2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

DW: Мосбиржийн эсрэг тавьсан барууны хориг Оросын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу халдсаны улмаас АНУ тэргүүтэй барууны орнууд төрөл бүрийн хоригийг Оросын эсрэг тавьснаар ОХУ түүхэн дэх хамгийн их хоригт өртсөн орон болоод байгаа юм. Гэсэн ч ОХУ дайнаа зогсоохгүй байгаа тул энэ удаад АНУ болон Их Британи Москвагийн биржийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Энэ шийдвэр зургадугаар сарын 12-ны өдөр гарсан юм. Ингээд энэ өдөр Мосбирж доллар, евро худалдахгүй гэж зарласны дараа Оросын үндэсний валютын ханш унасан ч тухайн өдрийнхөө төгсгөлд ханш нь эргэн сэргэсэн байна. Нөхцөл байдал ийн хурцадсан үед рублийн ханш хэрхэх вэ, ОХУ-ын эдийн засгийг юу хүлээж байгаа болон хүн амынх нь амьдралд хэрхэн нөлөөлөх талаар Германы Deutsche Welle агентлаг шинжээчдээс тодруулжээ.

Рублийн ханш хэрхэх вэ?

АНУ болон Их Британи Оросын ьаюлтын зах зээл дээр доллар арилжаалах үед зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Оросын Мосбирж, Үндэсний клирингийн төв болон Үндэсний тооцооны депозитарын эсрэг хориг тавьсны дараа Оросын санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдлыг “тодорхойгүй” хэмээн шинжээчид дүгнэж байна.
Хоригийн дараа Мосбиржийн хувьцаа унаж, араас нь рублийн ханш унаж, нэг доллар 120-200 рубльтэй тэнцэх болжээ. Эдийн засгийн тоймч Ян Мелкумовын үзэж байгаагаар, арилжааны банкууд валютын нөөцөө хадгалахын тулд долларыг өндөр үнээр худалдаж авсан байна.

Шинжээчийн үзэж байгаагаар, Төв банк ойрын үед системийг хэвийн болгохоор хичээнэ, гэхдээ тоон технологийг ашиглан үүнийг хийхэд хялбар биш байх гэнэ. Гэхдээ энэхүү шилжилтийн үе нь Америкийн банкуудад корреспондент данстай төлөөлөгч зэрэг зарим тоглогчийн хувьд төлбөрийн чадваргүй болох эрсдэл өндөр байгаа аж. Эдийн засгийн олон үйл явц тогтворгүй болох байдлаар энэ бүхэн илрэх гэнэ.

“Рублийн хөрвөх чадвар дахин нэг алхмаар ухарлаа гэж хэлж болно. 1990-ээд онд л ийм зүйл болж байлаа” хэмээн Мелкумов өгүүлжээ.

Оросын рубль хятад юаниар чиг барина

Мелкумовын үзэж байгаагаар Төв банк олон арга хэмжээ авах тул ойрын үед рублийн ханш тогтворжих аж. Хориг зарласан өдөр рублийн ханш огцом унаж байсан ч тухайн өдрийнхөө үдэш л эргээд хэвэндээ очсон нь үүнийг баталж байгаа гэж Мелкумов өгүүлжээ. Зургадугаар сарын 13-ны өдөр албан ханш тооцох шинэ аргачлалын талаар Төв банк зарласны дараа рублийн ханш хэвийн болсон юм. Мөн биржээс гадуурх доллар, еврогийн арилжаа үргэлжилж байгаа аж.

Тиймээс цаашид ч биржийн арилжаа хэвийн үргэлжилнэ гэж шинжээч үзэж байна. ОХУ-ын Төв банкны мэдэгдсэнээр, арилжаанд оролцогчдын хувьд хятад юанийн ханш гол чиглүүлэгч байх гэнэ. Мосбиржийн арилжаан дахь хятад юанийн эзлэх хувь 54 хувьтай байгаа аж. Удалгүй энэ үзүүлэлт нэмэгдэж 75 хувьд хүрч мэднэ гэж Ян Мелкумов үзэж байгаа юм байна.

Гэхдээ шинжээчийн үзэж байгаагаар Хятадын томоохон банкууд Америкийн давхар хоригт өртчихгүйн тулд ийм хэлэлцээрт орохоос зайлсхийж болзошгүй гэнэ. Харин давхар хориг үйлчилсэн нөхцөлд золиос болгон ашиглаж болохоор жижиг банкуудаа хятадын тал Оростой наймаа хийхэд ашиглаж магадгүй аж.

Хориг нэмэгдсэн мэдээлэл гарсан даруйд Кыргызстаны хэд хэдэн банк Оросоос мөнгөн гуйвуулга хийх системтэй ажиллах үйл ажиллагаагаа зогсоож, “техникийн саатал” хэмээн нэрлэж байлаа. Мөн Хятадын банкуудын Орос дахь салбарууд ч мөн Орос, хятадын доллар, еврогоор хийгдэх тооцоо, гүйлгээг хийх ажлыг зогсоож байв.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж болзошгүй

Орост худалдааны хэлэлцээрт оролцогчдын зардал өсөж, импортлогчид дотоодын зах зээлээсээ валют эрж хайхад хүндхэн болно гэж Берлиний Карнегийн төвийн Орос, Еврази судлаач Александр Прокопенко үзэж байна.

“Оросын банкны системийн томоохон хэсэг нь хоригт өртсөн, импортлогчид хоригт орсон этгээдтэй харилцахаас зайлсхийх нь мэдээж. Тиймдээ ч дурын газраасаа валют авах боломжгүй” гэж Прокопенко тайлбарлажээ.

Импортын бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж шинжээч Ян Мелкумов таамаглаж байна.
Түүний үзэж байгаагаар, жижиглэн худалдаа эрхлэгчид “хүнд цагт нөөцтэй байхын тулд” барааны үнээ бага зэрэг өсгөх гэнэ. “Ингээд л нэгэнт барааны үнэ нэмэгдсэн л бол эргээд хуучин хэвэндээ орох нь нэн ховор гэдгийг практик харуулдаг шүү дээ” хэмээн шинжээч өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img