2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

МУУГЗ Б.Бат-Эрдэнэ: Аранзаа гэдэг нэрийг урлагийнхан л надад өгсөн

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Aranza” студийн хөгжмийн найруулагч, продюссер, хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнэтэй уулзаж хөөрөлдсөн ярилцлагыг толилуулъя. Говь-Алтай аймгийн уугуул эл авьяаслаг эрхмийг гавьяатын одонгоор энгэрээ мялаахаас өмнө ярилцаж байсан билээ.

– Монголын нийтийн дууны болон рок, попын жар далан дуучны цомогт миний дуунууд багтсан байдаг –

-Таны төрж өссөн нутаг хаанах билээ?

-Манай аав Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул болохоос би хотын унаган хүүхэд. “Таван зуун айл”, “Сансар”, Нэгдүгээр хороололд л өсөж хүн боллоо доо.

-Таны гэргий, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Болормаа “Миний хань, биднийг Багшийн сургуулийн хоёрдугаар курст байхад манай ангид цэргээс халагдан ирж орж байлаа” гэсэн байсан. Тэр үеийнхээ дурсамжийг сөхвөл…

-Багшийн сургуульд арван зургаан насандаа элсэн ороод, 1989 онд арван найман насандаа цэрэгт татагдаж Төв аймгийн Сэргэлэнгийн дивизид хоёр жил алба хааж ирээд сургуульдаа орсон. Багшийн сургуулийг 1993 онд төгслөө. Цэргээс халагдаж сургуульдаа орохдоо “Айзам-2” хамтлагийн даралтат хөгжимчин болсон байсан. Залуучуудын дунд нэр хүндтэй, тухайн үеийн МАХН-ын хамтлаг байлаа.

Бид сонгуулиар хөдөө орон нутгаар тоглолт их хийнэ. Амьд хөгжимтэй тоглодог хамтлаг “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, манай хамтлаг л байсан. “Хурд” хамтлаг эд нар байгуулагдаагүй үе шүү дээ. МАХН-ын “Ардчилсан социалист залуучуудын холбоо” анх байгуулагдаж байхад У.Хүрэлсүх дарга бид нар л хөдөө явж, тоглолт хийж, сурталчлан үүсгэн байгуулалцаж байсан. Энэ үедээ ангийнхаа охинтой танилцаж дотноссон доо.

 “Aranza”

-“Айзам-2” хамтлаг ч тухайн үедээ бас л од байсан шүү…

-Манай хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаярын дуулдаг байсан “Туяарах”, “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон”, “Бодлын үг”, “Хос алтан зул”, “Өнчин улиас” зэрэг дуунуудыг тэр үеийнхэн сайн мэддэг юм.

-Таны зохиосон анхны дуу юу билээ?

-“Айзам”-ын маань дуулдаг “Чамдаа зориулъя” гэдэг дууг цэрэгт байхдаа зохиосон. Олон улсын “Music quist” уралдаанд 1993 онд хоёрдугаар байрт орж байсан. “Трио” хамтлагийн “Чи минь” гэдэг дуу байна. Түүнээс хойш манай эхнэр Болормаагийн дуулсан “Арга ч үгүй хайр уу даа”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Намрын өнгө орлоо, ээж ээ” зэрэг дуунуудыг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа.

Цаашлаад “Take of” хамтлагийн “Цасан дээр”, дуучин Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, залуу дуучин Хосбаярын “Гүйгүүл морин”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн наран” олон ангит кинонуудын хөгжим, дуунууд гээд явж өгсөн дөө. “Гурван бүдүүн” хамтлагийн дуунууд, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрламаар” гээд нэлээд дуу байнаа.

-Киноны дуу олныг зохиож уу?

-Өө, олон байна. “Өнгөт инээд” продакшны “Зугтаарай” инээдмийн, “Заяаш” студийн “Тэхийн зогсоол”, “Помогите нам-1, 2”, хэлмэгдүүлэлтийн үеийн тухай “Улаан эрэг”, МҮОНТВ-ээр саяхан гарсан “Нарны жим” зэрэг киноны хөгжмийг хийсэн.

“Нарны жим” киноны “Чиний зурсан зураг” дууг дуучин Хулан, Амараа хоёр дуулсныг залуус нэлээд сайн хүлээж авсан. 1993 оноос хойш хийсэн уран бүтээлүүдээ нэг бүрчлэн тоолж үзээгүй. Лавтайяа Монголын нийтийн дууны болон рок, попын жар далан дуучны цомогт миний дуунууд багтсан байдаг юм билээ.

-Та өөрөө цомог гаргаагүй юм уу?

-Би рок попын дуунуудаараа нэг цомог 2005 онд гаргасан. Одоо хэрвээ цомог гаргавал хэд хэдэн хос цомог гаргахаар хэмжээний бүтээл байна. Зөвхөн хит болсныг нь шигшлээ гэхэд л. Клипүүд нь ч байгаа.

-Уран бүтээл гэдэг мөн ч сайхан шүү. Оюутан цагийн ангийнхан чинь аль хэр авьяастнууд байв?

-Хуучин ангийнхнаас “Элькондор”-ын Жагаа, удаахь ангид гавьяат жүжигчин, уртын дуучин А.Ширмэнтуяа, манай хүн гээд авьяастнууд байлгүй яахав. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармонид манай ангийн сайн хөгжимчид дүүрэн байдаг.

 “Aranza”
Гэргий, гавьяат жүжигчин Х.Болормаатайгаа танилцаж байх үe

-Ангийн охиноо аавынхаа нутгийнх гэж дотносоод амьдралын ханиар сонгов уу?

-Цэргээс халагдаад дөнгөж хорин настай, Болороо арван найман настай байсан болохоор хэн хэндээ хайраа өгч, хоёр жил үерхэж, дөрөвдүгээр курс төгсөхдөө хамт амьдарч эхэлсэн дээ.

-Өөрийг чинь урлагт уруу татсан хүн хэн байна?

-Миний аав Баатар Цэргийн ансамблийн найрал дуунд зогсдог алдарт “Жаран хар”-ын нэг дуучин хүн. Аавын минь нөлөө намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Ээж маань харин эмийн санч мэргэжилтэй хүн. За тэгээд, дунд сургуулийн дуу хөгжмийн багш минь байна. Багшийн сургуулийн хөгжмийн ангид ороход хөгжмийн онолын а үсэг болох До ноотыг заасан хүн бол алдарт дуучин Галхүү багш маань юм. Хөгжмийн онолоор багштай минь эн зэрэгцэх өндөр мэдлэгтэй хүн Монголд байхгүй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр, Чойгивын Сангидорж, Ё.Сүхбаатар, Д.Цэцэрлэг нараар хичээл заалгаж байсан болохоор бүгдийг нь “багш аа” гэж хүндэлж явдаг даа.

-Киноны хөгжим, дууны уран бүтээлүүдээ та хэдий хэрийн үнэлгээгээр хийх вэ?

-Миний уран бүтээлийн нэг онцлог нь дуунууд маань бүгд захиалгаар хийгдсэн байдаг. Дуучид юм уу, уран бүтээлчид, хувь хүмүүс захиалгаар хийлгэдэг. Би өөрөө бодож байгаад хийсэн дуу бараг байхгүй. Гэр бүлийнхээ хүнд зориулж харин ганц нэг дуу зохиож өгсөн юм байна. “Эр хүн” гээд Болормаагийн фэнүүд нь мэддэг дуу бий. Би ханьдаа “Гэгээн хайрын дуу”-гаа бичиж өгч байсан. “Хурын усаар хундагаа дүүргээд хувааж хоёул уумаар байна” гэсэн үгтэй дуу байдаг даа. Гэхдээ, манай хүн миний нэг их олон дууг дуулаагүй юм аа. Нөхөр нь зохиогоод эхнэр нь байнга дуулаад байх нь хэн ч бодсон утгагүй шүү дээ.

-Танай хүүхдүүд аав ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөх шинж байна уу?

-Манайх арван насны зөрүүтэй гурван хүүтэй. Ууган хүү Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад МУИС-ийг төгссөн. Уг нь сонсгол сайтай, хөгжмийн авьяастай хүүхэд. Тэгэхдээ манай хүүхдүүд урлагаар явахгүй юм шиг байна лээ. Урлаг гэдэг чинь зүрх сэтгэлээсээ үнэхээр дурлан байж амжилт гаргадаг салбар шүү дээ. Яахав, өөрсдийнхөө л сонирхол сонголтоор мэргэжлээ сонгоно биз дээ.

Aranzai
Манайх арван насны зөрүү зөрүүтэй гурван хүүтэй айл даа…

-Олны танил хүмүүсийн амьдрал нийгэмд ил байдаг нь хэцүү юм шиг санагддаг. Та хоёрын хувьд ямар байдаг бол?

-Миний хань ч тэр, би ч тэр зарим хүмүүс шиг зурагтаар байнга гараад байхыг хүсдэггүй, жирийн даруухан амьдардаг. Энэ нь ч амар байдаг. Тэрнээс аль нэг хэвлэл, цахим сайтад ярилцлага өгчихөөр доор нь бичиж байгаа сэтгэгдэл гээч юмаар ёстой худлаа авч өгдөг учраас олны анхааралд өртөөд байхыг хүсдэггүй. Зурагтаар гарах хүн цаагуур чинь өчнөөн байхад орон зайг нь булаалдаад хэрэггүй биз дээ.

-Та одоо ямар уран бүтээл дээр сууж байна?

-Өөртэй чинь уулзахаас өмнө “Honeymoon” гэдэг охидын хамтлагийн захиалгат шинэ дууг хийж өгөөд сууж байна. Баттунгалаг хэмээх шинэ дуучны “Нис нис” гэдэг дууг бичлээ. Оранжировка хийх дуунууд нэлээд байна.

Aranzai

-Дууны найруулга хийх, дуу бичиж өгөх тус тусдаа тогтсон үнэ ханштай биз?

-Монголд нэг дууны найруулгын үнэ таван зуун мянгаас нэг сая төгрөгийн үнэ ханштай (2014 оны ханшаар. Л.Б) байдаг. Миний хувьд шинэ залуу дуучдад хатуу үнэ тулгаад байдаггүй. Төслийн ч юм уу, намын дуу байвал төлбөрийг нь өндөр тохиролцдог. Би шинэ залуу дуучдыг их дэмжиж ажилладаг. Шинэ дуучин чинь цоо шинэ дуугаралт, уур амьсгалыг нийгэмд бий болгодог. “Номинталст” хамтлаг, гавьяат жүжигчин Алтанцэцэг, гавьяат жүжигчин Самандын Жавхлан, Т.Баясгалан нарын урлагт анх орж ирсэн дууных нь найруулгуудыг хийж өгч л байсан. Миний анх дэмжиж, дууных нь найруулгыг хийж өгсөн хамтлаг, дуучдаас олон хүн гавьяат болсонд баяртай байдаг юм.

-Таныг хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ гэхээсээ илүүтэй Аранзаа гэдгээр чинь хүмүүс сайн мэддэг. Ямар учиртай нэр юм бол?

-Урлагийнхан л бага залууд маань өгсөн хоч нэр гэх юм уу даа. Аранзаа гэсэн нэрэндээ ч одоо бүүр дасаж орхиж дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img