мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Украины цэргүүд Орос дахь ажиллагаагаа тэлж, Беларусь хил дээрээ танк татан байршуулав

Украины цэргүүд Орос дахь ажиллагаагаа тэлж, Беларусь хил дээрээ танк татан байршуулав

Г.Мэргид

2024-08-12

dain

Сүүлийн өдрүүдэд Орос, Украины дайны явцад эргэлт гарч, өмнө нь дайн зөвхөн Украины нутаг дээр өрнөж байсан бол энэ удаад Украины цэргүүд Оросын нутаг руу халдсан юм. Байдал ердөө хэдхэн цагийн дотор өөрчлөгдөж, олон хилчид бууж өгөн олзлогдож, Украины цэргүүд урагшилсаар байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн үед ОХУ-ын гол холбоотон, Орос, Украины дайнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг гэгддэг Беларусь “түгшүүрийн харанга дэлдэж” хил дээрээ хуягт техник байршуулж эхэлжээ.

Германы DW сонины мэдээлснээр, Беларусийн Батлан хамгаалах яам Гомельск болон Мозырск чиглэлүүдэд цэргийн бүлэглэлүүдийг хүч нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, улмаар Украинтай залгаа хил рүү танкуудаа татаж эхэлсэн байна.

“Механикжсан нэгтгэлийн хэсгүүд даалгавар биелүүлэх бэлэн байдалд орсон. Цэргийн албан хаагчид цэргийн техникийн төмөр замд ачих ажлыг хийж, товлосон бүсүүд рүү холимог аргаар марш гүйцэтгэхээр бэлтгэж байна” хэмээн Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Украины хилийн дагуу цэргийн хүчийг нэмэгдүүлэх тушаалыг тус улсын Ерөнхийлөгч Лукашенко гаргасан юм. Украины дронууд Беларусийн агаарын орон зайг зөрчсөн гэж Лукашенко мэдэгдээд улмаар ийм шийдвэр гаргасан гэнэ.

Гэхдээ, үнэн хэрэгтээ хилийн бүсэд Искандер, Полонезийг татан байршуулах нь Курск муж дахь довтлогооноос Украины Зэвсэгт хүчний командлалын анхаарлыг холдуулах, ингэснээр Владимир Путинд туслах зорилготой гэж Украины Худал мэдээлэлтэй тэмцэх төвийн тэргүүн Андрей Коваленко үзэж байна.

Украины довтолгоо

Украины Зэвсэгт хүчин наймдугаар сарын зургааны өглөө Курск мужийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн юм. Тус бүс нутагт байлдааны ажиллагааны хугацаанд Украины арми 100 кв.км газар нутагт хяналтаа тогтоон, Оросын олон цэргийг олзолсон.

Цаашлаад, наймдугаар сарын 11-нд шилжих шөнө Украины цэргүүд Курск мужийн Белов районд нэвтэрсэн байна. Ингэснээр хяналтаа тогтоосон газар нутгийнхаа хэмжээг тэлж байгаа юм.

“Хорлон сүйтгэх-тагнуулын бүлгийнхэн манай нутаг дэвсгэрт нэвтэрч, үймээн самуун үүсгэлээ. Одоо нөхцөл байдал тогтвортой, гэхдээ түгшүүртэй байна” хэмээн Белов районы тэргүүн Волобуев нутгийн оршин суугчдад хандсан мэдэгдэлдээ онцолжээ. Украины цэргүүд Белов районы нутагт нэвтэрснийг Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов ч баталсан байна.

Наймдугаар сарын 11-нээс өмнө Курскийн Кореневск болон Сужанск гэсэн хоёр районы нутагт тулалдаан болж байлаа. Белов район нь Сужанскаас зүүн өмнөд хэсэгт, Белгород мужтай зэрэгцэн оршдог юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000