2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

До.Цэнджав: Нүүдэлчний модернизм бий болж байж Монголын утга зохиол дэлхийд танигдана

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, С.Буяннэмэхийн шагналт утга зохиолын судлаач шүүмжлэгч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч нийтлэлч зохиолч, доктор, профессор олноо До хэмээх овгоороо алдаршсан их туурвилч Долгорын Цэнджавтай уулзаж уран бүтээлийн халуухан яриа өрнүүлсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэх хорооны 2011 оны шилдэг романаар түүний “Цагаагчин гахай жил” роман шалгарч, “Цэвдэг жаран”, “Босоо жаран” романууд нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний утга, уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлсэн байдаг. Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга асан До.Цэнджав 2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд, 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү” эсээ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал тус тус хүртжээ. Утгын чимэг богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэгүүд 16 удаа дэд, гутгаар байррт шалгарч байсан бол “Тамга” өгүүллэгээрээ өнгөрөгч онд тэргүүн шагнал гардсан юм. Тэрээр “Чонын алтан шагай” роман, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”, “Хөх жавар”, “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу”, “Мянган цэн үг”, “Он цагийн шастир”, “Дээдэс өршөө”, “Бөмбөгөр ногоон”, “Цагаагчин гахай жил”, “Цахарын хар шуурга”, “Гүн тайгын манан”, “Цэвдэг жаран”, “Босоо жаран” зэрэг өгүүллэг, тууж, эсээ, роман, рубайн төрлөөр олон арван ном туурвижээ.

– Хүн ерөөс танигдахгүй ертөнц, дотоод мөн чанарын амьтан –

-Та сая хөдөө яваад ирлээ гэсэн үү?

-“Баатар ван” гэдэг амралтад хүүхдүүд маань сайхан амраалаа. Булганд байдаг, Хатанбаатар Магсаржавын нутаг юм байна.

-Сүүлийн үед уран бүтээл юу туурвиж байна?

-“Цагаагчин гахай жил” романаасаа хойш “Цэвдэг жаран”, “Босоо жаран” гээд хэд хэдэн романаа гаргалаа. “Цэвдэг жаран” романд өнгөрөгч зууны гучаад оны хэлмэгдлийн хар сүүдрийн тухай, Ерөнхий сайд Гэндэн, Цэргийн яамны сайд Дэмид нарын тухай бичсэн. Олон ч жил судалсан даа. Романы судалгаа хийнэ гэдэг бичих зүйлийн тэн хагас нь байдаг юм шүү дээ. Хэцүү, маш зовлонтой. Түүхэн, уран сайхны зохиол гэхээр хэцүү. Түүхийг гуйвуулж болохгүй. Тэр үеийн амьдралаар амьдарна.

“Босоо жаран” роман маань Маршал Х.Чойбалсангийн амьдралын сүүлийн жилүүдийн тухай бүтээл. Чойбалсан хэдийгээр аймшигт аллага үйлдсэн ч Коминтернийн аргагүй шахалтад орсон эмгэнэлт нэгэн хувь дүр шүү дээ. Энэ Монгол Улсыг дэлхийн тавцанд босгосон хүн бол яах аргагүй Чойбалсан. Сталин гэж тэр аймшигт мангасаас дэлхий чичирч байхад манай маршал огт айлгүй олон удаа уулзаж Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн хүн. Хятадын удирдагчид “Монголыг манайд өгчих өө” гэхэд Сталин хориг тавьсан.

-Сталин Чингис хааны тухай их уншиж судалсан хүн байсан гэдэг?

-Сталины нэг онцлог нь ном их уншдаг хүн байж. Номоор бүх хүнийг мад тавьдаг. Оросын удирдагчдын дунд Сталин шиг ном их уншдаг, толгой сайтай хүн байгаагүй. Дуртай зохиолоосоо эшлэл авдаг. Тэрийг Зөвлөлтийн маршалууд, сэтгүүлчид, зохиолчдын олон дурсамжаас харж болно. “ЯК” гэж онгоц бүтээсэн Яковлевын дурсамжид Сталины тухай баримтууд их байдаг. Ном их уншина гэдэг чинь боловсрол олж байгаагийн нэг том илрэл мөн өө дөө. Ер нь сайн муу хоёр талтай айхтар хүн байж. Баримт, уран сайхан хоёрыг хоёр талаас нь жимбийтэл нийцүүлж нийлүүлж нэвчүүлж байж л түүхэн роман босдог юм даа.

Долгорын Цэнджав

-Сталинтай уулзаж явсан хүнтэй та уулзаж байв уу?

-Сэтгүүлч байсны буян зохиол бүтээл туурвихад маш их нэмэр болох юм. Сэтгүүлч байсны буянаар Монголын өдөр тутмын таван сонины эрхлэгч, орлогч эрхлэгч байлаа шүү дээ. Аугаа их Л.Түдэвийг “Үнэн” сонины эрхлэгч байхад утга зохиолын нарийн бичгийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга байлаа. “Зууны мэдээ” сонинд Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ эрхлэгч орлогч эрхлэгчээр авч байлаа. “Монголын мэдээ” сонины эрхлэгч, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байлаа.

“Өнөөдрийн Монгол” сонины эрхлэгчээр ажиллалаа. Сонинд ажиллана гэдэг чинь янз бүрийн хүнтэй уулздаг. Х.Чойбалсангийн туслахаар есөн жил ажилласан хожим улсын баатар болсон Шагдарсүрэнтэй их шадарлаж нэлээд юм сонсож авсан.

Тэр хүн их айхтар хүн байсан. Барагтайд хүнд ам нээдэггүй. Бид хоёр их юм ярьсан даа. Чойбалсангийн амьдралыг түүнээс илүү мэдэх хүн Монголд байхгүй. Орой ажил тарсных нь дараа гэрт нь хүргээд хөнжлийг нь нөмөргөөд хөлийг нь хучаад гардаг. Өглөө хар үүрээр гэрт нь ирж Чойбалсан гуайтай өглөөний хоол унд идээд явдаг. Есөн жил салаагүй гэж ярьдаг. Дайн дууссаны дараачаас л шууд өөрийнхөө туслахаар авсан юм байна лээ шүү дээ.

-Тэр Шагдарсүрэн баатар чинь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Дандар баатрыг нэлээд чимхээд байсан даа?

-Дандар баатар Тамбовын Морин цэргийн даргын сургууль төгсөж ирээд дивизийн дарга болчихсон, Шагдарсүрэн 17-р морьт хорооны штабын даргаар оччихсон байсан юм билээ. Дандар баатар Шагдарсүрэн гуайг хоёр удаа буудах шахсан гэж байгаа.

-Буудах шахсаан?

-Тийн. Нэг удаа ЗХУ-ын цэргийн онгоц ирээд манай морьт хороог пулемётоор шүршээд эхэлж. Андуурсан байна шүү дээ. Тэгсэн Дандар баатар Шагдарсүрэнд буу тулгаад “Чи яагаад алаг эрээн таних тэмдэг тавьсангүй вэ. Яг одоо чамайг хээрийн цэргийн дайны цагийн хуулиар буудаж ална” гэж. Онгоцноос харахад танигдах тийм тэмдэг байх ёстой юм байна л даа. Тэгэхэд Оросын цэргийн дарга болиулсан юм билээ. Дараа нь бас нэг удаа тэгсэн байдаг. Тэгээд нэг жаахан дурамжхан байдаг юм билээ. Тэрнээс Дандарыг надад их магтаж байсан. “Дандар шиг их зоригтой, үхлээс даанч нэг айдаггүй хүнийг би үзээгүй” гэж хэлж байсан. Надад Дандарыг их дотно өөр өнгө октаваар магтаж хэлсэн юм шүү. Тэр үед тэр хоёр чинь хорин хэдхэн настай, ялалтын амтыг мэдэрсэн, бүгдээрээ онгироо, жаахан сагсуу үе байхгүй юу. Тэр үеийн цэргийн дарга нар чинь юм л бол буу гаргаж ярьдаг байж л дээ.

Долгорын Цэнджав

Хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуайн дурсамжинд хүртэл “Дарга нар дандаа буудна гэж айлгадаг байсан” гэж байгаа шүү дээ. Би Шагдарсүрэн гуайгаас “Зөвлөлтийн баатрыг Дандар гуай буудсан гэж үнэн юм бол уу” гэж асуусан юм.

-Тэгсэн юу гэж байв?

-Тийм юм гэж юу байхав дээ. Дандарт алуулдаг Зөвлөлтийн баатар ч гэж юу байхав. Зүгээр нэг цэргийн даргатай жаахан юмнаас болж, хоолны үхэр булаацалдаж муудаад буудаад алчихсан юм” гэж байсан.

-Бага тушаалын л дарга байж дээ?

-Аа нэг яахав, ахмадаас дээш хошууч цолтой л хүн байсан байх. Ер нь тэгээд Дандар гуай зоригтой байж л дээ. Агуу зоригтой байж. “Муу эр дайнд хөөрнө” гэж үг байдаг. Дайн гэдэг чинь хүнийг асар их хувиргадаг юм байна шүү дээ. Хүн алахаас буцахгүй, өөрөө алагдахаас буцахгүй. Дандар баатар Японд нүдлэгдсэн байгаа юм.

-Нүдлэгдсээн…

-“Тэр алаг морьтой хүнийг буудаж унагасан хүнд шагнал өгнө” гэж зарласан байгаа юм. Тэгж нүдлэгдчихээд байхад морио сольж болно доо. Цэргүүдтэйгээ адилхан хар бараан зүсмийн морь унаад явж болно оо доо. Гэтэл заавал тэр суманд оногдох гэж байгаа юм шиг алаг морио унаад явна гэдэг чинь, ай…

-Дэндүү зоригтойн л шинж юм даа…

-Дэндүү зоригтойгоор барах уу л юм байхгүй юу.

-За, хоёулаа түүх яриад ёстой нэг хадуурна гээч боллоо. Авидын Шартолгой гэж Монголын гайхамшигт нэг зохиолч саяхан бурхан боллоо. Ломбын Нямаа ах минь тэнгэрт дэвшлээ. Харамсалтай байна. Та Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга байсан хүний хувьд ойр дотно л байсан байлгүй?

-Зохиолчдын хороог удирдаж байх үед маш сайхан уран бүтээлчид нэг хэсэг явсан. Тэр үед би сэтгэл санаагаар унаж дууссан даа. Олон ч хүний никрологи (эмгэнэлийн үг. Л.Б) бичсэн дээ. Тэр болгонд л би шимширч, шугширч байлаа. Шөнийн 02-03 цагийн үед ч “Болор цом”-ын эзэн Булганы нэг залуу бий дээ, гэнэт нас барчихлаа гээд Налайхын наад руу явж л байлаа.

-“Болор цом” аваагүй ш дээ ах, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсан байх нь…

-“Болор цом” аваагүй бил үү? Авах шахаж л байсан хүү дээ. Залуугаас тэр найрагч байна. Тэр болгонд шархирч, зүрх их өвддөг байсан. Сүрэнжав маань яваа л өгч байгаа юм. Пүрэвдорж нь яваа л өгсөн. Томчууд маань их явсан. Нэг ийм үе байдаг юм байна, золиг чинь. Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан эрдэмтэн-зохиолч Дожоогийн Цэдэв гуайгаас асуухад “Тэр ч одоо их хэцүү. Би хорь гаруй хүний толгой дээр зогссон” гэж ярьж байсан шүү.

Цэнджав
Ардын уран зохиолч Д.Цоодол, Ж.Саруулбуян, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир нарын хамт

Дандаа жараад оны Явуухулан, Чимэд, Гайтав, Ванган гээд аваргууд явсан юм билээ. Сүүлийн үед залуу хүнийг ч үхэл тойроод гарахгүй байна шүү дээ. Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам гээд ямар гайхамшигтай яруу найрагчид байлаа. Одоо хамгийн сүүлд гэхэд их Равжайгийн нутгаас төрсөн говийн байгалийн авьяастай хүүрнэлч А.Шартолгой минь бурхан боллоо. Говийн байгаль гэдэг хүнийг хатаадаг, мөлхөж байж амьдралд хүрдэг орчин шүү дээ.

Түүнээс хангайнхан шиг бороо хуртай, мод усандаа ойр, үргэлж найрлаад байдаг газар биш. Бороо маш харам, бараг орохгүй. Хурц нар шарна. Би говийн хүн болохоор говио мэднэ л дээ. Тийм нутгийн хүн чинь нарны энерги маш их авдаг юм байна. Амьдралд хатаагддаг юм байна. Тиймээс говийнхны хэл гэж тусдаа бий шүү. Маш сайхан нуугисан монгол хэлтэй. Тэр хэлийг эзэмшсэн хүн бол манай ардын уран зохиолч Балжирын Догмид, саяын талийгаач болдог Шартолгой хоёр маань байгаа юм.

Намайг Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхад Шартолгой гуай нэлээд ядарсан маягтай нэг ирсэн юм аа. Нэлээд олон ном бүтээлээ бариад. Ардын уран зохиолчид тодорхойлоод МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцээд тодорхойлолтыг дээшээ төрд явуулсан. Тэгээд тэрийг нь ч өгсөнгүй. Ардын уран зохиолч болчихвол болчихоор зохиолч шүү дээ.

Академич Д.Төмөртогоогийн хамт

-Болохоор барах уу л мундаг зохиолч…

-Тэгээд одоо яагаад болгоогүй юм, бүү мэд. Ер нь шагнал гэдэг чинь эзнээ олдоггүй туйлын хэцүү юм байдаг юм байна даа. Маш олон гайхамшигтай хүнээс төөрөөд явчихдаг сонин эд юм. Ялангуяа өмнөх нийгмийн үед тэрийг аваагүй гэж олон сайхан хүмүүс амьдралаа алдсан шүү дээ.

-Та олон зуун шавьтай багш хүн. Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан өд” шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал таныг багш хэмээн их дээдэлдэг. Та Дундговийн дунд сургуулийнх нь багш уу?

-Би Дундговь аймгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх Сургалт заах аргын кабинетын эрхлэгч байсан. Социализмын үед энэ чинь аймгийн хэмжээний том даргын албан тушаал. Отгонжаргал маань тэр үед арван тав зургаан настай хүүхэд. Анхныхаа шүлгүүдийг надад уншаад. “Чи ямар өөр бичсэн юм бэ” гэж гайхаад, тэр хүүхэд надаас салахаа болиод миний өрөөнд ирээд суучихна. Хэл ам нь гүйцэгдэхгүй. Би Дашбалбартай их дотно. Дашбалбарт “Энд нэг улаан галзуу юм байна” гэж захиа бичлээ. Ерөөс жаахан билэг танхай маягийн. Тэгээд Дашбалбар над дээр ирлээ.

-Дашбалбар багш онгоцоор зорьж очсон гэл үү?

-Тийн, онгоцоор. Эхлээд надад агсам тавих гэж очсон юм.

-Агсам тавьдаг нь яаж байгаа юм?

-Дашбалбарын анхны ном “Оддын аялгуу”-г нь шүүмжилчихгүй юу. (инээв. Л.Б) Тэр шүүмж “Утга зохиол, урлаг” сонин дээр гарсан байсан. Сайн юмыг нь хэлсэн л дээ. Гэхдээ “Нэг шүлэг нь нөгөө шүлгээсээ ялгагдахгүй байна. Зарим шүлгүүдийг нь хооронд нийлүүлчихээр нэг л шүлэг болчихмоор юм” гээд бичсэн юм л даа.

Тэгсэн Дашбалбар “Дундговийн тэнэг Цэнджав гэж ямар амьтан байдаг юм. Тэрийг очиж ална” л гэж яриад байдаг тухай нэг хүн хэллээ. “За, Дашбалбар гэж янзын овилгогүй нэг нөхөр байна. Томчууд руу дайрч давшлаад ёстой нэг үймүүлж байна аа. Өөрөө мундаг авьяастай, шартай ч гэж жигтэйхэн юм. Дийлдэшгүй юм байна.

За, чи түүнээс болгоомжлоорой. Тэр чинь ер нь яаж ч магадгүй хүн байна лээ шүү” гэлээ. Арай, Дарма.Батбаяр гуай лав хэлээгүй байгаа даа?

-За тэгээд нөгөө улаан галзуу нөхөр чинь давхиад ирэв үү?

-Арван жилийн төгсөлт болоод Нэгдүгээр сургуулийн захирал Мижиддорж, хичээлийн эрхлэгч Цэвээнравдан бид дундаа нэг юм тавиад сууж байсан байхгүй юу. Би тэдний дарга шүү дээ. Гэтэл гэнэтхэн хаалга онгойлоо. Манайх тэр үед дотуур байранд амьдарч байсан юм.

-Та тэр үед эхнэр хүүхэд аваагүй байсан юм уу?

-Авалгүй яахав. Гэрт амьдарч байгаад арван жилийн сургуулийн нэг өрөө байранд орсон нь ухаандаа амьдрал дэвшиж байгаа л хэлбэр байхгүй юу. Хаалга онгойгоод л нэг юм сар сүрхийгээд ороод ирсэн нь Дашбалбар. “За, Цэнджав гэж нэг юм байдаг гэсэн. Чиний үнэрээр ирлээ дээ. Чамтай тооцоо хийх гэж ирлээ. Чи яасан их үгтэй хүн юм бэ чи. Чи утга зохиол гэж мэддэг юм уу? Чи ер нь ямар авьяастай, юу болоод томордог юм бэ” гэж ааг амьсгаагүй авч өгч байна.

-Тэр үед та ном ч гаргаагүй байв уу?

-Бичсэн шүүмжүүд маань төвийн хэвлэлд их гарч байсан үе л дээ. Нөгөөх чинь “Чамтай тооцоо хийх гэж ирлээ” гээд шууд барилцаж авах ухааны юм болж байна. Нөгөө захирал, хичээлийн эрхлэгч хоёр (хожим хоёулаа Монгол Улсын гавьяат багш болсон шүү дээ) “Юун хүн, хаанаас гараад ирэв” гээд гайхаж байна. Би чинь бас зүгээргүй, үзэж тарах болоод. Дашбалбарыг цохьж унагах хэмжээний л дээ.

-Та чинь бүр бөх мөхөөр хичээллэдэг мундаг амьтан байсан гээ биз дээ?

-Бөх мөхөөр явчихсан. Оюутан байхдаа зодоо хийгээд нэг хүний хамрыг муруйлгаад хаячихсан амьтан байхгүй юу.

-Та бүр боксоор хичээллэж байсан хүн үү?

-Чөлөөт, самбо, жүдогоор явдаг, бүр алдартай. Арван жилд байхад боксоор нүдэлддэг байхгүй юу.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилт үзүүлж байсан юм?

-Арай л медаль аваагүй. Зургаадугаар байр гэдэг чинь тэр үед том амжилт байсан юм.

-Тийм нөхөртэй л одоо зодолдох гэж очсон байна шүү дээ?

-Тэгээд цэрэгт гурван жил болчихсон хүн шүү дээ, би. Дорнодынхон их хулигаан. Дүүрэн хулигаан. Аймгийн төвөөр явах болгонд зодоон болно. Ардын армийн гурван муу цэргийг бол би юу ч үгүй цохиод унагачихдаг байлаа ш дээ. Тэрүүгээрээ би гайхуулдаггүй юм л даа. (Уруулаа шилэмдэн тамшаалж инээмсэглэв. Л.Б) Дашбалбарыг тэгж сүржигнэхэд Мижиддорж захирал “За, миний хүү, монгол хүн ингэж ч уулздаггүй юм даа. Эхлээд амар мэндээ эрчих. Манай говийн ёс байдаг. Бид төгсөлтийн баяр тэмдэглэж байна. Алив, Балбар суучих. Би энэ хундагатайг чамд өгье. Дараа нь та хоёр зодолд. Хоёр ах нь та хоёрын зодолдохыг хараад сууж байя. Энэ даанч жижиг өрөө юм байна даа. Одоо яана даа, та хоёрын ард хоёр муу ах нь яаж гарна даа” гэж учирлалаа. Тэгсэн нөгөөдөх чинь сууж байна аа.

-Уур нь гарч тайвшрав уу?

-Аягатайг томхон татаж байна. Архи уугаад нөгөөх чинь бүүр шал өөр болоод явчихдаг юм байна аа. “Танай энэ Цэнджав намайг доромжилсон. Би юун Монголын утга зохиол, Горькийн дээд сургуульд дэлхийн утга зохиолтой танилцаад ирсэн хүн. Оросуудыг ч хэмлэдэг хүн. Говийн энэ муу Цэнджав гээд нэг муу юм бичээд байдаг. Олигтой ч юм байдаггүй юм. Тэгээд ямар юм байдаг юм гэж бодоод зодох гэж ирсэн юм. Хоёр өвгөн ах намайг хорьчихлоо” гэж авч байна.

-За тэгээд “хүн хэлээрээ” болоод явчихав уу?

-Тэгсэн муу хог чинь (их л энхрийлж өхөөрдсөн маягаар эл үгийг хэлэв. Л.Б) цүнхнээсээ нэг лонх “торгон дээлт” гэсэн архи гаргаад ширээн дээр тавьчихдаг юм. Тэгээд одоо бүр тэврэлдээд найзууд болсон. Бүр жинхэнэ яс махны найзууд болсон юм шүү дээ. Дашбалбартайгаа түүнээс хойш их сайхан нөхөрлөсөн. Байнга гэр орноороо орж гардаг байлаа. Би тэр үед “За, чи энд ирсэн чинь сайн хэрэг боллоо. Чи нэг хүнтэй “зодолдоно” доо.

Арван зургаан настай охин байгаа шүү. Чамд хүлээлгэж өгнө өө” гэж Цэвлээгийн Отгонжаргалыг Дашбалбартай уулзуулаад, манай Дундговийн Хар овоо гэж байдаг юм даа, тэрэн дээр шөнөжингөө шүлэг уншицгаан хашгиралдаж, бархиралдаж мундаг юм болцгоолоо. Отгонжаргалд би “За, чи наад хүнээ дагаад яруу найргийнхаа замаар яв” гэж хүлээлгэж өгсөн юм даа. Бас болоогүй ээ, нөгөө солиот чинь химийн шалгалтын материалын хуудсан дээр шүлэг бичээд өгчихсөн байсныг би багшийг нь гуйж байж дүнг нь янзлуулж өгч байсан.

-Дашбалбар багш Горький явахдаа математикийн шалгалтад шүлэг бичиж өгсөн шиг юм болж…

-Яг л тэрэн шиг юм болохгүй юу. Арван жилийн багш нар нь над руу “Таны өрөөнөөс салахаа байсан нэг хүн байдаг юм билээ. Энэ хүн чинь манай Монгол Улсын боловсролын түүхэнд байхгүй үйлдэл гаргалаа” гээд ярилаа. Нөгөө багш нарт нь би “Дуугүй л та нар минь нэг гурав тавьчих. Наадах чинь тоо математикаар хэзээ ч явахгүй. Яруу найргаар бол Монголын утга зохиолыг доргиох хүн” гэж байж аварсан юм. Уран бүтээлч хүн математикч байх албагүй.

Оюун ухааны хөгжил хэр түргэн явж ухаарал, сэрэл, мэдрэмж, таашаал, уур уцаар, хайр, үзэн ядалт үүссэн цагт зохиолчийн жинхэнэ амьдрал эхэлнэ. Хүн ерөөс танигдахгүй ертөнц, дотоод мөн чанарын амьтан. Аугаа хүн их зовлон бэрхшээлийн дунд хүн болсон тохиолдол аугаа хүмүүсийн амьдрал намтрын дунд уул овоо шиг оршдог. Одоо ч зэрлэг амьдралын дунд гох дэгээнд орсон загас шиг байж ядталаа үсчиж л байгаа. Отгонжаргал тэгээд Дашбалбарынд очоод. Хотод баахан явцгаасан байх аа. Намайг “Багш” гэж байнга ярьдаг юм.

-Яруу найрагч, “Өглөөний сонин”-ы эрхлэгч, Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг Чанцалын Үл-Олдох бас таны шавь гэх юм билээ?

-Олон хүн миний шавь л даа. Би Сүхбаатар аймагт “Үнэн” сонины сурвалжлагч байсан байхгүй юу. Би гурван аймгийн Утга зохиолын нэгдлийг туйлд нь хүртэл сэргээсэн юм. Дундговь, Өмнөговь, Сүхбаатар гурван аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч байлаа. Тэр үед Үл-Олдох чинь арван жилийн хүүхэд байхгүй юу.

-Утга зохиолын ахмад, дунд, залуу гурван үеийн асуудал их чухал санагддаг даа?

-Гурван үеийг тэнцүү харах чухал. Надад аль нэг үеийг өмчлөх юм уу, арай илүү үзэх үзэл огт байхгүй. Аль нэг онол, аль нэг үеийг би илүү үзэхгүй. Эн тэнцүүхэн хөгжих ёстой. Миний гаргасан “Нүүдэлчний реализм” гэсэн онол байгаа.

Нүүдэлчний реализм дээр тулгуурлаад нүүдэлчний модернизм ч бий болох ёстой. Тэгвэл Монголын утга зохиол дэлхийд танигдана. Гадаадын олон хэлнээс манайхан дур дураараа орчуулж байгаа. Монгол хэлэнд ямаршуухан байдалтай бууж байгаа хяналт байхгүй байна. Жинхэнэ орчуулга хийнэ гэдэг бол эх хэлээ төгс мэдэж байж орчуулдаг ажил. Орчуулга хийнэ гэдэг зохиолчоос илүү авьяастай байж орчуулахыг хэлдэг.

Энэ гайхамшгийг үзүүлсэн хүн бол Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нар байсан. “Тарас Бульба” туужийг орчуулахдаа бараг л Гоголиос илүү бичсэн шүү дээ. Их гүүш Мишигийн Цэдэндорж гуай “Миний Дагестан”-ыг гайхалтай орчуулсан. Зарим хүн “Расул Гамзатовоос илүү сэтгэж орчуулсан” гэдэг шүү дээ. Тиймээс орчуулагчийн үүрэг маш их.

-БНХАУ болон Казахстан улс утга зохиолоо төрийн бодлогоор дэмжиж, зохиолчдыг зэрэг дэвээр хөхиүлэн дэмжиж, цалинжуулан, орон байраар ч хангадаг гэж сонсож байсан. Манайд харин уран бүтээлчдийг нэг л нүд үзүүрлэнгүй байх шиг санагдах юм?

-Хятадын зохиолчдын ахуй хангамж тодорхой зэрэг дэвтэй. Уран зохиол төр засгийн яах аргагүй том бодлого болох ёстой. Би бодитой нэг юм ярья. Биеийн тамир, спортыг улсаас яаж дэмжиж байгаа билээ. Ингэж дэмжсэний хүчинд манай тамирчид дэлхийн хэмжээний амжилтыг долоо хоног бүр гаргаж байна. Урлагийг дэмжсэнээр дэлхийн тавцанд дуурийн том дуучид гараад ирлээ.

Харин утга зохиолын бодлого манай төрд байхгүйгээс өнөө хэдэн зохиолч, яруу найрагчид хар тавхайгаараа, хар зүтгэлээрээ сүүлийн хорь гучаад жил газрын хөрсөн дээр хэвтэж, дөрвөн мөчөөрөө тийчилж ядан байж их утга зохиолын түүх уламжлалыг нуруундаа үүрч явна. Манай зохиолчид бараг гудамжинд байж байгаад зохиол бүтээлээ хийж байна.

Монголын зохиолчид маш ядуу зүдүү, мөнгөгүй. Ганц ном гаргалаа, тэрийг нь төр худалдаад авчихдаггүй. Тэр номоо зарсан ч юм байхгүй зохиолчид маань сайхан сэтгэлтэй хүмүүс учраас гарын үсэг зураад л өгч байна. Яах вэ, гадаад, дотоод менежмэнт сайтай тасархай хэдэн зохиолч байгаа. Тэдний амьдрал бол сайжирсан.

Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр, өөрийн дүү соёлын гавьяат зүтгэлтэн До.Чулуунбаатарын гэр бүлийн хамт. Америкт. 2004 он

-Зохиолчдын дийлэнх нь “Авьяастай төрсөн нь тэдний буруу юм уу” гэмээр пүүс компанийн үүдийг сахисан гуйврын маягийн улс л байх юм байна шүү дээ, зайлуул?

-Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэд утга зохиолыг дэмжих зөвлөл байдаг. Жил бүр зохиолчдод бүтээлд нь дүйхүйц шагнал урамшил олгодог. Ахмад зохиолчид нь тэтгэлэгтэй, бусад зохиолчид цалинтай.

Тиймээс төр засгаас манай Зохиолчдын эвлэлд цалин өгч байх хэрэгтэй. Улсын төсөвтөө суулгаад ядаж нэг зуун сая төгрөг өгчихөд юу нь болохгүй байх вэ дээ. Холливуд яагаад дэлхийд гарч ирсэн гэхээр АНУ-ын тэр үеийн засаг төрөөс “Америкийн кино дэлхийн нэг номерыг үеийн үед алдахгүйн төлөө” гэж зуун сая америк доллар гаргаж өгсөн гэж би урлаг судлаач хүнээс сонссон.

Төр зуун сая доллар гаргаж өгөөд хариу нэхэлгүй огт мартсан гэсэн. Одоо Холливудын кинонуудын өмнө хэн гишгэж байна. Хэн ч гишгэхгүй байгаа биз дээ. Их соёлыг, их утга зохиолыг төрөөс ингэж дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Манай төр засгаас дэмжиж Нобелийн шагналт зохиолч, яруу найрагчийг төрүүлэх ёстой байхгүй юу.

Төр нэг үе “Шатрын их мастер төрүүлнэ” гэж ярьдаг байсан. Хөөрхөн дэмжээд явсны хүчинд их мастерууд олон төрсөн шүү дээ. Түүнтэй ялгаа байхгүй утга зохиолыг дэмжих учиртай. Унгарын Засгийн газраас Зохиолчдын хороондоо улсаас төсөв өгч байдаг. Улсаас энэ мэтчилэн төсөв өгчихдөггүй юм аа гэхэд номыг нь худалдаад авчихдаг бол хичнээн сайхан байхав.

-Бусад оронд зохиолч болсон бол гэж харамсмаар юм ч их л дуулдах юм даа?

-Японы “Өвсний үндэс” хөтөлбөр нэг хэсэг зохиолчдын бүтээлийг авч байсан. Гэтэл Монголын төр харийн хүмүүсээс л элэг татуу байгаа нь үнэн.

-Улс орон ганц уул уурхайгаар хөгжихгүй, оюун ухаанаар хөгжинө гэцгээх мөртлөө л газар эхээ гасалтал ухаж төнхөх юм?

-Улс уул уурхайгаар, эдийн засгийн өсөлтөөр хөгжихгүй. Оюунлаг түүхээр, боловсрол, танин мэдэхүй, хүмүүжлээр хөгжинө. Хүмүүжил гэж ярьсан хүнийг хоцрогдсон үзэлтэн гэж яриад байдаг. Утга зохиол хүмүүнжихэд яах аргагүй нөлөөлнө. Ч.Лодойдамбын “Алтайд” роман гарснаас хойш манай геологичдын тоо өссөн гэдэг. Зохиолч Дармын Батбаяр гэхэд л тэр романыг уншаад шууд геологич мэргэжлийг сонгосон гэж байгаа. Утга зохиолын нөлөө бол хязгааргүй. Энэ асар их нөлөөг төр засаг минь ашиглаач гэмээр санагддаг даа.

Зохиолч Долгорын Цэнджавын тухай “Википедиа” нэвтэрхий тольд ийн бичжээ.

Долгорын Цэнджав 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Билгэх Хайрхан гэдэг газар төрсөн.

Мандалговь хотын 10 жилийн сургуулийг 1971 онд төгсөж, УБДС-ийн монгол хэл-уран зохиолын анги, ОХУ-ын Москва хотод Нийгэм улс төрийн дээд сургуулийг төгсчээ.

1978 онд Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуулийн захирал, 1981 оноос Дундговь аймгийн Боловсролын хэлтэст байцаагч, Сургалт заах аргын кабинетын эрхлэгч, 1986 оноос “Үнэн” сонины редакцид, мөн оноос тус сонины МОНЦАМЭ, Монголын радиогийн Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагч, “Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга, 1993 оноос “Засгийн газрын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, 1995 оноос тус сонины Нью-Йорк дахь сурвалжлагч, 1996 оноос “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, 1998 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн” газрын ахлах мэргэжилтэн, “Монголын мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, “Монгол post” сонины ерөнхий эрхлэгч, өдөр тутмын “Өнөөдрийн Монгол” сонины ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монголын Утга зохиолын Академийн ерөнхийлөгч, 2007 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны дарга, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн олон улсын сэтгүүлзүйн тэнхимд багш, зөвлөх профессор, 2007 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн утгазохиол, урлаг судлалын тэнхимд багш, зөвлөх профессор. Мөн 2018-2021 он хүртэл Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга зэрэг ажлыг хийжээ.

Тэрээр 1995 онд “Монгол туужийн дүрийн сэтгэлзүйн онцлог” сэдвээр магистрын зэрэг, 2005 онд “ЕБС-ийн утга зохиолын сургалтын агуулга, стандартыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр докторын (Ph. D) зэрэг хамгаалж, 2001 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн дэд профессор, 2000 онд мөн сургуулийн профессор, 2012 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн. “Чонын алтан шагай” романаар МЗЭ-ийн шагнал, “Хөх жавар” туужийн номоор Д.Нацагдоржийн шагнал, судалгааны бүтээлүүдээр С.Буяннэмэхийн шагнал,“Он цагийн шастир” сэтгүүл зүй, нийтлэлийн бүтээлээр Д.Бодоогийн шагналыг хүртжээ. Оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг хоёр удаа хүртжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. “Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын сургалтын агуулга стандартыг боловсронгуй болгох нь” сэдвээр доктор (Ph.d) зэрэг хамгаалжээ.

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Уран зохиолоор доктор (Ph.d) зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн гишүүн, Их, дээд сургуулиудын хүмүүнлэгийн салбарын сургалтын хөтөлбөрийг Магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Уран бүтээлээ далаад оны дундаас урансайхны шүүмж судлалаар эхэлж, 1982 онд МЗЭ-ээс улсын хэмжээнд зарласан шүүмжийн уралдаанд “Ачааны хүндийг үүрэх хариуцлага” шүүмжээр тэргүүн байр эзэлжээ.

До.Цэнджав уран зохиолын том төрөл болох романаас эхлээд тууж, өгүүллэг, яруу найраг, баримтат болон уран сайхны роман, кино, жүжиг, хүүхдийн роман, судалгаа шүүмжлэл зэрэг бүх төрлөөр бичжээ.

Мөн сэтгүүлзүйн судлалд ч хувь нэмрээ оруулж, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол практик” (2000), “Хэвлэл мэдээллийн менежмент” (2004), “Хариуцлагатай сэтгүүлзүй” зэрэг сурах бичиг, гарын авлага, уран зохиол, нийтлэлийн 40-өөд ном туурвижээ.

Соёлын яам, МЗЭ, Соёл урлагийн газраас улсын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн уран бүтээлийн уралдаанд “Босоо жаран” романаараа нэгдүгээр байр, Улсын Эрдмийн Драмын театр бусад байгууллагатай хамтран зарласан жүжгийн уралдаанд “Хаангүй сэнтий” жүжгийн зохиолоороо тэргүүн байр эзэлжээ.

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” I,II,III ботийн хариуцлагатай редактороор ажилласан байна. До.Цэнджавын уран бүтээл англи, орос, хятад, япон, франц, солонгос, герман, казак хэлээр орчуулагдсан байна.

Ном бүтээл
Нэг. Роман

  1. “Цагаагчин гахай жил” роман. 2011 он 71, 5 хх, 2015 он Уб. 58 хх. Хянан тохиолдуулсан Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол 2. “Цагаагчин гахай жил” роман -2 дахь хэвлэл 2015 он. Уб. 58 хх –Хянан тохиолдуулсан Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол
  2. “Чонын алтан шагай” роман. Уб 1997 он. 20 хх –анхны хэвлэл 4. “Чонын алтан шагай” роман. Бүлэг нэмж засамжилсан II,III,IY хэвлэл. Уб. 2009- 2012 он. 24. 75 хх
  3. Do.Tsendjav “Chinu -yen – altan shagai” – Өвөр монголын Ардын хэвлэлийн хороо. Буулгасан Ш. Манханхүү , Уянгоо, Хүсэл. – Хөх хот. 2013 он. 22, 75хх
  4. “Элэгдэхийн аргагүй он жилүүдийн мөрөөр” –Улаанбаатар –Эсээ роман -2012 он -25хх
  5. “Од чиний дэргэд байгаа” (Өсвөр үеийнхэнд зориулсан роман)- УБ. 2015 он. 10 хх. Редактор Д.Батжаргал
  6. “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин“ – түүхэн баримтат роман -34,25хх. Түүхийн зөвлөх ШУА-ийн Түүх, архелогийн Хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун
  7. “Цэвдэг жаран” – түүхэн баримтат- урансайхны роман – I дэвтэр. 2О17 он.
  8. “Бөмбөгөр ногоон” – роман. 28.75хх . 2020 он.Редактор , доктор, проф Д.Галбаатар
  9. “Цэвдэг жаран” – баримтат-урансайхны роман- Ерөнхий редактор Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар
  10. “Босоо жаран” –Роман .29,6
  11. “Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхэн ойллого” – түүхч Д.Дондовын хамт .40хх -2023 он

Хоёр. Тууж

  1. “Тэнгэрт хальсан тоос” -2О13 он. Уб ном. 45,9 хх
  2. “Өнцөгдсөн сэнтий” – Тууж
  3. “Тал сар” – Тууж
  4. “Хөх жавар”- Тууж, өгүүллэг, эсээ -2ОО8 он. Уб. УБ. 6О хх- Хянан тохиолдуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уранзохиолч Л.Түдэв
  5.  “Гүн тайгын манан” – Туужийн ном – 2О17 он
  6. “Цахарын хар шуурга” – Туужийн ном- 2О17 он
  7. “Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног минь” – Эсээ баримтат тууж
  8. “Дэмид жанжин” –Тууж . “Жанжин цадиг” ном 2О15 он
  9. “ХХ зууны шилдэг туужис” – Уб. Мөнхийн үсэг” ХХК- 2019 он
  10. “Шинэ зууны шилдэг туужууд” –Уб. 2002 он.” “Хүннү пресс” хэвлэлийн газар

Гурав. Өгүүллэг

  1. “Хөх нуурын домог” номонд “Алтан жүн жор” “Хоёрын даваа” “Морь” “Чонос” зэрэг 40 гаруй өгүүллэг – 23,6 хх – Уб. 2015 он
  2. Монголын өгүүллэг, туужийн дээж . УБ. 2О13 он
  3. “Ингэн зэрэглээ” номонд 31 өгүүллэг. 2021 он
  4. “Мянган хун чуулах цагаар ирээрэй” номонд 32 өгүүллэг. 2021

Дөрөв. Жүжиг

  1. “Хаангүй сэнтий” – жүжиг – Жүжгийн уралдаанд тэрүүн байр эзэлсэн тул Улсын драмын эрдмийн театрын санд
  2. “Хэлхээгүй сувд” –Д.Нацагдоржийн амьдралын тухай контемпорари жүжиг –тавигдахаар бэлтгэгдсэн

Тав. Шүлэг яруу найргийн ном

  1. “Хул салхи” яруу найргийн ном. УБ. 2000 он, -12, 2 хх
  2. “Зохист аялгууны анир” ном. 2010 он. УБ 22х
  3. “Асар тэнгэрийн дор” -500 рубай УБ. 2012 он. 15,5 хх.

Зургаа. Урансайхны кино

  1. “Чонын алтан шагай” – Телевизийн 35 ангит уран сайхны кино. 2012 он. Ерөнхий найруулагч Ч.Эрхэмбаяр
  2. “Үхэл амьдралын заагт” –Уран сайхны кино- 2013 он. Ерөнхий найруулагч МУГЗ Нэргүйбаатар

Долоо. Баримтат кино
1. “Эрдэмт мэргэн гавж Зава Дамдин” – найруулагч МУГЗ Б.Нагнайдорж – 1996 он
2. “Эмчээ танд баярлалаа” –Найруулагч МУГЗ Б.Нагнайдорж – 1996 он
3. “Нар тоссон хязгаар” –Найруулагч Б.Нагнайдорж – 2О13 он.
4. “Дундговийн шил адуу” – Найруулагч Ж. Адьяа, Б. Ганпүрэв зэрэг 10-аад баримтат кино
5. “Өөдөлж мандсан Өндөршил нутаг” – баримтат кино

Найм. Судалгаа шинжилгээний өгүүлэл

  1. “Таван хошуу малын мэнд эрэх судрын тухай”- МУИС-ийн МХССургууль “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXIII. 359) 2011 он. 137- 146 –р тал
  2. “Нэгэн уран бүтээлийн шинэ олдворын тухайд” –Олон улсын монголч эрдэмтдийн Х хурал. 2011 он
  3. “С.Буяннэмэхийн далд амьдрал болоод далд утгат нэгэн туужийн тухайд” -МУИС-ийн МХССургууль “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл (XXXIY.360) . Уб. 2012 он.193- 206-р тал
  4. “Урансайхны шүүмжийн одоо, ирээдүй” –Уб. МУИС-ийн МХССургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл (XXXYI, 386). 2013 он. 218-224-р тал
  5. “Y ноён хутагт Данзанравжаа болон YI Далай лам Цаяьнжамцын бүтээл туурвилын учиг холбогдол” МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXIX, 433) Уб. 2015 он. 164- 174-р тал
  6. Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн тухай шинэ таамаг”- МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль. “Монгол судлал” ЭШ-ний сэтгүүл. (XXXX. 463) 2016 он. 173- 180-р тал
  7. “Nomadic realism” буюу “Нүүдэлчний реализм” – МУИС. “Монгол судлал” ЭШ-ний бичиг сэтгүүл. (XLI. 483) 2017 он. 103-110-р тал.
  8. “Нүүдэлчний реализм болоод Монгол реализмын тухайд” –МУИС, Бээжингийн Төвийн үндэсний Их сургуулийн хамтарсан Олон улсын ЭШ-ний хуралд тавьсан эш-ний илтгэл. 2017 он
  9. “On tabun hoshyun mal-un mendu,, sudur” USA. Washington City. Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, 2017 он
  10. “Нэгэн ардын сурган хүмүүжүүлэгчийн бүтээлийн тухай” МУБИС-ийн “Монгол судлалын чуулган” –ЭШ-ний сэтгүүл, № 25 (60)
  11. “Уран зохиолын боловсрол, дүрийн сэтгэлзүйн тайллын тухайд” “Монгол судлалын чуулган” Уб. 2017 он № 23(58)
  12. “Равжаагийн яруу найргийн чөлөөт сэтгэлгээ, шинэчлэгч мөн чанар” эш-ийн илтгэл. –МУБИС, Монгол судлалын сургууль. Олон улсын монгол судлалын холбоо. Олон улсын ЭШ-ний бага хурал. 2013 оны 4 сарын 18-21
  13. Б.Ринченгийн “Туурь өгүүллэг судлалын асуудалд” – “ACTA MONGOLICA” -Монгол судлалын хүрээлэн.
  14. (426). 2015 14. “Утгын мэлмийг нээгчийн цагаан лавайн эгшиглэн” –Антоон Мостаэрт Монгол судлалын төв. “Оюуны хэлхээ” ЭШ-ний бичиг сэтгүүл. Боть II (10) Уб. 2013 он
  15. “Сонин нийтлэлийн хэл найруулгын тухайд” – ШУ А, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг”. “Эх хэл бичиг” ЭШ-ний сэтгүүл. Дугаар 4. 88-94-р тал. 2013 он
  16. “Эх хэлний тунгаширал” – ШУА, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” “Эх хэл бичиг- ЭШ-ний бичиг. Дугаар 18 56- 56-62-р тал
  17. “Бичгийн мэргэн түшмэдийн яруу найруулахуй” –ШУА, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг. “Эх хэл бичиг” ЭШ-ийн сэтгүүл Дугаар 13, 2016 он
  18. “Breaking news” буюу “Шуурхай мэдээ” ЭШ-ний өгүүлэл. МУИС. НШУС “Сэтгүүл зүй” – 2013 он №14 (372)
  19. “Монголын яруу найргийн таван шинэчлэл” – Бээжин хотын Төвийн Үндэсний Их Сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2011 он.
  20. “Хариуцлагатай сэтгүүлзүй- чөлөөт сэтгүүлзүйн харилцан хамаарал” The First International Symposium on Mongolian Studies of China, Mongolia and Russia, 2019 он Бээжин – Өвөрмонгол. Баруун зүүн хошуу 66-67 –рт тал.
  21. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн”-гийн МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал 3 боть.

“Уран зохиолын боловсрол” – бүтээл туурвилын эмхэтгэл. I боть. 2023 он. 21,3хх
Утга зохиолын судлал шүүмжлэл”- бүтээл туурвилын эмхэтгэл. II боть 2023 он. 28,67 хх
“Зохиолчийн урлан судлал” – оюутан сурагч, утга зохиол сонирхогчдод зориулсан гарын авлага III боть.30 хх Ес.

Шүүмж судлалын ном

  1. “Уран дүрийн ертөнцөд” – шүүмжийн түүвэр. УБ. 1989 он. 15 хх
  2. “Зохиолчийн урлан” -2016 – 24 хх
  3. “Утга зохиолын судлал шүүмжлэл” – 2016 – 20хх
  4. “Утгын мэлмийг нээхүй” – Уб. 2012 он. 25 хх
  5. “До.Цэнджавын шинжлэл” –Уб. 2017 он. –“Жиком пресс” хэвлэлийн газраас онцолсон “Уранзохиолын судлал шинжлэл” цувралын №10 – 25хх
  6. “Утга зохиолын боловсрол” – I боть Уб. 2023 он
  7. “Утга зохиолын шинжлэл”-II боть
  8. “Зохиолчийн урлан судлал” III боть –2023 он
  9. “Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүх” –түүхч Д. Дондовын хамт -2023 он -41хх

Арав: Эсээ болон амьд түүхийн ном

  1. “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” . Essay,s 2010 он. УБ. 25,5 хх
  2.  Дундговь аймгийн Гурвансайхан сумын түүх” -2014 он. 18 хх
  3. “Бага газрын их хэлмэгдүүлэлт” – 2018 он. Хошууч генерал Ж.Содномын хамт
  4. “Талын уул” – 2022 он Уб

Арван нэг. Сэтгүүлзүйн ном

  1. “Он цагийн шастир”- Уб. 2010 он. 48,5 хх
  2. 2. “Цагаан цадиг” “- УБ. 2001 он . 20 хх
  3. “Галын эзэд”- УБ. 2001 он. 16 хх Ардын уран зохиолч П.Бадарчийн хамт
  4. “Гал голомтын хоймор”- УБ. 10хх . 1997
  5. “Эргэх цагийн хүрдэн” – “Монголын шилдэг нийтлэл” № 69 . Уб. 2019 он

Арван хоёр. Сурах бичиг, гарын авлага

  1. “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол, практик” сурах бичиг .Уб. 2000 он. 18 хх.
  2. “Хэвлэл мэдээллийн менежмент”- Сурах бичиг Уб. 13, 16 – 2004 он
  3. “Электрон сэтгүүлзүй” – сурах бичиг Хүмүүнлэгийн ухааны Их сургууль. Хамтын бүтээл. УБ. 2005 он. 20 хх.
  4. “Илтгэх урлагийн онол, аргазүй” сурах бичиг -МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамт 2015 он.
  5. “Сэтгүүлчийн ангид элсэгчдээс авах ур чадварын шалгалтад бэлтгэх зөвлөмж” – гарын авлага ХИС-ийн сэтгүүлзүйн тэнхим . Уб. 5 хх. 2005 он
  6. “Чөлөөт хэвлэл” – гарын авлага Хамтын бүтээл. 2003
  7. “Уран зохиолын боловсрол” – МУИС. Хамтын бүтээл -2017 он Арван гурав.

Афоризмын ном

1. “Мянган цэн үг” – 1000 афоризм . Уб. 10хх. 2010 он

2. “Mingan tsen ug” –БНХАУ. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо.- Орч Сүмбэрбат

Арван дөрөв: CD буюу хуурцаг

1. “Дээдэс өршөө” богино өгүүллэгийн уран уншлагын хуурцаг. Жүжигчин Н. Ялалт-2008 он

2. “Сарны аялгуу” –Дуучин Сарантуяа, Ариунаа, Алтанцэцэг, Номин талст – 2014 он.

Арван тав: Монголын уран зохиолын дээжис-108 боть
1. Долгорын Цэнджав “Алтан жүн жор” ботийн № 85-д бие дааж оров. УБ. 2006 он. 20 хх

Арван зургаа: Сурвалжлага, тэмдэглэл, ярилцлага, хөрөг

1. “Монголын шилдэг нийтлэл” – № 69 . 2015 он Ps: 900- аад тэмдэглэл, сурвалжлага, өгүүлэл, уран нийтлэл, хөрөг, ярилцлага, дурсамж, тойм, бичил ярилцлага, сэтгүүлзүйн судлал, найруулал, аян замын тэмдэглэл, фото мэдээ, хөрөг

Арван долоо. Гадаадын хэлээр хэвлэгдсэн зохиолууд

  1. ,,Stories from the steppe ,, – “Тhe Horse “ 2013 . Translated by Simon Wiekham Smith.
  2. “Songs of eternal heaven” “The wine classer”. 2006 Academy of Poetry and Culture
  3. “An anthology of Mongolian literature” “ The horse” 2008. Translated by Simon Wickham Smith with Tsog Shagdarsuren. 2008 231 – 234
  4. “GUNU” –International poetry and iiterature. Dolgoryn Tsendjav “ Golden recipe” Translated by G.Dashdavaa. Magazine. 3,4 . 2006. 27- 28
  5. Mao jing xian dai duan pian xiao shuo – япон хэлээр
  6. ,,Antholoie de nouvelles mongoles,,- La recette d ,or – франц хэлээр Oulgn-Bator. 2015
  7. “Le nurlement du loup et autres nouvelles mongoles” 2016 -“Bankhar Le chien” -“Un cheyal” -“Les Loups” -“Mazaalai, I, ours de Gobi” -“Khulan, I, hemione sauvage” Textes selectionnes et traduits par: Renchin Munkhzul
  8. “Современный монгольский рассказ” – Антология. “Конь” – оросоор
  9. Д.Ценджаб “К вопросу традиции и обновления литературного образования “ Уб. 2005
  10. “Golden gun recipe was selected as the best short from Utgiin chimeg award ”Golden recipe” Written by Tsendjav Dolgor , translated by Tuul Chuluunbaatar
  11. “ Mali” – солонгос хэлээр
  12. Jin yao – хятад хэлээр 13. Байыт Кабанүлы “Монгол өлен” –казак хэлээр -Дөм -Ештене жок -Сагынам -Кездэсу -Көк бүйдайдын иiсi

Арван найм.: БОТЬ

  • “Жарны туульс” –I боть “Жарны туульс” – II боть “Жарны туульс” – III боть “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” – IY боть “Сономын Лувсан” –Y боть “Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног” YII боть “Их туульс”: “Цагаагчин гахай жил” YIII боть “Их туульс” : Цагаагчин гахай жил” –IX боть
  • Арван ес: Судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний ном, өгүүлэл
  • Шинжлэх ухааны Академийн ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН: ХХ зууны монгол зохиолчид (Намтар бүтээл) Г. Мэнд -Ооёо “ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ” Уб. 2004 он. Цувралын № 77. Ерөнхий редактор: Доктор, профессор, академич Х.Сампилдэндэв, Цувралын редактор: доктор, проф С.Байгалсайхан Гишүүд: Доктор проф С.Лочин, Ч.Билэгсайхан
  • Монгол Улсын Их сургууль. Монгол судлалын хүрээлэн. Ч. БИЛЭГСАЙХАН “Бүтээл туурвилын эмхэтгэл” II боть. 2022 он. УТГА ЗОХИОЛЫН ШҮҮМЖЛЭЛ: “Монгол язгууртан дээдсийн амилсан түүх” (До.Цэнджавын “Цагаагчин гахай жил” романы тухай шинжлэл бодол) 106- 114-р хуудас
  • Монгол Улсын Их Сургууль. Монгол судлал хүрээлэн. Д.ГАЛБААТАР “Бүтээл туурвилын эмхэтгэл” 2021 он. III боть. “Хүний сэтгэлд хургасан “Хөх жавар”-ыг дэлгэж байж л ариусна” -211-220-р тал
  • ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. Монгол Улсын их сургууль. Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” (Монголын зохиолч, яруу найрагчид, яруу тайлбарлагчид) Зургаадугаар боть. Уб. 2015 он. Хянан нягталсан: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор , проф. Чойсүрэнгийн Давгадорж “ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ” -218- 241- тал
  • А.Мөнх-Оргил “Зохиолчийн хөдөлмөр-Утгын мэлмийг нээхүй” (Зохиолч Долгорын Цэнджавын туурвилын үнэт зүйлс) ном. Уб. 2022 он. Хэвлэлийн хуудас 34
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img