2024-09-20, Баасан
2 C
Ulaanbaatar

Д.Ширэндэв: Бясалгадаг хүүхдүүд хичээлдээ сайжрахаас гадна стресс хямралаа тайлаад сурчихдаг

Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй хүүхдийн бясалгалын талаар ярилцлаа.

-Бурхан багшийн хүн төрөлхтөнд үлдээсэн их өв бол хүүхэд насандаа хийж байсан анапана бясалгал, сүүлд гэгээрэлд хүрсэн випашяна бясалгал. Випашяна бясалгалынх нь өгөөжийг дэлхийн олон орны олон шашны хүмүүс хүртэж яваа, монголчууд танай төвийн ачаар энэ бясалгалтай танилцаж, энэ бясалгалаар хичээллээд олон жил болж байна. Тантай энэ удаа хүүхдийн анапана бясалгалын талаар онцлон ярилцахыг хүссэн юм. Эхний ээлжинд гадны кейсүүдийг сонирхмоор байна л даа. Аль улсууд боловсролын хөтөлбөртөө хүүхдийн бясалгалыг багтаасан байдаг вэ?

-Бурхан багшийн хүүхэд насандаа бясалгадаг байсан бясалгал бол Анапана л даа. Анапанаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа орон бол Энэтхэг.

Энэтхэгийн зөвхөн нэг мужид гэхэд л 23 сая хүүхэд хамрагдсан тоо бий. Энэтхэг хүүхдүүд хичээлээ эхлэхээсээ өмнө, бас дуусахдаа тус бүр арван минутаар анапана бясалгал хийдэг.

Өрнийн улсууд боловсролын хөтөлбөртөө албан ёсоор багтаагаагүй ч хүүхдүүддээ заагаад хэрэгжүүлээд яваа сургуулиуд цөөнгүй бий.

-Өрнийнхөн бясалгалыг түлхүү сонирхож эхэлсэн шиг анзаарагддаг. Шалтгаан нь юундаа байна?

-Соёлт сайхан орнууд гоё амьдардаг гэж ярьцгаадаг. Үнэн хэрэгтээ асар их стресстэй амьдарцгаадаг.

Монголд ирчихээд “Диваажинд ирчихсэн юм шиг” гэцгээдгийг та ч мэдэх байх.

-Тийм шүү, сүүлийн жилүүдэд чимээ аниргүй, байгалийн төрх нь тэр л янзаараа гэсэн шалтгаанаар манай улсыг зорьж ирэх жуулчид эрс нэмэгдсэн санагдсан. Хөгжлөөрөө гайхагддаг солонгосчууд гэхэд бидний амгалан, тайван ахуйд дурлан олноороо ирж байна. Ингэхэд Бурхан багшийн төрсөн газар Энэтхэг оронд энэ бясалгалыг хүүхдүүддээ их эртнээс зааж эхэлсэн үү?

-Бурхан багшийн бясалгалыг хүн төрөлхтөнд түгээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Гоенко багш маань амьд сэрүүн байх үедээ Энэтхэгт хүүхдийн бясалгалыг түгээж байсан их буянтан.

Бүр тодруулж хэлбэл 1970-аад онд хүүхдийн бясалгалын хөтөлбөр эхэлж байсан гэсэн үг. Хүүхдийн бясалгалаар маш том прожект хэрэгждэг.

Анапана бол Бурхан Буддагийн 4,5 настай байхдаа хийж суусан бясалгал. Энэ хорвоод хүн бүхэн төрөх болоод үхэх нь тодорхой гэдгээс өөрийг мэддэггүй.

Ихэнхи нь энэ тухай боддог ч үгүй. Завгүй явсаар дуусдаг. Ухаантай хүмүүс харин “Бид хаанаас ирсэн бол”, “Төрөхөөсөө өмнө хаана байсан юм бол”, “Одоо хаашаа явж байгаа юм бол” гэх мэтээр амьдралын утга учрыг ойлгохыг хүсдэг.

Бурхан багш ч мөн тэгсэн. “Төрсөн хүн бүхэн өвдөж, үхэж, өтөлж зовлонгийн дөрвөн далайг туулж байна. Үүнээс гарах арга нь юу юм бол” гэсэн асуулт тавьж гэрээсээ гарч, арга замыг хайсан түүхтэй.

-Бясалгал хийх зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхийн бүх л хүн стресстэж хямарч байна. Сэтгэлийн төвлөрөлгүйгээс болж ингээд юм.

Олонх хүн одоо цагт ерөөсөө төвлөрдөггүй. Анапана бясалгал хийгээд, өөр рүүгээ анхаараад ирэнгүүт харин анзаардаг. Өнгөрсөн, ирээдүйн талаарх бодож, сайханд нь дурлаж, муухайд нь дургүйцээд ирэхээр л сэтгэлийн өнгөн хэсэг ядардаг.

Сэтгэл амрахгүй байгаа учраас ядраад байгаа хэрэг. Сэтгэлд өнгөн болоод гүний хэсэг гэж бий л дээ, анапана бол сэтгэлийн өнгөн хэсгийг амраах зориулалттай бясалгал юм.

Шөнөжин унтсан хэрнээ ажил дээрээ ирэхээрээ ядраад байдаг даа. Шөнө унтахад таны бие амарсанаас биш сэтгэл чинь амраагүй гэсэн үг.

Ирээдүй, өнгөрсөний талаарх бодолдоо умбаж байгаад унтчихаар шөнө нь зүүд болоод зүүдлэгдэнэ. Унтаж байхдаа хүртэл тархи нь ажиллаад байгаа хэрэг. Үүнийг амраах арга нь анапана бясалгал.

-Анапана хэр хэцүү бясалгал вэ, аргыг нь зааж өгөх боломжтой юу?

-Анапана бясалгал маш энгийн. Хамрын нүхээр орж гарах амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхэд л болно. Ингэхийг хэн ч хийж чадна. Анапана хийгээд сурчихвал орой унтахад бие ч, сэтгэл ч амарна.

-Та түрүүн сэтгэл бол өнгөн, гүн гэсэн хоёр хэсэгтэй гэж ярилаа. Нэг л санаанд бууж өгдөггүй ээ, илүү тодорхой тайлбарлаж өгөөч?

-Шөнө нойрондоо явж хөргөгчөө онгойлгодог хүн байлаа гэж бодъё. Хүн нойрондоо ийм үйлдэл хэрнээ тэр үйлдлээ өглөө нь санадаггүй.

Сэтгэлийн өнгөн хэсэг унтсан ч гүн хэсэг нь унтаагүй байна гэсэн үг. Сэтгэлийн гүн хэсэг нь өнгөн хэсгээс ирсэн бүх мэдээллээ хадгалж байдаг учраас хөргөгч хаана байгааг мэдээд тийм үйлдэл хийгээд байгаа юм.

Сэрүүн байхдаа бодолд умбаж явдаг, унтахдаа ч мөн бодолд умбасан чигтээ амарчихаар сэтгэлийн гүн хэсэг 24 цаг ажиллачихдаг.

Бас нэг жишээ хэлье. Залуучууд согтуугаар машин барьдаг ч түүнийгээ өглөө нь санадаггүй. Сэтгэлийн өнгөн хэсэг тасарсан ч гүн хэсэг нь тасраагүй гэсэн үг л дээ.

-Бие, сэтгэл ядраасан бодол гээчээс бясалгалын аргаар л гарч чадах нь гэж ойлголоо…?

-Яг тийм. Амьсгалдаа төвлөрөөд бясалгахад өнгөрсөнийг бодохгүй. Амьсгал 24 цагийн турш байдаг учраас 24 цаг ч бясалгах боломж бий гэсэн үг.

Бидний сэтгэлийн гүн хэсэг мэдрэмжинд дурлаж, дургүйцээд, сэтгэлийн өнгөн хэсэг маань байнга өнгөрсний тухай бодож ядарч байдаг.

Энэ бүх мэдрэмжийнхээ сайханд нь дурлахгүй, муухайд нь дургүйцэхгүйгээр ажиглаад анирдаад ирэхээр сэтгэлийн гүн хэсэг амарч эхэлдэг юм.

Товчхондоо бясалгал бол ерөөсөө л супер амралт. Анапана, випашяна бол дэлхийн бүх хүний асуудлыг шийдэж чадах бясалгал.

Даанч хүний нүд үргэлж гадагшаа хардаг учраас сэтгэлийн өнгөн, гүн хэсэгт ямар асуудалтай байгааг анзаардаггүй.

-Үнэхээр л утга учиргүй баахан бодолд хүлээтэй амьдардаг юм байна аа, бид. Жишээ нь би энд тантай ярилцаж суугаа хэрнээ ярилцлагын сэдэвтэй огт хамаагүй өчнөөн бодолтой сууж байна?

-Яг үнэн, харамсалтай нь хүн төрөлхтөн ийм асуудалтай аж төрдгөө өөрсдөө анзаардаггүй. Яг өөр рүүгээ анхаарч бясалгал хийгээд эхлэхээр ямар утга учиргүйгээр бодолд автдагаа, нэг бодол дуусаагүй байхад нөгөө бодолд эзлүүлчихсэн суудгаа, галзуу юм шиг бодлуудын дунд хүлэгдэж явдгаа анзаарч эхэлдэг.

Энэ бүхнийг бясалгаж л зогсоох боломжтой. Тэгж зогсоохгүй бол бүр хүндэрдэг. Хүүхэд ч ялгаагүй. Яг ийм асуудалтай амьдарцгаадаг.

Хүмүүсийн тухайд нас ахих тусам асуудал нь ихэсдэг бол хүүхдийнх тийм биш.

Асуудал нь бага байдаг. Бага байгаа дээр нь тайвшруулах арга нь бясалгал.

-Анапана бясалгал хийсэн хүүхдэд ямар эерэг өөрчлөлт гарах бол?

-Анапана бясалгал хийсэн хүүхэд тайван, амгалан болчихдог. Тайван амгалан байгаа хүүхэд хичээлдээ сайн төвлөрнө.

Тайван байгаа хүүхэд бүтэхгүй юм хийгээд асуудалд ороод явахгүй. Тайван хүүхэд ямар нэгэн юм хийхдээ өөртөө итгэлтэй байдаг.

Би чадах болов уу гэж өөртөө эргэлзэхгүй, өөрийгөө доош хийхгүй гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн бясалгал бол гарцаагүй хэрэгтэй зүйл. Ихэнх эцэг эхийн гаргадаг алдаа бол хүүхдийг ямар ч асуудалгүй гэж ойлгодог.

“Бүх юмыг нь бэлдээд өгчихөж байна, энэнд ямар асуудал байдаг юм” гэх мэтээр ханддаг. Гэтэл тийм биш л дээ. Хүүхэд ч гэсэн өөрийн ертөнцтэй, өөрийн асуудал, стресстэй.

Энэ бүхнийг тайлах аргыг багаас нь заагаад өгчихвөл шилжилтийн насан дээрээ хурцдаж хүндрэхгүй гэх мэт олон давуу тал бий. Уг нь бид Боловсролын яамтай хамтраад улиралдаа ганц удаа зохион байгуулаад хүүхдүүдэд анапана бясалгал заагаад өгчихмөөр байгаа юм.

Боловсролын хөтөлбөрт оруулж чадахгүй байлаа ч энэ мэтээр анхаарчихад болохгүй юмгүй санагддаг.

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхах гэдэг зүйл их газар авч байна. Энэ мэт суурь асуудлуудаа шийдэхэд бясалгал хэрэгтэй юм байна шүү…?

-Зодуулж байгаа хүүхэд өрөвдөлтэй, зодож байгаа хүүхэд ч өрөвдөлтэй.

Яагаад зодоод байна вэ гэхээр багаасаа хуримтлагдсан стрессээ хэн нэг хүүхдэд тайлж гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр бид зодож байгаа хүүхдийг ч мөн аврах хэрэгтэй байгаа юм.

Тэгж яваад нэг өдөр шоронд ч орж болзошгүй шүү дээ. Хүүхдээ багаас нь анапана бясалгалд сургачихвал ийм асуудал гарахгүй.

-Таны нэг үг анхаарал татлаа. Хүүхэд ч стресстэй, бухимдалтай яваа гэсэн утгатай үг. Аав, ээж нарын бодох л өнцөг байна…?

-Хүүхдийн бага насанд үүсэж байгаа стресс, хямралыг эцэг эх, боловсролын систем аль аль нь анхаардаггүй.

Хүүхдэд зөвхөн хичээлээ хий, онц сур, гэдэг шаардлага тавьдаг. Зүй нь хичээл эхлэхээс өмнө хүүхдийн царайг хараад ямар асуудал байна, юу болсон бэ гээд асуучих тийм орчин хэрэгтэй байна.

“Зүгээрээ ийм асуудал байдаг юм, санаа зоволтгүй” гээд хэлчихэд хүүхэд тайвширчихна шүү дээ. Боловсролыг олж авах чухал ч робот биш хүүхэд гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Эцэг эхчүүд ялгаагүй, сэтгэл зүйн ямар ч мэдлэггүй аж төрцгөөдөг. Монголд саяхнаас л сэтгэл зүйчтэй болох талаар яригдаж байна.

Дахиад хэлье, боловсролыг эзэмшихийн тулд хүүхэд сэтгэл тайван амгалан, айдас асуудалгүй байх ёстой. Тэгж байж хүүхэд мэдлэг боловсролыг тайван суугаад хүлээж авна.

Сэтгэлийн зовлонтой хүүхэд хичээлдээ анхаардаггүй, хүлээж авдаггүй.

-Таны тэргүүлдэг Монголын випашяна судлалын төвөөс хүүхдүүдэд анапана бясалгал заадаг. Хүүхдийн бясалгалаар яг юуг заадаг вэ?

-Анапана бясалгал хүүхдэд гуравхан зүйлийг заадаг.

Нэгдүгээрт ёс суртахуунтай байх талаар заана. Эдгээр нь бүх шашинд бий. Бидний зааж байгаа зүйлд аль ч шашны эсрэг ямар нэгэн юм байхгүй. Амьтан битгий алаарай, тэр амьтан зовдог шүү, чамд тийм зовлон ирвэл ямар вэ, битгий худал хэлээрэй, худал хэлсэн хүн чинь цаанаа зовно шүү, чамайг хуурвал ямар санагдах вэ гэх мэтээр ойлгуулдаг. Хүүхэд бол маш цэвэрхэн ертөнц. Ялангуяа ээж, аав зэрэг өөрийнх нь хайртай хүмүүстэй жишээд ярихаар маш амархан хүлээж, тогтоож авдаг. Архи битгий уугаарай, тамхи муухай шүү, бэлгийн харьцаанд битгий ороорой зэргийг том хүүхдүүдэд хэлж өгөх хэрэгтэй.

Хоёр дахь нь анхаарал төвлөрүүлэх дасгал. Ой тогтоолт сайжирна, хүүхэд төлөв даруу болно. Европт хичээл тарах, эхлэх бүрт арван минут бясалгал хийдэг болж эхэлж буй талаар та бид хоёр ярианыхаа эхэнд онцолсон. Энэ аргыг хэрэгжүүлсэн сургуулийн багш нар “Амьдралдаа анх удаа хүүхдүүд ийм нам гүм байхыг харлаа, хичээлийн дундуур хүүхдүүдийн анхаарал маш сайн төвлөрч байна” гэж бичсэн байсан.

Гуравдугаарт бясалгалын төгсгөлд нинж бясалгал нэмж заадаг. Аав минь сайхан байгаасай, ээж минь сайхан байгаасай гэж ирээд бясалгуулдаг. Хүүхэд энэ мэт эерэг үгийг дахин дахин хэлээд байх тусам тэр чадвар нь хөгждөг.

Хүүхдийн анапана бясалгалын заадаг энэ гурван зүйл хүүхдэд маш хэрэгтэй. Багаас нь ингэж заагаад, эерэг дадалд сургачихвал бид хүүхдүүдээ аварч байгаа хэрэг юм.

Хүүхдэдээ суурийг нь сайн бэлдээд өгчихвөл, хичээл сургуульдаа сайжирна, бусдыг хайрладаг, буруу юмнаас хол хүн чанартай сайн хүн болж төлөвших гэх эерэг үр нөлөө нь асар их.

Томроод ирэхээр нь гадагшаа сургахаар явуулахад ч айх юм байхгүй болно гэсэн үг. Багаасаа бясалгасан, буруу зөвийг ойлгож хараад сурчихсан хүүхэд бусдад уруу татагдахгүй, өөрийгөө тайвшруулаад сурчихдаг. Монгол хүүхдүүдэд маань зайлшгүй хэрэгтэй зүйл.

-Бясалгал хийснээр хүүхдийн анхаарал төвлөрөл сайжирч хичээлдээ сайжирна гэдэг том үр дүн байна шүү?

-Бясалгал хийгээд эхэлсэнээр хүүхэд анхаарал төвлөрнө, хичээлээ маш сайн ойлгоно. Хамгийн гол нь стресс хямралаа тайлж сурна.

Анапана бясалгалыг ахин дахин хийсээр амьсгалдаа төвлөрөөд тайвширдаг аргаа мэдчихсэн хүүхэд ямар нэгэн асуудал гараад хэн ч ойлгохгүй байх үед бясалгаад стрессээ тайлаад сурчихдаг.

Бясалгал хийж үзээгүй хүүхдийн тухайд доторх асуудал нэмэгдсээр шилжилтийн нас нь дөхөөд ирэхээр хүнтэй юм ярихаа больдог. Уцаарлаад, өөрөө том хүн болчихсон юм шиг ойрын хүмүүсээ түлхээд эхэлдэг.

Эцэст нь “намайг ойлгодоггүй” гээд үүссэн стресс бухимдалдаа бусдыг буруутгадаг. Өөрийг нь хайрлаж байгаа хүн бүр дайсан нь юм шиг харагдаж эхэлнэ.

Дотор нь байгаа стресс бухимдал тийм дургүйцлийг бий болгодог. За ингэж явсаар шилжилтийн насанд ирэхээрээ хүн зодно, эсвэл архи тамхи, мансуурах бодис зэргийг хэрэглэж эхэлдэг.

Өнөө стресс, бухимдлаа л тайлахын тулд хэрэглэж байгаа хэрэг гэдгийг аав, ээж, багш, ойр тойрныхон нь олж ухдаггүй.
Харин анапана хийгээд дадчихсан хүүхэд нөгөөхөө хийгээд тайвширна.

Тайвширангуутаа уурлаж стресстээд байсан зүйл нь арилчихдаг. Багаасаа бясалгал хийдэг байсан хүүхдүүд хүнтэй гоё харилцдаг.

Нээлттэй, маш сайн ярилцаж чаддаг болдог. Стресс хямрал байхгүй учраас сайхан сэтгэл нь хөгжөөд байна гэсэн үг.

-Стрессээ өөрөө тайлаад сурчихна гэдэг том дадал, чадвар юм байна. Хүүхдийн анапана бясалгалыг боловсролын хөтөлбөрт оруулъя гэхээр шинээр цаг гаргах ёстой юу, эсвэл өөр энгийн арга шийдэл байна уу?

-Хичээл эхлэх дуусахын өмнөх арван минут байхад л хангалттай. Энэтхэгийн боловсролын систем, төрийн байгууллага их мундаг.

Бясалгалд явмаар байгаа ажилчдадаа 14 хоногийн цалинтай чөлөө олгодог. Мөн ажил дээрээ нэг цаг хамтдаа бясалгал хийцгээх нь хэвийн үзэгдэл болчихсон.

Ингэснээр ажлын бүтээмж сайжирна, авлига хээл хахуулиас хол, үнэнч шудрага ажилтанг бүтээж байгаа юм. Боловсролын салбар нь багш нарыгаа бясалгалд сууна гэвэл мөн адил 14 хоногийн цалинтай чөлөө олгоно. Ирж очих зардлыг нь төрөөс гаргадаг.

Бясалгалд суугаад дууссаных нь дараа багш нарыг сургалтад суулгаад хүүхдийн бясалгалын багш бэлтгэдэг.

Нэг сургуульд арваад тийм багш очиход нийлээд уг бясалгалаа сургууль дээрээ явуулчихдаг. Ярилцлагын төгсгөлд онцлоход өдгөө дэлхийн 120 гаруй орнуудад хүүхдийн анапана бясалгалыг явуулж байна.

Гэхдээ боловсролын системдээ оруулсан орон Энэтхэгээс өөр байхгүй. Бусад орнуудын тухайд системдээ арай оруулаагүй хэрнээ энэ их зүгээр юм байна гэдэг хандлага маш хүчтэй болчихсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img