2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Зөвлөлтийн залуу эрдэмтэн бүтээж, дэлхийг байлдан дагуулсан “Тетрис” 40 нас хүрлээ

Монголчуудын хувьд Хятадаас оруулж ирдэг байсан жижиг хавтгай тоглоомоор танил болж, хожим нь Фейсбүүк сүлжээний хамгийн эрэлттэй тоглоомуудын нэг болсон Тетрис зургадугаар сарын зургааны өдөр 40 нас хүрлээ. Одоогоос 40 жилийн өмнө Зөвлөлтийн залуу эрдэмтэн Алексей Пажитнов урьд хожид хэн ч харж байгаагүй компьютерын тоглоом бүтээсэн юм.

1984 онд Зөвлөлтийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн Тооцоолон бодох төвд ажиллаж байсан эрдэмтэн Алексей Пажитнов ажил дээрээ уйдаж, улмаар математикын чадвараа өөрөөр ашиглан, компьютерын тоглоомын программ бичжээ.
Компьютер дээр ажиллах анхны, болхи хувилбар болох “Электроника-60” 1984оны зургадугаар сарын зургааны өдөр бэлэн болсон аж.

Ингэж л маш энгийн хэрнээ толгой ажиллуулдаг, сонирхолтой тоглоом болох Тетрис үүсэж, цаашлаад дэлхий дахиныг байлдан дагуулсан байна.

Тетрисийг бүтээхдээ нэгэн цул дүрс бүтээхийн тулд ар араасаа цуврах хачирхалтай хэлбэртэй геометрийн дүрсүүд ашиглан тоглодог пентамино тоглоомоос санаа авчээ. Тетрисийн санаа нь энэ тоглоомтой тун төстэй бөгөөд тус бүр нь дөрвөн квадратаас бүрдэх геометрийн дүрсүүд дээрээс унаж, тоглогч түүнийг жигд тэгш хавтан болгон өрөх ёстой.

tetris

Тухайн үед Зөвлөлт Холбоот Улсад персональ компьютер бараг байгаагүй ч энэ нь тоглоом алдаршихад саад болсонгүй. Нэг электрон тооцоолох машинаас нөгөө рүү, тэндээс гурав дахь, дөрөв дэх машин руу хуулах зэргээр энэ тоглоомыг түгээж байлаа. Удалгүй Тетрис Зөвлөлт даяар, цөөхөн компьютер ашиглагчдын дуртай тоглоом болжээ.
Тетрис тоглоом тухайн үеийн төмөр хөшгийг хэрхэн даван гарсан нь адал явдалт романы үйл явдлыг санагдуулам.

Японд ажиллаж байсан Америкийн программист Хенк Рожерс 1989 онд Унгар руу ажлын томилолтоор явах үеэрээ Тетрис тоглоомтой анх танилцжээ. Энэ тоглоом ихээхэн ирээдүйтэй гэдгийг тэр мэдэрсэн гэдэг.

Зөвлөлтийн тоглоомыг зах зээлд нэвтрүүлвэл ихээхэн ашиг олж болохыг ойлгосон Рожерс энэ тоглоомыг том электрон машин дээр биш харин жижиг төхөөрөмж дээр суурилуулан, хэрэглэгчдэд хүргэх зорилт тавьсан байна. Гэхдээ үүний тулд эхлээд программ боловсруулсан хүнээс зөвшөөрөл авах ёстой байлаа. Тухайн үед хүйтэн дайны он жилүүд дуусан, баруун болон Зөвлөлтийн харилцаа дөнгөж л сэргэж байсан бөгөөд чухамхүү энэ үеэр Рожерс тоглоомын зөвшөөрлийг авахаар Москваг зорьжээ.

“Энэ аялал солиотой байсан” хэмээн Рожерс 2011 онд ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурсаж байв.

Шинэ видеокамер, адал явдлын эрэлд гарах эрч хүчээр дүүрэн эр өөрийн огт мэдэхгүй газрыг зорив.

Хоёрдугаар сард Москвад газардсан түүний хувьд тун бараан сэтгэгдэл үлдээсэн гэдэг
“Бүүдгэр саарал тэнгэр, зурагт, радио ч ажилладаггүй зочид буудлын өрөө. Ямар ч мэдээлэл байхгүй түнэр харанхуй” хэмээн Рожерс дурсаж байв.

Москвад ажлаа амжуулахын тулд Рожерс өөрт нь хөтөч жолооч, орчуулагчийн үйлчилгээ үзүүлэх эмэгтэйг хөлслөн авчээ. Ингээд энэ эмэгтэй Рожерсийг тоног төхөөрөмж, программ хангамжийн импорт, экспортыг хариуцдаг “Электроноргтех” байгууллагад хүргэжээ.

Зөвшөөрөл авахад хялбар байсангүй. Орчуулагч түүнтэй хамт байгууллага руу орохоос эрс татгалзсан гэнэ. Үүнийгээ “би урилгагагүй учир орох боломжгүй” хэмээн тайлбарласан аж. Ингээд орос хэлээр “А ч байхгүй” Рожерс дотогш оров, Тетрисийн эрхийг худалдаж авах сонирхолтой байгаагаа яаж ийгээд тайлбарлалаа. Гэтэл бөөн хөл үймээн болох нь тэр.

“Шоргоолжны үүр рүү халуун төмөр шургуулчихсан юм шиг л бужигнаан болсон” хэмээн Рожерс хожим нь дурсаж байв.

Ингээд Тетрисийг бүтээгч Алексей Пажитновыг түүнтэй дэр дор нь танилцуулав. Гэхдээ энэ уулзалтад өөр найман хүн оролцсон бөгөөд тэдний дунд Улсын аюулгүй байдлын хорооны ажилтнууд ч байлаа. Урт удаан яриа өрнөжээ. Тухайн үед Зөвлөлтөд огт танил болоогүй ойлголт болох видео тоглоомын зохиогчийн эрх авах асуудлыг ойлгохын тулд Зөвлөлтийн албан тушаалтнууд ар араасаа үргэлжилсэн асуулт тавив. Хэдийгээр анхлаад талууд нэгэндээ итгээгүй ч Рожерсийн тууштай зан үр дүнгээ авчиржээ.

tetris

“Тэр бол надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн анхны бизнесмен болсон. Тэр үнэхээр л тоглоомын учрыг олсон хүн байлаа” хэмээн Пажитнов Рожерсийн талаар дурсаж байв.

Долоо хоног үргэлжилсэн хэлэлцээр гэрээнд гарын үсэг зурснаар өндөрлөж, Зөвлөлтийн зохион бүтээгч урьд хожид сонсож байгаагүй шагнал авахаар болов. Хилийн чанадад зарагдсан тоглоом бүрээс тэр хувь хүртэнэ.

Рожерсийн үздгээр, Тетрис тоглоомын явц нь тун өвөрмөц, хосгүй гэдгээрээ гайхалтай амжилтад хүрсэн аж. Ихэнх видео тоглоомууд хүчирхийлэл, нураах сүйтгэх ажиллагааг харуулсан байдаг бол Тетрис бүтээх, барих ажил дээр тулгуурладаг. Хүмүүс ямар нэг зүйл барьж байгуулах дуртай, ингэснээр тэдэнд таатай байдаг хэмээн Рожерс өгүүлж байсан бөгөөд энэ тоглоом хүмүүсийн чухамхүү энэ хэрэгцээнд нийцэж байсан тул алдаршсан аж.

Өнөөдөр Тетрис тоглоомын түүхэнд хүндтэй байр эзлэдэг. Амьдралдаа ядаж нэг удаа Тетрис тоглосон хүний тоо багадаа нэг тэрбумыг давсан гэдэг.

Пажитнов тоглоомын эрхээ зарсны дараах эхний хэдэн жилд ашгаа авахад хүндрэлтэй байв, гэсэн ч 1990-ээд оны дундуур Пажинтов АНУ руу явж, тэндээ амьдран, Рожерстой хамт компани байгуулан ашгаа хүртэж эхэлсэн юм. Өнөөг хүртэл тэр бээр Вашингтонд амьдардаг бөгөөд чинээлэг, компьютер тоглоомын ертөнц дэх алдартанд тооцогдож байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img