2024-11-22, Баасан
-14 C
Ulaanbaatar

Б.МӨНХБАТ: Бүтээлч сэтгэлгээ үнэ цэнийг бүтээнэ

“Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбаттай тус компанийн түүхэн хөгжлийн үе шат, хэтийн стратеги бодлогын талаар ярилцлаа.

-Та Бор-Өндөрийн УБҮ болон “Монголросцветмет” улсын үйлдвэрийн захирлаар томилогдон олон жил ажиллаж байна. Анх захирлаар томилогдох үед үйлдвэрийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Намайг Бор-Өндөрийн УБҮийн даргаар томилогдон ирэх үед нэлээд амаргүй цаг үе байлаа. Үйлдвэрт осол гарчихсан, комисс ажиллаж байв.

“Монголросцветмет” компанийн Ерөнхий захирал О.Эрдэнээ тус комиссыг ахалж байхдаа Бор-Өндөрийн Баяжуулах үйлдвэрийн захирал болгох санал тавихаар нь би эхэндээ татгалзсан. Энэ нь Бор-Өндөрийн УБҮ-ийн захирал болвол ах дүү хоёрыг нэг дор байлгахгүй гэсэн ажлын зарчмыг би барьж байсантай холбоотой юм. Гэтэл 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өглөө Т.Доржбал захирал над руу залгаад тушаал чинь гарчихсан, өнөөдрөөс ажлаа эхэл” гэлээ.

Миний хувьд өмнө нь 1999 онд Бор-Өндөрт очоод ил уурхайн мастераас ажлаа эхэлсэн. Дараа нь ил уурхайн орлогч дарга, үйлдвэр, тэсэлгээний инженер, далд уурхайн инженер, уулын цехийн дарга гээд олон алба дамжсан л даа.

Ингээд 2009 оны 12 дугаар сард “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр, технологи, хөгжлийн хэлтсийн Ерөнхий мэргэжилтэн, Баргилтын төслийн нэгжийн удирдагчаар томилогдож ажилласан. Тухайн үед ашиглаж буй ордууд дээрээ нөөцийн ангиллыг өөрчлөх, Баргилтын төмрийн хүдрийн ордын нөөцийн тайлан болон ордыг ашиглах ТЭЗҮ-ийг ЭБМЗ-д оруулан хэлэлцүүлэх зэрэг олон ажил хүлээгдэж байсан.

-Тэр үед “Монголросцветмет” нэгдлийн үйлдвэрлэлийн эдийн засгийн байдал хэр байв?

-Тухайн үед экспортын худалдаа давгүй байсан ч төмрийн хүдрийн нөөц байгаагүй, бид зөвхөн жоншны олборлолт, экспортын үйл ажиллагаа л явуулж байлаа. Жоншны хүдрийн овоолго дээр 3485 тонн хүдэр байлаа. Хүдэр гаргаж буй далд уурхайд осол давтамжтай гарсан байсан учраас асуудал ихтэй.

Бор-Өндөрийн уурхай жил дээ 600.0 мянган тонн хүдэр боловсруулах төслийн хүчин чадалтай, үүнээс 300.0 мянган тонныг нь Бор-Өндөрийн далд уурхай дангаараа гаргадаг, үлдсэн 50 хувь буюу 120.0 мянган тонныг нь Адагийн далд уурхайгаас, 100 мянгыг нь Бор Хужирын ил уурхайгаас тус тус авдаг байсан.

-Баргилтын төмрийн ордыг ашиглах зарчмын шийд яаж гарсан юм бэ?

-Баргилтын төмрийн хүдрийн ордын анхны батлагдсан нөөц 9 сая тонн байсан. Тэр нөөцөд тулгуурлан бид ТЭЗҮ-ийг нь хийж байлаа. 2011 онд намайг Бор-Өндөрийн далд уурхайн захирал болж очиход Т.Доржбал захирал “Мөнхбат аа чи Баргилтын төслийн удирдагчаар ажиллаж байгаад энэ албанд томилогдож байна. Тэр утгаараа наад төслөө хөдөлгөхөд анхаарлаа хандуулах ёстой шүү” гэсэн чиглэл өгсөн юм.

Тухайн үед компанийн эдийн засгийн байдал дөнгөж тогтворжсон ч том хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй байлаа. Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд хөрөнгө оруулалт хийгдсэн байсан тул нэмж өр тавих, хөрөнгө оруулалт хийх боломж бололцоо тааруу байв.

Түүнчлэн тэр үед Хар-Айрагийн Бужгарын орд дээр ил уурхайн ажил ид явагдаж байсан ч тухайн үед уурхайн ажил эдийн засгийн хувьд ямар нэгэн үр ашиггүй, нэмэлт төсөв гаргах боломжгүй байсан тул Бужгарын уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдэл гаргасан юм.

Уурхайн нөөц шавхагдсан, хаягдал бохирдол ихтэй, чанар муутай гээд олон асуудал байлаа. 2011 оны эхний хагас жилийн дүнгээр Бужгарын уурхайн үйл ажиллагааг зогсоож, бүх тоног төхөөрөмжийг Баргилтын орд руу зөөсөн. Анхны тэсэлгээг нь тэр жилийнхээ 8 дугаар сарын 14-ний өдөр хийсэн түүхтэй.

-Баргилтын төмрийн орд дээр анх ямар эдийн засгийн тооцоо хийж, олборлолт эхлүүлэх шийдэл гаргасан бэ?

Тухайн үед Эрээний боомт дээр 65 хувийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмалын үнэ 127 ам.доллар байсан.

Бид тооцоо хийж үзээд нойтон баяжмалын үйлдвэрлэлийг өөрсдөө үйлдвэрлэж болох юм байна гэж харсан юм. Байгаа баяжуулах үйлдвэрээ ашиглая гэж шийдээд зураг төсөл, бүх тооцоо судалгааг нь гаргасан. Ганц зүйл дээр л гацсан, тэр нь 150 сая төгрөгөөр 3 ширхэг сеператор худалдаж авах асуудал байсан ч чадаагүй.

Бидэнд зөвшөөрөл өгөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ төслийг 2011 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байсан. Схемийг нь тодорхой болгочихсон, бүр тодруулж хэлбэл хуурай, нойтон гэсэн хоёр ангиллаар бүтээгдэхүүнээ гаргая гээд нарийн тооцчихсон байсан. Харамсалтай нь хэрэгжиж чадаагүй. Сонгууль таарсан нь ч нөлөөлсөн.

Зураг төслөө хийсээр байтал 2012 оны 4 дүгээр сар хүргэж, анх удаа танилцуулсан. Захирлын зөвлөлөөр танилцуулах гэх мэт процесс сунжирсаар байтал сонгууль болсон л доо. Ингээд бид Бор-Өндөр УБҮ-ийг жоншны, Баргилтыг төмрийн хүдрийн олборлолтоор нь явуулах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн.

-Тухайн үед “Монголросцветмет” ХХК-ийн эдийн засаг ямар байсан бол?

-2013 оны эхний байдлаар “Монголросцветмет” нь хуримтлагдсан 18 тэрбум төгрөгийн ашигтай явж байсан байгууллага. Гэтэл жилийн дараа 33 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай болсон. Миний хувьд “Монголросцветмет” ХХК-д 2018 оны 10 дугаар сард буцаж ирсэн. Тэр үед хуримтлагдсан алдагдал 25 тэрбум болж буурсан байсан юм.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монголросцветмет” үйлдвэр дандаа ашигтай ажилласан. 2018 оны эцэст 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2019 онд 34.6 тэрбум төгрөгийн ашигтай байв.

Амжилтаа алдахгүй гэж зүтгээд 2020 онд 48 тэрбумын, 2021 онд 85 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын хамт олны минь нөр их хөдөлмөрийн үр дүн гарч байгаад талархаж байдаг.

-“Монголросцветмет”-ийн хөгжлийн түүхийн үе шатыг тоймлооч гэвэл Та юуг онцлох вэ?

-1973 оноос эхлэн түүхийн хөгжлийг ярихаас өмнө “Монголросцветмет” гэдэг айл гэж ямархуу байгууллага вэ гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжөөд зуун жил болчихлоо.

Энэ хугацаанд “Монголросцветмет” ямар үүрэгтэй байв гэсэн асуултыг тавих учиртай. “Монголросцветмет”- ийн хувьд анх “Монголсовцветмет” гээд 1973 онд хэлэлцээрээр байгуулагдсан ч түүх нь өнгөрсөн зууны гучаад оноос “Совметалл” гэсэн нэртэй үйл ажиллагааны түүх нь эхэлдэг Монголд үүсч байсан Болгар, Чех, Ардчилсан Германы уул уурхайн үйлдвэрүүдийн батлан даагч нь “Совметалл” байлаа.

Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах батлан даалтыг нь “Монголсовцветмет” хийж байсан. Үйлдвэрийн хувьд 2008 – 2013 он өсөлтийн жилүүд байсан бол сүүлийн таван жил гэхэд л хамгийн өндөр өсөлттэй үе байлаа. Түүний өмнөх таван жил нь уналттай цаг үе байсан. Хуучин цагт таван жилийн төсөв төлөвлөгөө боловсруулдаг байсан нь их зөв шийдэл байж гэж хардаг юм.

-Жоншны салбараа хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө хэрхэн яаж харж байна вэ?

-Баяжмал болгоод зарах биш, дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлттэй нүүр тулж байна. Цаг хугацаа ингэхийг шаардаж байна л даа. Өнөөдрийн тухайд Хайлуурын хүчлийн үйлдвэрийн судалгааны ажил хийгдэж байна.

Хайлуурын хүчлийн үйлдвэрээсээ цаашлаад лити ионы батарейны анхдагч болон хоёрдогч дахин боловсруулалтын түүхий эд болох бүтээгдэхүүнийг хөгжүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа.

Зураг төслийн судалгааны ажил нь өрнөж байна. БШУЯ-ны Үйлдвэр технологийн парк, Химийн болон Уул уурхайн хүрээлэнтэй хамтарч судалгаанууд хийж байгаа. Цаашилбал бидний өнөөдөр жилд олж буй 20, 30 тэрбум төгрөгийн ашиг дор хаяж 150-200 тэрбум болж өсөх бололцоотой гэж харж байгаа.

-Алтны салбарынхаа хувьд тодотгож хэлэх юу байна?

-Заамарын хөндийд эрэл хайгуулын ажлыг шинэ талбайнуудад хийж яваа.

-Увс аймгийн Наранбулаг суманд түлхүү хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн талаар ярина уу?

-Тэнд манай тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад холимог металлын үндсэн орд буюу төмрийн хүдэр, зэс, алтны нөөц байгаа. Мөн дэд бүтцийн хөгжил муутай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал дээр хүндрэлгүй байх үүднээс алтны агуулга, шинж чанар давамгайлсан талбай дээр хайгуул хийгээд алтны нөөц олсон.

Гэхдээ энэ бол зүгээр л нэг биет. Увс нуурын, Хяргас нуурын орчим дараагийн Бор-Өндөр болох магадлал өндөр. Тэндээс зэс, цайр дагалдаж илэрч байна. Мөн төмрийн хүдэр байна. Өөрөөр хэлбэл 20-30 жилийн настай салбар үйлдвэрлэл тэнд өрнөх нь ээ гэж харж байгаа.

Ирэх жил нарийвчилсан нэмэлт хайгуул үргэлжилнэ. Компанийн харьяа эзэмшилд байгаа ашигт малтмалын ордуудын нөөцүүдийг JORС стандартаар дахин бүртгүүлэх гэж байна. Үүний дараа буюу цаашдаа олон нийтийн компани болох чиг рүү орно. Тодруулж хэлбэл IPO гаргах ажил хийгдэх болно.

-Цайрын тухайд сонирхуулах мэдээлэл юу байгаа вэ?

-Цайр нь төмрийн хүдрийн дагалдах элемент юм. Цайрыг ялган авах дээр судалгаа хийсэн. Төмрийн хүдрийн баяжмал өөрөө 100 ам.долларын үнэтэй. Гэтэл өөртөө 1000 долларын үнэтэй цайр агуулаад байдаг.

Тэгэхээр цайрыг нь салгаад 100 ам.долларын бүтээгдэхүүний хажууд 1000 долларын бүтээгдэхүүн бий болгох ямар бололцоо байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн.

-Та 2009 оноос жоншны кальцитыг дарах, ялгах судалгааны ажилд гар бие оролцож явсан. Энэ ажлын үр дүн 2019 онд гарсан уу. Энэ талаар ярина уу?

-ХБНГУ-ын Технологийн Их сургууль болон судалгааны компаниудтай хамтраад бүтээгдэхүүн гаргаж авсан юм. Энэ бүтээгдэхүүнээ бүтэн үйлдвэрлэлийн туршилтад 2022 оны 12 дугаар сард оруулсан.

Сайн үр дүн гарсан учраас өндөркальцит агуулсан Зүүн цагаан дэлийн ордыг ашиглалтад оруулах саналыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Түүнчлэн далд уурхай байгуулах судалгаа тооцоог Улсын комисст хүлээлгэн өгсөн.

-Зүүн цагаан дэлийн хайлуур жоншны далд уурхай хэзээ ашиглалтад бүрэн шилжих вэ?

-Зүүн цагаан дэлийн орд ашиглаагүй бараг 20 жил болсон. Энэ ордыг ашиглалтад оруулах гэж байгаа нь бидний ажлын гол үр дүн болно. Тус үйлдвэрийн олборлолт 2025 оноос эхлэн, бүтээгдэхүүн гарч эхэлнэ. Уурхай нь 4.4 сая тонн хайлуур жоншны нөөцтэй. Кальцитын асуудлыг шийдсэн нь Зүүн цагаан дэлээр зогсохгүй, цаашид ч үр өгөөж ихтэй байх юм.

Өргөний жоншны ордод ч эерэг нөлөөтэй шийдэл. Бид нэг оновчлол хийж байгаа. Жоншны 97 хувийн агуулгатай баяжмал гаргах баяжуулах үйлдвэр байгуулах уу, эсвэл төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр байгуулах уу гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна.1980 аад оны баяжуулах үйлдвэр дээр 97-ийн агуулгатай баяжмал үйлдвэрлэвэл өртөг өндөр, гэхдээ бас төмөр боловсруулж болоод байдаг.

Эдийн засгийн хувьд аль нь үр өгөөжтэй байхыг тооцоолж байгаад 2024 онд шийдэлд хүрнэ. Урьдчилсан байдлаар шинээр жоншны баяжуулах үйлдвэр барина гэсэн тооцоотой явж байгаа.

Хайлуурын хүчил үйлдвэрлэхэд 97 хувийн баяжмал хэрэгтэй. Харин 95 хувийн баяжмалаар хайлуурын хүчил үйлдвэрлэсэн нөхцөлд гарц нь буурч өртөг нь нэмэгдэх юм. Мөн Хятад улс руу экспортлох нөхцөлд тэд зөвхөн 97 хувьтайг авдаг. Нойтон баяжуулсны бас нэг давуу тал нь бүтээгдэхүүнээ далайн тээврээр тээж, гуравдагч орон руу экспортлох бололцоотой болох юм.

-Бор-Өндөрийн жоншны баяжуулах үйлдвэрийн нөөцийг цаашдаа хэчнээн жил ашиглах боломжтой вэ?

-Бид төмрийн хүдрийн нөөц дээрээ 2019-2020 онд хайгуул хийсэн юм. Нийт нөөц нь 50 сая тонн болсон. Жилийн хүчин чадал нь 2 сая гэж тооцвол 20 гаруй жил ашиглах бололцоотой.

Жоншны тухайд 22 жилийн нөөц бий гэж үзэж байгаа. Илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, 22 жилийн нөөцөө 50 жилийн туршид ашиглах боломж бүрийг эрэлхийлж ажиллана. Энэ чигт судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудыг эрчимтэй хийж байна. Зураг төслийн ажлын санхүүжилтын 40-өөс доошгүй хувь нь зөвхөн судалгааны ажилд зарцуулагдаж байна.

-“Монголросцветмет” ТӨҮГ-ын цаашдын хөгжлийн сайхан ирээдүй харагдаж байна.

-Бор-Өндөр хот 11 мянган хүн амтай. Хуучнаар хот, өнөөдрийнхөөр бол Монгол Улсын отгон сум. Энэ бүх төсөл хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр 2025 – 2030 онуудад Бор-Өндөрийг 50 мянган хүн амтай, сайхан хөгжиж буй хот болно гэж үзэж байна.

-Увс аймгийн Наранбулаг сумыг ч том суурин болж хөгжих ирээдүй хүлээж байгаа юм байна даа…?

-Тийм шүү. Наранбулаг сум өнөөдрийн байдлаар 6000 гаруй хүн амтай. Энэ сууринг 10-15 мянган хүнтэй суурин болгож хөгжүүлнэ гэж харж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхийн гол үр дүн нь хөдөөгийн сэргэлтийг бодит утгаар нь бий болгоно гэж харж байна. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах гол гарц ерөөсөө л энэ шүү дээ. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой бидний зорилго, бодол санаа, хэрэгжилт сайн нийцэж байна.

-Танай компанийн ойрын том асуудал гэвэл юуг онцлох вэ?

Бид хүний нөөцийн асуудлыг онцолно. Хүний нөөц бэлтгэхэд анхаарал хандуулахгүй бол сая ярьсан төслүүд амжилттай хэрэгжих боломжгүй. Тиймээс дараа дараагийн төслөө амжилттай хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуульд арван оюутныг туршилтын байдлаар сургаж байна.

Өмнө нь зөвхөн ашиглалтын инженер, маркшейдер, геологийн мэргэжлээр гэж сургадаг байсан бол өнөөдөр химич технологич, баяжуулагч, далд уурхайн ашиглалтын инженер, сансарын хайгуул зэрэг чиглэлээр сургаж байгаа. Цаашдаа Австрали, Америк болон Канад зэрэг барууны орнуудад боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Ярилцсан Танд баярлалаа.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img