2024-12-05, Пүрэв
-22 C
Ulaanbaatar

Н.ЭНХБАЯР: Нүүрсний зах зээлээ ухаалаг зохицуулахгүй бол экспорт хэцүүдэх магадлал байна

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-ОХУ, Украины дайн, Хятадын цар тахлын тархалт хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас бидний хамгийн эхэнд анхаарах өнцөг гадаад орчин болчихлоо. Яриагаа эндээс эхлэх үү?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг хоёр том сорилтой нүүр туллаа. Эхнийх нь 2008-2009 оны хямрал. Дараагийнх нь ковид. Энэ бол маш хүнд шокууд. Ковидын дараа 2021 онд дэлхийн эдийн засаг овоо сэргэж, 5.4 хувьд хүрсэн ч 2022 онд байдал эргээд муудсан. Өнгөрсөн жил эдийн засаг олон улсын байгуулллагуудын судалгаагаар 3.2 хувьтай гарлаа. Энэ онд 2.7 хувийн өсөлттэй гэх таамаг дуулдаад эхэлчихлээ. ОХУ, Украйны зөрчил хурцдаагүй бол 2022-2023 онд ковидын дараах эдийн засгийн сэргэлт болох байсан юм.

Украины дайн, Хятадад тэг ковидын бодлого үргэлжилснээс үүдэж байдал хэцүү хэвээр байна. Украины дайнаас болж гарсан хориг арга хэмжээний сөрөг талууд өнгөрсөн хавар төдийлөн мэдэгдээгүй ч одоо илт мэдрэгдэж эхэллээ. Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийг 1.2 хувь хүртэлх функтээр буурууллаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-наас ОХУ-ын газрын тосны экспортод, залгуулаад шатдаг хийнд хориг тогтоолоо. ОХУ-ын эдийн засгийн том хэсэг, дайныг санхүүжүүлж байсан гол эх үүсвэрт нь хориг тавьчихсан гэсэн үг. Өмнө тавсан хоригуудын тухайд банк санхүү гэхчлэн тодорхой аж ахуйн нэгжид нөлөөлж байсан бол сүүлд тавьсан хориг төсвийнх нь гол орлого болох уул уурхайн салбарт тээг болж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж эхлээд байна. Хойд хөрш төсвөө хэлэлцэж байх явцдаа тодотгол хийж, уул уурхайн салбарт нэмэгдэл татвар тогтоосон. Тухайлбал Газпром компани орлого болон байгалийн нөөц ашигласны татварт маш өндөр татвар төлнө. Ирэх гурван жилийн хугацаанд хоёр их наяд рублийн татвар нэмж төлөхөөр байна.

-Татварын энэ их нэмэгдэл нь дайны санхүүжилтэд зарцуулагдана гэсэн үг үү?
-Тэгнэ, томоохон компаниудад татварын маш их дарамт ирж, бүх мөнгө нь дайны санхүүжүүлэлтэд зориулагдана. 12 дугаар сарын эхээр 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсан тодотгол дээр Ерөнхийлөгч нь гарын үсэг зурсан. 12 дугаар сарын 20-доор ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын коллегийнхонтой уулзахдаа “Та нарт юу хэрэгтэй байна вэ. Хэрэгтэй бүхнийг чинь улс хангаж өгнө” гээд хэлчихсэн. Товчхондоо татварыг нэмэгдүүлж, дайныг санхүүжүүлэх мөнгөө гаргаж авч байна л даа. Нөгөөтэйгүүр ОХУ-ын эдийн засагт хориг арга хэмжээ илүү хүчтэй нөлөөлнө.

Энхбаяр
Цэргийн шинжээчид, ОХУ-ын пуужингийн нөөц нэлээн дундарсан, тиймээс 2023 оны хавар ганц хүчтэй дайралт хийх болов уу гэж таамаглаж байна. Оны өмнөхөн Путин Беларусь улсад айлчиллаа. Яг 14 хоногийн өмнө Шойгу айлчилж, ОХУ, Белурусь улсын цэргийн хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлцээрийг баталгаажуулсны дараа Путин айлчилна гэдэг уг хэлэлцээрт зэвсэгт хүчний хамтрагч гэсэн утгаараа нэлээн том юм байгааг илэрхийлнэ. Шойгугийн гарын үсэг зурсан хэлэлцээрийг баталгаажуулсан байж таарна. Тэр утгаараа Киев рүү дайралт хийвэл Беларусийг ямар нэг байдлаар ашиглах магадлал өндөрссөн.

ОХУ-д Донецк, Луганскийн чигтлэлд үр дүнгүй байлдсанаас байгаа нөөцөөрөө Киев, Львовийн чиглэлд хурдтай дайралт хийж, Киевийг унагааж, дайныг эцэслэх сонирхол байх шиг. Шинэ жилээр Путины хэлсэн үгний хамгийн эхний мөрөнд “Үргэлжилж буй дайн бол ОХУ-ын бүрэн тусгаар байдлыг хангах зорилготой” гэж байгаа. Дэлхийн ямар ч улс орон бүрэн тусгаар байдал гэж ярьдаггүй. Энгийнчилбэл Украин бол манай газар нутаг, эзэлж байж л ОХУ бүрэн тусгаар байдалтай болно гэсэн нь хуучин СССР-ийн үеэ ярилаа гэж харагдсан. Ямар ч хамаагүй аргаар Киевийг унагааж авах зорилгоо илэрхийлж байгаа хэрэг.

-Дайн сунжрах нь дээ?
-Тэгэх нь тодорхой болчихлоо. Үүнээс гадна АНУ-ын конгресс өнгөрсөн 12 дугаар сард батлан хамгаалахын төсвөө 85.8 тэрбум ам.доллараар баталж байна. Дэлхийд бол асар их мөнгө.. Үүний 45 тэрбум ам.доллар нь зөвхөн Украинд туслах тусламжид зориулагдана.

-Ирэх хавраас эерэг мэдээ дуулах шинж алга уу?
-Хавраас нэг хүчтэй довтолгоо хийх байх. Зундаа Украины сөрөг давшилтууд үргэлжилж таарна. Ерөнхийдөө 2023 оны гуравдугаар улирах хүртэл нэлээн ширүүн үзэх байх. Магадгүй ирэх жилийн 10, 11 дүгээр сард арай наашилж, дайн зогсож магадгүй. Дайны гал зогсоод яриа хэлэлцээр хийх түвшинд л хүрнэ. 12 дугаар сарын 28-ны өдөр Путин, БНХАУ-ын даргатай онлайнаар хаалтай ярилцлага хийхдээ худалдаанаас гадна зэвсэглэлийн асуудлаар ярилцсан байж магадгүй гэх таамаг бий. Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын пуужингийн нөөц дуусаж байгаа бол чип хэрэгтэй. Чипийг Хятад, Тайвань, Солонгос, Америк гэсэн дөрвөн улс л нийлүүлдэг. Гэтэл өрнөдийн зүгээс хоригт орчихсон, ганц найдвар нь БНХАУ болсон.

-Хэрвээ Орос, Хятад ханцуйн дотроо тохиролцож, БНХАУ дайныг тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд эхэлбэл барууныхны харилцаа улам хүйтэрч таарах уу?
-Одоо ч гэсэн далд утгаараа таагүй байгаа. Олон улсын мэдээллээс харахад, ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдаа 140 тэрбум ам.доллар буюу 32 хувиар нэмэгдсэний дийлэнх хувийг шатдаг хий, газрын тос эзэлж байна. Хятад байлдааны зэвсэг биш ч түүхий эдийг нь ОХУ-аас худалдаж аван экспортыг нь дэмжиж яваа нь дам санхүүжүүлж буй хэлбэр.

Өрнөдийнхөн битгий гээд байхад худалдаж авч байгаа улс нь Хятад, Энэтхэг хоёр. Тэр ч утгаараа шинжээчид хоёр хөршийн тэргүүнүүдийг оны өмнөх уулзалтаар хоригт орсон зэвсэглэлийн чанартай буюу хагас дамжуулагч чипний асуудлыг ярьсан байж магадгүй гэж хардаад буй. Монголд хамаатуулах асуудал гэвэл Эрхүү мужийн нутаг, Байгал нуураас баруун хойш орших Ковыктагийн ордыг, БН Саха (Якут) Улсын нутаг дахь Чаяндины ордтой холбоод “Сибирийн хүч 1” хоолойгоор Хятад руу нийлүүлээд эхэлчихлээ. Чаяндины болон Ковыктагийн нөөц ойролцоо бөгөөд 25 тэрбум метр кубаар яригддаг.

Мэдээж дөнгөж эхэлж байгаа учраас бүрэн ашиглана. Бүрэн хүчин чадлаар нь ашиглавал жилдээ 50 тэрбум метр куб шоо метрээр яригдах юм. Харин “Сибирийн хүч 1” дамжуулах хоолойн хүчин чадлыг жилдээ 38 тэрбум метр куб төдийгүй цаашдаа өсөх бололцоотой гэдэг. Бүх нөөцөө “Сибирийн хүч 1” хоолойгоор Хятад руу нийлүүлэх бололцоотой гэсэн үг. Ер нь бол 2023-2024 онд ОХУ-аас Хятадад нийлүүлэх шатдаг хий, нүүрсний хэмжээ эрс нэмэгдэхээр байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцаа улам бат зузаан болж байна л гэсэн үг.

-Энэ харилцаа манай улсад сөргөөр нөлөөлөх үү. Хамгийн их эрсдэлтэй тал нь юу вэ?
-Нүүрс. Өрнөдийн орнууд хориг тавьснаас ОХУ-аас Хятад руу гаргах нүүрсний экспорт нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын статистикаас харахад ОХУ-ын Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 60 сая тонн хүрсний 20 сая тонн нь коксжих нүүрс. Харин манай улс 2022 оны гүйцэтгэлээр Хятад руу 27 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Манай түвшинд их ойртсон байгаа биз. Австрали байхгүй үед буюу 2021 оны байдлаар Монгол нэгд, араас нь АНУ, Орос нийлүүлсэн байдаг юм. Хоёр хөршийн харилцаа сайжирч, ОХУ-ын нүүрсний экспорт өсөх нь бидэнд төдийлөн таатай биш. 2023 онд нүүрсний худалдаагаа зөв төлөвлөж, дэд бүтцээ сайжруулахгүй бол оны эцэс, 2024 оны эхээр ОХУ Хятадын коксжих нүүрсний зах зээлд номер нэг болох магадлалтай. Гэтэл энэ хугацаанд манай аль ч дэд бүтэц бэлэн болохгүй янзтай байна. Төмөр зам дутуу учраас авто машинаар тээдгээрээ тээж таарна. Дээр нь бас нэг сул талтай болчихсон.

-Ямар?
-Уул уурхайн биржийн тухай хууль ирэх долдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ гэхээр жилийн эхний хагаст Засгийн газрын тогтоолоор түр журам гаргаж мөрдөх байх. Хуулиар нэлээд өөрчлөлт хийгдэхээр байгаа. Эрдэнэс Таван толгойн нүүрсний 30 хүртлэх хувийг биржээр арилжаална гэх мэтээр. Угтаа биечлэн худалдаа хийж байх үед эцсийн хэрэглэгч биш дундын борлуулагч компаниуд өндөр оролцоотой, нүүрсний зах зэлийн үнэ гайгүй байсан учраас уурхайн амнаас бага үнээр аваад ахиу үнээр зардаг байсан.

Уул уурхайн биржийн тухай хууль, Засгийн газрын 362 дугаар тогтоолоор хилийн үнээр худалдана гээд заачихсан. Бирж дээр зарахдаа нь 180-190 ам.доллар гэж дуудах нь. Тэр хэрээр оролцогч цөөрнө. Таван толгой, Эрдэнэс Таван толгойн уурхайн амнаас 20 компани худалдаж авч байсан бол бирж дээр 5-6 нь л ирэх байх. Өрсөлдөгч цөөрөхөөр үнэ өсөхгүй гэдэг утгаараа манай улсад ашиггүй. Мөн тээвэрлэлтийн компаниудын өрсөлдөөнд ихээхэн өөрчлөлт орууллаа гээд Засгийн газрын тогтоолыг тээвэрлэгчид шүүмжлээд, тендер зарлахыг буруутгаад байна.

-Засгийн газрын 362 дугаар тогтоолыг жижиг, дунд тээврийн аж ахуйн нэгжүүдээ шахах бодлого болчихлоо гэж ойлгоод байгаа. Дагалдуулсан журмаар нь бол томчууд үлдэж, багачууд нь шахагдах нь. Эс бол төрийн өмчит тээврийн компани байгуулахдаа тулах дүр зураг харагдаад байгаа. Бас тендер амжилтгүй болох эрсдэл өндөр юм биш үү. Хувийн компаниуд оролцохгүй, шалгуурыг нь давахгүй байна, төрийн өмчит тээврийн компани байгуулж, ард түмнийхээ баялгийг үнэ цэнтэй болгоё гэх бий вий гэх эмзэглэл бас байна, нийгэмд…?
-Ер нь маш олон юмыг ямар ч бэлтгэлгүйгээр зэрэг нэг дор өөрчлөөд байна. Нүүрс тээврийн хичнээн компанийн өчнөөн олон машин явж байгаа билээ. Хэрвээ өөрчлөлт хийх гэж байгаа бол альтернатив хувилбар боловсруулах ёстой. Гэнэтийн шийдвэрийн улмаас нүүрс тээврээр ашиг олдог олон компани ажилгүй болно. Тэднийг зүгээр хаяж, тендерт ялж чадахгүй бол амиа бод гэж болохгүй. Ард нь нийгмийн асар их бухимдал үүснэ.
Зүй нь хувилбараа бодчихоод, тендерт оролцож чадахгүй 10 машинтай компани нь цаашдаа юу хийх вэ, юу санал болгох вэ, өөр түүхий эд тээврлэх боломжой гэдгийг тооцоолох ёстой. Одоо тендер зарлана, шалгар, шалгарч чадахгүй бол хохь чинь гэхээр нэгдүгээрт, нийгмийн асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт, тендерт нэлээн том дэнчин тавьж орж ирж байна. Товчхондоо төлбөрийн чадвартай хэдхэн том компани л үлдэх боломж бий.

-Энэ тохиолдолд улстөрчдийн нөлөө бүхий том эсвэл Хятад болон Өвөрмонгол хөрөнгө оруулагчтай компаниуд л үлдэх нь гэсэн хувилбар харагдаад байгаа?
-Оны эхний үед зүгширч эвээ олтол нэлээн будилж, дахин дахин цуцлах байх. Хилийн боомтын нэвтрэх горим, халдвар хамгааллын дэглэм хэр зүгширэхээс их юм хамаарна. Зүй нь эхлээд биржийн үйл ажиллагаагаа цэгцэлчихээд дараа нь тээврийн асуудлаа шийдмээр байгаа юм.
Цаг хугацааны хувьд нэгэн зэрэг хоёуланг нь бужигжуулах нь буруу. Сардаа хоёр сая тонн нүүрс худалдаж байсан бол бирж дээр ганц тоннын захиалга ирвэл яах вэ. Эрсдэлтэй нөхцөлд нэмээд тээврээ бужигнуулчихаар экспортод хохиролтой үр дүн гарна. Уул уурхайн биржийн тухай хуулийг хэрэглэснээс хойш аажуу хугацаанд 8,9 дүгээр сараас тээврийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Сайн бодож, компаниудад ямар нэг байдлаар ажил өгөх хувилбартай байх ёстой.

-Хэрвээ Хятадын компаниуд ороод ирвэл тээврээс ордог валютын урсгал гадагшлах сөрөг тал ажиглагдах байх…?
-Хилийн үнээр худалдбал тээвэрчдэд ямар ашигтай нь ойлгомжгүй байна. Бүрэн эрхэт төлөөлөгч нь Эрдэнэс Таван толгой компани дээр худалдан авагч компани өөрөө ирээд тээвэрлэнэ, манайх огт оролцохгүй гэж яриад байх юм. Өндөр үнээр нүүрс авчихаад өөрөө тээврээ зохион байгуулна гэж байх уу. Тэр тусмаа ОХУ-ын нүүрсний экспорт эрс нэмэгдэж байгаа нөхцөлд тавхан ам.долларын зөрүүний төлөө манай нүүрс рүү үхэн хатан зүтгэх компани байх уу. Бугатын төмөрлөгийн үйлдвэр л хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг авч магад. Бусад нь Тяньжинаас зөөхийг илүүд үзэх байх.

-Нүүрсний экспортоо гацаах эрсдэлтэй алхам хийчихлээ гэх гээд байна уу?
-Маш том эрсдэлтэй. Гэнэт гарч ирээд машины хянах самбарыг бүгдийг нь хөдөлгөж байгаа аятай хэсэгхэн хугацаанд бүх юмыг зэрэг хөдөлгөж байгаа нь өөрөө шууд утгаараа эрсдэл. Биржийн тухай хуулийг хэлэлцүүлж байгаа ажлын хэсэгт нь Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл, Хөрөнгийн биржээс Х.Алтай дарга л сууж харагдсан. Татварын асуудал гарна гэдгийг тооцоолсонгүй. Хуулийг нь уншаарай. Арилжаан дээр худалдаа явагдаж төлбөр хийгдэнгүүт хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж байгаа. 100 мянган тонн нүүрс авна гээд захиалга өгчихөөр худалдаа хийгдчихлээ гэж ойлгогдоод байна. Биржийн хажууд төлбөр тооцооны төв гэж байна. Тэнд тооцоог нь хийнэ. Захиалагчийн данс руу хийсэн мөнгөний төлбөр тооцоог нь хянаж байгаад Эрдэнэ Таван толгойн данс руу шилжүүлнэ гэсэн үг. Энгийнээр бол нүүрсний борлуулалт гэдэг үг өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл ачигдаагүй нүүрс борлуулагдчихаж байгаа болохоор оффтейк гэрээтэй агуулгын хувьд адилхан болчихож байгаа юм.

-Эрдэнэс Таван толгойд хүндрэлтэй юм биш үү. Ачаагүй нүүрсээ борлуулсан гэж тайлан гаргахаас эхлээд асуудал гарах юм байна. Ачилтын зардлаас эхлээд зарлага, зардал нь тодорхойгүй байхад шүү дээ?
-Эрдэнэс Таван толгой компани өнөөдөр 100 мянган тонн нүүрсээ биржээр арилжаалж, мөнгө нь ороод ирчихсэн ч нүүрс нь ачигдахгүй байж болно. Байгаль цаг уур, санхүү, ажиллах хүчин гээд асуудал гарах магадлал бий. Уг нь Эрдэнэс Таван толгой ачигдсанаараа борлуулалт хийгдсэн гэж үзээд тайлангаа гаргадаг. Харин Уул уурхайн биржийн тухай хуулиар өөр зүйл яригдаж байна. Арилжаа хийгдсэнээр борлуулсан гэж үзвэл ачилтын зөрүүг яах вэ. Улирлын тайлангаа татварын албанд яаж өгөх вэ. Татварын байцаагч, борлуулалтын орлого чинь хийгдчихсэн байна, тайлангаа л гэнэ. Энэ зөрүүг ойлголтыг арилгах эрхзүйн зохицуулалт алга.
Миний мэдэхээр гаднын түүхий эдийн бирж нь түүхий эдээ хариуцдаг. Гэтэл манайд бирж зөвхөн төлбөр хийж, ачуулахыг нь Эрдэнэс Таван толгой хариуцах юм билээ. Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний чанарыг бирж хариуцдаг. Манайд бол Эрдэнэс Таван толгой хариуцна гээд байгаа. Энэ мэт зөрүүтэй зүйлс их байна.

-Хятад тэг ковидын бодлогоо цуцалсан ч нөхцөл байдал таагүй байна. Хятадын эдийн засаг. Энэ онд ямархан байх талаар гаднын шинжээчдийн таамаг ямаршуу байна вэ?
-ОУВС-гийн урьдсан таамгийг харахад Хятадын ДНБ 2023 онд 114 их няад юань болохоор байгаа. 2022 оны урьдчилсан дүнгээр 117.7 их наяд юань болсон. Юанаар бол 4.8 хувь орчим өссөн ч ам.долларт шилжүүлэхээр буурсан үзүүлэлттэй гарч байгаа биз. 17.7 хувиас 17.3 орчим болж буурсан гэсэн үг. Мөн Хятадын дотоод эдийн засгийн олон үзүүлэлт нь тааруу байна. Худалдан авах чадварын индекс, идэвхжлийн үзүүлэлт нь саарсан. Юанаар илэрхийлсэн дүнгээрээ дөнгөж тав орчим хувийн өсөлт гэдэг тун тааруу үзүүлэлт. Ер нь Украины дайн удаан үргэлжилбэл Хятадын эдийн засгийн үзүүлэлт тааруу л байна. Түүнчлэн дэлхийн улс оронд Хятадаас гаралтай ковид бүртгэгдээд эхэлбэл бусад улс бүгд бодлогоо чангалж дахиад хилээ хаана. Хамгийн аюултай нь БНХАУ дотоодынхоо ковидын мэдээллийг өгөхгүй байгаа.Энхбаяр -Бидний гол найдвар бол нүүрсний экспорт. Гэтэл бодит гадаад нөхцөл байдал тун эрсдэлтэй байдаг. Яавал эрсдэл багатайгаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихэлгүйхэн шиг авч явах вэ?
-Маш олон юмыг зэрэг өөрчилж, бужигнуулж болдоггүй, болохгүй цаг үед амьдарч байна л даа, бид. Азаар 2022 онд 25-30 сая тонн нүүрс борлуулсан. Гэхдээ энэ хэмжээгээ хадгалж чадах эсэх нь асуудал болчихлоо. ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт энэ эрчээрээ явбал, Хятад ковидын асуудалтай янзаараа байвал, манай нүүрс тээврийн асуудал өнөөдрийнхөөрөө үргэлжилбэл бид хэцүү сорилттой нүүр тулна. Нүүрсний зах зээлээ ухаалаг зохицуулахгүй бол экспортод ухралт гарах магадлал маш өндөр. Нэгдүгээр улиралд лав нүүрсний экспорт өмнөх оны мөн үед хүрэхгүй буурна. Долдугаар сарын 1-нээс зүгширээд гэрээ хэлцлийн ажил нь ойлгомжтой болсон нөхцөлд л сайн үзүүлэлт гарах уу гэхээс биш найдвар бага байна.

-ОУВС гэх мэт олон улсын байгууллага дэлхийн өнөө жилийн эдийн засгийг яаж төсөөлж байна. Сүүлийн үеийн мэдээлэл сонирхуулаач?
-ОУВС-ийн гаргасан таамаглалаар 2023 онд дэлхийн эдийн засаг саарах эрсдэлтэй байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн гуравны нэг нь зогсонги байдалд орохоор байна гэсэн таамгийг дэвшүүлсэн. Хойд Америк, Канад, Европ бол ойлгомжтой. 1.2 хувь гэдэг бол ндсэндээ зогсонги байдалтай байна гэсэн үг. Нэмээд ОХУ-ын эдийн засаг саарна, Украиных хасах гарах нь тодорхой. Дээр нь Итали, Герман, Их Британи хасах руу ороход нэлээд ойрхон яваа. Европын эдийн засаг үндсэндээ зогсонги байдалтай өрнөх дүр зурагтай байна. Эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамаараад түүхий эдийн ханган нийлүүлэх сүлжээ хоёр хэсэг блок болоод хуваагдчихсан. Өрнөдийн орнууд ойрх Дорнод, Америк, Африкаас түүхий эдээ авч байна. Шатдаг хийгээ Морокко, Америкаас газрын тосоо ойрх Дорнодоос авч байна. БРИКС-ийн орнууд тусдаа ззах зээл болж байна. Энэ байдал 2023 онд улам батжина. Энэ байдал манай улсын хувьд нэгдүгээрт тээвэрлэлтийн хувьд сөрөг нөлөө үзүүлнэ. Гадаад худалдааны статистик мэдээг харахад, Европын улстай хийдэг импорт бүгд буурсан. ОХУ-тай хийж байгаа импорт үнийн дүнгээрээ нэмэгдсэн ч зөвхөн нефть, нефьтэн бүтээгдэхүүний импорт л өссөн байх жишээний. Дараагийн нөлөө аялал жуулчлалын салбарт хүнд тусна. Агаарын тээвэр бүгд л Истанбулаар дайрч байна. Европын нислэг бүгд цуцлагдсан. Энэ жил бид аялал жуулчлалаа дэмжинэ л гэж байна. Европоос аялал жуулчлал байхгүй бол хэцүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img