2024-07-03, Лхагва
20 C
Ulaanbaatar

Зөвлөлтийн бразилчууд гэгдэж байсан гүржүүд “Евро-2024”-ийн дуулиан болов

Задарч бутран нэгэнт түүх болж үлдсэн ЗХУ-ын хоёрхон баг Европын цомтой багуудын цом (одоогийн Европын лигтэй дүйх юм уу даа)-ыг өргөсөн байдаг.

Тэдгээр нь Европын ногоон талбайд ямагт жулддаг байсан ЗХУ-ын нийслэл Москвагийн хүчирхэг “Спартак”, “Динамо”, “Торпедо” юм уу “ЦСКА” биш. Харин өргөн уудам нутагтай тус улсын зах хязгаар буюу Украины Киевийн болон Гүржийн Тбилисийн “Динамо” багууд гэдгийг манай хижээл, өтөл насны насны хөлбөмбөгийн хорхойтнууд андахгүй сайн мэднэ.

Тбилисийн “Динамо” 1981 онд Английн “Ливерпуль” багаас авахуулад Европын ланжгаруудыг ар араас нь авахуулан хиар цохин сенсаац дэгдээхэд хөлбөмбөгийн орон орны тоймчид, бас үзэгчид Зөвлөлтийн бразилчууд гэж гайхан шагширч байсан гэдэг.

Гүржүүд оросууд шиг хахир хатуу, болхидуу бус харин ч маш сонирхолтой, эмооцтой, техниктэй тоглолт үзүүлж байсны учраас тэр.

Гүрж хүн амаараа (3.7 сая) манайхаас нэг их хол тасарсан улс биш. Тэгсэн хэрнээ спортын амжилтаараа тасархай. Манай жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчдын шаггүй өрсөлдөгчид гэвэл чухамхүү Кавказын нурууны энэ улсын бөхчүүд.

Тэгвэл өмнөтгөлөө орхин цааш тэмдэглэхэд, дөрвөн жилд ганцхан удаа болдог Европын аварга шалгаруулах ээлжит “Евро 2024” тэмцээний хэсгийн үе шатанд хамгийн их дуулиан тарьсан нь үнэндээ Гүржийн шигшээ баг л боллоо.

Францын өмнө гишгэж хэсгээ тэргүүлсэн Австрийг эс тооцвол шүү дээ.
“F” хэсэгт Португал, Чех, Турк гээд хөлбөмбөгт нэр нөлөө бүхий том багуудын дунд хуваарилагдсан Гүржийн шигшээ багийг өрсөлдөгчиддөө олон гоолын зөрүүгээр хожигдохгүй бол нэр төрийн хэрэг гэж үзэгсэд цөөнгүй байв. ФИФА-гийн чансаанд ердөө 74-т бичигддэг учраас л тэр.

Гэвч юу болов?

Франц дасгалжуулагч Вилли Саньолийн дөрвөн загалмайтнууд (Гүржийн төрийн далбаа дөрвөн улаан загалмайтай) эхлээд Турктэй “тулалдсан”. Харамсалтайгаар 1:3-аар хожигдсон л доо. Гэхдээ дуусах хүртэл нь тэр тоглолтыг үзэхгүй байх аргагүй асар их сэтгэгдэл төрүүлсэн шоу байлаа. Гүржүүд хожих ч магадлал байсан. Ямар сайндаа тэр тоглолтыг хэсгийн үе шатны хамгийн үзүүштэйгээр сонгож байхав.

Дараа нь Гүрж юутай ч Чехтэй 1:1-ээр тэнцээд эхний оноогоо авав.

Ганцхан оноотойгоо үлдвэл мэдээж хэсэгтээ сүүл мушгиад гэрийн зүг явах нь тодорхой.

Гэтэл хэсгийн сүүлийн тоглолт Криштиану Роналду тэргүүтэй Португалийн баг.

Португалийг хожихгүй л бол Гүрж хэсгээсээ шалгарч чадахгүй. Ийм мундаг багтай хамгаалалтдаа онцгой анхааран тоглож хайнцаад нутагтаа нэр хүндтэй буцах боломж уг нь бий.

Гэвч гүржүүд тэгээгүй. Тэд хэсгээ тэргүүлж плей-оффт шалгарах нь нэгэнт тодорхой болж тайвширсан Португалтай яс үзэхээр шийджээ. Бүр ялахын төлөө.

Хоёр улсын төрийн дуулал эгшиглээд тоглолт эхэлсэн үү үгүй юу Гүржийн гол од Хвича Кварацхелия Португалийн хаалганд бөмбөг оруулав. Түүнийг Италийн Неаполь хотод “Кварадона” гэж өргөмжлөн биширдэг билээ. Учир нь тэрээр тус хотын “Наполи” багийг домогт Диего Марадонагийн үеэс хойш 13 жилийн дараа Италийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Улмаар 57 дахь минутад Жорж Микаутазе 11 метрийн торгуулийн цохилтоор Португалийн хаалгыг дахин мялаасан даа.

Криштиану Роналду энэ тоглолтод Португалийн ахлагч байсан ч шүүгчтэй маргалдахаас өөр юу ч хийж чадаагүй.

Иймээс ч дасгалжуулагч нь нас өндөр болсон од түүнийг сэлгээнд суулгасан биз.

Франц дасгалжуулагчтай Гүржийн шигшээ баг тоглолтыг итгэлтэй нь аргагүй өөрийн хаалгандаа гоол алдалгүй хуурай дуусгаж чадсаныг тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр Гүрж түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд шалгарангуутаа шууд хасагдах шат руу шалгарлаа. Үүнийг дуулиан гэхгүй бол өөр юуг дуулиан гэх вэ!

“Евро 2024”-ийн бусад онцлогийг нэрлэвэл Балканы дажгүй багууд болох Польш, Серб, Украины багууд тааруухан тоглож цаг бусаар нутгийн зүг жолоо барих болов.

Харин Австри Киллиан Мбаппе тэргүүтэй Францын оддын багийн өмнө гишгэж хэсгээсээ нэгээр шалгарлаа. Францаас гадна Нидерландын өмнө шүү. Үүнээс гадна Румыныг хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарна гэж тооцоолж байсан хөлбөмбөгийн хорхойтон ховор биз ээ.

Румын оддын баг Бельгийг ардаа орхисон доо.

Ер нь энэ тэмцээнд аз, эз их байна аа. Энэ нь л хөлбөмбөгийн хорхойтнуудыг илүү их татаж байгаа нь тодорхой.

Хэсгийн үе шатанд нэг ч оноо алдаагүй багаар “улаан хилэн” Испани тодорлоо.

Тэд “үхлийн” гэж нэрлэгдсэн хэсэгт Итали, Хорваттай хуваарилагдсан нь үүнд нөлөөлсөнгүй. Тус баг өрсөлдөгчдийнхөө хаалганд таван бөмбөг оруулж, өөрийнхөө хаалганд нэгийг ч алдаагүй.

Үүнээс гадна Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авагч орон Германы шигшээ баг ч гараагаа хүчтэй эхэллээ. Герман эхлээд Шотландыг 5:1-ээр хожиж, дараа нь Унгарыг 2:0-ээр итгэл төгс давамгайлаад улмаар Швейцарт сүүлчийн минутад гоол хийн тооны харьцааг тэнцүүлж дөнгөн хэсгээсээ мөн л нэгээр гарсан.

Харин эл тэмцээнд түрүүлж болзошгүй гэх Английн тоглолт тус улсын төдийгүй, бусад улсын хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд нийцсэнгүй. Англи хэсгийн үе шатны гурван тоглолтод хоёрхон гоол хийсэн ч энэ нь дараагийн шатанд шалгарахад хангалттай байлаа.

Ингээд, плей-офф буюу шөвгийн 16-д аль баг алинтай таарсныг сонирхуулъя.

Испани-Гүрж
Нидерланд-Румын
Франц-Бельги
Англи-Словак
Итали-Швейцар
Герман-Дани
Австри-Турк
Португал-Словени

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img