2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох: Цолны үнэмлэхээ Ерөнхийлөгчөөс гардаад бурхан болсон аав ээжээ л үгүйлсэн дээ

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох 2015 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн Цэргийн начин цол хүртэж, 2016 онд Бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан М.Бадарчаар найм даван түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн. Тэрээр 2017 онд Баянхонгор аймгийн баяр наадамд үзүүр түрүү булаалдан аймгийн хурц арслан Н.Золбоод өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 2018 онд Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж шөвгөрөн Монгол Улсын начин цолыг хүртжээ. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн ч “Сэргээш хэрэглэсэн” хэмээн чимгийг нь хураасан юм. Барилдах эрхийг нь хоёр жил хассаны хойно “Сэргээш хэрэглээгүй бөх” гэж зарласан нь Монгол бөхийн дэвжээ хэрхэн бузартсаны, хүний эрхийг Монголд хэрхэн зөрчиж болдгийн томоохон жишээ болон үлдэж байгаа нь даанч харамсалтай. Тэрээр хар дарсан зүүд шиг өнгөрсөн гашуудалт хоёр жилийнхээ тухай “Би сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Хүнтэй уулзахад хүртэл “Чи допинг хэрэглэчихсэн бил үү” гэсэн харцаар хараад ч байгаа юм шиг санагдана. Санаа дагаад ч тэгдэг юм уу. Би архи уудаггүй тулдаа тийм хүнд үеийг ухаалаг даван туулсан. Ийм асуудалд холбогдохоор олны хандлага тэс өөр болдог юм байна лээ. Өнөө цагт хүн чанар гэж байгаа эсэхийг би мэдэж авсан. Допингийн асуудалд орооцолдсоноос хойш юм, юм л үзлээ. Өмнөхөөсөө илүү сэтгэлийн хаттай боллоо” гэж дотогш нулимсаа залгин өгүүлсэн байдаг. Ус нутгийн эрхэм начин дүүгийнхээ аав Батын Дашдоржтой Заг сумынхаа шороотой гудманд тоглож бужигнаж өссөн хүний хувьд хэнэггүй хээгүй нь дэндсэн жинхэнэ монгол бөх олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Цэрэнтогтохыгоо улсын наадамд жил бүхэн зодоглож, цолоо ахиулаасай гэж төрийн сүлдэндээ залбирч явдаг билээ л. Түүнтэй Монгол Улсын начин цол хүртсэн жил буюу 2018 оны наадмын дараа хөөрөлдсөн яриагаа толилуулж байна. Заг сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой уулзаж ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдаж түүхт Хүрэн бэлчир, Залаа, Чандмань овоо, Загийн голдоо улсын начин хэмээх цолыг анх удаа авч ирсэн билээ.

– Би архи уудаггүй тулдаа допингод орооцолдсон хүнд үеийг ухаалаг даван туулсан –

-Төрсөн нутгаараа овоглож явахаас сайхан зүйл хаа байх сан билээ?

-Би Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн. Аавыг маань Батын Дашдорж, ээжийг минь Болормаа гэдэг. Миний хувьд 1992 онд төрсөн айлын ганц хүү.

-Заг сумын сургуульдаа хэддүгээр анги төгстөлөө суралцав?

-Нутагтаа би дөрөвдүгээр ангиа төгсгөөд нийслэл хот руу шилжиж ирсэн. Хотод ирээд IV хорооллын 86 дугаар сургуульд суралцаж, жүдогийн секцэд явдаг байлаа. Энэ сургуульд зургадугаар ангиа төгстөл суралцаад “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн лицейд шалгалт өгч тэнцэн орсон.

-Япон руу нэг явж байсан санагдах юм?

-“Ирээдүйн аваргууд” сумогийн тэмцээнд түрүүлэн, Кекүшюзан Даваагийн Батбаярын зодог тайлах ёслолд очиж оролцож байсан. 2007 оны долоодугаар сард наадмын бэлтгэлд Баянхонгорынхоо бөхчүүдтэй гарчихсан байж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Японоос хүмүүс ирчихсэн шалгалт авч байгаа юм байна” гээд намайг авчирч шалгуулсан. Тухайн үедээ ч юунд шалгаж байгааг сайн ойлгоогүй өнгөрлөө. Сүүлд аравдугаар сард “Тэнцсэн байна” гээд Японы сургуулийн урилга өгсөн. Ингэж Японы Нагаяогийн жүдогийн сургуульд дөрвөн жил суралцсан.

-Жүдогоороо аль хэр амжилт үзүүлж байв?

-Жүдогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Бүстэй барилдаан, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хэд хэдэн медаль авч байлаа.

Цэрэнтогтох

-Заг сум бөх аль хэртэй нутаг билээ дээ?

-Аймгийн арслангууд бол нэлээд хэд байдаг. Дээр үеийн бөхчүүдийг би сайн мэдэхгүй. Аймгийн арслан Баасанбат ахыг сайн мэднэ. Аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр ах маань байна.

-Заг сумаас түүхэндээ анх удаа улсын цолтон төрлөө гэж зарлаад байх шиг байсан?

-Анхны улсын цолтон нь би болж байх шиг байна.

-Аав тань сайхан барилддаг сумын начин цолтой хүн байсан даа?

-Аав маань намайг бага байхад сумын наадмын тавын даваанд Анхныбаяр гэдэг ахтай тунаж барилдаад гараа хугалж байсан ч гэл үү. Би жаахан хүүхэд байсан болохоор тэрийг нэг их сайн санадаггүй юм аа. Сумын начин цолтой, үедээ сайхан барилддаг л бөх байсан гэх юм билээ.

-Аав, ээжийн чинь талд бөхийн удамтай хүн байдаг бол уу?

-Манай ээжийн талд Самбуу гэж аймгийн цолтой хүн байсан гэдэг. Ээж маань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул хүн.

-Үндэсний бөхийн анхны амжилтаа дурсахад сонин доо?

-Би 2011 онд Заг сумынхаа наадамд барилдаж сумын начин цол авсан юм. Тухайн үедээ жүдогоор барилддаг байсан болохоор үндэсний бөхийн бэлтгэл хийдэггүй байсан. Хойтон жилийнх нь наадамд сумандаа түрүүлж заан цол авлаа. 2013 онд сумын заан цолоо баталж байсан.

-Сумын заанаас цэргийн цол хүртсэн байх аа?

-Сумандаа түрүүлсэн жилийнхээ намар аравдугаар сард цэрэгт явж албаа хаагаад халагдахдаа “Үндэсний бөхөөр барилдъя” гэсэн бодолтой ирсэн. Үндэсний бөхийн бэлтгэлдээ 2014 оноос тууштай хичээллэж эхэлсэн дээ. Ингээд 2015 оны Бүх цэргийн наадмаар тав давж цэргийн начин болж, 2016 онд түрүүлж цэргийн арслан болсон. Аймгийн арслан М.Бадарчтай барилдан түрүүлж билээ. Өнгөрсөн наадмуудын бэлтгэлээ Монгол Улсын харцага Даш-Очирын Батболд багшийн удирдлага дор “Их Богд” дэвжээнд базааж байлаа.

-Энэ жилийн хувьд наадмын бэлтгэлээ хаана хангав?

-Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан (Эдүгээгийн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар. Л.Б) ахын санаачлан байгуулсан “Хонгор нутаг” дэвжээнийхэнтэй наадмын бэлтгэлд гарсан.

-Улсын харцага Н.Золбоо та нар чинь тусдаа бэлтгэлд гарсан байл уу?

-Бид тусдаа бэлтгэлд гарсан. Манай дэвжээнд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү тэргүүтэй тавиад бөхчүүд байлаа. Багш-дасгалжуулагчаар аймгийн арслан Дамдин, Отгонням, аймгийн заан Батгэрэл, “Хилчин” спорт хорооны Лувсанпүрэв гэсэн дөрвөн багштай гарсан.

-Ахмад бөхчүүд, дасгалжуулагчид тань юу гэж зөвлөж байв?

-Бид нэг их юм яриагүй. “Өөр өөрсдийн барилдааныг гаргаж барилдана” гэж ярилцаж байлаа.

-Энэ жилийн наадмаар өөрөө их сайхан хувирч, барилдааны хувьд тэсрэлттэй байгаа чинь анзаарагдаж байсан шүү…

-Ер нь яахав, бяртай байгаад тэсэрч барилдахгүй бол дан ганц бяраар хүнтэй барилдаад хаяхад хэцүү л дээ. Миний жаахан тэсрэлттэй барилдсан гэдэг маань жүдогоор барилдаж байсны гавьяа гэж боддог юм.

-Наадмын хоёрын даваанаас эхлээд учраанууд чангараад ирэх шиг болсон шүү?

-Хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафатай нугалаагаар таарч барилдан давсан. Гурвын даваанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын начин Чулуунбатын Цогбаяртай барилдсан.

Цэрэнтогтох

-Дөрвийн давааны нугалаанд Монгол Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнийг хэд хэд дүүгүүрдэн эргүүлж сайхан давсан. Гарьдтай таарна гэж бодож байв уу?

-Би яг таарна ч гэж бодоогүй. Гэхдээ улсын гарьд, улсын заануудаас ер нь нэг их зөрөхөөргүй байсан. Гарьдтай барилдахад дэвжээн дээр гарснаас хойш биеэ барих зүйл байгаагүй. Ямар ч байсан өөрийнхөө мэхийг хийгээд зоригтой сайхан барилдъя гэж бодсон. Тэрүүгээрээ санасандаа хүрч сайхан л барилдлаа.

-Монгол Улсын хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс өөрийг чинь тавын даваанд амлахад их зүрхшээж бэрхшээв үү?

-Жаахан бэргэж байсан тал байгаа л даа. Ямар сайндаа улсын заан Мягмарсүрэн “Чи ямар улангассан баавгайтай таарчихаа юу. Адилхан л хүн юм чинь өөрийнхөөрөө барилд” гэсэн үг их зориг оруулсан. “Намайг ямар талбай дээр гаргаад алж хядах гэж байгаа биш. Юунаас нь ч айх вэ” гээд санаснаа хийж л барилдъя гэж бодсон. Нагац ах Авэрмэдийн Пүрэвсүрэн, Болдын Эрдэнэхүү арслан (хожим улсын начин болсон. Л.Б) нар маань ч зоригжуулсан.

-Бүрэнтөгс арслангийн хувьд энэ жилийн наадмын үзүүр түрүүнд л яригдаж байсан бөх шүү?

-Монгол хүн бүхэн, наадамчин олон бүгд л арсланг дээшээ сайхан барилдана гэж бодож байсан л даа. Миний хувьд гараад, дайраад, сайхан салхилж барилдъя л гэж бодсон. Жаахан удвал тэр хүнтэй чинь золгоод, барилцаад авна. Ер нь хэцүү шүү дээ, том биетэй хүн чинь. Жин их, арал бяртай. Бярдуулах ч магадлал өндөр. Тиймээс л бодсоноороо давхар ачсан.

-Та хоёрын биеийн жин, өндөр намын хувьд аль хэр зөрүүтэй бол?

-Бүрэнтөгс арслан надаас гуч, дөчин килограммаар илүү байх. Өндөр ч гэсэн арав гаруй сантиметр өндөр байх.

-Өөрийн чинь жин, өндөр хэд билээ?

-Би нэг метр 87 сантиметр өндөр. Жин 128 килограмм байсан. Одоо юу болж байгаа юм бол доо. (Хэнэггүйхэн инээв. Л.Б)

-Зургаагийн даваанд Баянхонгор нутгаас Н.Золбоо арслан та хоёрын хэн нэг нь харцага болох нь тодорхой тунаж үлдэн барилдсан. Начин цолондоо өөрөө сэтгэл жаахан ханасан тал байв уу гэж анзаарагдсан даа?

-Золбоо маань чөлөөт бөхөөр барилддаг болохоор ажиллагаа ихтэй бөх л дөө. Золбоотой чинь ер нь сэрмэж барилдана гэдэг хэцүү шүү дээ. Би их амарчихсан байсан болохоор халаалтгүй, зуурчихсан тал байгаа. Цочир шууд гараад барилдсан болохоор бие халаалт муудсан. Тэрнээс начин цолондоо ханасан зүйл байхгүй. Эндээсээ улсын наадамд цолоо ахиулж барилдана л гэж бодож байгаа.
-Өөрийг чинь бөхийн спортод уруу татсан хүн гэвэл дэлхийн аварга Халтмаагийн Баттулгыг гэхэд хилсдэхгүй юм байна?

-Ер нь намайг бөхөд уруу татсан хүн гэж Ерөнхийлөгчийг хэлж болно. Гэхдээ хамгийн анх бөхөд уруу татаж, барилдах урам зориг өгсөн хүн бол миний аав, нагац ах Пүүжээ хоёр л доо. Тэр хоёр маань л “Миний хүү барилдана. Миний дүү түрүүлнэ” гэж сэтгэл харамгүй сайхан үгээр шагнадаг байсан. Дунд сургуулийн хичээлийн амралтаар Пүүжээ ах минь л хот руу дагуулан ирж бөх үзүүлнэ.

Нармандах харцага, аймгийн заан Батгэрэл хоёртой хамгийн анх нагац ах маань л уулзуулж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч 2006 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хүүхдүүд барилдуулсан. Тэрэнд нь ч би сайн барилдаж амжилгүй хоёрын даваанд ойчсон. Тэр үед намайг “Бөх болох дуртай юу” гэж л байсан. Би ч тухайн үедээ нэг их юм яриагүй. Харин аав, ээж хоёр маань л “Ийм сайхан боломж олдож байгаа дээр яваад сайхан бөх болчих” гэж ятгасан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цолныхоо үнэмлэхийг гардаж аваад хамгийн түрүүнд юу бодогддог юм байна?

Цэрэнтогтох-Улсын начин цолоо Ерөнхийлөгчөөс гардаж аваад аав, ээж хоёроо л их бодсон доо. “Аав, ээж хоёр маань байсан бол хамгийн түрүүнд л над руу залгаад ярих байсан даа” гэж бодогдсон. Энэ дайтай яваагаа аав, ээж хоёртоо харуулж чадаагүйдээ л их харамслаа. Тэр хоёр маань их л баярлах байсан даа. Цол авсан бусад нөхөд маань аав, ээж рүүгээ яриад хөөрч байхад надад ярих ч хүн байхгүй нь их муухай байлаа. (санаа алдав. Л.Б)

-Тэгэхдээ хүний зэрэгт хүргэж яваа нагац ах чинь байна даа?

-Пүүжээ ах минь байсаан. Гэхдээ л аав, ээж маань юун түрүүнд бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд л ах дээрээ очсон. Ах уйлаад, тэвэрч аваад л. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж яваа нагац ах Пүүжээдээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж танаар дамжуулж хэлье дээ. Ах маань Улаанбаатар хотод амьдардаг, “Арвижих” компанийн захирал хүн дээ.

-Улсын начин цолны тань найр энэ сарын 20-21-нд Баянхонгор аймгийн Заг суманд болох тов гарсан байсан. Нутаг усныхан чинь ярьж байна уу?

-Хамгийн түрүүнд нутгийнхан ярьсан. Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, нутгийн хөгшчүүл, аав ээжийн минь найзууд бүгд ярьцгааж байна лээ. Найр наадмын тухайд би сайн мэдэхгүй л явна. Ямар ч байсан тов нь гарчихсан л байгаа.

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээж авч уулзлаа гэв үү?

-Сайд “Алдар” спорт хорооны бөхчүүдээ хүлээж авч уулзлаа. Манай “Алдар”-ын бөхчүүдээс аварга Санжаадамба үзүүрлэсэн. Аймгийн арслан Бэгзсүрэн, Ш.Мөнгөнбаатар нар улсын харцага цол хүртсэн. Аймгийн арслан Амаржаргал бид хоёр улсын начин боллоо. Бид бүгдийн цэргийн цолыг ахиуллаа. Миний хувьд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339дүгээр ангийн бөх гэж явдаг. “Малчин” телевиз, “Хангайн даваа” компанийн захирал Жаргал ахдаа үргэлж тусалж дэмждэгт нь баярлаж явдаг даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img