2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Есенин ба “хөл нүцгэн” Айседора

Өмнө нь бид суут яруу найрагч Сергей Есенинтэй амьдралаа холбож, хайр сэтгэлийн холбоотой байсан ч хүндхэн тавилан туулсан Зинаидагийн талаар уншигчдадаа хүргэж байв. Зинаида Есениний цорын ганц хайр байсангүй. Суут яруу найрагчийн зүрхийг эзэмдсэн ч мөн л амаргүй амьдрал туулсан өөр нэг бүсгүй бий. Тэр бол Айседора Дункан. “Нүцгэн хөлт” хочтой байсан балетчин бүсгүй хосгүй хайрын зэрэгцээ асар их дарамт, гуниг зовлон туулсан гэдэг.

Нүцгэн хөлт балетчин

Айседора, Есенин хоёрын харилцаа ихээхэн хачирхалтай. Бүсгүй дурлалт залуугаасаа 18 насаар эгч байв. Одоо бол насны ийм зөрүүг хэн ч тоохгүй л дээ, гэвч тухайн үед эмэгтэй нь эрэгтэйгээсээ олон насаар эгч байх нь гаж хэрэгт тооцогдож, доог тохуу болдог байлаа.

Айседора Дунканы бага нас амаргүй өнгөрчээ. Аав нь дампуурч, ээж аав нь салсны дараа охин багаасаа л хүүхдүүдэд бүжиг зааж, ээждээ тусладаг байлаа. Айседора насаа нуун, таван настайдаа сургуульд оржээ. Гэсэн ч 10 настайдаа сургуулиа хаяж, хөгжим, бүжиг гэх өөрийн дуртай зүйлд тэмүүлэх болов.

Айседора хэв маягаа олоход Лои Фуллер тусалжээ. Гэхдээ гол хэв маягаа Айседора өөрөө бүтээсэн бөгөөд хөл нүцгэн, юу тааралдсанаа өмсөж бүжиглэдэг байв. Түүнийг шүүмжлэх хүн олон байсан ч бүжгийн ертөнцөд тэрээр ихэд алдаршсан юм.

Найрагч

Сергей Есенин Рязаны Константиново сууринд төржээ. Дунд сургууль, багшийн сургууль дүүргээд Москвад ирж, махны лангуун дээр ажиллах болов. Гэхдээ үүний хажуугаар их сургуульд сонсогч боллоо. Ингээд 19 настайдаа Аристон гэх нууц нэрээр анхны шүлгээ хэвлүүлж, 20 настайдаа Петербургийг зорин Блоктой танилцаж, түүнд шүлгүүдээ өгчээ.

Есениний алдар хүнд хурдан өсөв. Үүнд гагцхүү авьяас нөлөөлсөнгүй, тухайн үед нийтлэг байсан бэлгийн чиг хандлага түүнийг алдаршихад нөлөөлсөн гэдэг. Сергей Городецкий, Николай Клюев нар түүнийг ихэд сонирхдог байсан тул яруу найргийн ертөнцөд байр сууриа бэхжүүлэхэд нь туслаж байв. Тэр бүү хэл Клюев Есенинийг фронт руу цэрэгт татагдахаас нь аварч байсан гэдэг.

Гэхдээ Есенинд учир ургуулах эмэгтэйчүүд ч олон байлаа. Тэдний нэг нь Анна Изряднова байв. Есенин түүнтэй гэрлэж, хүү төрүүлжээ. Гэхдээ хүүгээ төрөхөөс ч өмнө найрагч нутгийн амьдралаас уйдаж, Крым рүү явахаар шийдсэн аж. Гэвч тэд хоёулаа явах мөнгө байсангүй. Есенин ганцаараа явж, удалгүй тэд хоёр тийш болцгоожээ.
Харин жүжигчин Зинаида Райхтай 1917 онд гэрлэж, дөрвөн жил хамт амьдран, Татьяна, Константин гэсэн хүүхдүүдтэй болжээ. Тэд мөн л Есениний авираас болж салсан юм.

Москва руу хөтлөх зам

Сергей Есенин

Айседора ч хүүхдүүдтэй байв, гэхдээ хэзээ ч гэрлэж байсангүй. Гэрлэх ч үгүй гэж тэр ярьдаг байв. Алдарт найруулагч Гордон Крэгтэй учир ургуулсан Айседора Дерде хэмээх охин төрүүлсэн бол оёдлын машины эзэнт улсын өв залгамжлагч Парис Зингерээс Патрик хэмээх хүү төрүүлжээ. Гэвч 1913 онд хоёр хүүхэд нь Сена мөрний гүүрнээс унасан автомашины ослын улмаас нас барсан аж. Үүнээс жилийн дараа дахин нэг хүү төрүүлсэн ч хүү нь төрснөөсөө хэдхэн цагийн дараа нас баржээ.

Харин түүний карьер маш амжилттай байв. Францад тэрээр бүжгийн сургуультай, Грект Бүжиг судлалын төв байгуулсан байлаа. Гэвч хүүхдүүдийнх нь үхлээс үүдэлтэй сэтгэл гутрал түүнийг орхисонгүй. Тиймээс Зөвлөлтөөс түүнд санал тавьж, Москвад бүжгийн сургууль нээхийг урихад тэр зөвшөөрчээ.

Тэд учрав

Айседора Дункан Москвад ирснийхээ дараахан л жинхэнэ дуулиан шуугиан болов. Тэр Пречистенкад пролетарийн хүүхдүүдэд зориулсан бүжгийн сургууль нээж, Москвагийн дээдсийн хүрээлэнгийнхний амьдралд оролцож эхэллээ. Есенин түүнтэй танилцах гэж ихэд чармайсан ч удаа дараа бүтэлгүйтэж байв. Харин 1921 оны 10 дугаар сарын гуравны өдөр тэд зураач Георгий Якуловын төрсөн өдрөөр танилцжээ.

Тэд нэгнээ огт ойлгохооргүй байв, Есенин гагцхүү оросоор, харин Айседора англи, францаар ярьж, оросоор хэдхэн үг хэлдэг байлаа. Гэвч энэ хэдхэн үгс тэдэнд хангалттай байв.

Айседора Дунканы хэвлэлийн нарийн бичгийн дарга Илья Шнейдерийн дурссанаар, Есенин тэдний урлан руу “Дункан хаана байна?” гэсээр орж ирэн, хэдхэн минутын дараа Айседорагийн өвдгөн дээр толгойгоо тавин суудаг байсан бол Айседора Есениний үсийг илж “алтан толгой”, “сахиусан тэнгэр” хэмээн хэлдэг байсан гэдэг. Айседора оросоор ердөө ийм цөөхөн үг мэддэг байж.

Анхандаа Айседора Есенинийг Патрик хэмээн дууддаг байжээ. Хүү нь өсөж том болсон бол яг л ийм төрхтэй залуу болох байсан гэж Айседора боддог байв. Харин Есенин Айседорад шүлгүүдээ уншиж өгдөг байлаа. Айседора харь хэлээр бичсэн тэр шүлгүүдийг огт ойлгодоггүй байв.

Удалгүй Есенин Дунканыд амьдрах болов, тэдний учрал дээдсийн хүрээлэнгийнхний чихэнд хүрлээ. Тэднийг ихэвчлэн муугаар ярьж, гоочилж байсан гэдэг.

Тэдний хамтын амьдрал тун ээдрээтэй. Есенин архи ууж, хардаж, хэрүүл шуугиан тарьж, хувцас хунараа аван орхин явдаг байсан гэдэг. Тэр тоолонд Айседора түүнийг хайж олон, гэртээ эргүүлэн авчирна. Есенин Айседораг элдвээр харааж, тэр бүү хэл гар хүрнэ.

“Би хоёр эмэгтэйг зодож байсан. Зинаида болон Айседораг. Дахиж тэгэж чадаагүй. Миний хувьд хайр бол аймшигт шаналал, энэ үнэхээр шаналгаатай” хэмээн Есенин өгүүлж байв.

Есенин Зинаидаг хайрласан хайр нь хачирхалтай, тэр Зинаг хайрлахын хэрээр үзэн яддаг байсан гэж намт зохиогч дурссан байдаг. Яг л үүнтэй адил Есенин Айседораг ч үзэн яддаг байв.

“Есенин Айседорагийн хувьд эзэн нь, ивээгч нь болсон. Айседора яг л нохой шиг захирагдаж, өөрийг нь зоддог хүний гарыг, хайр биш үзэн ядалт харагдах нүдийг нь үнсдэг байв. Тэр бүжиглэсээр л байсан” хэмээн хожим нь тэдний харилцааны талаар яруу найрагч Анатолий Мариенгоф бичжээ.

Хэзээ ч гэрлэхгүй гэж ам тангараг өргөж байсан Айседора 1922 онд Есенинтэй гэрлэв. Тэд хилийн чанадыг зорихын тулд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, Дункан-Есенин гэсэн овогтой болжээ. Хэсэг хугацаанд Европд байсан хос дараа нь Америкийг зорьж, Айседора нөхрийнхөө яруу найрагчийн карьерт нь туслаж байлаа. Шүлгүүдийг нь хөрвүүлэх, хэвлүүлэх ажлыг хариуцаж, яруу найргийн уншлагын үдэшлэгүүд зохион байгуулж байв.

Гэвч Есенин Америкт байхдаа сэтгэл гутралд орж, хэрүүл шуугиан дэгдээх нь улам нэмэгдэн, сонины эхний нүүрэнд түүний тухай байнга гардаг болов. Ингээд тэд ЗХУ руу буцаж, удалгүй Айседора Парис руу явжээ.

Хагацал, үхэл

Сергей ЕсенинПарист байх үедээ Айседора Есенинээс цахилгаан утас авлаа: “Би өөр эмэгтэйд хайртай, түүнтэй гэрлэсэн, аз жаргалтай байна”.
Үүнээс хоёр жилийн дараа яруу найрагч “Англетер” зочид буудалд өөрийгөө дүүжилж нас барав. Айседора ч удаан амьд явсангүй.

Айседорагийн хүүхдүүд автомашинаас болж, амраг Есенин нь боомилж нас барсан бол Айсдеорагийн үхэлд энэ хоёр хүчин зүйл хоёулаа нөлөөлсөн юм. Ниццагийн бааранд тэрээр спорт автомашины худалдаачинтай туршилтын жолоодлого хийхээр тохиролцжээ. Энэ бол Есенин бие барснаас жил хагасын дараа байлаа.

Айседора урт гэгчийн ороолт зүүж, машинд суугаад “Баяртай найзууд минь, би нэр алдрын зүг явлаа” гэж хэлээд гараараа даллажээ. Энэ нь түүний сүүлчийн үгс байв. Түүний хүзүүг ороосон урт ороолт арагш хийсэж, дугуйнд орооцолдон, хэдхэн секундын дотор түүнийг боомилжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img