдугаар дамжаандаа “СТА” болоод гуравдугаар дамжаандаа “урлагийн хүн” гэж ойлгоод, дөрөвтөө “хэн ч биш” гэдгээ мэдээд төгсдөг гэдэг. Миний хувьд ч гэсэн тийм л юм болсон. (инээв)
Бодит амьдралд бууж өөрийгөө харж байж л орон зайгаа хэрхэн олох вэ гэдэг чинь ажлын талбарт л мэдэгддэг юм билээ. Урлаг судлал миний хийх ёстой зүйл мөн л гэж бодож байна. Мэдлэг эзэмшчихээд түүнийгээ зөвхөн өөртөө хадгалаад байж чаддаггүй зантай. Өнөөдрийн миний хийж байгаа ажилд энэ зан чанар маань яг нийцэж байна.
-Дараагийн эрэлдээ ч гэсэн гарсан байх?
-Залуу хүн эрж хайхаа зогсооно гэдэг эмгэнэлтэй. Урлаг судлалын салбар маань дотроо олон задардаг. Жишээ нь урлагийн менежмент, урлагийн түүх судлал, куратор болох уу, багшлах уу гээд бас л дотогшоо эрэл хайгуул хийж байна.
-Урлаг судлаач энгийн хүмүүст ямар хэрэгтэй мэргэжил юм бэ?
-Сүүлийн үед нэг сонин ойголт тогтчихсон юм шиг. Өдөр тутмынхаа амьдралаас илүү завтай, сул цаг гарахаар кино үзэх, театрт очих ёстой гэдэг. Ерөнхийдөө цагийг зугаатай өнгөрөөх нэг арга бол урлаг гэж ойлгох гээд байна. Гэтэл урлаг гэдэг бидний амьдралын нэг хэсэг юм байна л даа. Нүүдэлчин өвөг дээдэс маань урлагийг өдөр тутмынхаа амьдралд шингээж цуг авч явж чадаж байсан. Одоо үед хэтэрхий зугаа цэнгэлийн нэг гэж үзэж байгаа учраас урлагийн бидэнд үзүүлж нөлөө нь алдагдаад байгаа юм болов уу гэж хардаг.
Урлаг судлаач нар байснаараа урлагийн ойлгомжгүй, оньсого мэт, өөрийн гэсэн хэллэгтэй ертөнцийг энгийн хүмүүст ойртуулж холбодог гүүр нь юм. Мэргэжлийн бус хүн бол маш эмзэг үзэгч. Аливаа юмыг шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг. Харин үүнийг мэргэжлийн хүний үүднээс ойлгуулах үүрэгтэй урлагийн шүүмжлэгч байдаг. Хүмүүс бүгд урлаг судлаач биш, бүгд урлагийн салбарт ажилладаггүй өөр өөрийнхөө амьдралын талбарт завгүй явдаг. Үүнээс үлдэж байгаа цөөхөн цагаа дэмий зүйлд зарцуулвал хайран шүү дээ. Тиймээс шүүмж судлалын тусламжтайгаар энгийн хүн урлагийн соруудаас сайныг нь л хүртэхэд тусалдаг, цагийг нь нь хэмнэдэг ажил.
-Мэргэжлийн биш хүн ямар нэгэн бүтээлийг хүртээд “гоё” эсвэл “муухай” гэсэн үгийн аль нэгийг л хэлдэг. Хүмүүс яагаад ийм хоёрхон хэмжүүртэй болчихов?
-Аливаа урлагийн бүтээлийг ойлгоход мэдлэг, мэдрэмж гэсэн хоёр зүйл маш чухал байдаг. Аль аль нь бие биеэ тэтгэж хамтдаа хөгжиж явдаг зүйлс. Урлагийн боловсролын тал дээр 1990 оноос өмнө төрөөс бодлогоор дэмжиж тэтгэж ирсэн юм билээ.
Жишээ нь жирийн үйлдвэрийн ажилчин балет үзэх юм бол цалин дээр нь нэмэгдэл олгодог байж. Тэр хүмүүс эхлээд “пээх нүцгэн шалдан” гээд нүдээ дарж байсан ч үзүүлсээр, үзсээр байж. Энэ хүмүүс ингэж үзэж байгаад дараагийн түвшинд ойлгож, таньж мэдэж, дурлана. Харин 1990 оноос хойш оюуны шинэ эринд алхсан хэрнээ хамгийн чухал оюуны боловсролын бодлогоо алдчихсан санагддаг.
Яг одоо бол олонхийн хувьд урлагийн боловсролын эмгэнэлтэй түвшинд оччихсон явж байна. Орост Третьяковскийн галарейг үзээд явж байхад тэнд бас үзэж байсан энгийн зургадугаар ангийн хүүхдүүд Айвазовскийгээс эхлээд Леонардо да Винчи хүртэл ярилцаж байхыг хараад бүр гайхсан шүү. Бидэнд гэтэл хар багаас маань ийм боловсрол суугаагүй шүү дээ.
-Урлагийн боловсрол яагаад хүнд байх хэрэгтэй вэ?
-Өмнө нь хэлсэн дээ, урлаг бол бидний амьдралын нэг хэсэг гэж. Энэ амьдралаас бүх тод өнгүүдийг нь аваад хаячихвал ямар өнгө үлдэх бол? Хүн төрөлхтний бүтээж байгаа энэ асар их материаллаг хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдэг л оюуны боловсрол юм. Жишээ нь монголчууд бид баян улс. Гэтэл бидний зүрх сэтгэл зовсоор байна. Яагаад…? Үүний л хариулт. Өөрөөр хэлбэл бид амьдралдаа хэрхэн аз жаргалтай байх вэ гэдэг л боловсрол. Хүн аз жаргалтай байх эрхтэй. Гэтэл “Идэхийн төлөө амьдарч, амьдрахын төлөө идэх” гэдэг циклд орж роботлогдоод байна.
Урлагийн боловсрол хүнд гайхам сайхан ертөнцийг нээж өгдөг. Ийм боловсролыг аваад байвал өдөр тутамдаа ядаж ингэж стрессдэхгүй. Ийм боловсрол дутаад байгаа болохоор энэ нийгэм шинэ шийдлүүдэд хүрч чадахгүй гацалтад орчихоод байгаа ч юм билүү.
-Хүн уран зурагтай хэрхэн харилцах хэрэгтэй юм бэ?
-Луврт явж байсан маань санаанд орчихлоо. Моно Лиза жижигхэн зураг л даа. Ганц монголчууд л биш ер нь дэлхий нийтээрээ туйлшрамтгай юм билээ. Бүгдээрээ л нөгөө зургийн өмнө очоод шавчихсан байсан. Хүмүүс Моно Лизагийн өмнө 15 секунд байдаг гэж сонссон юм. Очоод хараад сэльфигээ хийгээд л эргэдэг хугацаа юм байна л даа тэр нь. Яг л ингэхийг би харсан шүү.
Хувийнхаа туршлагаас хэлэхэд Моно Лизаг 15 минут харахад асар их тайвшралыг авч чадах юм билээ. Тэр олон шахцалдсан, бухимдсан хүмүүс, дуу шуугиан бүгд алга болсон. Урлагийн бүтээл яг хүнтэй адил. Тэгэхээр “ярилцах” л маш чухал. Мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд ойлгосон, ойлгоогүй үзээд л байвал нүд нээгдэнэ. Тэгээд мэдээж мэдлэгээрээ олж уншина. Тэгээд ирэхээр тэр зураг өөрөө “ярьж эхэлдэг”.
-“Сайн зураг” гэдэг таныхаар ямар хэмжүүрээр хэмжигддэг вэ?
-Миний хувьд сайхан зураг, сайн зураг гэвэл агуулга, хэлбэр нь зохицсон зураг. Агуулгаараа илүү дээд, тэнгэрлиг, гэгээлэг зүйл рүү тэмүүлсэн зургийг л гэж хэлэх гээд байна. Гэгээлэг зүйл рүү тэмүүлнэ гэхээр инээж байгаа хүмүүсийн зураг биш. Жишээ нь манай ээжийн хүүхдүүдийн тухай зургууд байна л даа. Шууд харах юм бол энэ хүүхдүүд маш гунигтай харцтай, хачин гэмээр дүр төрхтэй. Харин би эдгээр зургийг хамгийн гэгээлэг зургууд гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ хүүхдүүдийг хараад хүнд өрөвдөх нинжин сэтгэл төрдөг. Хүний сэтгэлийг сэндийчиж хөдөлгөж хүний нинжин сэтгэл гэдэг нандин сайн чанарыг нь илрүүлж чадаж байгаа учраас тэгж хэлж болно.
-Чамд эмэгтэй хүнд байдаг ямар чөтгөрлөг араншин байдаг вэ?
-Би ер нь “шуламхан” шүү дээ. Би маш их шуналтай эмэгтэй. Оюуны, эдийн, хүсэл тачаалын шуналтай. Эрмитаж гээд хаадын ордон музейд орчихоод хатан хааных нь орыг “энэ унтахад их тухтайхан ор вэ” гэж байсан хүн шуналгүй байх уу? (Тэр ингэж хэлчихээд хөгжилтэй чангаар инээсэн юм.)
-Чиний хамгийн дуртай уран зураг хэнийх вэ?
Италийн зураач Тиацаны бүтээлүүд. Мөн Оросын Крамсковынх.
-Ардын зураач Ү.Ядамсүрэн, зураач Я.Булганы бүтээлүүдийг урлаг судлаачийн хувьд та ямар өнцгөөр хардаг вэ?
-Зураач Я.Булганы зургууд бол маш нарийн ажиллагаатай, удаан цаг хугацаагаар бүтээгддэг. Зураас маш сайтай, өргөн утга санаатай буюу маш гүнзгий философитой, хүн төрөлхтний сэдвүүдтэй байдаг. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн бүтээлүүдийн мөн чанарыг ойлгоод хэлэх хэмжээнд хүртлээ би сүрхий хүн болчихоогүй л байна даа.
Hunii neriig zuv bicheecee
Нэр нь зөв үү