-Та өнөөдөр, ихэнхдээ сүлжсэн байдаг урт үсээ задгай тавиад бас Жон Ленноных шиг бөөрөнхий шил зүүсэн байна. Гарын эрхий хуруунаас бусад хуруун дахь бөгжнүүд, савхин хүрэм… жинхэнэ рок стиль, сонгодог хувцаслалтуудын нэг төрөл байх аа.
-/Инээв/ Хүний сонирхол янз бүр. Нэг хэсэгтээ хүний анхаарлаас гарах шаардлага ч байдаг. Нэг хэсэгтээ яг өөрийнхөөрөө байх хэрэг гарна. Өчнөөн жил болсон байхад миний имиж анх ямар байсан яг л түүгээрээ байх ёстой гэж боддог. Түүнийгээ илэрхийлээд л өнөөдөр ингээд хувцаслачихлаа. Үсний засалт, хувцаслалт харин ч их даруухан байгаа шүү дээ.
-Бөөрөнхий хэлбэртэй нүдний шил рок хөгжимд Жон Ленноноос “гаралтай” гэдэг. Танай хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ч мөн бөөрөнхий хэлбэртэй нүдний шилээр гангардаг. Энэ шил ямар нэгэн утга санааг илэрхийлээд байна уу, эсвэл энэ зөвхөн Ленноны сонголтын нөлөө юү?
-Бөөрөнхий шил 2000-3000 жилийн өмнө ч байсан. Урлагийнхан дотор имиж болгон зүүсэн хүн нь харин Леннон байдаг. Дээр үед бөөрөнхий шилийг эрдэмтэд ихэвчлэн зүүчихсэн байгаа харагддаг.
Ер нь өөрт юу таалагдаж байна түүнийгээ л хүн өмсч зүүх хэрэгтэй. Гэхдээ хүн дууриах биш. H&M эсвэл LV өмсөөд зохихгүй бол мянган LV байгаад ч хэрэггүй шүү дээ. Түүний хажууд харин надад сайхан даалимбан шарваар илүү зохиж болно. Тиймээс хүн өөр өөрийн төрх байдалдаа зохицуулж, хувцаслалтаараа мөн юуг илэрхийлэхийг хүсч байна, түүндээ зохицуулж л хувцаслах ёстой байдаг байх.
-Та хувцаслалт, стиль, имиждээ хэр анхаардаг вэ?
-Нэг их анхаарах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хаана ч явсан миний нүдэнд тусдаг зүйлс гэвэл хар савхин хүрэм, савхин өмднөөс эхлээд өнөөдөр өмссөн хувцаснууд юм. Магадгүй би өнөөдөр харагдаж байгаагаасаа ч өөр болж болох юм. Хувцаслалт бол хувь хүний өөрийн сонголт. Юу хүсч байна, яамаар байна түүнийгээ дагаж л хувцас өмсөх сайхан.
-Монголын рок, поп урлагийн энэ “том” хамтлагийн ахлагч байх ямар вэ, хамтлагийн гишүүдээ загнаж, зэмлэх тохиолдол гарч байв уу?
-Намайг их зөөлөн хүн гэдэг юм. Гэвч хэлэх үедээ хатуухан хэлчихдэг. Хааяахан ганц л хэлдэг. Олон удаа хэлдэггүй. Хэлэхдээ бас нуршдаггүй. Хэлсэн үгийг минь харин “Харанга”-ынхан “юу билээ нээрэн…” гэсэн байртай хүлээж авдаг.
Ганц ахлагч ч биш бидний хэн нь ч хатуухан үгийг хэлэхэд бусад нь түүнийг хүлээж авч чаддаг хүмүүс байдаг. Миний алдааг хэлэхэд би хүлээж авна. Чукагийн алдаг хэлэхэд Чука хүлээж аван түүнийгээ засна. Ингэж нэгэн цул болж чаддаг. Хамтлаг гэдэг үгний утга нь ч мөн үүнд оршино.
-“Харанга” хамтлагийг хаана ч, ямар ч тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сэтгэл догдлон хүлээн авдаг. Харин танд гарахаас сэтгэлийг тань догдуулдаг, догдуулсан тайз хаана, хэзээ вэ?
-Тэр бол 1989 онд тоглогдож байсан “Харанга” хамтлагийн “Амьдрал” нэртэй тоглолтын тайз байсан. Ер нь уран бүтээлч хүн хэзээд тайзыг хүсч мөрөөдөж явдаг. Тайз руу гарах гэж яарч байдаг. Шинэ дуу хиймэгцээ түүнийгээ хүмүүст хүмүүст хурдан хүргэх юмсан гэж мөн яарч байдаг. Энэ утгаараа уран бүтээлч хүний зүрх сэтгэл байнга л яарч догдолж байдаг.
-Хүсэн хүлээсэн тайзан дээрээ гарах сайхан байдаг байх тийм үү?
-Уран бүтээлч бүрийн хүсэл мөрөөдөл дунд янз бүрийн тайз байдаг байх. Харин надад хүсэн хүлээдэг тайз гэж байдаггүй. Хүний сэтгэлд ая, дуугаа хүргэж чадаж байвал хамгийн том тайз тэр шүү дээ.
-“Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана”, “Манан” зэрэг олон дуу Монголын ард түмний сэтгэлийг хэзээд хөдөлгөж байдаг. Харин таныг ямар дуу илүү ихээр догдуулдаг вэ?
-Бүх л дуугаа дуулахдаа догдолдог. Хөгжимчин, дуучин ялгаагүй уран бүтээлч хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг хүмүүст хүргэх ёстой байдаг. Энэ утгаараа би дуулж байгаа дуундаа өөрөө хөглөгдөж, түүндээ уярч өөрийн дотоод сэтгэлээ гар, хөл, хоолойндоо оруулж байж миний уран бүтээл хүмүүст хүрдэг.
-“Толин хул” дууны тухай танай хамтлагийн продюсер, гитарчин Ц.Чулуунбат хэлэхдээ “манай хамтлагийн хийморийг дууддаг дуу юм” гэж ярьж байсан. Энэ дууг хүмүүс та бүгдээр дуулуулах дуртай байдгийн учир нь юундаа байдаг гэж та боддог вэ?
-Монгол хүн бүрийн бахархал бол наадам. Тэр дундаа морь, бөх, сур. Энэ гурван аугаа том соёлын нэг болох морины тухай дуунд Чука маань ая хийхдээ морины эрч хүчийг, монгол хүний сэтгэл хөдлөлийн хэмжээтэй хослуулж зохиож чадсанаараа гайхалтай уран бүтээл болсон. Энэ дууг зохиосных нь төлөө Чукагаа хайрлаж, хүндэлж биширдэг юм.
-Та миний асуултад худлаа хариулчих шиг л боллоо. Ямар тайзан дээр гарахаар догдолдог вэ гэж асуусан. Гэтэл та хамтлагийнхаа гишүүн Ц.Чулуунбатын тоглолтын тайзан дээр та яг л “Guns n roses” хамтлагийн “November rain” дууны клип дээрх шиг л үсээ сэгсчүүлж байгаад л гитарын гайхалтай тоглолтыг түүнтэй хамтран үзүүлсэн нь үзэгчдийн дунд суусан хүмүүс таны тухайд цөөхөн тохиох үйл явдал гэж ярьж байсан л даа.
-Яахав таны асуултад би дутуу хариулсан байж болох юм. Тайзан дээр бидний хөгжмөө тоглож байгаа сэтгэл зүрхийг үзэгчид нь ойлгож хүлээн авч байгаа тэр тайз бол хамгийн эрхэм тайз. Түүнээс ямар ч том тайзан дээр дууллаа гээд түүнийг хэн ч ойлгож хүлээж авахгүй бол дуулаад ч нэмэргүй шүү дээ.
Аравхан хүнтэй танхимд дуулсан ч тэр арван хүн нь үнэхээр гайхалтай хүлээж авч байвал тэр хамгийн том тайз. Би ингэж л боддог.
-Та үзэгчдээсээ хэр хол эсвэл ойр байдаг хүн бэ?
-Бидний үүрэг бол үзэгчидтэй холбогдох. Аль болох зүрхэнд нь очиж наалдахыг бодно. Тайзан дээр байгаа тухайн уран бүтээлч өөрийгөө хэр зэрэг бэлтгэж, дотоод сэтгэлээ хэр хэмжээнд уран бүтээлдээ зориулж байна вэ гэдгээс шалтгаална.
-Заримдаа тайзан дэээрээс галзуурсан мэт хашгирч, орилох шүтэн бишрэгчдээ хараад гайхах тохиолдол гарч байв уу?
-“Харанга” хамтлагийн хамгийн анхны “Амьдрал” тоглолтыг хэлнэ. Бид тайзан дээр гарч ирээд үзэгчдийг хараад гайхаж байсан. Нэг орилоход л бүгд л дагаад орилно. Нэг дууны эхний бадгийг аялахад л бүгд л дагаад дуулж байсан. Үнэхээр тийм байна гэж бодоогүй шүү. Бид өөрсдөө “алмайрч” байсан. 1989 он шүү дээ. Монголд урьд өмнө нь хэзээ ч тийм үзэгчид байгаагүй.
-“Харанга” хамтлагийн түүхэн ой тохиохтой холбогдуулан гишүүд тус бүр өөрийн бие даасан тоглолтыг хийж байна. Өнгөрсөн цаг хугацаа болоод энэ түүхэн ой таны хувьд хэр үнэ цэнтэй санагдаж байна вэ?
-“Харанга” хамлагийнхны хувьд хэлсэн үг, тавьсан тангарагтаа хэр үнэнч юм бэ гэдгийг харуулсан цаг хугацаанд бид хамтдаа байж чадлаа. Өнөөдрийг хүртэл ганц мөчид ч салалгүй хамтдаа байж уран бүтээл хийсээр явна гэдэг баргийн хамтлагт байдаггүй чанар. Монголд битгий хэл, дэлхийд ховорхон. Уран бүтээлээс гадна хэлсэн үгэндээ эзэн байж чаддаг.
Зорьсон зорилгодоо үнэнч байж, бие биенээ хайрлаж, хүндэтгэж чаддагийн баталгаа юм. Тиймээс бидний уран бүтээл, бидний үерхэл нөхөрлөлөөс төрсөн. Өнгөрсөн хугацаанд “Харанга” хамтлагийн гишүүдийн хувьд хэн ч солигдоогүй. Нэг гишүүн болох даралтат хөгжимчин Х. Булган маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэрэв Булган маань амьд байсан бол тэр ч мөн хамтлагтаа, бидэнтэй хамт л байж байх байсан.
-Та яриандаа “Харанга” хамтлагийн найзуудаа тавьсан тангарагтаа үнэнч хүмүүс гэлээ. Нууц биш бол та бүгд хоорондоо ямар тангараг тавьсан байдаг юм бэ?
-1989 онд анхны тоглолтоо тоглож дуусаад тайзны арын өрөө рүү орж ирээд “бид хэзээ ч салахгүй. Түрүүлж үхсэнийг нь амиа бодсонд тооцно. Тэр болтол хамтдаа явна шүү” гэж хэлээд бид тэврэлдэж байсан. Бид ийм тангараг тавьсан. Яг л энэ тангарагтаа одоо ч үнэнч явж байна.
-Яагаад “Харанга” хамтлагийн гишүүдийн зохиосон болоод дуулсан дуу бүхэн “хит” болж хүний сэтгэлд амархан хүрч, өнө удаан жилийн настай байдаг юм бэ?
-“Харанга” өөрөө асар том шалгууртай. Бид нэг дуу хийгээд ирэхэд бүгд санал, сэтгэгдлээ хэлээд миний тухайн дуу муу болсон байвал авахгүй бас дуулахгүй. Хэн ч дуу зохиогоод ирсэн яг л энэ шалгуурыг давж байж “Харанга”-ын уран бүтээлд ордог. Тиймээс бидний шаарддаг хэмжээнд хүрсэн уран бүтээлийг бид хийдэг. Энэ хамтлагийг байгуулахдаа анх бодож байлаа.
Монголд мэргэжлийн хөгжмийн, гишүүн бүр нь “од” байхаар хамтлагийг байгуулах юмсан гэж мөрөөдөж байсан. Дараа нь найзуудаа цуглуулсан. Би буруу харалгүй, зөв харж “Харанга” хамтлагийнхныг цуглуулсандаа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Зарим хамлагууд хоёр сайн уран бүтээлч байхад хоорондоо таарахаа болиод салчихдаг тохиолдол байдаг. Бидэнд тийм зүйл үгүй. Харин ч бүр илүү хоорондоо эвлэрч чаддагт л “Харанга”-ын мөн чанар оршдог.
-Бусад хамтлагууд ер нь амьдрал дээр ч найзууд хэрхэн яаж “Харанга”-ынхан шиг үерхэл, нөхөрлөлдөө, зорилгодоо үнэнч хэвээр удаан хамтдаа амжилтад хүрэх тухайд та юу хэлэх вэ?
-Би илүү, чи дутуу гэж амбиц хөөх биш, нэг л зорилгын төлөө зүтгэх хэрэгтэй. Нэг зүйлийн төлөө бүхий л чадлаа дайчлах нь чухал. Түүнээс ирж буй бухимдал, жаргал, зовлон бүгдэд нь адил тэгш оногдох ёстой. Эдийн засгийн хувьд жаахан ч гэсэн мөнгө олсон бол бүгдээрээ адил тэнцүү хувааж чаддаг байх хэрэгтэй. Ингэж чадвал бүгд л “Харанга” шиг оршиж чадна.