Хонгор намрын өдрүүдээр ус нутгаа орхин нийслэл хотноо ирж С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн оюутан болсон тэртээх ерэн дөрвөн он санаанд тодхон байна. Хичээл ном жигдэрч ахуй үед бидэнд өрнө, дорнын утга зохиолын хичээл заах болсон нэрт яруу найрагч О.Дашбалбар багшийн маань “Шүлэг зохиол сонирхдог хүүхдүүд байвал Ханддорж вангийн өргөөнд долоо хоногийн лхагва гараг бүрт болдог “ГУНУ” урсгалын утга зохиолын дугуйланд очиж болно шүү” гэсэн үг чихэнд нэг л уянгатай, сэтгэлд цаанаа л дотнохон сонстож билээ.
Дугуйланд очвол, Жамьянгийн Болд-Эрдэнэ, Батжаргалын Одгэрэл, Баярхүүгийн Ичинхорлоо, Түмэнцогтын Эрдэнэцогт гээд ерээд оныхон бүгд л ирсэн харагдана. Хүн нэг их танихгүй хөдөөгийн ичингүй хөвгүүн зүс танихаас Дорнодын цагаан хүү Даваасүрэнгийн Ган-Очирыг л бараадасхийнэ. Ган-Очир надаас ганц хоёр дүү ч Дашбалбар багшийг “ах” хэмээн хэвлүүтэж, цүнхийг нь байнга барин сүүдэр нь аятай дагаж явна. Дугуйланд хэдэнтээ очсоны дараа Ганаа Содномнамжил бид гурав нэлээд дотно танилцав.
Нэгэнтээ Со хэлж байна. “Цэнгэл ээ, хоёулаа гараад ирье. Энэ замын цаана агуу их Ганхуяг хэвтэж байгаа. Сугадаад ирье” гэнэ.Цэнхэр жинсэн хослолтой, шүдээ хавирсан, ширүүн харцтай эр нэлээд халамцуухан маягтай духаараа харж “Хар мал аа, чи хаанахынх вэ” гэвэл Со “Хуягаа ах, наад хүү чинь Баянхонгорын яруу найрагч залуу байгаа юм” гэж аргадсан янзаар хэлж, мөнөөх “фашист” хэмээх шавилхан биетэй ч шаггүй авьяастай Ганхуягийг оруулж ирж байсан сан.
Дугуйлан дээр Содномнамжил маань намуун утга уянгын шүлгүүдээ зөөлөн хоолойгоор уншихад Гүн Аюур ах, Цогдоржийн Бавуудорж, Хайдавын Чилаажав, Б.Одгэрэл нар их тааламжтай янзаар сонсож суусныг санаж байна.
Балбар багш ч Со, яруу найрагч Д.Цогбадрах нарыг тэр үед ихэд үнэлэн үеийнх нь залууст байнга магтаж ярина. Ингэж Со-тойгоо танилцсанаас хойш Ж.Болд-Эрдэнэ, Цэндийн Доржсэмбэ, Цэндийн Батбаатар бид нар шүлэг найраг, сэтгэл зүрхээрээ нэг чигийн хүмүүс болохоо мэдэрч эхэлсэн сэн. Энэ нь Улаан сахиусны овогт Очирбатын Дашбалбар хэмээх Монголын яруу найргийн үзэгдэл болсон агуу их хүмүүн бидний багш байсантай ч холбоотой биз.
Со манай сургууль дээр үе үе ирнэ. Пүрэвхүүгийн Батхуяг, “Танхай банди” хэмээх Гончигийн Ням-Очир бид нар сургуулийн гонхонд цонхны тавцан түшмэглэн яруу найраг, уран зохиол ярилцан, түүгээр явах охидын гоог бишрэн зогссон нь олонтаа. Хааяа оюутнууд тарсан хойно, ангид орцгоон ганц нэг “цэнхэр шувуу нисгэх” зуур шүлэг найргаа уншицгаана.
“Урагдаж буй ертөнц нь цуурч буй даалимба
Урсаж буй орчлон нь цутган ирэх мөрөн
Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс
Хагацаж буй орчлон нь борооны дараах чимээ
Тун тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй
Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг
Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу
Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн нь
цуглана…” гэх шүлгийг нь би хувьдаа уншуулах дуртай байсан. Энэ шүлэгт
“Хуучирч гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай
Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам уяралтай” гэсэн
мөрүүд бий.
Анх танилцах үед багшийг дагаж их ирдэг байсан тэрээр хожим Балбар багштай юунаас ч болсон юм, бяцхан зөрчилдөж зөрөлдөн байсан санагдана. Тэр л үедээ эл шүлгээ дотроо өмрөн уншиж явсан болов уу.
“Хаалга задгай Шамбалын
Хаанаас нь ч орж болно” гэсэн сонгодог мөрийг нь хэвлэлийн бирж, Цэдэндоржийн цэцэрлэгийн харьяат сэхээтэн туурвигч бүгд л цээжээр мэддэг байсан. Бүр сэржим өргөх үгээ ч нэгэн үе болгож байсан. Яруу найрагч Ган-Очирын манайхан ерээд оны төгсгөл хавьд Зуун айлд хөрш хашаанд амьдарцгаадаг байв.
Тэр үед тэдний, манай хоёрынхоор яруу найрагчид, зураачид, уран бүтээлчид их ирцгээх. Миний багш Тангадын Галсан, Очирбатын Дашбалбар, Болд-Эрдэнэ ах, Со маань, Ц.Доржсэмбэ, яруу найрагч Тавхайн Цолмон, “Болор цом”-ын эзэн Мягмарын Амархүү, Ц.Батбаатар нарын алхаж явсан жим зам өнөө ч сэтгэлд бүдгэрээгүй л байна.
Нэгэнтээ Со бид хоёр цас бударсан гэрэлт өдөр Багшийн дээдийн хавьд таарч алхахдаа
“Гунигтай ширтэхэд, цонхон цаана
Гудамжнаа, цасан охид бүжицгээнэ.
Гэрэлт мөчрүүдийн дээгүүр, намуухан
Гэгээ цацруулан бужигнацгаана.
Сэмхэн гэтэж гэрээсээ одоод
Сэтгэл догдлон гэрэлт мөчрийн доор зогсоод
Энэхэн ертөнцийн биш тэрхэн охидыг
Эгшиглэх вальсанд урих сан, эгшиглэх вальсанд урих сан” гэсэн шүлгээ уншвал, анд минь жаварт жаахан ягаарсхийсэн хацраа илсхийж, нүдээ онийлгосхийн чагнаснаа
“Гэрэлт мөчрүүдийн дээгүүр намуухан
Гэгээ цацруулан бужигнана” гэж ямар гайхалтай мэдрэмж вэ. Тэр “бужигнана” гэдэг үгийг “бударна” гэчихвэл зүгээр биш үү хө” хэмээн гилжийсхийн хэлж байсан нь санаанд тодхон байна. Со-гоо “нүдээ онийлгосхийн, гилжийсхийн” гэж тодорхойлсондоо би сэтгэл нэг их эмзэглэхгүй байна.
Учир нь тэрвээр хүнийг дэндүү анхаарч сонсдог, тэр тааламжтай байдлаа иймэрхүү дүр төрхөөр илэрхийлдэг хүн байж. Дээхнэ үеийн мундаг эрдэмтэй лам нар, ухаантай өвгөд маань тэгж гилжийж ирээ л хүний үгийг сонсож байгаа харагддаг. Монгол ухаанаар үүнийг “чих тавин сонсох”, “найр тавих” гэх мэтээр тайлж болно. Со маань хүнд тэгж л сэтгэл тавьж чагнадаг билэг-билгүүн төгөлдөр гэгээн сонортой хүн байлаа.
Зуун айлд байхдаа нэгэнтээ оройтон гэртээ иртэл буйдан дээр минь нэг юм хөдлөх шиг боллоо. Хоёр давхар цоожтой хаалга байсаар байтал гэрт, бүүр орон дээр хүн байхаар хэн ч гэсэн гайхах нь тодорхой. Цочисхийж, гэрлээ асаавал манай Со лам амарчихсаан хэвтэж байх юм. Гэрэл асуут мань эр өндийж ирснээ “Ган-Очир дүүгийнд орох гэсэн өөрөө ирээгүй байна. Булгаа л байна. Тэгэхээр нь танайд иртэл чи бас байдаггүй.
Хашаанд чинь гайхаад зогсож байтал салхивч чинь нээлттэй байлаа. Тэгээд хөгшин чинь орж ирээд овоо сайхан амарчиж” гэсэн шүү юм ярилаа. “Хувилгаан” Со-гоо гэгээвчээр орж ирснийх гэж хөөрхөн шалтаг зохиож хоёул болор жүнз тулган, аж төрөл, шүлэг найраг хөөрөлдөн, анд нөхдөө дурсаж үүр цайтал нойр цэлмэг хоносон сон. Энэ бол гэргий, охид маань нутаг өөд явчихсан 98 оны зургадугаар сар байлаа. Өглөө нь Со европ хувцсаа бүгдийг тайлж, шинэ оймс өмсөн, хувраг хувцсаа өмсөн нэгэн хийдэд хурлын ламаар суух болсноо хэлэн гарахдаа үүргэвчтэй хувцсаа үлдээгээд явж байлаа.
Гарахад нь “Анд минь, Лодон гэвш шиг л улаан шарыг намируулаад гандангийн хүр рүү шогшоод байж дээ” гэвэл нэг муухан мушийсхийчихээд гараад явсан сан. Модод навчсаар уйлсан намрын жихүүн өдөр Болд-Эрдэнэ ахыгаа хөдөөлүүлчихээд, удаахь жилийнх нь намар О.Д багшийгаа нутаглуулчихаад хамтдаа гашуу тайлж сууцгаасан гунигт мөчүүд ч нүдний өмнө тодхон байна. “Цэнхэр өдрүүд” номтой Өвөрхангайн Сэнгийн Адьяасүрэн найрагчийг дүн өвлөөр үдээд ирлээ гэж Ган-Очирын хамт орж ирж, тэмээнийх шиг тунгалаг зөөлөн харцтай нүдэндээ нулимс мэлтэгнүүлж суусныг ч яахин мартаж чадах.
Гэгээн хайрын тодотголтой “Хонгорзул” сонинд Со-гийн маань олон сайхан уянгын зураглал, гүн ухааны зохиомжууд нийтлэгдэнэ. Хэвлэлийн бирж дээр тухайн үеийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, зураач, инженер, эрдэмтэд гээд сэхээтнүүд их цугларна. Бүгд л нэгнээсээ оюун билэг, сэтгэл зүрхний их нөмөр нөөлөг, гэрэл гэгээ авцгаасан гэж би хувьдаа боддог.
Со маань бичлэгийн шагналд бодож өгсөн сонингуудыг зарахдаа хүнтэй их нийцтэй учир их л сурмаг. Мэдээж, зарим сонин дээр бидний нийтлэл, шүлэг зохиол, зураг хөрөг хэвлэгдсэн үед бол сайн танил, оюун санаагаар мануусын садан нөхөдтэйгөө баяраа хуваалцана.
Бидний хэн хэнийх нь ном хэвлэгдээгүй байсан үе болохоор шүлэг найраг хэвлэгдсэн сонин маань тухайн үедээ л нэрийн хуудас болж байсан юм даг. 1999 оны нэгдүгээр сарын 9-ний орой Төрийн ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн зоог барив. Тэндээс би Хонгор нутгийнхаа зохиолч “банхар” Пүүжээ (төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн) ах “Бурханбогд, аав хоёр” өгүүллэгээрээ “Утгын чимэг” наадамд түрүүлсэн учир Навчаа эгчид хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байлаа.
“Намрын дурсамж” дууны найргаараа алдаршсан зохиолч Намжимын Сүхбат ахын хамт Пүүжээ ахыг хүргэж өгөхөөр ордны баруун хойд хаалган дээр зогсож байтал Со, Ган-Очир хоёр ирж “Данзангийн Нямсүрэн ахтай хэдүүлээ Зуун айл явцгаая. Чи тэр гайхамшигтай найрагчтай сайхан танилц” гэж байсан сан. Нямсүрэн ах тэр жил “Болор цом”-д
“Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно…
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно” гэсэн алдарт шүлгээ уншиж, хоёрын даваанд уначихаад хээвнэг зогсоход сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг ахайтан дэвтрийнх нь хуудсаас эл шүлгийг навч шиг тасдан “Өдрийн сонин”-д хэвлүүлж асан тэр үе билээ.
Тэр орой би Нямсүрэн ах, Со, Ган-Очир нарын Дорнодын фракцыг дагалгүй нутгийнхантайгаа явсан юм. Өнөө нэхэн бодоход нэгэн биеэ хоёр болгон хувилчихмаар тийм яруухан үе бидэнд олонтаа тохиож байжээ. Түүн лүгээ хүмүүний энэхэн амьдралыг ахин дахин мэндлэхийн ерөөл талбимаар тийм л гэгээн оюут хүмүүн цөөн таардаг ажээ хэмээн Со-гийнхоо тухай дурсамж нэхэн суунам.
Тэгэвч, зөөлөн сэтгэлт, гэгээн билэгт, ариун ёст, намуун уянгын сод найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил ламтан нэгэн бие нь дүрст лагшингаа гээн одсон боловч тунгалаг ариун шүлгүүдэд нь оюун сэтгэлийн гэгээн сүнс нь мөнхөд амьд үлдсэн яруухан хувилгаант билээ. Ай, анд минь!
“Өөрийнхөө ариун нандин гэрэл гэгээ бүхнийг авч гараад, байгалийн зүг явж чадвал миний таньж мэдэх охид хөвгүүдээс Т.Содномнамжил, Л.Өлзийтөгс хоёрыг л дэлхийн дэвжээний барианы газар монголчууд хүлээж авах болно” гэж Эрээнцавын Нямсүрэн ахынхаа итгэлийг хүлээж байсан анд минь цэл залуухан гучин хэдхэн насандаа тэнгэр зүг одсон нь гунихралтай.
Намуун уянгын гэрэлт найрагч Т.Содномнамжилын маань түмний нэг тарсан гар бичмэлийг яруу найрагч анд Магван-Эрдэнийн Саруулдалай, Г.Хүрэлчулуун, орчуулагч Ононгийн Чинбаяр нар эмхэтгэн “Огторгуйн очир” хэмээх ном баринтагласныг залуу насных нь анд, эдүгээгийн их хурлын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан ивээн тэтгэж уншигчдын гэгээн мэлмийд толилуулан ариун сүнсэнд нь хүндэтгэл үзүүлсэн билээ.
Сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун маань ч Со-гийнхоо тухай “Сонинд боодолтой юм” хэмээх сонин сайхан дурсамж бичиж, андынхаа шүлгийн гар бичмэлүүдийг ганц охинд нь гардуулсан нь сайн хүмүүн, сайхан найрагчаа дээдэлсэн нөхрийн чин сэтгэл буюу.
Миний бие сэтгэлийн гэрэлт анд, яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжилыг тэнгэрт дэвшихэд гүнээ гуниглан:
“Үлгэр шиг амар сайхан жаргадаг амьдрал гэж үгүй ч
Үхэл ямар үеэл эгч чинь биш дээ, анд минь!
Үнэн гайхамшиг гэж итгэж зорьсон замынхаа
Үзүүргүй алсад цэг хатгаад хаашаа одов доо, чи…
Алга болоочдын сэтгэлд гэрэлтэх нэрүүдээс
Амирланг хайсан битүүхэн гуниг л үлдэх юм.
Амь өрссөн тулаан хаа сайгүй үргэлжилж
Амьд бүхнийг чимээгүйн бурхад хулгайлж одсоор л байна даа
Үхэл гэдэг сэтгэлээ онгойтол уйлж, цээжээ цэлмэтэл ярих
Өрөвч хонгор эжий ч биш дээ, анд минь
Үйлт жамтай учрах гэж юунд яарав даа, чи минь.
Нүгэлийн автобусыг дүүргэгсэд
Нүгэлгүй мэт инээж, ихэмсэглэж яваа хорвоод
Нүдэндээ гэрэлт гунигтай, сэтгэлийн тунгалаг шүлэгтэй
Номч мэргэн ламтан минь жанч яагаад халав аа??? Жанч яагаад халав даа???” гэж 2005 оны арванхоёрдугаар сарын 25-нд бичсэн шүлгээ “Сэтгэл минь, Тэнгэрийн уяхан шат” номынхоо 17дугаар нүүрт оруулсан удаатай.
Дээрх хөрөг нийтлэл хэвлэгдсэн даруй олон хүн Со-гийн тухай гэгээн сайхан дурсамжаа хуваалцаж байсан нь түүний цорын ганц ном “Ганцхан” номд багтсан байдаг. “Ганцхан” номыг хэвлэгдэх үеэр “Өдрийн сонин”-ы “Ном ярьж өгье” буланд доорх бичвэрийг хэвлүүлж байв.
Т.СОДНОМНАМЖИЛЫН “ГАНЦХАН”
Дорнын гэгээн шүлэгтэй яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжилын “Ганцхан” номыг уншихад сэтгэлд хөнгөхөн гуниг төрж, аж төрлийн бүгээн ахуйд сэтгэлээ хөглөж явсан тэрхэн үе нь санаанд бууна. Тэр бол өнгөрөгч зууны ерээд оны томоохон найрагчдын нэг байсан. Байсан хэмээхийн учир эл хувилгаан найрагч тэнгэрийн орноо одоод хэдэн оны нүүр үзжээ.
Дорнодын улаахан хацартай гэгээхэн сэтгэлтэй энэ тунгалаг найрагч Монголын яруу найргийн өргөөнөө Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгээр хөтлүүлэн орж ирж, Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчид гарын шавь болон шадарласан түүхтэй.
“Ганцхан” номд түүний яруу найраг, гэгээн бодролын арвин их өв багтаж. Түүний “Дорнын хөх үдшийн саран”, “Охины царайг үзмэгц баясах нь орчлонгийн чанар хэмээх шүлэг”, “Улаан гэрэлт шамбал”, “Зөөлөн мандмал сарны доор”, “Тодорхой дэлгэрэгч янагийн үзэсгэлэн” зэрэг шүлгүүдээс сэтгэлийн аяс, дорны найргийн намуун уянга тодорхой анзаарагддаг юм. “Уран зургийг тайлбарлах утгагүй” гэдэг шиг яруу найргийн чинад мөн чанарыг ч бас үлгэр ярьж буй мэт хүүрнэн өгүүлэх утгагүй биз.
Тиймээс О.Дашбалбар багшдаа зориулсан “Зөөлөн мандах саран дор” хэмээх нэгэн шүлгийг эш татан уншигчдадаа толилуулахад Содномнамжилын сэтгэлгээний ертөнц болоод яруу найргийнх нь утга, уянга тодорхой болно байх гэж найдна.
“Урагдаж буй ертөнц нь цуурч байгаа даалимба
Урсаж буй орчлон нь цутгаж ирэх мөрөн
Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс
Хагацаж буй орчлон нь борооны дараах чимээ
Тун тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй
Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг
Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу
Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн цуглана
Хуучирч гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай
Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам уяралтай
Эртний танил хорвоо нь эндүүрэм олон эгшигтэй
Энэ л насаа бодохоор Живбзундамбад мөргөлтэй
Алтан мөнгөн саран тод тунгалагаар гийхэд
Алимад сэтгэлийн дотор бүлээн нигүүлсэхүй төрнө
Зөөлөн мандах сарны дор цэнгэн согтож явахад
Зөн билгийн бүсгүй өмнөөс ирэх нь гайхамшиг
Тасарч унасан навчис гомдолт намрыг өгүүлж
Талын намхан толгод чив чимээгүй зүүрмэглэнэ
Сэржим өргөсөн ууландаа бичсэн шүлгээ хадгалуулж
Сэтгэлийн охь бодлоо сэмхэн шивнэх минь ч гуниг
Зуны үүлсийн дээр залран айсуй Нархажид
Зулай норгох бороонд шидэт тарниа уусгажээ
Ариун багшийнхаа өлмийд мөргөн залбирах миний хувь
Амраг охины үзэсгэлэн ч нууцлаг гоо өгүүлэмж
Саран тунамал орчлонгийн цаст уулнаа суухад
Санан санасаар очих Шамбалын минь орон илхэн
Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болно
Харанхуйд барьсан зул шиг тодорхой гэгээн байдаг
Туяарагч намрын сар шиг гиймэл ариун Зонховтоо
Туждаа хамт байж гэгээрэхийн ерөөл талбимуй”
Найрагч сэрүүн тунгалаг ахуйдаа “Ганцхан” нэртэй нэг л боть гаргана хэмээн ярьдаг байсан.
Тэгвэл найрагчийн хүсэл эгээрлийг түүний дээлтэй төрсөн дүү, “Зохист Дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч, яруу найрагч Батсүхийн Төгсжаргал гүйцэлдүүлж, номын чимгийг МУЭ-ийн шагналт зураач Содномын Төгс-Оюун бүтээж, ариутган шүүгчээр найрагчийн амин голын хайртай үр, сэтгүүлч Содномнамжилын Оюунтөгс нь ажилласан нь цаанаа л нэг учиртай ажгу. “Ганцхан”-ы “Дурсахуй” хэсэгт сэтгүүлч П.Хашчулууны “Сонинд боодолтой юм”, яруу найрагч Базарсадын Баттулгын “Улаан гэрэлт Шамбалын орны найрагч”, яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Өвснөөс үүлэнд хандах үг”, С.Төгс-Оюуны “Ламтай байшинг зоригч нэгэн”, Т.Содномнамжилын хуурай ах, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаярын “Улаан ламыг уламжлан дурсахуй”, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн “Тэрбээр “Огторгуйн очир эрхшээгч” байжихуй”, Дарь.Сүхбаатарын “Т.Содномнамжилын тухай”, яруу найрагч Мулцангийн Уянсүхийн “Тод ялгуун”, МЗЭ-ийн болон “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч М.Амархүүгийн “Үржинхандын орноо үүрд одсон Со минь”, түүний шавь-дүү Д.Ган-Очирын “Хувилгаан Со ламын хуучрашгүй яруу найраг”, Пэрэнлэйн Нямлхагвын “Үйлийн үрийн өөдөөс оюун суртхаалыг харгуулагч”, сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайн “Гэгээнтэн”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Хархорины гэгээн найрагч Сольтогтохын Дамдиндоржийн “Гэрэлгүй цагт гэрэлт цагийг үзүүлсэн найрагч”, “сүнсний” хэмээх зураач Д.Одгэрэлийн “Дээд амин хүчний өгөгдлөөр төрсөн тунгалаг сэтгэхүйн элч найрагч”, яруу найрагч, эрдэмтэн зохиолч П.Батхуягийн “Урагдаж буй уулс…”, зохиолч Ш.Галсанбаатарын “Улаан орхимжийн ертөнц “Огторгуйн очир”-т бэдэрмүй” зэрэг гучаад хүний дурсамж, судлал шинжлэлийн нийтлэлүүд багтжээ.