мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -21°C

Уучлахын ухаанд сэтгэл бүлээцнэ

Уучлахын ухаанд сэтгэл бүлээцнэ

А.Мөнхжин

2023-09-30

уучлал

УУЧЛААРАЙ гэдэг үг өнөөгийн соёлт харилцаанд өдөр тутам хэрэглэгддэг хэвшмэл хэллэг болжээ. Асуулт асуухдаа хүртэл уучлаарайг урьдаар заавал хэлдэг баруунжсан соёлтой өнөөгийн бидний амьдрал. Үнэгүйдсэн гэмээр энэ үг яг хэрэгцээтэй үед, хэлэх ёстой цагт, хэлэх учиртай хүнд хэлэх болоход уруул давахдаа даанч удаан. Эмэгтэй хүний ихэмсэг зан, эр хүний шазруун араншин, монгол хүний молхи толхи байдлаасаа ч юм уу УУЧЛААРАЙ гээд уужруулж зөөлрүүлэх нь үнэн чанартаа цөөн. Боловсон хэрэглээний энэ үгийг чин сэтгэлээсээ хэлээд нөгөө хүнийхээ өмнө зүрхээрээ сөгдөхөд хэл тультрам хэцүү…

УУЧЛААРАЙ гэж хэлэх нэг хэрэг ч УУЧИЛСАН УУ гэдэг л хамгийн чухал. Уучлаарай гэж олон хэлдэг ч УУЧИЛЛАА гэж яагаад нэг ч хэлдэггүй юм бол…? Хариултыг нь горьдож хэчнээн хүн хүлээгээ бол…

Хүн гэхдээ хайртай дотны хүндээ л гомддог хачин амьтан. Сэтгэлдээ хөндүүр тээж, үг хоолой дээр тээглэж, нулимс аньсганд торох тэр мөчид уучлаарай гэж хэлэх ёс төдий санагддаггүй гэж үү? Гомдлыг УУЧЛААРАЙ гээд тайлчихдаггүй байх нь. УУЧЛААРАЙ-гийн араас гоморхол тайлах, аргадаж эерүүлэх шидэт үгс, магадгүй халуун дулаан тэврэлт ер нь боломжтой бүх зүйлийг л хүн хүсдэг.

Хүний сэтгэлийн холын мухарт бяцхан ариун дагшин булаг байдаг мэт. Хүйтэн хөндий сэтгэл, хурц үгийн үзүүр төдийд л тэрхүү булаг булингартан ээдэхийг гомдол гэдэг болов уу. Голдоо ортол гомдвол зүрхэнд тэрхүү булаг мөс болонтогтож үлддэг ч байж магад. Мөстсөн итгэл, царцсан харилцааг гэсгээхэд хүн хэчнээн их цагийг зарцуулж, хожим хойно нь хэчнээн харамсаж халаглаад ч нэмэргүй.

Хүний сэтгэлийн тэрхүү бяцхан цэнгэг булгийг үргэлж ариун, бүлээн байлгахын тулд хайртай дотны нэгнээ халуун сэтгэл, дулаан үгээ зориулж баймаар…

Уучлахын шалтгаан нь уурлахын шалтгаасаа улам их байгаасай. Учрахын баяр нь хагацахын тохиолоосоо хавьгүй олон байгаасай. Уулзахын ерөөл нь холдохын гунигаасаа олноос олон байгаасай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000