– Ном хэвлэл зарж, цагаан утас ажиллуулан, ундаа, мөхөөлдөсхөн худалдаж, цагдаад баригдаж элдвийг үзэж явлаа –
-Таны үеийн болон Монголын авьяаслаг зохиолчид таныг “Монгол хэлтэй гайхамшигтай зохиолч” гэж хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэр байтугай хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай “Шартолгой жаахан залхуу болохоос надаас ч том зохиолч” гэж хэлж байсан гэдэг. Та яагаад өөрийгөө голж явдаг юм бэ?
-Голдог ч биш юм аа. Намайг хүмүүс “Хэтэрхий даруу байна” ч гэх шиг. Зарим нь “Чи өөрийгөө доошоо хийж байна” ч гэх шиг янз бүрээр ярьдаг. Миний хувьд өөрийгөө дээшээ хөөргөдсөн ч юм уу, доошоо хийсэн ч юм байхгүй. Өөрийнхөө бичдэг зохиолоо туурвиад явж байгаа зохиолч шүү дээ.
Харин Лодонгийн Түдэв гуай миний “Дягваранз” романы өмнөтгөлд “Монголын уран зохиолд Шартолгой олны жагсаал дотроос урагшаа алхан гарч ирээд үзгээ гэрнээс нь суга татан гялалзуулснаар роман-совин хэмээх урьд дуулдаагүй төрөл зүйл бүтээсэн нь үнэхээр таана, хөмүүл амтагдсан ингэн ундаа болжээ. Үүгээрээ тэр шинэ туульс зохиогчдын нэрсийн жагсаалтын нэгдүгээрт өөрийнхөө нэрийг бичив” хэмээсэн удаатай. Найруулагч Баянцагааны Баатар энэ зохиолыг уншчихаад “Чи энэ цаг үеийг эрт мэдэрчээ. Яаж бодож олов оо” гэж байсан.
-Дорнын цэнхэр говийн Алтанширээ нутагтаа ойрд очоо юу?
-Би жилд нутагтаа нэг хоёр удаа очдог. Нутгаасаа гадна Өмнөговь аймаг руу судалгаагаар бас их очно оо. Энэ явалтууд зүгээр салхинд гарах төдий биш Говийн догшин ноён хутагтын амьдрал, уран бүтээлийг судлах тал руугаа нэлээд бүтээлч аялал байдаг даа. Энэ чиглэлээр “Саран хөхөө” жүжиг, “Ноён гэгээний нутгаар”, “Үлэмжийн чанар” зэрэг хэд хэдэн ном бүтээл хэвлүүлсэн.
-Та Ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөө” жүжгийг шинээр бичин, Драмын театрт тавиулж байсан даа?
-Хутагтын 190 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал дээр Л.Одончимэд “Саран хөхөө” жүжгийг Ш.Гүрбазараар бичүүлж тавих даалгавар өгч байсан. Ш.Гүрбазар тэр хурал дээр “Одончимэд минь, ээ бурхан минь.
Би “Саран хөхөө”-г бичих гээд оролдоод үзсэн чинь буян амлаж, бурхан шүтсэн ч чадахгүй юм билээ” гэж байсан. Би тэр үед ямар ч ойлголтгүй явж байсан. Анх “Саран хөхөө” жүжгийн шинэтгэсэн хувилбарыг бичээд, доктор Л.Хүрэлбаатараар “Чи түүнд гар дүрэх ямар жүд авсан эрхтэй хүн бэ.
Ямар адис жанлав хүртсэн хүн юм” гэж зад загнуулж байлаа. Яваандаа сонирхсоор, их түвдэч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар доктортой уулзсан. Түүний “Огторгуйн цагаан гарьд” номондоо “Саран хөхөө” жүжгийг орчин үеийн хувилбараар бичиж тавихад болохгүй юм байхгүй” гэсэн үг байсан. Тэгж уулзаад Ц.Дамдинсүрэн гуайн хэвлүүлсэн эх зохиолыг нь уншсан чинь бардаг хоол биш санагдсан. Уншаад уншаад ойлгогддоггүй, зуу гаруй дүртэй хэцүү жүжиг байна лээ.
Харин нутгийн өвгөчүүлийн хууч яриа цадигаас нэлээд зүйлийг ойлгож, хоёр жилд хэд хэдэн удаа бичиж үзүүлсэн. Л.Хүрэлбаатартаа үзүүлж, зассаар эцсийн хувилбарыг ардын жүжигчин, төрийн шагналт найруулагч Бирваагийн Мөнхдорждоо бариад очсон. Хөөрхий минь, тэр үед бие нь барагтай, тэргэнцэр дээр байсан хэрэг шүү дээ.
Миний бичсэн жүжгийг уншаад, маш уриалгахнаар хүлээн авч, суудлаасаа босуутаа л тайзнаа тавьсан даа. “Монголын театрын гарал үүсэл Дорноговиос эхэлжээ” гэдгийг үүгээрээ батлахыг оролдсон. Хутагтын “Саран хөхөө” тавигдаад 170 гаруй жил өнгөрчихөөд байсан хэрэг шүү дээ.
-Таны бага, залуу нас Алтанширээдээ л өнгөрсөн үү?
-Алтанширээдээ дөрөвдүгээр анги төгсөөд мал маллаж байгаад Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт жолооны курс төгсөөд арав гаруй жил техникийн ажил хийж, Дорноговийн соёлын байгууллагад арваад жил ажиллалаа. Хотод ирээд Хүүхдийн театр, Монголын зохиолчдын эвлэлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарах шив дээ.
Манай энэ нэг өрөөнд их яруу найрагч О.Дашбалбарынх амьдарч байсан юм билээ. (Зохиолч А.Шартолгой агсны амьдарч асан Тавдугаар сургуулийн хажуу талын байрыг хэлж байж. Л.Б) Энэ байрыг надад олгуулах гэж тэр хүү Зохиолчдын хорооны дарга Д.Гармаатай хүртэл ам муруйж л байсан.
-Дашбалбар багш танд элэг сэтгэл нэгтэй байж дээ. Монголын театрын урлагийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Л.Ванган гуайн шавийн хувьд ярих хөөрөх зүйл бишгүй байна биз?
-Ванган зохиолчийн хойно өмнө нь гүйж, асуух юмаа асууж л явсан. Жүжиг, кинонд сонирхолтой болохоор би тэр хүнд татагдсан байх. Надад тэр хүн санаа бодлоо харамгүй хайрладаг байсан. Ванган гуай “Чамайг би нэлээд жишиж байгаад хаячихнаа. Сэхнэ үү, мөхнө үү, өөрөө мэдээрэй” гэдэг байсан юм. Утга зохиолын бүхий л чиглэлээр бодол санаагаа найман ч захианд бичсэн нь миний насан туршийн мөрдвөл зохих ном сургаал болсон доо.
Ванган гуайн оролцдоггүй урлаг, соёлын салбар Монголд нэг ч байгаагүй. Тийм өргөн хүрээтэй мундаг уран бүтээлч байсан даа. Ч.Лодойдамба гуай нэг удаа Ванган гуайг “Чи өөрийнхөө уран бүтээлийг хийхгүй хүний юманд хамаг хүч, авьяасаа шавхаад байх юм” гэж загнаж байхыг харсан. Хүний төлөө тийм л халуун сэтгэлтэй хүн байсан юм.
-Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид та хоёр нэг нутаг нугын хүн. Уран бүтээлчийн хувьд аль хэр ойр вэ?
-Дорноговьд байхдаа бид хоёр ажил төрлийн холбоотой, ойр л байсан. Хот орон газар чинь хүрээ томтой юм, тиймээс одоо хааяа л нэг уулзах юм даа. Хөдөө байхдаа бие биедээ зохиол бүтээлээ уншдаг л байсан. Тэрнээс нийлж дарвиж явсангүй.
Саяхан “505-ынхан” гэж кино хийж байгаа талаар гарч байна лээ. Сайхан бүтээл хийж байгаа гэсэн шүү. Миний уран бүтээлийн хамгийн ойрын хүн маань Чойрын яруу найрагч Р.Батжаргал юм даа.
-Та олны хүртээл болсон кинотой бил үү?
-Би кино хийгээгүй хүн. “Ноён хутагт Равжаа” гэсэн туульсын хоёр гурван ангит кино бичээд байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр аваад орсон. Санхүүгийн боломж байхгүй гэсэн.
Мөнгөтэй хүн, мөнгөтэй албан газар хоёр ч урлагт тэр бүр сайнаар ханддаггүй юм шиг байна. Сэтгэлтэй хүн л алгаа тэнийлгэдэг бололтой. Тэрнээс гадна “Тахилчийн нүүдэл” гэж баримтат-уран сайхны кино зохиол бичсэн. Дорноговийн маань хэсэг сэтгэлтэй залуус ивээн тэтгэж байгаа.
-Зохиолч Б.Догмидын “Цамхагийн цагаан салхи” гэдэг тууж байдаг. Та Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллаж байсан болохоор энэ тухай бас зохиол бичээ байлгүй?
-Нефтийн үйлдвэрийн тухай ойлголт надад зохих хэмжээгээр байна л даа. Яагаад гэвэл би 1954 онд жолоочийн курс төгсөөд тэнд арваад жил ажилласан. Би одоогоор нэг ч зохиол бичээгүй байна. Тэнд ертөнцийн хамаг сайхан хүн цугларчихсан юм уу гэмээр орос, хятад, хасаг, чантуу, халх, буриад гээд есөн хэлийн амьтан хөлхсөн газар байсан. Бичвэл яахын аргагүй сайхан сэдэв мөн л дөө.
Манай Догмидын уран чадвар чинь чөтгөрийг ч илбэдээд явуулчихаж чадах сайхан хэл, найруулгатай зохиолч шүү дээ. Нефтийн үйлдвэрийн талаар, цэргийн амьдралын тухай гээд бичиж амжаагүй олон сэдэв байна. Даанч амжил болохгүй л байна. Би одоог хүртэл олигтойхон юм бүтээж амжаагүй л явна. Бодож санаж яваа юм нэлээд бий. Чөтгөр чөлөө өгч, бурхан насны авшиг хайрлах болтугай гэхээс өөр хэлэх юм алга. Нас хүрэх юм уу, үгүй юу?
-Яруу найрагч Чойномын мэндэлсэн (1935 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн. Л.Б) өдрөөр найрагчийн тухай жүжиг бичиж, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар Чойном, Чойномын ээж нарын дүрийг тайзнаа амилуулсан. Та найрагчийг аль хэр таньдаг байв?
-Би “Р.Чойном” уянгын өчил бүхий драмын жүжиг бичиж, Улсын драмын эрдмийн театрт 2007 онд тоглогдсон. Р.Чойном бол бидний дунд саяхныг хүртэл оршин байсан хүн. Би уулзаж байгаагүй. Нэг удаа барааг нь харсан.
Зохиолчдын дөрөвдүгээр их хурлын үеэр юм даг. Их хурал Эмнэлэг гэгээрлийн ордонд болж байсан. Завсарлагаар үдийн хоолонд орчихоод иртэл нэг шавартай довон дээр өрөөсөн хөлөөрөө догонцсон, бакиалан гуталтай, хар дээлтэй нэг нөхөр зогсоод байсан юм. Тэгсэн нэг залуу гарч ирээд “Чойном чи Бүгд хуралд ордоггүй юм уу” гэдэг юм. Тэгэхэд тэр нөхөр “Би Бүгд хуралтай, хуралгүй зохиолч оо” гэж хэлж байсан. Тэгэхэд л “Чойном гэдэг найрагч энэ хүн юм байна” гэж бодоод өнгөрсөн.
“Чойном” жүжгийн нээлтийг Хэнтий аймгийн Дархан суманд хийж байсан. Дараа нь Драмын эрдмийн театрт тоглосон. П.Цэрэндагва, Д.Мэндбаяр хоёр сайхан тоглосон шүү. Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Дорлигийн Ганболд маань уран бүтээлийн их урам хайрладагт би их баярлаж явдаг юм.
-Шинэхэн номоо өлгийдөж авлаа гэсэн. Ямар ном гаргав даа?
-“Ноён гэгээний тууж”-ийнхаа гуравдугаар дэвтрийг гаргалаа. Миний арван зургаа дахь ном. Түүний ес нь Говийн догшин ноён хутагттай холбогдолтой юм. Түүнээс гадна “Саран хөхөө” жүжгийн шинэтгэсэн хувилбар жүжиг, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг бичсэн.
Төвийн театрууд аль хэдийнэ тавигдсан. Би говь, Равжаа хоёроо өөрийнхөө хэмжээнд хэнээс ч илүү төсөөлнө. Хийе гэснээ л хийлээ, чадах хэрээрээ л бичиж үлдээлээ. Сүүлийн гуч гаруй жилийн хөдөлмөр юм байгаа юм.
-Энэ олон номыг хэвлүүлж олны хүртээл болгоход аргагүй л их хөдөлмөр шаардана л даа?
-Би авьяастай чадалтайдаа номуудаа гаргаад байгаа юм биш. Эртний ерөөлөөр учирсан бурхны элч байх гээд хэлчихэд илүүдэхгүй “Жиком пресс” хэвлэлийн компанийн захирал, доктор Д.Ганболд, түүний гэргий Ш.Ариунтунгалаг хоёрын сайхан сэтгэл, нөхөрсөг тусламж дэмжлэгтэйгээр энэ олон номыг уншигчдадаа хүргэсэн. Тэд байгаагүй бол би эд бүгдийг хийж чадахгүй байсан. Миний энгэр дээр олон одон шагнал ярайж байна.
Энэ бүхнийг төр засаг надад соёрхон хайрласан нь үнэн боловч санаагаар болдогсон бол энэ хоёр хүний энгэр дээр л очилтой шагнал. Төрийн хайр хишгийг би эс хүндэтгэсэндээ биш, журмын сайн нөхдийн сэтгэл зүтгэл, сайн санааны үүднээс над руу тэнийсэн алтан мутрын ач ивээл дор миний номууд уншигчдын гарт очих алтан боломж тохиосон юм.
-Шартолгой гэдэг нэрийг ямар учиртай өгсөн юм бол?
-Та миний Авидын Шартолгой гэсэн нэрийн тухайд асууж байх шиг байна. Би чинь айлын өргөмөл хүүхэд. Тэглээ гээд энд нууцлаад байх этгээд онцгой зүйл байхгүй. Энэ талаар бичвэл бэсрэгхэн туужийн дайтай юм бичиж болохоор. Ганц та ч биш, өөр ганц нэг хүмүүс асууж шалгааж байсан удаа ч бий.
Тодорхой түүх намтар яривал юм байлгүй яах вэ. Миний амьдрал бол хүмүүний хорвоод байдаг ердийн л нэг амьдрал. Би бусдын адил эгэл жирийн амьдралыг туулж ирсэн нэгэн. Зовлон зүдгүүрт унаж шаналах өдөр хоног байхад жаргалтай, сэтгэл тэнүүн явсан өдрүүд олон байсан.
-Дорноговь аймгийн театрын тайзнаа 1969 онд “Намын даалгавраар” жүжгээ тавьж байж. Тэгэхээр та түүнээс ч өмнө үзэг цаас нийлүүлж байсан болоод байгаа юм?
-1957 оноос шүлэг зохиол сонирхож, эхлэн бичигч болсон. Дорноговийн соёл урлагийн байгууллагад ажиллаж байхдаа таван жүжиг тайзнаа тоглуулсан байдаг. Одоо эргээд бодоход үзэл сурталд автсан цаг үеийн номлол байж. Бүгдийг нь устгаад галд оруулчихсан. Тухайн цаг үедээ болж л байсан юм байлгүй. Зарим нь зүүн гурван аймгийн Соёлын ордны урлагийн үзлэгт тэргүүн байр эзэлж байж билээ.
-Говийн Тавдугаар дүрийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжай гэж агуу зөн билэгтэй авьяас билгийн эзэн болсон түүхэн хүний тухай таны бүтээлийн сэдэв голлодог нь ямар учиртай бол?
-Өнөө цагт нэг үеэ бодвол өвгөдийн далд хүчний тухай болоод зургаадахь мэдрэхүйн талаар их ярих болж. Хүмүүн төрөлхтний түүхэнд ер бусын сод ухаантан олон байсан гэх боловч ёр зөн хийгээд зургаа дахь мэдрэхүйн талаар амьдрал дээр ноттой батлагдсан нь Болгарын Ванга эмээгээс өөр хүн байна уу.
Энэ талын эрэл сураг бүх цаг үед байсан. Гитлер Баруун Европыг донсолгож байхдаа Шамбалын орон байдаг эсэхийг олж тандуулахаар Энэтхэг, Түвд рүү тусгай нууц экспедицийг илгээж байсан гэдэг. Оросын суут эрдэмтэн Н.Рерих ч мөн адил Шамбалын орны үүд хаалгыг олж нээх гэж насныхаа хамаг ид ирмүүн үеийг цаст Гималайн орчинд хэрэн бэдэрч өнгөрүүлсэн. Энэ бүгдийг юу гэж хэлэлтэй вэ.
Ер нь “Шамбалын орон гэж байсан юм уу” гэсэн асуултад хариу олоход хүрнэ. Энэ л учир Н.Рерих “Гэгээн Шамбал” номоо бичиж үлдээхэд хүрсэн биз. Тэгтэл 1851-1853 онд ноён хутагт Данзанравжаа Хамарын хийдийн хойд дэнж Луутын цав газарт 108 суварга бүхий Шамбалын оронд зорчих үүд хаалгыг тэгчилэн бүтээсэн.
Энэ нь хойч үеийн хүмүүс болоод эгэл шавь нартайгаа уулзахын ерөөл тавьсан хэрэг юм. Үүнийг үлгэр домгийн явдал гэж үзмээр байвч Н.Рерих эцэс төгсгөлгүй их эрлийн эцэст “Шамбалын орон Монголын говьд байна. Шамбалын нууц түлхүүрийг барьсан нэгэн хүн Монголын говьд байна” гэж 1928 онд бичсэн нэг бүтээлийг хүмүүс хэдийнэ мэдэх байх. Энэ мэт их үйлсийн үзүүр, зангилааг өчүүхэн над мэттэй холбогдуулан асуулт тавих нь хэтэрхий хэтийдсэн хэрэг болов уу. Надад дэндүү ахадсан асуулт юм даа.
-Уран бүтээлч хүний хань гэж агуу уудам сэтгэлтэй улс байдаг даа?
-Миний хань Банзрагч гэж хүний хайлан болсон хүн байлаа. Хань минь миний уран бүтээлийн хамгийн тулах төв цэг байлаа. Түүнийгээ бурхны оронд заларснаас хойш тархи байвч сэтгэл хоосорсон доо. Арай гэж хэдэн жил дамнуулж байж, туужийнхаа гуравдугаар дэвтрийг дуусгасан даа. Сайхан хүүгийн түшиг, сайн нөхдийн дэмжлэгээр явж байлаа.
Нийгэм шилжилтийн үед би бусдын адил гудамжинд гарсан. Ном хэвлэл зарж, цагаан утас ажиллуулан төлбөртэй яриа яриулж, гар утасны карт зарж, ундаа, мөхөөлдөсхөн худалдаж, цагдаад баригдаж, ном сониноо хураалгаж, элдвийг үзэж явлаа. Тэр жилүүдэд хүү бид хоёрыг хань минь л эсэн мэнд авч гарсан даа. Үр, хань хоёроо тэжээж хувцаслах гэж хань минь өдөр шөнөгүй дээл оёж, түүнийгээ зарж борлуулах гэж бараан захын хөлдүү талбайд өвөл зунгүй зогсож байж биегүй болж, эрүүл мэндийн хувьд нэрвэгдэн урт наслаагүй гэж боддог.
Ханийнхаа төлөө, хүүхдүүдийнх нь ач ивээлээр буяны суварганд чандарлуулсанаас өөр юу ч хийж чадаагүйдээ одоо хүртэл гансарч суудаг. Хань минь надад хэзээ ч гомдол, тунирхлын үг хаяж байсангүй. Эрүүл саруул болох гэж 46 жилийн ихэнх хугацаанд хоёулаа эмнэлгээр явж байхдаа бид хэн хэндээ тунирхах зав байсангүй. Тийм шалтаг ч гарсангүй, дөнгөн данган эв эрүүл, сав саруул болоод ирмэгцээ л хэдхэн хоногийн дараахан бурхны оронд явчихсан даа.
Одоо хэдий сайн сайхан явлаа ч ханийг минь орлож тайтгаруулах юм энэ хорвоо дээр даанч алга. Уран бүтээл оролдож, өөрөө өөрийгөө аргадаж хуурч суух юм даа. Хааяа хэдэн ач дээрээ очихоор сэтгэл доторх далд нууцын бүх шаналан мартагдаж, сэтгэл минь ариусаж саруулсдаг.
МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Авидын Шартолгойн
уран бүтээл
- “Оргил” /1990/ шүлгийн түүвэр
- “Сургүй мөнгөн хазаар” өгүүллэгийн түүвэр
- “Одтой явах нас” өгүүллэгийн ном
- “Дигваранз” /1999 он/
- “Маргааш дайн эхэлнэ” /1999 он/
- “Домгийн цэнхэр говь” /1999/ өгүүллэг
- “Их хөлийн зарга” өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн ном.
- “Саран хөхөө” /2000/ жүжиг
- “Ноён Хутагт Равжаа” /2001/ кино зохиол, судалгааны бүтээл
- “Үлэмжийн чанар” /2011/ дуулалт жүжиг
- “Ноён Гэгээний нутгаар” /2011/ Равжаа судлал
- “Говийн Ноён гэгээний тууж гурван дэвтэр зэрэг тайз, дэлгэцийн бүтээл, өгүүллэг, тууж, роман тэргүүтэн 20 гаруй ном хэвлүүлсэн нь Монголын уран зохиолд “Роман совин” гэх шинэ төрөл зүйл бий болгож, Равжаа судлалд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нэрт уран бүтээлч, авьяаслаг зохиолч байсныг илтгэнэ.
- Тэрээр 1997 онд “Одтой явах нас” ном, “Хөх лаврингийн салхи” зохиолоор МЗЭ-ийн шагнал,
- 1999 онд Соёлын тэргүүний ажилтан,
- 2005 онд “Саран хөхөө” дуулалт жүжиг нь “Гэгээн Муза” наадмын гранпри шагнал,
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- 2013 онд “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,
- 2018 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол
- 2023 онд МЗЭ-ийн оны шилдэг бүтээлийн кино, жүжгийн төрөлд “Алтан өд” шагнал, “Гэгээн Муза” шагналыг тус тус хүртжээ.
- Монгол Улсын Соёлын яамнаас гаргасан эмгэнэлд түүний тухай “Догшин хутагтын номхон элч”, алтан шаргал элсэн давлагаан дундах энергийн эх орон Дорнын их говьд төрж өсөж, хутагт, нутаг хоёроо мөнхөд бичиглэн хойч үеийнхэнд хүргэж өгч буйгаас “Шамбалын шар бичээч” хэмээн нэрийддэг байсан. Таны аядуу зөөлөн зан чанар, төрмөл авьяас билиг Монголын уран зохиолын цаглашгүй түүхнээ өнө мөнхөд хоногшин дурсагдах болно” гэж дурджээ.