2024-07-05, Баасан
15 C
Ulaanbaatar

Жүжигчин Ц.Баясгалан: Үзэгчдийн гэрэлтсэн харцнаас өөрийгөө харах л хачин гоё урам

Жүжигчин Ц.Баясгалан гэж гялалзсан, хурц сэргэлэн эмэгтэй. Биедээ баймгүй эрс дайчин, цуцалтгүй хөдөлмөрч жүжигчин бүсгүйг хувийнхаа зардлаар хоёр ч олон улсын фестивалд оролцоод ирснийх нь дараа, моно жүжигт хамаг бүхнээ зориулж нам гүм хөдөлмөрлөхийг илүүд үзэж эхэлсэн үед нь ярилцаж байсан юм. "Ардчилал таймс" сонинд 2019 онд нийтлэгдсэн ярилцлагаа таны өмнө дэлгэе. Хэдэн удаагийн оролдлогоор түүнийг нам гүмээс нь “сугалж”ярилцаж байлаа, тухайн үед.

-Олон улсын фестивалд оролцоод иржээ. Явж ирсэн сонин сайхнаас нь хуваалах гээд яараад л байлаа…?

-Би эхлээд Румынд болсон фестивалд оролцсон. Энэ уралдаант фестивалд 10 гаруй орны жүжигчид оролцож, өдрийн 4-5 тоглолттой байлаа. Гурван шүүгч нь гурвуулаа румын шүүгч, гран при шагнал нь 2000 евро байсан. Миний хувьд мэдээж шагнал горилж явсан. Гэхдээ шүүгчид нь бүгдээрээ румын байхаар нь жаахан эргэлзэж эхэлсэн л дээ. Гэхдээ яахав амжилттай сайхан оролцсон, үзэгчид халуун дотноор хүлээж авлаа. Бас нэлээд олон шүтэн бишрэгчтэй боллоо. (инээв).

Надад орос хэлтэй, эмэгтэй үйлчилсэн юм л даа. Тэргүүн шагнал гардуулахын өмнө ёслол дээр хөтлөгч Монголоос ирсэн жүжигчин Баясгаланд сайн орчуулж өгөөрэй гэдэг юм байна. Тэгэхэд нь би авчихсан юм байхдаа л гэж бодсон шүү. Тэгсэн чинь Гран прид намайг Румыны жүжигчинтэй нэр дэвшлээ гэсэн юм байна л даа. (инээв) Гран приг мэдээж Румыны жүжигчин авсан.

Хоёр дахь фестивал маань Македонд болсон. Зардал мөнгөө хэмнэх үүднээс нэг явалтаар хоёр уралдаанд оролцоод ирсэн гэсэн үг л дээ. Энэ фестивалд би нэлээд хэдэн жилийн өмнөөс оролцох сонирхолтой байсан юм. Энэ нь зэрэглэл өндөртэй мэргэжлийн өндөр төвшний олон улсын уралдаан. Гран при авсан жүжигчин болон шилдэг жүжигчний шагналыг авсан Оросын жүжигчин надтай нэг өдөр тоглосон. Би будалтаа хийлгэчихсэн байсан учраас үзэж чадаагүй. Хамгийн сонирхолтой нь шүүгчдээ хараад эндээс шагнал авахгүй юм байна гэдгээ ойлгосон.

-Яагаад?

-Ерөнхий шүүгч нь миний тоглолтыг дөрвөн удаа, туслах шүүгч нь таван удаа үзчихсэн хүн байсан. Хамгийн сонирхолтой нь надад өмнө нь гран при гардуулж явсан шүүгч байлаа. Тэр хүмүүст бол миний тоглолт надоель болчихсон шинэ соргог санагдахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тоглолтыг маань үзээгүй үзэгчид тоглолт дуусангуут шавж ирээд л баяр хүргэхэд гран при авснаас ялгаагүй сэтгэл дүүрээд ирсэн. Өмнө нь надад тэргүүн дээд шагналаа гардуулж байсан шүүгч дахиад өгөхгүй нь мэдээж шүү дээ. Хүүдээ энэ тухайгаа хэлсэн чинь “Тэгвэл бараг таны өмнөөс түрүүлээд дуулчихсан биз. Би хэчнээн дуртай байлаа ч нэг киногоо таван удаа үзэхгүй” гэж хэлсэн дээ. (инээв)

Ц.Баясгалан-Эдгээр фестивалиудад хэний ямар жүжгээр оролцов?

-Нина Мазурын зохиол манай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн надад 2013 онд найруулж өгсөн “Эдип Пиаф” жүжгээр энэ хоёр уралдаанд оролцоод ирлээ. Энэ жүжгээрээ би Косовогоос Гран при авч байсан юм. Гэхдээ энэ удаад би Азиас ганцаараа байсан. Бусад орны ураг бүтээлчид газар нутгийн хувьд ойрхон болохоор олуул ирээд тайзаа засаад, гэрэл, хөгжмөө тохируулаад энэ хоорондоо жүжигчнээ амраадаг. Би чинь өглөө гүйж очоод тайзаа засаад бүх юмаа өөрөө хийгээд л үзэж тарна шүү дээ.

-Олон улсын фестивалд оролцоход зардлаа өөрөө гаргадаг уу?

-Урилгыг цаанаасаа ирүүлдэг. Тэндээ очоод байрлах, хоолны зардал нь цаанаасаа байдаг. Бусад зардлаа өөрөө гаргана. Өр тавиад явж байгаа хүн чинь өөр хүн авч явах боломжгүй байна. Манай энд зохион байгуулдаг фестивал ч бас ийм зарчимтай. Ер нь л бүгд тэгж явагддаг. Олон улсын фестивал сонирхоё гэвэл миний ажилд туслангаа надтай хамт явах боломжтой. (инээв)

-Моно жүжиг Монголд одоохондоо өргөн дэлгэрч хөгжөөгүй байна. Танд моно жүжгийн зохиол, найруулах найруулагч хэр олддог вэ?

-“Тэнгэрийн аялгуу” гээд маш сайхан монгол жүжиг байгаа. Бүүвэйн дууны тухай ижийгээ хайрладаг шигээ эх дэлхийгээ хайрлах тухай үзэл санааг тусгасан. Эх дэлхий, байгаль орчноо хайрлах үзэл бол миний амьдралын бас нэгэн зарчим юм. Энэ дагуу санаагаа зохиолч, сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид ахад захиалж бичүүлсэн. Монгол зохиолчид маань моно жүжиг рүү орж байна. Сайхан зохиолуудыг бичиж байгаа. СУИС-ийн багш, зохиолч П.Батхуягийн зохиолууд байна, залуус ч бичиж байна.

Ц.БаясгаланГэхдээ энэ жанрт тоглоход яг тохирсон, дуу алдаж шагшмаар зохиол ховор. Монголд зохион байгуулдаг фестивалд гадны маш гоё зохиолууд тоглогддог. Тэрийг ирээд зохиолчид маань үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр болгон хүмүүс ирж үздэггүй. Бидний эх оронд өөрсдөө ирээд тоглож байхад нь үзээд байвал их хэрэгтэй юм байгаа юм даа. Манай театрын МУГЖ С.Дамдин Монголд зохион байгуулсан фестивалд зориулж “Ганцууд” гэж жүжгийг сэтгүүлч, яруу найрагч СГЗ Ш.Гүрбазарт захиалж бичүүлсэн. Энэ бол их сайхан жүжиг.

Б.Баатар найруулагч маань цаанаасаа өгөгдөлтэй төрсөн хүн байсан. 2014 онд ЮНЕСКО-оос зохиогдсон олон улсын фестивалиас Гран приг нь авсан. Одоо ч гэсэн моно жүжиг найруулах сонирхолтой найруулагч нар байдаг. Гол нь Монголд моно жүжгийг хөгжүүлж дэлгэрүүлэх гээд байгаа нь бид олон улс руу гарахын зэрэгцээ өөрсдийгөө хаана яваагаа мэдэх том жишиг бас суралцах боломж юм. Тэдэнтэй өрсөлдөж хүчээ сорих нэг гарц шүү дээ.

Моно жүжиг бол яг манайд тохирсон төрөл шүү. Цөөн хүний хүч боломжоор, бага зардлаар, хурдан шилжин нүүж явах давуу талтайгаараа хаана ч, хөдөө айлын гэрт ч урлаг соёлыг хүргэх маш том давуу талтай. Ганцхан машинтай сумдаараа, хөдөө айлуудаар яваад тоглож болно.

-Та моно жүжгийг Монголдоо хөгжүүлэхээр зорьж зүтгэх болсон эхний учир шалтгааныхаа тухай яриач?

-Би үүнийг ганцаараа гаргаж ирсэн юм биш л дээ. МУАЖ С.Сарантуяа музагийн нэг төрөл нь моно жүжиг байдаг учраас моно жүжгийг муза-д оруулж ирсэн. Намайг “Чи дуулдаг юм чинь моно жүжиг тоглоод үзээч” гээд Эдип Пиаф жүжгийг анх санал болгосон. Тухайн үедээ хийж үзээд Гэгээн муза-д өрсөлдөөд дараа жил нь олон улсаас Гран при авсан. Тэндээс маш их урам аваад бидэнд боломж байгааг ч олж харсан. Хуулийнхаа дагуу олон улсаас тэргүүн шагнал авсан учраас улсаас надад 65 сая төгрөг олгосон. Ингээд л энэ жүжгийг хөгжүүлэх хүсэлтэй болсон гэх үү дээ.

Ц.Баясгалан-Моно жүжиг жүжигчнээс дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд бүхий л ур чадварыг шаарддаг юм шиг санагддаг. Тоглох арга барил өөр үү?

-Миний хувьд жүжгээ аль ч тайзан дээр тоглодог. Гэхдээ арга барилаа олтлоо туршлагажих шаардлага гарна. Дан том тайзан дээр тоглож байсан бол тоглолтоо өөрчлөх болдог. Нэг хүнтэй моно жүжгийн хувьд бүтэн цагийн турш үзэгчийн сонирхлыг ганцаараа барина гэдэг арга барил, чадвар шаарддаг ажил. Мөн сайн зохиол, сайн найруулагч хэрэгтэй.

-Моно жүжгийн тоглолтын сайхан нь?

-Миний хувьд моно жүжигтээ илүү дуртай. Өөр жүжигчинд найдахгүйгээр үзэгчидтэйгээ тулж харьцах нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Үзэгчийн анхаарал хаана сарниж байна түүнд анхаарч бүгдийг гартаа авч тоглоно гэсэн үг л дээ.

-Үзэгчтэй шүргэлцэхээр ойрхон зайд тоглохоор эвгүй биш үү?

-Эвгүй биш, маш гоё. Ийм ойрхон байгаа үзэгчдэд “хүчтэй” тоглолт хийх хэрэггүй. Үзэгчийн сэтгэлийн хөдөлгөөн нүднээс нь харагдах хэмжээний ойр зайд тоглох боломж моно жүжигт байдаг. Тиймээс жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаад энэ төрлийн сургалтыг оруулах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Та кинонд тоглож нэг их харагддаггүй. Яагаад кинонд тэр бүр тоглодоггүй юм бэ?

-Кинонд нэг их тоглоод байдаггүй. “Хөрш” гээд тв сериал, “Анирлагч” гээд нэг кинонд тоглож байсан юм байна. Найз нөхдөө дэмжих үүднээс тоглосон хэсгүүд өөр кинонууудад бий. “Анирлагч” кинонд байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл санаа шингэсэн аятайхан зохиолтой учраас тоглосон.

Уг нь би “Ану хатан” жүжгээ хийчихээд “Ану хатан” кинонд тоглохоор зохиолчтойгоо хамтдаа санхүүжилтээ хөөцөлдөөд явж байсан юм. Тэгж байгаад дундаас нь миний Ану хатан төлөвлөгөө талаар болсон. (инээв) Түүнээс хойш кино гэж явсангүй. Би ч амбиц гэдэг юмны төлөө нэг их явдаггүй хүн шүү дээ. Олны танил болъё гэвэл амархан юм биш үү. Олон цацалттай рекламанд юм уу мөнгөний кинонд тоглочихвол олны танил болох л байх. Тэр миний зам биш л дээ.

-Энэ таны “жүжигчин байх” зарчим уу?

-Миний хувьд чанартай, цөөн буюу энэ ямар сайн бүтээл вэ гэж харагдах бүтээлд л тоглохыг хүсдэг. Үзэгчийг хүндлэх хэрэгтэй, мөнгөний ашгаас чанар чухал.

Ц.Баясгалан-Ямар үед өөрийгөө тоодог вэ?

-Тоглолтын үед, тоглолтын дараа гэрэлтэж байгаа үзэгчдийн нүднээс өөрийгөө хараад урамшдаг.

-Ажил мэргэжлийнхээ тухай их ярилаа. Тайзан дээрээ гараагүй, театраасаа гадуур юу хийж цагийг өнгөрөөдөг талаараа яриач?

-Нэгэн үе салхинд гарах, найзуудтайгаа уулзаж хол ойрыг ярих их дуртай байлаа. Одоо харин их сонин болж байгаа хүн дээ би. (инээв) Одоо зав гарвал ээж дээрээ гүйж очоод хоёулаа хавирга чанаж идээд сүүтэй цай оочилсон шиг гэр бүлийн хүрээнийхний “мэдээллийг” авдаг. Бусад цагт нь ганцаараа суугаад судалгаа хийх, ном унших, хэлний хичээлээ хийх зэрэгт л их дуртай болчихоод байна.

-Дөрөв таван жилийн өмнөхөн галтай цогтой, өөрийнхөөрөө ямар ч айдасгүй хайр сэтгэл, янаг амрагийн тухай ярьчихдаг байсан бүсгүй яагаад гэртээ бүгэх дуртай болчихов. Хайрлуулах хэрэгцээ гэж хүнд нэг юм байдаг даа?

-Гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлынхан гээд хайрлуулж л явна шүү дээ. Эсрэг хүйстэй хүний тухай ярьж байгаа бол хайрлах хүн байгаа бол хайрлалцахад зүрх сэтгэлээ зориулахад бэлэн л байна. Хайрлалцъя л даа…. (инээв)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img