2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Мө.Батбаяр: Их хаантайгаа нэг дуун дээр огтлолцох гэдэг сайхан биш гэж үү?

“Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, зохиолч, яруу найрагч Мөнхцолын Батбаярын манай сайтад гарсан “Зохиолчид бол үгийг мартагдахаас авардаг эх хэлний эмч” ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. Мө.Батбаяр яруу найргийн “Намрын тэмдэгтүүд” (2015), “Бүгд өөрийн гунигтай” (2016) “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019), хүүрнэл зохиолын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” зэрэг номууд хэвлүүлж, орчуулгын төрлөөр Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, Янь Лянкөгийн “Дин тосгоны зүүд”, Чи Зи Жианы “Цасан хөшиг”, зохиолч Инь Шүэ Юүний “Авга ах” зэрэг бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлжээ.

Ярилцлагын түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-Гурван романыг нь орчуулсан Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуаг өнгөрөгч намрын номын баяраар монгол уншигчидтайгаа уулзууллаа. Үй Хуа зохиолчтой амьдрал дээр аль хэр ойр байдаг бол. Гэр орноор нь очиж байв уу?

-Монголд ирэхээс өмнө Бээжинд л ганц удаа уулзсан нь “Амьдрахуй” романыг монгол хэлээр хэвлэгдсэний дараахан юм. Энэ намрын тухайд “Непко” болон “Тагтаа” паблишинг хамтраад “Дэлхийн зохиолчид Монголд” төсөл эхлүүлсэн.

Ямар учиртай төсөл юм гэхээр манай энэ цэнхэр гариг дээр буй алдарт зохиолчид манай эх оронд зочлон ирж манай уншигчидтай уулзана. Бидэнд санаа оноогоо хуваалцаж бид ч бас давхар эх орноо сурталчилна. Хэдхэн хоногийн өмнө энэ жилийн Нобелийн шагнал гардуулах үйл ажиллагаа Шведийн нийслэл Стокгольм хотод хааны ордонд боллоо. Хими, физик, энхтайван, анагаах ухааны гээд төрөл төрөлд олгодог ч ганцхан уран зохиолын нобелийн шагнал хүртсэн хүнээр илтгэл тавиулдаг.

Хааны ордны танхим жилд ганцхан удаа өргөн үүдээ дэлгэдэг нь хэнд зориулж гээч уран зохиолын Нобелтонд зориулж. Манайханд ийм биш юм аа гэхэд зүгээр жилд нэг алдартай зохиолчтой ард түмнээ уулзуулаад үг сонсгочихдог, давхар эх орноо сайхан танилцуулчихдаг ийм үйл ажиллагаа байж яагаад болохгүй гэж.

Бид нар хүний хүртдэгийг хүртэж, уулздагтай уулзаж болохгүй улсууд биш биз дээ. Үй Хуагийн хувьд манайд зургаан зохиол орчуулагдаж боломжийн танигдсан, дээр нь уриад авч ирэхэд газар ойр, нислэг хямд гээд олон нөхцөл шалтгаанаар шан татаж авч ирсэн. Булган сүүлтэй байна байх. Бид дараагийн зочин зохиолчдоо заллага сонордуулах шатандаа явж байна.

Мө.Батбаяр-Нобелийн шагналт, Чилийн их яруу найрагч Пабло Неруда 1980-аад онд Монголд ирэх их хүсэлтэй байсан ч ЗХУ-аас зөвшөөрөл олгоогүй гэж яригддаг. Нобелийн шагналт тэр эрхэм манайд биеэрээ ирээгүй ч Монголын тухай олон шүлэг бичсэн гэдэг. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн Монголд өөрийн биеэр ирсэн хүн бол сайхан зүйл бичихдээ л бичнэ дээ?

-“Дараа ирэхдээ заавал хөдөө явж үзнэ” гээд л буцсан даа. Соёлын төв өргөөнд болсон уулзалт халуун дотно сайхан болсон. Том зохиолчдын энд тэндхийн их сургуулиуд, улс оронд хийсэн уулзалтын бичлэг үзээд сонсож суугаа залууст их атаархдаг байлаа. Мөрөөдөл биелэх шиг сайхан зүйл гэж хаа байхав.

-“Хятадын соёлыг экспортоллоо. Өмхий хужаа нарын үлдэгдлүүд. Хужаатайгаа зайл” энэ тэр гээд үндсэрхэж өгч байгаа биз?

-Монголд Хятад хэлний орчуулагч байх жаахан төвөгтэй шүү.

-Төвөгтэйгөөр барах уу л байх даа?

-Хятадаас айх айдас ихтэй. Хятадыг үзэн ядах үзэл өндөртэй. Мянга мянган жилийн туршид “хамрынхаа хатуу зөөлнийг” үзэж явсан улс болохоор оросоос орчуулдаг байх, англиас орчуулдаг байх, японоос орчуулдаг байхаас тэс өөр хандлага ирнэ шүү. Яггүй шүү дээ. (Хөх инээдээр инээв. Л.Б) Гэхдээ би энэ эрх чөлөөнд нь дуртай. Бид чинь Хойд Солонгос биш.

Нэг үзэл бодолтой, бүгд нэг дайсантай, бүгд нэг нөхөртэй үеэ бид даваад гарчихсан. Өөр өөр, олон янз байх тусмаа тэнд эрүүл нийгэм байдаг болов уу гэж итгэдэг. Гэхдээ жаахан тийм ул суурьтай, уг үндэстэй баймаар юм шиг санагдах юм байна шүү, тэр харааж зүхсэн юмнуудыг уншиж байхад. Ямар учиртай, хэн гэдгийг нь мэдэхгүй л үгийн муугаар зүхэх.

Тэгсэн атлаа эсэргүүцэх зүйл дээрээ нүдэн балай, чихэн дүлий зүгээр л тэгш дугаартай машинтайгаасаа болоод ажлын таван өдрийн гуравт нь автобус хүлээх, “тэнгэрийн умдаг” болсон такси дуудах, үр хүүхдээ хар хүйтэнд явган зөөх болчихоод байгаа биз дээ. Өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хасуулчихаад л “илжиг модон хударгандаа” гэдгийн боол болоод явж байгаа биз.

Мө.Батбаяр-Манай Монголын зохиолч, бичгийн хүмүүс биеэрээ “Мө.Батбаяр Үй Хуа гэж хятад зохиолчийн хэдэн юм орчуулчихаад их зантай болсон, биеэ их тоож байна” гэсэн хандлага ч мэр сэр анзаарагддаг. Тэгэхээр өөр рүү чинь үндсэрхэг үзэлтнүүдийн дайралт мөндөрлөн буух нь арга ч үгүй юм бол уу. Дээр нь бас хүний атаа жөтөө гээч муухай үзэл байдгийг үгүйсгэх аргагүй юм уу даа?

-Зүгээр нэг зохиолчийг нь орчуулчихаар хужаа болчихдог бол оросоос орчуулаад орос болъё л доо, түркээс орчуулаад түрк болъё л доо. Гэхдээ манайханд хардах үндэслэл байгаа юу гэвэл байгаа. Хардалт нь харамсалтай нь байгаа онохгүй байгаа.

Суваг суваг дамжаад хятад сериал үзээд уйлж суугаа болохоор байгаа онилох нүдийг нь баярын нулимс нь бүрхчихээд байгаа. Уг нь хоёр улсын соёлын харилцааны хүрээнд нэртэй ч харамсалтай нь нэг талт соёлын харилцаа болчихоод байх шиг. Та, жишээ нь, Хятадын төв телевизээр монгол кино гарч байна гэж дуулав уу?

-Нээрээ, тийм юм ёстой сонсож байгаагүй юм байна. Энэ ч тэгээд гүнзгийрүүлээд яриад байвал бас л эвгүй сэдэв байна шүү. Өнгөрөгч намар өөрөө Франц улсад очиж уншигчидтайгаа уулзаад ирэв үү?

-“Монгол гэр” төслийнхөн санаачлан жилд нэг уран бүтээлчийн бүрэн зардал даан уран бүтээлийг нь сурталчилж, газар орон, соёл түүхтэй нь танилцуулах төсөл юм билээ. Эхнийх нь кино найруулагч Бямба, хоёр дахь нь нэг гэрэл зурагчин залуу очсон байдаг. Би гурав дахь зочноор би сонгогдож яваад ирсэн. Энэ дашрамд төслийг санаачлагч Б.Сүнжидмаа, Цолмон эгч нар болон Базаль хотын монголчууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна.

Б.Сүнжидмаа эгч бол эмч хүн. Гайхам түүхтэй амьдрал туулсан, уран зохиолын зэгсэн боловсролтой, жинхэнэ яруу найргийг, уран зохиолыг яг л хурдан морь таньдаг уяач шиг таних тийм хүн. Миний аялал Франкфуртаас эхэлж тэр хавийн орны олон хотуудаар орсон. Францын Элчин сайдын яам, Женев дахь Элчин сайдын яаманд уулзалт зохион байгуулж дотно хүлээн авсанд мөн талархаж байна. Үүн дундаас хамгийн сайхан уулзалт Базаль хот дахь уулзалт байсан.

Мө.Батбаяр-Францад амьдардаг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго, зохиолч Х.Болор-Эрдэнэ хоёрын маань аж төрөл, уран бүтээл өндөр байна уу?

-Манай хоёр Францын эртний түүхт Турс хотод Оноре де Бальзакийн эдлэн газрын замын арханд энх тунх, эрүүл саруул, элбэг хангалуун, уран бүтээлийн олз арвин аж төрөн сууна. Тэр хоёртойгоо уулзах ямар сайхан байсан гэх вэ. Үүрийн цагаан гэгээнээр Турс хотын өртөөн дээр дээдэлж явдаг Эрдэнэсолонго найрагчаар тосуулаад буухыг одоо юутай зүйрлэмээр юм бэ дээ. Харийн хотод хоёр монгол найрагч нэгнээ тосоод бороо шивэрсэн үүрийн замаар хаанаас яриагаа эхлэхээ олж ядан явахын бахдал, ээ дээ, жишимгүй шүү.

Х.Болор-Эрдэнэ эгч хар эрт боссон уу, эсвэл бэлтгээд унтаагүй юу, үүрээр яваад ороход л ширээ дүүрэн идээ ундаа дэлхчихсэн хүлээгээд зогсож байх жишээтэй. Солонгоо ах бичгийн өрөөгөө суллаж өгөөд л. Тэгээд намайг аваад нэг шилтгээн рүү явлаа. Ямар учиртай шилтгээн юм гэхээр “Chateau de Villandry” нэртэй цэцэрлэгт хүрээлэн аж.Тус газар Анжерсээс 100 км, Ле Мансаас 100 км зайтай Вилландри хотод байрлах агаад нэгэн цагт Франсуа I-ийн Сангийн сайд Жан Ле Бретон амьдардаг байж.

Энд 1189 оны долоодугаар сарын 4-нд бага хурал болж, Английн Генри ll нас барахаасаа өмнө “Колумбчуудын энх тайвны” гэрээнд (“Ла Паик де Коломбиерс”) гарын үсэг зурсан тухай тус цэцэрлэгт хүрээлэн рүү ороход өгсөн боршур дээр байх аж. Францад зөвхөн энэ loire голыг дагасан 1000 гаруй шилтгээн байдаг гэнэм. Сэргэн мандалтын үеийн гоо үзэсгэлэн, дундад зууны үеийн архитектурын сүр жавхлангаар биднийг байлдан дагуулах олон газрын ердөө нэг нь энэ гэсэн танилцуулга уншаад яагаад Францыг урлагийн эх орон гэдэг нь ойлгогдох шиг болж билээ. Дараа нь бид Да Винчигийн эдлэн рүү явсан.

Мө.Батбаяр-Аугаа их Леонардо Да Винчигийн үү?

-Тийм ээ. Тус эдлэн 800 жилийн түүхтэй. Да Винчи энд амьдралынхаа сүүлийн гурван жилийг өнгөрөөж олон төслүүд дээр ажиллаж байгаад чухам энэ л байшинд тэр гэрээслэлээ бичиж, өөрийн гар бичмэл, дэвтэр, зурсан зураг, ноорог зургуудаа хайртай шавь Франчесо Мельцид гэрээслэн үлдээсэн байгаа юм.

Тэр 1519 оны тавдугаар сарын 2-нд орондоо нас барсан байдаг. Тэр их хүмүүний халуун амьсгалаа эгшээн хураасан орных нь дэргэд зогсох боломж 504 жилийн дараах тавдугаар сарын 7-нд надад олдсонд мөхөс би бээр туйлын их бэлгэшээж байв. Леонордагийн нэрээр нэрлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнгээр алхана гэдэг суутнуудын бүтээл дундуур алхана гэсэн үг.

Шинжлэх ухааны ололт амжилт дундуур алхана гэсэн үг. Барилгын доод давхарт 100 м2 талбай бүхий өмнө нь олон нийтэд хаалттай байсан гурван өрөө бий нь түүний уран бүтээлийн урлан номын сан гэнэ. Леонардо да Винчигийн урлан, номын сан, Ле Клос Люсегийн сургуулийг сэргээхэд хоёр жилийн судалгаа, засварын ажил, 30 хүн, 15 ажилчин оролцсон байдаг юм байна.

Да Винчигийн насан эцэслэсэн шилтгээн, Францын хэд хэдэн хаадын ор тугдам, зугаа цэнгэлийн газар байж. Тэр хоёртойгоо өнгөрүүлсэн нэг өдөр хэдэн зууны үүх түүхийн дундуур зугаалсан олон зуун жил шиг надад санагдаж байлаа. Маргааш нь Солонго ах ажилдаа явж, зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч замын хоол хүнс бэлтгэж номын сангаасаа “Нутагт нь ирсэн юм чинь” гээд их зохиолч Бальзакийн номыг бэлэглэж намайг өртөөнөөс үдэн гаргаж өгсөн дөө.

Мө.Батбаяр-Ай, мөн сайхан явж. Дүү өмнө нь Солонгос улсад очиж тэнд аж төрж, ажиллаж буй монголчуудтайгаа уулзаж байл уу?

-“Морьтой ч болоосой” төслийн хүрээнд яваад ажиллаад ирсэн. Тэр тухайгаа цуврал арав гаруй тэмдэглэл, нийтлэл бичсэн шүү. Солонгос орон, Солонгос дахь монголчуудын аж төрөхүй маш сонирхолтой. Монгол айл бүрээс нэг хүн Солонгос явсан байдаг гэдэг ч тэнд юу даван туулдгийг төдийлөн гадарладаггүй. Ахиж заавал очно, очихдоо урт хугацаагаар гэж бодож байгаа.

Аливаа улсад цагаачлалын уран зохиолын сэдэв, түүнийг бичдэг зохиолчид байдаг. Манайд цагаачилсан, харласан хүмүүс нь байгаад байдаг, тэдний талаар дорвитой дуугарч байгаа юм алга. Шинэлэг, сонирхолтой сэдэв.

-Ёстой л загатнасан газар маажихтай адил сэдэв байна даа. Соёлын гавьяат зүтгэлтэн Доржзовдын Энхболд ах л “Казиног номхотгосон түүх” гэж нэг роман бичсэн дээ. Үй Хуаг үдэх хүлээн авалтын найран дээр дуулж байгаа харагдсан. Өөрөө аль хэр дуулахав?

-Дур эзнээ голохгүй гэж. “Дуу минь, дуу минь, дуртайхан дуу минь” гэлээ гэгчээр ёстой дуртай зүйл маань дуу шүү.

Мө.Батбаяр-Захчин уртын дуунуудын тухай, захчин гэлтгүй ер нь монгол уртын дууны талаар бодлоо хуваалцаач!

-Энэ уртын дуу байнаа, манай Монголын ард түмний бодож олоод, төгс төгөлдөр хөгжүүлсэн хачин гайхам соёл. Сы Мациний “Түүхийн тэмдэглэл” бүтээлд уртын дууны тухай, монголчууд чоно шиг уртаар уянгалан дуулдаг тухай дурдсан гэдэг. Хүннүг манайх гэж өмчлөх эзэн олон болсон энэ үед манайх гэдгийг нотлох нэг зүйл нь ч уртын дуу байж болохоор санагддаг.

Захчин уртын дуу сонирхох болсон шалтгаан гэвэл захчин найранд сууж яваад л нийтлэг биш, огтоос дуулагддаггүй дуунууд тэнд дуулагдаж байгааг мэдсэн хэрэг. Нэн тансаг чамин үг аялгуутай дуунууд. Эрдэнэ мэт тэр дуунууд тоймгүй олон ч өв тээгч нар нь тоотой цөөн.

Жишээ нь, захчин найр
“Жаргалт хээр морио
Зусуут сойж унана
Жаргал ихтэй тантайгаа
Найрлан хамтаар жаргая” гээд л эхэлнэ. “Хан уулын орой”-гоо дуулахад сан тавьж, хаалга үүд онголзуулахгүй, хувцсаа бүрэн бүтэн зөв тэгш өмсөөд, суудлаа ч засахгүй сууж байгаад л дуулдаг. Хуримын доторх зан үйл болгон бараг өөрийн дуутай шахуу.

Бэрийг аавын гэрээс хөтлөөд гарахад үлдсэн найрчид “Зах Жаргалантын эх” дууг хангинуулаад л зүүн талаар суусан эмэгтэйчүүд нүдэндээ нулимстай цангинуулна. Хэлэх захих үгс тэр дууныхаа үгэнд шингээстэй байдаг. Бусдаар босоод л чирэгдэж зууралдаад, уйлж унжаад л гашуудал шиг юм болохгүй. Хэлэх үг сургаалаа, хагацлын гашуугаа, амьдралын давааг хэрхэн давахыг дуугаараа хэлчихнэ. Бэрийн ээжид цагаан сүү гардуулах ёс байдаг.

“Таны бүлээн сүүгээ амсуулж өсгөсөн үрийг тань бид авлаа” гээд цагаан сүү өгч байгаа юм уу даа. Яг энэ үед найрчид
“Цагаан цоохор морь нь
Дөрвөн ээ туруундаа эрдэмтэй
Цагаан сүүгээ хөхүүлсэн
Ижийнхээ ачийг яана вэ?
Арын ногоо халиурахад
Аав минь санагдана
Энгэрийн ногоо халиурахад
Ээж минь санагдана” гэдэг дуу эхэлдэг.

-Ардын сайхан дуунууд ч хүний сэтгэл хөглөх алтнаас ч үнэтэй эрдэнэ минь юм даа. Санаа алдаад л, сайхан санаашраад л сонсох ч амьдын гайхамшиг даа?

-Гайхалтай яруу найраг. Өвс халиурахыг ширтээд уулын энгэрт сууж байгаа хүн ээжийгээ санана даа, ер нь. Тэр үнэнийг онож чадаад ингэж илэрхийлнэ гэдэг гайхалтай. Энэ мэтээр манай нутгийн найр өдөр шөнө дамнан үргэлжилдэг. Найрын даа магнайндаа хөлстэй найрлаад сууж байх найрыг үзнэ гэдэг хувь төгөлдөр. Ерөөл бэлгэ тэгширсэн ийм сайхан дуунуудыг өдөр шөнөжин дуулан найрласан гэрт орох нас нэмэгдэх шиг л болдог.

Нэг тийм тэс өөр ангид гайхам уур амьсгал. Маш драмлаг. Маш сүнслэг. Үнэхээр гайхалтай соёл. Энэ дашрамд нэг зүйлийг уриалахад хурим найраа энэ мэт хуучин ёсоороо аль болох хийгүүштэй юм билээ. Рестаронд хийгээд, хоол унд болоод тарж болно, хүний сонголт.

Гэхдээ манай хуримын гол зүйл тэр хоол ундандаа ч биш найрлах, энэ шүншиг шингэсэн дуунуудын эрчмийг хуран цуглуулахдаа ч байдаг байж магадгүй санагддаг. Дээр нь хуучин маягаар хуримлахад энэ уртын дуунууд дамжин өвлөгдөх боломж нээгдэж байдаг юм билээ. Ингэж хуримлах нь багасах тусам өвлөн уламжлагдах, дамжих нь багасаж байгаа тал ажиглагдсан. Залуучууд нь дуу мэдэхгүй учраас найрлаж суухаа больчихсон.

Мө.Батбаяр-Тэр ч ёстой гуниг шүү. Тиймээс ард түмэн минь “Найранд гурван дуутай” гэж сайхан эр хүний нэг шинжийг тодорхойлоо болов уу?

-Хоол идчихээд, машиндаа цуглаад, хөзөр тоглоод суучихаж байгаа хуримтай хэд хэд таарсан. Хэдэн хөгшчүүд нь гэнээд үлдэнэ. Уртын дуу амнаас ам дамжиж уламжилж ирсэн болохоор хүний ой санамж хамгийн гол чухал санаа, шижир тунгаамал хэсгийг л тогтоож аваад цааш явдаг тул хамгийн охь нь бидэнд дамжиж ирсэн. Эртээд морин хууртай нийлж байтал Францын монгол судлаач Стев надад маш сонин зүйл хэлсэн. Би морин хуураа мэдэрч сонсохгүй жаахан өөрийнхөөрөө туугаад байхгүй юу. Тэгсэн юу гэсэн гээ.

-За, юу гэж байх юм?

-“Монгол уртын дууг “би” төвтэй, “би”-д барих үзлийг сэтгэлдээ цогцлоож дуулахаар болдоггүй. “Би дуулж байна, энэ намайг дагаж хөгжимдөж байгаа” гэж бодож дуулбал буруутдаг. Харин “Бид хоёр хамсарч байгаа” гэж сэтгэн харилцан найр тавьсан тийм сэтгэлээр дуулбал зөвддөг гэж. Нээрэн л монгол гэрт тулганы галын дэргэд экэл хөгжимтэй дуу аялж уярч суугаа монгол малчинд ямар л “би”-д барих үзэл байгаа аж дээ гэж бодогдмоор.

Бас нэг удаа дуу нийлж байтал Стев хэлж байна. “Чи яараад байна. Чи манай барууны хэмжээтэй, цаг хугацаанд баригдсан орны дуу дуулаагүй. Чи тал хээрт морин дэл дээр яваа ард түмний дуу дуулж байна. Чи юундаа яараад байгаа юм. Чи хүсвэл дуулж байгаад таван секунд, арван секунд амарч болно, өмнөх цайнаасаа хоолойгоо чийглэж болно. Чи ийм цаг хугацаа, орон зайны эрх чөлөөн дунд бүтсэн дууг дуулж байж битгий яар” гэсэн.

-Пээ, гадаад хүн гэхэд ёстой л голыг нь олоод хэлчихэж дээ?

-Би маш их ичсэн. “Энэ аугаа ухааныг ойлгоогүй өдий хүрэх ч дээ” гэж өөрийгөө чамласан. Дараа нь “Өдий хүрээд ойлгосон нь яамай ч” гэж бодсон. Уртын дуунд тэгэхээр бидний ая эгшиг, яруу найргийн, сэтгэлгээний гээд олон зүйл үүцлэгджээ. Магадгүй, та бидэнд Чингис хааны дуулж байсан дууг дуулах боломжийг уртын дуу өгч байгаа ч юм билүү. Их хаантайгаа нэг дуун дээр огтлолцох гэдэг сайхан биш гэж үү?

-“Чингис хаан маань дуулж байсан дуу” гэж бодохоор сайхан байлгүй яахав дээ. Нэг зүйл санахад монгол уртын дуу Энэтхэгийн йогтой холбогдож болох талаар Ж.Бадраа гуайн хэлсэн байна гэв үү?

-Тийм ээ. Тийм санал хэлсэн байна лээ. Ботиуд нь гарсан. Түүн дээр байна лээ. Учрыг нь ойлгосон болоод хэлээ байлгүй дээ.

-“Жангар” туулийг Монгол ард түмний оюун билгийн дээж гэдэг. “Жангар” туулийг нэлээд судалсан гэдэг байх аа?

-Судлаагүй ээ. Зүгээр улаан фанат. Энэ дэлхий дээр гүрэн улс байгуулсан улсууд л туультай байдаг юм гэнэ лээ. Америк тууль гэж та сонсож байв уу? Манайд Хомерын “Илиада”, “Одессей” хоёр хөлгөн тууль орчуулагдаж гарсан. Би уншсан. Трой хотын байлдааны ялсан талынхны тухай Одиссейд гардаг бол дийлдсэн талынхны тухай “Энейн дуулал”-д өгүүлдэг.

Гурвуулаа манай хэлнээ бий, бүгдийг нь уншсан. Ахуй соёл, аж төрөхүй нь ойр юм болохоор “Жангар” маань л илүү сэтгэлд буугаад байдаг юм. Би үнэхээр хайртай. “Жангар” гэж бодохын төдийд л баяр бахдал төрөөд догдолж байна. Шидэрхэн (өчигдөрхөн) Шинжааны “Монгол хүрээ”-ний уугуул судлаач Б.Батжаргалын “Хүннү тууль Жангар” гэж судалгааны бүтээл хэвлэгдсэнийг уншлаа.

Хүннүд холбогдох түүхэн сурвалжууд, Хятад түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн Хүннүгийн мэдээ занги болон Монголын баатарлаг тууль “Жангар”-ын харьцааг судалж “Жангар” туулийн үүсэл эхлэлийг Хүннүгийн үеэс эхтэй хэмээн батлахыг зорьсон сонирхолтой бүтээл байна. “Жангар” болон “Шанью” хэмээх нэрийн тайлал ихээхэн үнэмшил төрүүллээ.

-Хятад хэл, соёл, түүхийг уншиж судалсан хүний хувьд монголчууд бид эртний хөрш энэ улсаас ямар сайхан зүйлсийг нь өөриймшүүлбэл зүгээр гэж боддог вэ?

-Хятадаас гэхээсээ илүү өөрийнхөө үнэт зүйлсийг өөриймшүүлсэн нь дээр байх. Халсан нийгмийн 70 жилийн хугацаанд биднийг өмнөх соёлоос маань дэндүү харгисаар хөндийрүүлчихэж. Эхлээд өв тээгч, эрдэмтэй чадалтай улсуудыг нь хороогоод, хорихыг нь хориод.

Залууст нь “феодалын хоцрогдсон соёл” нэрийн дор уламжлалт соёлыг цээрлүүлсэн. Уртын дуу, дээл гутал, угийн бичгээс эхлээд. Өвгөд эмгэд нь айгаад амаа үдүүлчихсэн. Тэгээд тэр үеийн хүмүүст дамжих ёстой байсан үнэт зүйлс нь хангалттай дамжиж чадаагүй. Биднийг холбон бэхэлж байдаг суурь соёлын холбоосуудыг тасалсан.Ингээд бэхлэлтгүй болохоор “ганхаж” эхэлдэг. Бидний уламжлал дотор байсан тэр бүхнээ эргүүлж өөриймшүүлж аваасай.

-“Болор цом”, “Утгын чимэг” наадмууд болох үеэр хараал хэрүүл, маргаан мэтгээн тасардаггүй. Бусад улс оронд ямаршуухан байдаг бол?

-Мэдэхгүй.

Мө.Батбаяр-Зохиолчдоос хэн хэнтэй илүү ойр вэ?

-Мэдээж ажлын хамт олон. Бүгд уран бүтээлч улсууд. Ойрын үед илүү ойр байгаа гэвэл Ц.Буянзаяа ах юм болов уу даа. Өөртөө ахин шинээр нээж байгаа сайхан яруу найрагч, зохиолч. Бидний жаахан тогтож унших ёстой хүн байна гэж бодсон.

-Ж.Гэндэндарамын нэрэмжит “Билэгт гүүш” олгох ёслолоос хоёр ч удаа шагнал авчихвуу?

-“Цусаа худалдсан тэмдэглэл” романы орчуулгаар гуравдугаар байр, “Дин тосгоны зүүд” романы орчуулгаар хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Хүнд нь биш бүтээлд нь олгодог болохоор орох дуртай байдаг юм.

-Утга зохиолд хөтөлсөн багш тань хэн байна даа?

-Тийм багш байхгүй ээ. Заавал хэрэгтэй гэвэл өвөөгөө л хэлэх байх.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img