2024-07-05, Баасан
15 C
Ulaanbaatar

Судалгаа: СhatGPT шалгалтыг хүнээс ч илүү шалгалт өгч байгаа нь түгшүүр дагуулж байна

Хиймэл оюун ухааныг анх хөгжүүлж эхлэх үеэс л энэ салбарын олон эрдэмтэн хиймэл оюун ухааныг хуулиар зохицуулах, хязгаарлах ёстой, үгүй бол хүнээс илүү ухаантай болж, хүн төрөлхтөнд аюул учруулж мэднэ гэж анхааруулж байлаа. Түүнчлэн роботууд, хиймэл оюун ухаан хүний чадварыг давж, хүмүүс тодорхой салбарын ажлаа технологид алдана гэдгийг олон жилийн өмнөөс л эрдэмтэд сануулж байсан юм. Тэдний таамаглаж байсанчлан, хиймэл оюун ухаан хүнээс давуу чадвартай болж эхэлснийг саяхан хийсэн судалгаа баталж байна.

Тодруулбал, Рединг их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар, хиймэл оюун ухаан их сургуулийн шалгалтыг хүнээс дутахааргүйгээр өгч, зарим тохиолдолд жинхэнэ оюутнуудаас илүүрхэж байгаагийн дээр шалгалтыг хянан засварлаж байгаа багш нар хиймэл оюун ухааны гүйцэтгэлийг хүний тархины гүйцэтгэлээс ялгаж чадахгүй байгаа нь тогтоогджээ.

Судлаачид энэ судалгаандаа хиймэл оюун ухаан ашигладаг хамгийн түгээмэл апликейшн болох ChatGPT-ыг ашигласан байна.

Энэ апликейшний тусламжтайгаар хуурамчаар 33 “оюутан” үүсгэж, Редингийн их сургуульд сэтгэл судлалын бакалаврын зэрэг авахаар горилогчдын шалгалтыг өгүүлжээ. Ингээд хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн хуурамч оюутнуудын шалгалтын дүн жинхэнэ оюутнуудынхаас 0,5 оноогоор ахиу байсан гэнэ. Харин хиймэл оюун ухаанаар бичсэн эсээг жинхэнэ хүний бичсэн эсээнээс ялгах боломжгүй байсан бөгөөд бичигдсэн эсээний 94 хувь нь шалгагч багш нарт ямар ч эргэлзээ төрүүлээгүй байна. Plos One сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны зохиогчдын өгүүлснээр, бодит байдал дээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэсэн ажлыг илрүүлэх боломж улам бүр багасах магадлалтай гэнэ.

“Хиймэл оюун ухаанаар бичсэн ажил жинхэнэ оюутнуудын ажлаас илүү өндөр дүн авсан нь туйлын их түгшүүр төрүүлж байна. Ингэснээр оюутнууд ямар ч зэм шийтгэл хүлээлгүйгээр хиймэл оюун ухаан ашиглан шалгалт өгч, үнэнчээр шалгалтаа өгсөн оюутнуудаас илүү үнэлгээ авах боломжтой болж байна” хэмээн судалгаанд өгүүлжээ.

Судалгааг удирдсан дэд эрдэмтэн Питер Скарф болон профессор Этьен Рош нарын мэдэгдсэнээр, тэдний судалгааны үр дүн дэлхий даяарх багш нарын хувьд “түгшүүрийн дохио” болох ёстой гэнэ.Оюутнууд гараараа бичиж шалгалт өгдөг уламжлалт аргаас олон их сургууль татгалзсан үед хиймэл оюун ухаанаас хуулах явдалтай тэмцэх аргаа бодолцох ёстой гэж Скарф онцолжээ.

“Гараар бичдэг уламжлалт шалгалтын аргыг буцааж ашиглах албагүй. Гэхдээ хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ үед дэлхий дахины боловсролын салбар өөрчлөгдөх шаардлагатай болж байна” хэмээн Скарф мэдэгджээ.

Рединг их сургуулиас хийсэн энэ судалгаа нь одоогийн байдлаар хамгийн том, найдвартай судалгаанд тооцогдож байна.

Хиймэл оюун ухаан боловсролд нөлөөлөхтэй холбоотой болгоомжлолоо эрдэмтэд илэрхийлсээр байгаа бол Глазго их сургууль саяхнаас оюутнуудаас уламжлалт аргаар шалгалт авдаг болжээ.

ChatGPT-ийн хөгжил

Судлаачид судалгаандаа ашигласан ChatGPT чатбот өдрөөс өдөрт хөгжиж, хамгийн сүүлд гэхэд энэ оны тавдугаар сарын дундуур тус ботыг боловсруулагч OpenAI компани шинэ хувилбарыг танилцуулсан юм.

Боловсруулагчдын өгүүлснээр, шинэ хувилбар нь өмнөхөөс илүү хурдтайн дээр хууч хөөрч, тэр бүү хэл сээтэгнэх ч чадвартай болсон аж. Шинэ хувилбар дүрслэл тооцож, харсан зүйлээ шүүн хэлэлцэж, нэг хэлнээс нөгөө рүү орчуулж, царайны хувирлаар сэтгэл хөдлөлийг тодорхойлж чаддаг болжээ. Үүний зэрэгцээ, өмнөх хувилбараас онцлогтой нь өмнөх харилцан яриаг санаж чаддаг гэнэ.

GPT-4 хувилбарыг нийтэд танилцуулах үеэр энэ бот энгийн тэгшитгэл бодсоны зэрэгцээ энэ бодлогыг хэрхэн бодох талаар хэрэгтэй зөвлөгөө өгч байсан аж. Түүнчлэн компьютерын кодыг задлаж, итали хэлнээс англи хэл рүү хөрвүүлж, инээмсэглэж буй хүний зураг хараад сэтгэл хөдлөлийг нь тайлбарлажээ.

Танилцуулгын үеэр бот америк аялгатай, эмэгтэй хүний аялгаар ярьж байсан бөгөөд цугласан олонтой мэндчилсний дээр хүмүүс түүнийг магтахад “Одоо болно оо, та нар намайг ичээгээд байна” гэж хариулж байсан гэнэ. Нэгэн судлаач түүнд хандаад яг одоо мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө тодорхойлж, нүүрний хувилбараа дүрслэхийг хүсчээ. Ингэхэд GPT-4 тооцоолоод, “нүүр дүүрэн инээмсэглэсэн, бага зэрэг сандарсан шинжтэй, жаргалтай, баяр баясалтай харагдаж байгаа” гэж өөрийгөө дүрслэн хэлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img