мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -21°C

О.Цогтгэрэл: Долоон жилийн хугацааны нууц зөвлөмжийн хүрээнд хийсэн шууд худалдан авалтуудыг хянана

О.Цогтгэрэл

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед үүсээд буй нийтийн тээврийн үйлчилгээнд худалдан авсан гэх автобусны асуудалтай холбогдуулж өнгөрсөн 7 жилийн хугацааны нууц зөвлөмжийн хүрээнд хийсэн шууд худалдан авалтуудыг хянах ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Ганнибал ахалж ажиллана. Тус ажлын хэсэг нь гагц автобустай холбоотой худалдан авалтад анхаарч ажиллахгүй, асуудлыг өргөн хүрээнд авч үзнэ” гэлээ.

АН-ын дэд дарга С.Баярцогт “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаас нэгдүгээрт УИХ-ын гишүүн Н.Ганнибалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Хоёрдугаарт энэхүү асуудлын хүрээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Тагнуулын ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтсон. Учир нь, уг гэрээг ТЕГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу нууцад оруулсан байна. Түүнчлэн энэхүү асуудлыг хамгийн анх улсын хэмжээнд дэлгэж тавьсан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Энхбатад маш их дарамт ирж буй. Тиймээс түүнийг төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Ганнибал “Ногоон автобусны асуудал бол өнөөгийн нийгэмд үүсээд буй худалдан авалт, тендертэй холбоотой асуудлуудын нэг хэлбэр нь. Цаашлаад бүх төрлийн вакцины худалдан авалтыг нэрлэж болно. Худалдан авалтын хууль нь хаалттай нийгмийн хууль болсон байна. Иймд энэхүү асуудлыг тал талаас нь авч үзэж ажиллах болно” хэмээв. Үүний зэрэгцээ тус намынхны зүгээс энэ мэт худалдан авалтыг хийхдээ хууль, эрх зүйн орчныг эхнээсээ нь бүрдүүлсэн болоод уг үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй гэсэн хардлага байгаагаа хэллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000