Орчин цагт Монголын нэрийг дэлхийн газрын зурагт тодоор сийлсэн зүйл бол Оюу толгой төсөл. Манай улсын эдийн засаг цор ганц мега төсөл болох Оюу толгойн өгөөжөөр цар тахал, Орос Украйнаас үүдэлтэй геополитикийн хямралыг эрсдэл багатай давж яваа. Оюу толгойн түүх Канадын “Айвенхоу майнз” буюу Роберт Фрийдландаар эхэлдэг гэж төсөөлж ойлгодог хүмүүс олон. Фрийдландыг өмнийн говьд хайгуул эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө Оюу толгойн ордтой холбоотой чухал олон үйл явдал өрнөж байсныг сөхөж ярих цөөхөн хүний нэг бол Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
-Олны танил нэг бизнес эрхлэгчтэй ярилцаж суухад “Оюу толгойг нээсэнд нь Роберт Фрийдландад талархах ёстой. Тэр хүнд манай төр хөдөлмөрийн баатараа өгөх хэрэгтэй” гэж хэлснийг тод санаж байна. Монголчууд Оюу толгойн түүхийн эхлэлийг Фрийдландаар төсөөлдөг, гэтэл энэ том орд тойрсон үйл явдал ихээ дээрээс эхлэлтэй байдаг. Таны хувьд Оюу толгойн түүхийг яг хэдий үеэс мэдэх вэ?
– Монголын эдийн засгийг авч яваа Оюу толгой ордын тухайд ямар замыг яаж туулж өдий хүрсэн түүх нь их сонин. Миний хувьд энэ орд дээр 1995 оноос өмнө хийгдсэн ажлуудыг мэдэхгүй. Сургийн боловсрол, хувийн мэдлэг гэдэг шиг зүйл л ярина. Сургаар ярья гэвэл 1995 оноос өмнө энэ орд дээр эрэл, судалгааны олон ажил хийгдсэн байдаг л даа. Японы хоёр том төсөл хэрэгжсэн түүхтэй. Уудам Монгол, Алтан Монгол гэж.
Тухайн үед Монголын урдаа барьдаг мэргэжилтнүүд Японы мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан гэдэг. Д.Гарамжав гуай ч оролцож явсан юм билээ. Тухайн үед анхны үүсмэл орд хайж байсан юм. Эрдэнэтийн тухайд хоёрдогч үүсмэл орд. Оюу толгой ч тийм. Анх явсан хүмүүс Оюу толгойг олоогүй нь ийм учиртай. Товчхондоо анхны үүсмэл орд хайж байсан учраас олоогүй гэсэн үг. “Эрдэнэт Магма”-гийн үед харин “Энд юм байна” гээд төвлөрч ажилласан байдаг. “Тэгж ажиллах хүртэл ямар даваа туулсан бэ” гэсэн асуулт тавиад харвал олныг өгүүлж болохоор түүх өнгөрсөнд бий. Түүнээс биш Д.Гарамжав гуай үүргэвч үүрч очоод олчихсон орд биш л дээ.
-Оюу толгой ба Фрийдланд гэсэн түүхийг ярихын өмнө “Эрдэнэт магма” -гийн тухай ярих хэрэгтэй байх нь…?
-Яалт ч үгүй тэгж таарна л даа. “Эрдэнэт магма” бол Монгол, Америкийн хамтарсан үйлдвэр. Хамтарсан үйлдвэр байгуулах хүртэл явсныг бодоход тухайн үед Эрдэнэтийн захирлаар ажиллаж явсан Ш.Отгонбилэг үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөх, нөөц бий болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байсан шиг санагддаг.
Зах зээл, техник, технологийн хувьд ганц Оросоос хамааралтай байсан учраас АНУ-ын зэсийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн 25 хувийг атгадаг “Магма коппер” компанид хамтрах санал тавьсан хэрэг. “Магма коппер”-ийг тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажиллаж явсан Цэрэннадмид гэж хүн олж ирсэн гэдэг. Ш.Отгонбилэг “Магма коппер”-т эхлээд Эрдэнэт тойрсон хэд хэдэн илрэл дээр хамтарсан хайгуул хийх санал тавиад татгалзсан хариу сонссон юм билээ. Дараа нь үйлдвэрээс гарч буй исэлдсэн хүдрийг танай технологийг ашиглан олборлоё гэсэн санал тавиад бас л татгалзсан хариу сонссон байдаг. Гурав дахь саналыг нь харин хүлээж авсан юм билээ. Бүр тодруулж хэлбэл “Ахиад нэг Эрдэнэтийг эрж олъё” гэсэн саналд нь “Магма коппер” толгой дохисон байдаг юм. Гэхдээ энэ саналыг эргээд харахаар хаанаас хайж олох вэ гэдгээс эхлээд их бүдэг бүрхэг санал байсан. 1995 он гээд та төсөөл дөө. Социализмаасаа дөнгөж мултраад хэдхэн жил болсон үе шүү дээ. Гадны соёл, стандартын тухай ямар ч мэдлэггүй явсан цаг.
-1997 оны Ашигт малтамын хууль ч сураггүй байж…?
-Хуулиас өмнө болсон явдал л даа. Америк талаас хамтарсан үйлдвэрийн захирал нь Сергей Дъячков байсан юм. Тэр үед ажиллаж байсан газар маань “Монгол эрдэнэ” компани. Сергей 1995 оны тавдугаар сард над руу залгаад Баянгол ресторанд үдийн хоол идэхээр тохирлоо.
-Сергей Дъячков таныг таньдаг байжээ дээ?
-Бид хоёрын танилцсан түүх бас их сонин. Би 1993 онд Америк руу англи хэл сурахаар явлаа, сүүлд Монгол Эрдэнэ компанийн захирал байсан Рэнцэнхандтай хамт. Тэр үед “Конкорд” гэж компани бидний төлбөр мөнгийг дааж байлаа. Сергей тэр компанид ажиллаж байсан юм. Яг тухайн үед салбарын яам байхгүй, Монгол Эрдэнэ хамтарсан нийгэмлэг яамны үүргийг хавсарсан маягтай хэсэг явсан. Төмөртэйн овоо, Бороо, Улаан Уул гэх мэт орд газруудыг ашиглах, эргэлтэд оруулах бүх асуудлыг хариуцдаг улсын үйлдвэрийн газар байсан гэсэн үг л дээ.
Тухайн үед Мардайн ураныг ашиглая гэсэн саналыг Америкаас Орос, Монголын талд тавьсан юм билээ. Гурван талын хамтарсан үйлдвэр байгуулъя гээд. Тэгэхэд Сергей Дъячков “Конкорд”-ыг төлөөлж ирж байлаа.
Нөөцийг нь олон улсын стандартаар тогтооно, та нарын хуучирсан аргаар тооцохгүй, барууны аргачлал болох бэлэн мөнгөний урсгалаар тооцно, яаж тооцох тухай хичээл заана гэсэн яриа хөөрөө ид өрнөсөн цаг. Тэр үед “Монгол Эрдэнэ”-ээс эдийн засагч Д.Жаргалсайхан бид хоёрт төсөл дээр ажиллах даалгавар өглөө. Д.Жаргалсайхан Америкт есөн сарын хугацаанд англи хэл эдийн засгийн боловсролоо дээшлүүлчихсэн, миний хувьд 1991 онд Германд очиж Бороогийн алтны ордыг хамтарч ашиглахад эдийн засгийн үр ашигийг яаж тооцох вэ гэсэн чиглэлээр кэшуал анализаар номын дуу сонссон байсан үе.
Монголын талын хоёр нөхөр өөрсөдтэй нь эн тэнцүү өнөө аргачлалыг нь мэдээд, мөр зэрэгцэж ажиллаад байхаар америкчууд их гайхсан шүү. Социализмаасаа мултраад дөрөв, тавхан жил болчихсон хэрнээ сүрхий юм аа гэсэн харцаар хараад (инээв). Сергейтэй танилцсан түүх гэвэл энэ л дээ
-За тэгээд Баянголд уулзаад ямар санал сонсов?
-Миний хувьд эхлээд ямар нэг санал сонсоогүй л дээ. Сергей надаас англи хэлтэй, геологийн суурьтай хүн сурагласан юм. Тухайн цагт англи хэлтэй гщологи ховор байсан. Хоёр хүн байсан нь хоёулаа ажилтай. Ажил албатай улс тушаал бууж ирэхгүй нь тодорхой. “Би очвол чи надад ямар цалин өгөх вэ” гээд сонирхтол цалинг минь хэд нугалсан тоо хэлдэг байгаа. Амьдрал ахуйгаа хэн ч бодож таарна, тэр дор нь л за зүй болчихлоо.
Тэр үед миний ажиллаж байсан Бороогийн орд учраа олчихсон, хүнээ олчихсон, үйлдвэрлэл нь явагдаж байсан юм. За тэгээд хамтарсан үйлдвэрийн гэрээний дүрэм энэ тэр бүхий зузаан хавтастай цаас сугавчилсан хүн ажлаа авлаа. Оффисоо олж ширээ сандал бэлдэх, компаниа бүртгүүлэх гэх мэт ажлыг дор нь амжууллаа. Цаг байгаагүй учраас тэгж яаравчилсан хэрэг. Худалдааны хөгжлийн банкны дансаар асар их мөнгө ороод ирчихсэн, өнөө мөнгөнд нь сүрхий хяналт байхгүй. Сүрдэх ч шиг. Баахан мөнгө зараад хайгуулын хоёр анги гаргаад явуулчихлаа. Тэр их мөнгийг зарцуулах асуудал хамгийн түрүүнд онцгой анхааралд орсон учраас Б.Сарангэрэл гэж бүсгүйг нягтлангаар авч байж тайвширсан даа (инээв).
-Геологи хайгуулын хоёр анги гаргасан гэлээ. Тэднийг хааш нь явуулсан бэ?
-270, 280 зэсийн орд илрэл бүртгэгдсэн фондыг цуглуулж байгаад баруун, зүүн Монгол руу хоёр том анги гаргасан. Манай тэргүүний геологич том Цэнд-Аюуш, Жамсрандорж, Гарамжав гуай, Санжаадамба гуай гэх мэт хүмүүс оролцсон сүрхий том анги явсан юм. Тэд өнөө илэрцүүдээс 80 гаруйг нь сонгоод нэг бүрчлэн явж үзэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дараа ахиад хоёр хувааж анги болгоод явууллаа. Тэгээд тэндээсээ цөөхөн газрыг шигшиж авснаар хайгуулын ажлыг хаасан түүхтэй. Дараахан нь 1996 оны дөрөвдүгээр сард хамтарсан үйлдвэрийн Удирдах зөвлөл бээжинд хуралдах болов оо. Өнөө хуралд нь яваад очтол “Магма коппер”-ийнхон биш Австралийн компани болох BHP-гийн баахан хүн ороод ирдэг байгаа. Гүрэн дамжсан тэр том компани Америкийн зэсийн зах зээлийн 25 хувийг эзэлдэг “Магма коппер”-ийг “залгичихаж”. Өөрөөр хэлбэл хувьцааных нь 60 хувийг худалдаад авчихсан учраас BHP-гийнхан манай хуралд ирсэн юм билээ. Монголыг сонирхох уу яах уу гэдгээ шийдэх гэж ирсэн хэрэг. Тэр үед Хюго Даммент гэдэг хүнийг анх харж байлаа. Бид ч ажлаа тайлагналаа, ирэх жил юу хийхээ танилцууллаа. Нөгөө тал биднийг сонссоныхоо дараа хамтарсан үйлдвэрийн амьдрах эсэх асуудлыг ярьж эхэлж байгаа юм. Манай талаас “Магма коппер”-той хамтрахдаа 50:50 хувьтай байсан л даа. “Магма коппер”-ийн зүгээс хайгуулд 180 гаруй мянган доллар зарцуулчихсан үе.
Эрдэнэт талаас оруулсан мөнгө байдаггүй. Нэг үгээр хэлбэл өртэй гарч байгаа юм. Бидний байр суурь тодорхой, “Манай улсад үйл ажиллагаа явуулж нөөц олдвол бидний нутгаас олборлолт хийх юм чинь энэ бол байх л жишиг” гэсэн бодолтой. Гэтэл нөгөө талаас тавин хувьдаа тэнцэхүйц хөрөнгө оруулалт оруулах ёстой, хувийн тухайд эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа өөрсдөдөө 90, манайд 10 гэсэн хувь санал болголоо. Мэдээж бидэнд ийм санал яаж таалагдахав. Ш.Отгонбилэг захирлыг хүлээхээр боллоо. Мань хүн эхний өдрийн хуралд ирж амжаагүй, хоёр дахь өдрийнх нь хураод оролцсон юм. За тэгээд хувиа нэмэх гэж үзээд тохироонд хүрээгүй учраас хамтарсан үйлдвэр тарах шийдвэр гарлаа даа, тэр хурлын дараа.
-Хамтарсан компани тарчихаар Сергей та хоёрын нэг жилийн ажлын үр дүн байхгүй болчихсон уу?
-Байхгүй болчихсон. Би ч, Сергей ч ажилгүй болсон л доо. Сергей маань геологич. Геологи хүнд манай улс маш их сонирхолтой. Судалгаа маш бага хийгдсэн, атар онгон учраас. Эрдэнэт гээд том ордтой, Алтай, Хэнтий нуруудын хагаралтай, жоншны хүдэржилт, гянт болдтой, зөвлөлт холбоот улс, хамтын нөхөрлөлийн орнуудын геологчид багахан хайгуул хийсэн ийм газар ямар ч геологчийн сонирхлыг татна л даа. Зуун мянганы масштабын зураглалын ажил хийгдэж дуусаагүй байсан үе шүү дээ. Дараа нь 50.000, 25.000, 20.000, 10.000, 5000 гээд хийгдэх ёстой зураглалын ажлууд дөнгөж эхлэлдээ явсан цаг.
Геологич хүний хувьд судлах, шинжлэх, үзэх, харах маш гоё объект. Сергей тэр утгаараа Монголд дурлаж татагдаад байсан хэрэг. За тэгээд хамтарсан компани татан буугдсаны дараа Ш.Отгонбилэг захиралд хэлсэн үгээ Сергейд бас хэллээ. “BHP-г явуулчихмааргүй байна аа” гэж. Нөгөөх чинь “Тэгээд ямар гарц байна” гэж асуудаг юм. “BHP-гийн төлөөлөгчийн газрыг Монголд байгуулчихъя. Хоёулаагийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх эрх зүйн орчныг тэгээд бүрдүүлчихэд асуудал байхгүй” гэчихлээ. Угаасаа тэр үед гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулах хууль эрх зүйн бүрдчихсэн байсан л даа. Мань эрийн нүд нь сэргэчихсэн “Болох юм уу” л гэж байна. “Болно оо” л гэлээ.
Бид хоёр тэр шөнө гурав, дөрвөн цаг хүртэл ярьж суугаад өрөө өрөөндөө амрахаар болсон юм. Гэтэл Сергей төд удалгүй үүрийн долоон цагт хаалга тогшоод ороод ирлээ. Догдлоод унтаагүй нь илт. “Хюго Даммент чамтай уулзъя гэж байна” гэхээр нь уухайн тас дагаад гарах нь тодорхой. Хюго Дамментыг “Чи үнэхээр чадах уу” гэж асуухад Сергейд хэлснээ тоть шиг давтлаа. Их сүртэй гоё хүн л дээ, Хюго Даммент. Мөрөн дээр нөхөрсгөөр гараа тавиад “DO IT” гэсэн. BHP-гийн зүгээс сарын дотор хэрэгтэй бүх материалыг ирүүлэхээр болж, удсан ч үгүй шаардлагатай баримт бичгүүд хүрээд ирлээ. Тэр үед англи хэлтэй хүн ховор. Өнөө бичиг баримтуудыг нь тухайн үед Соросын санд ажиллаж байсан эхнэрээрээ орчуулуулаад Татварын ерөнхий газар, гадаадын хөрөнгө оруулалтын газарт очиж гэрчилгээ энэ тэрээ авлаа. Ийм түүхтэйгээр хайгуулаа үргэлжлүүлэхээр болсон юм. Яг хайгуулаа эхлүүлэх гэтэл Хөтөлд булчин задрах тахал гараад наадам өнгөртөл хойшилж, арай гэж хайгуулын ангиа ажилд нь гаргалаа.
-Хайгуулын ангид багтсан геологичид нь хэн хэн байсан бол. Мэдээж Гарамжав гуай хайгуулын багт багтсан байх…?
-Зүүн Монголын ангид Гарамжав, Сундуйжав, Дениско, Мөнхбат гэсэн улсууд байсан юм. Тэр үед Сундуйжав гуай Эрдэнэ үйлдвэрийн ерөнхий геологич. “Эрдэнэт Магма” хамтарсан үйлдвэрт ажиллаж болоод байсан бол гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай компанийн хувьд байдал тэс өөр. Ажиллах боломжгүй болох нь тодорхой. Ийм шалтгаанаар Денис Кокс, Мөнхбөт, Гарамжав, Оюун дөрвийг явуулсан түүхтэй. Оюун маань Мөнхбатын эхнэр. Мөн л геологич. Хоёулаа маш сайн англи хэлтэй. Намар нь буюу есдүгээр сарын 1-нд Сергей Америкаас ирлээ. Миний хувьд байхгүй үед нь ажлыг нь амжуулах үүрэгтэй ажилладаг байсан юм.
Хайгуулын анги Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэж явсаар Өмнөговийн нутаг руу орж ирэхийн алдад Сергей ирсэн хэрэг л дээ. Өмнөговь дахь сонирхол татсан хэд хэдэн газрыг нэг бүрчлэн үзэх хүсэлтэй байлаа. Сергейг Монголд газардсаны маргааш, есдүгээр сарын 2-нд Өмнөговь руу гарцгаалаа. Сергей бид хоёр өнөөдүүлтэйгээ Ханбогдод өдрийн хоёр цагт уулзъя гэсэн товтой.
За тэгээд цагтаа яваад очтол өнөө хэд маань байдаггүй. Сергейг Монголыг мэдэхгүй, намайг газар мэдэхгүй учраас цагтаа ирэхгүй гэж тооцоод нэг газар үзнэ гэцгээгээд явцгаачихаж. Хоолоо идчихээд сууж байтал Денис Кокс, Мөнхбат, Гарамжав гуай гурав хүрээд ирдэг юм. Би ч дуугүй байсангүй, “Бизнес ингэж явахгүй” гэж ирээд хэдэн үг хэлчихлээ. Тэр үед ихэд гэмшингүй зогсоон Денис Кокс “Хоол идэхээсээ өмнө та хоёрт хоол өгье” гээд нэг чулуу авчраад тавьчихав аа. Сергейгийн нүд сэргээд жигтэйхэн. “Энэ хаана байна” гэж дуу нь чангараад, жир биш чулуу болох нь илт. Денис Коксийг дэлхийд алдартай том геологич гэдгийг уул уурхайн салбарынхан андахгүй. Мань эр “Эндээс баруун тийш ердөө 45-хан километрт” гэж байна.
-Гарамжав гуайг Оюу толгой ордыг нээхэд том чиг болсон хүн гэлцдэг. Мань эр чиг өгсөн байх нь…?
-Гарамжав гуайн хувьд өмнө нь Японы төсөл гээд хоёр гурван удаа оччихсон байсан л даа тэнд. Өнөө газар сонирхолтой санагдаад яваад байсан юм билээ. Геологич хүний зөн совинг гэж нэг айхтар юм бий шүү дээ. Сонирхол нь татагдаад явсан ч өнөө газар нь юм хийж өгөх хүн олдохгүй тэр үеийг хүрсэн хэрэг. Эцэст нь бид өнөө газар нь 1997 оны намар зорьж очсон түүхтэй. Бидний очсон газрын хойд тал нь Вандан толгой, урд тал нь Оюу толгой гэсэн нэртэй. Хоорондоо 500 метр зайтай жижигхэн толгойнууд. Урд талын Оюу толгойн хувьд эртнээс оюу байсан нь илэрхий газар. Вантолгойн тухайд юу байгаа нь тодорхойгүй. Гэтэл өнөөдүүл Вандан толгойг сонирхоод байдаг. Зэсийн минерал андецит, бронит байна гээд. Сергей тэр өдөр “Хишиг ээ, эхний ээлжинд энд лиценз авъя. Болж өгвөл цаг алдалгүй өрөмдьё” л гэж байна. Би ч хөөцөлдөхөөр боллоо.
-Тэгэхээр та Оюу толгойн анхны лицензийг авсан хүн болж таарах нь ээ?
-Тэр үед салбарынхаа яамны геологи хариуцсан газраас лицензээ авсан байсан юм. Хааш хаашаагаа хорин км газар авч байлаа. Одоо тийм том хэмжээ биш санагдах ч тухайн үедээ том газар авч байсан шүү.
-Өмнө нь сонсч дуулаагүй мэдээ байна. Тэр үед Ашигт малтмалын газар гэж байгаагүй хэрэг үү?
-АМХЭГ гэж байгаагүй. Тухайн үед авсан хоёр лицензээ барьчихсан зогсоо зураг нь энэ байна л даа (зураг харуулав). Бөөн баяр хөөр болцгоож билээ. Геофизикийг нь хуучнаар Геофизикийн экспедицэд ажиллаж байсан Энхбаатараар удирдуулсан компаниар хийлгэж, өрөмдлөгийнх нь ажлыг Говь гео компани гүйцэтгэж байлаа. Говь гео компанийн захирал нь Чойрын геологийн экспедицэд ажиллаж явсан Мягмар. За тэгээд дөрөв таван цооног өрөм тавилаа. Өрөмдсөн цооног болгоноос өнөө андецит, бронит гарч байгаа юм. Гэтэл Оюу толгойн яг баруун урд талд өрөмдсөн цооногоос аранжин зэс гараад ирдэг байгаа. Байгальд цэврээрээ байгаа зэсийг аранжин зэс гэдэг л дээ. Сэжүүрээс нь бат атгаад авлаа гээд бөөн баяр. Сергей бид хоёрын Бээжингийн зочид буудалд шөнөжин ярьсан юм үр дүнгээ өгсөн дөө, тэр өдөр.
-BHP ийм том үр дүн гаргачихаад Монголыг орхисон болж таарч байна уу. Ямар шалтгаанаар энэ төслөөс татгалзсан юм бол?
-Яг тэр жил буюу 1997 онд 17, 18 цооног өрөмдөөд Эрдэнэтийн дайтай юм гарч ирэхгүй нь, гэхдээ Цагаан суваргаас илүү гарахуйц нөөц бий гэцгээж байсан л даа. Гэтэл 1998 оны хавар Азийн хямрал болж, хямралтай давхцаад BHP-гийн гүйцэтгэх захирал солигдсон. BHP тэр үед таван том салбартай байсны нэг нь “BHP минералс”. Хайгуул хийдэг салбар нь. “BHP минералс”-ийн салбарууд хайгуулд жилдээ 120-130 сая доллар зардаг байсан юм. Тэдгээр салбарын нэг нь Монголын оффис. “BHP minerals of Mongolia” гээд. Шинэхэн гүйцэтгэх захирал нь ажлаа авангуутаа хайгуулд их мөнгө зарж байхаар жижиг компаниудын орд болчих ирээдүйтэй талбайнуудыг худалдаад авчихсан нь дээр гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Том зах зээл болох Хятад Азийн хямралаар хэцүүдсэн учраас хэмнэлт хийхээр шийдсэн хэрэг л дээ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрд байсан 37 геологи хайгуулын оффисийнхоо есийг нь үлдээгээд бусдыг нь татан буулгасан. Татан буугдсанд нь Монголын оффис орсон юм. BHP-гийн Монголоос гарах болсон шалтгаан ердөө л энэ. Тэрийгээ зөв тайлагнаж зөв ойлгуулаагүй нь тэдний алдаа болсон, зөв тайлбарлаж ойлгуулаад явсан бол байдал ямраар ч эргэх байсан юм билээ гэсэн бодол төрдөг шүү.
-Таны анх авч байсан өнөө хоёр лиценз яаж яваад Фрийдландад оччихов?
-BHP-гийн Монгол дахь оффис татан буугдсан ч компани нь 2000 он гартал байсан. Одоо Оюу толгойд ажилладаг Санждорж ганцаараа үлдсэн юм. Санждоржийн ганцаараа үлдэх болсон түүх нь өнөө хоёр лицензтэй холбоотой. BHP-гийн хувьд өнөө хоёр лицензээ бариад компаниа байлгаад байсан хэрэг л дээ. Ганц зорилго нь лицензээ зарах. Сергей хэд хэдэн биржээр хоёр жил гаруй явсны эцэст Торонтогийн бирж дээр Фрийдландтай таарч, өнөөх нь лицензийг нь худалдаж авсан түүхтэй юм. Фрийдланд тэр лицензийг худалдаж аваад Оюу толгой дээр юу хийсэн нь надаас хойшхи асуудал гэсэн үг.
-Огт сонсоогүй түүх байна. Оюу толгойн Санждорж гэдэг хүнийг анхдагчдынх нь нэг, энэ төслийн амьд лавлах гэдгийг нь мэднэ. Таныг BHP minerals of Mongolia-д байхад Санждорж гуай ажиллаж байжээ?
-Ажиллаж байсан. Анх Сергей бид хоёроос гадна нягтлан Сарангэрэл байсан юм. Дараа нь миний зүгээс санал болгож, Сергей Дъячков шийдвэр гаргаж ажилд авсан хүмүүс бол Мөнхбат, Гарамжав, Санждорж гурав. Гарамжав гуайн бичсэн тайланг англиар орчуулах хэрэг гараад Санждоржид санал тавьж ажилд авч байлаа. Гарамжав гуай тухайн үед түр гэрээгээр ажиллаж байсан л даа. Санждоржийг ажилд авсаны дараа үндсэн ажилтны гэрээ хийж байлаа, Гарамжав гуайтай.
-Оюутолгойн амьд түүхүүдийг ажилд авч байжээ. Фрийдланд Сергей Дъячковоос лиценз авахдаа BHP-д ажиллаж байсан хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулсан болж таарав уу?
-Тэгсэн. Жолооч, цэвэрлэгч гээд бүх ажилтныг ажилд нь үлдээсэн. Өнөө хүмүүс нь ч их сайн ажилласан.
-Таны ярьсан түүх өрнөсөн 1990-ээд оны дунд үе бол ардчилалд шилжээд удаагүй хэцүү, хатуу цаг. Юмс ховор, хөгжил сул тэр үед барууны том компани орж ирээд хайгуул хийхээр сонин содон зүйлс их тохиолдож байсан нь тодорхой. Тэр түүхүүдээсээ яривал одоогийн уншигчдад сонирхолтой санагдах байх…?
-Хайгуулын ангиа гаргахын тулд хүнс бэлдэхээс эхэлнэ шүү дээ. Тэр үед геологийн ангийнханд нормын шар айраг өгч явуулна. Нэг дор арван авдар шар айраг олдохгүй. Тухайн цагийн хамгийн том хүнсний зах нь “Далай ээж”. Нэг лангуунаас нэг авдар шар айраг гарвал их юм. Ямар сайндаа “Далай ээж” захынхан биднийг очихоор “Өнөөдүүл ирлээ, юмаа бөөгнүүлээрэй” гэцгээж байхав (инээв). Хүнс ч тийм элбэг сонголттой дэлгэр байгаагүй цаг. Хайгуулын ангийнхны хэрэглээ их өндөр. Тэр утгаараа кофе чихрээс эхлээд цуглуулах гэж нэлээд юм болдог байсан. Сергей маань Америкаас мишок, халбага, сэрээнээс эхлээд өчнөөн юм каргогоор авчирдаг байлаа. Геологичдыг явуулах машин гэхэд л суудлын бүсгүй. Тэр үед хуучны Оросын машинууд байсан юм. Суудлын бүсийг нь захаас олж ирж тааруулахаас эхлээд явдал суудал их гарна.
-Хюго Даммент гэдэг нэр Оюу толгой төслийн түүхэнд тод үлдсэн. Та энэ хүнтэй хэр ойр байсан бэ?
-Тийм ойр байгаагүй. Ганц хоёр удаа харилцах шаардлага гарч байснаас өөр түүх байхгүй дээ. Нэг удаа мань эрийг Монголд ирэхэд нь хөдөө орон нутгаар машинаар авч явж байлаа. Монголын нутгаар явж үзмээр байсан гэсэн юм. За тэгээд тухтай сайн машины эрэлд гарлаа. Тухайн үед газ 66, УАЗ-469, пургон л байсан. Ядаж ланд-80 олчих юмсан гэж гүйгээд барсанүй.
Арай гэж хоёр ширхэг пажеро оллоо. Өнөө хоёр нь пар пар, тар няр дуугараад хэцүүхэн эд гэдэг нь харахад л илт. Тэглээ гээд өөр сонголт байхгүй. Олсон пажерондоо суулгаад явлаа даа. Би УАЗ-469-нд сууж явсан юм. Гэтэл Хюго Дамментийн сууж явсан пажеро энүүхэн Ногоон довны цаана хүрээд зогсчихлоо. Мань эрийн царайнаас л “Ийм унаагаар яаж зургаан зуун км туулдаг юм” гэж дургүйлхэн өнгө илэрхий. Сергейг загнаж байна шүү, бэлтгэлээ муу хийсэн энэ тэр гээд. Би ч тэссэнгүй “Таныг геологи хүн гэж бодсон чинь оффисоос хэтрэхгүй л нөхөр байж. Геологууд үүнээс эс унаагаар явдаг улс. Танд авчирсан энэ машин бол манай улсаас олдож байгаа хамгийн сайн нь” гэсэншүү утгатай үг шидчихээд 69 рүүгээ ороод суучихлаа. Тэр үгийг сонсоод мань эр ч илүү юм хэлсэнгүй, аялал үргэлжилж билээ. Сүүлд нь тийм том үг хэлснээсээ болж ичиж байсан минь энэ хүнтэй холбоотой хоёр дахь дурсамж маань.
Тэр аяллаас хойшхи дараагийн ирэлт нь л дээ. Нисдэг тэргээр явна гэсэн хүсэлт тавьсан байгаа юм. Гэтэл Хюго Дамментын суух нисдэг тэргийг шалгах тусгай хүмүүс Австралиас нисээд ирдэг байгаа. Тэр үед л би ямар том хүнтэй харилцаж байснаа илүү тод мэдэрсэн дээ. “Ийм том хүнд тийм үг хэлдэг мөн бөх зүрх ээ” гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байгаа юм (инээв). Одоо эргээд бодох нь ээ өрнийн том компаниудын өндөр стандарт барьж ажилладгийн нэгээхэн илрэл нь, үнэ цэнтэй ажилтандаа яаж анхаардгийг том жишээ байж дээ гэж боддог юм, тэр явдлыг.