2024-09-16, Даваа
14 C
Ulaanbaatar

Монгол Путиныг баривчлах үүрэгтэй, гэхдээ баривчлахгүй байх “эрхтэй”…

Украины нутаг руу халдаж, дайн өдүүлснийхээ улмаас хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдаж, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах тогтоолтой болсон Владимир Путин манай улсад айлчлал хийхээр болсон нь дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьсан юм. Украины тал Путиныг баривчилж, Олон улсынх эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөхийг уриалж, ОУЭШ-ийн төлөөлөгч Монгол Улс ийм үүрэг хүлээсэн гэдгийг сануулж байлаа.

Гэхдээ Монгол Путиныг айлчилсан тохиолдолд ийм алхам хийхгүй гэж ам өгсөн талаар бид өчигдрийн дугаартаа нийтэлсэн. Ийм амлалтыг өнгөрсөн жил У.Хүрэлсүх ерөнхийлөгч Путиныг айлчлахыг урих үед л манай тал өгсөн бололтой.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжинд айлчлан, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаанд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзан, 2024 онд тохиох Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд айлчлахыг урьж байгаагаа дахин нотлож байв.

Энэ мэдээ 2023 оны 10 сард гарсны дараа л Путин Монголд айлчлах эсэхтэй холбоотой мэдээллүүд хөвөрч, шинжээчид төрөл бүрээр байр сууриа илэрхийлж байлаа.

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгсөн шалтгаан

2023 оны гуравдугаар сард Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх ОХУ Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой цэргийн гэмт хэргийн тухай хоёр хэрэг үүсгэж, хэд хэдэн хүнийг баривчлах тогтоол гаргасан.

Тодруулбал, Украины хүүхдүүдийг хулгайлсан болон иргэний дэд бүтцүүд дээр зориуд цохилт өгсөн гэж Оросыг буруутгаж, улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийг хариуцсан түшмэл Мария Львова-Белова нарыг баривчлах тогтоолыг гуравдугаар сарын 17-ны өдөр гаргасан юм.

ОУЭШ гэж юу вэ?

Ромын дүрэм нэртэй тусгай баримт бичгийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулж байв. Ромын дүрмийг 1998 оны долдугаар сарын 17-ны өдөр Ромд гаргаж байжээ.

ОУЭШ байгуулагдсанаар энэ нь эрүүгийн эрхзүйн анхны, байнгын үйл ажиллагаатай олон улсын байгууллага болсон юм. Өмнө нь байсан Нюрнбергийн шүүх, Токиогийн шүүх зэрэг нь түр зуурын шинжтэй, тодорхой нэг үйл явдлыг шүүн хэлэлцэх зорилготой байв. ОУЭШ дөрвөн төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй. Энэ нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг болон түрэмгийлэл юм.

Ромын дүрэмд гарын үсэг зурсан төдийгүй соёрхон баталсан орнууд энэ дүрмийн гишүүн орнууд болдог. Одоогоор дэлхийн 123 орон Ромын дүрмийн гишүүн болсон. Үүний зэрэгцээ дэлхийн нөлөө бүхий улс орнууд Ромын дүрэмд нэгдээгүй байдаг. Эдгээр нь ОХУ, АНУ, БНХАУ юм. Түүнчлэн Энэтхэг, Турк, Израиль улс Ромын дүрмийг дэмждэггүй.

Ромын дүрэм баталсан Монгол Путиныг баривчлах боломжтой юу?

Ромын дүрмийг соёрхон баталсан орнууд нутаг дэвсгэрт нь Путин ирсэн тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг хэрэгжүүлж, Путиныг баривчлах ёстой. Ийм үүрэг хүлээдэг. Гэхдээ бодит байдал дээр энэ үүрэг хэрэгжих нь анхнаасаа л эргэлзээтэй байв.

Өнгөрсөн онд У.Хүрэлсүх Путиныг айлчлахыг урьж, энэ сэдэв хэвлэлүүдийн анхааралд орсны дараа Оросын хуульч, улс төр судлаач Игорь Семеновский RIAMO.ru-д дараах тайлбарыг өгч байлаа.

“ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн орнууд руу Оросын Ерөнхийлөгч явах ямар ч шаардлагагүй. Нөхөрсөг бус орнууд гэдэг талаас нь ч юм уу эсвэл эдгээр орнууд олон улсын харилцаанд бага үүрэг гүйцэтгэдэг гэдэг үүднээс нь тийм орнууд руу явахгүй.

Харин ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн ч манай орны хувьд нөхөрсөг орнууд, тухайлбал Монгол, ӨАБНУ зэрэг орнуудад өнөөгийн засгийн газар нь байгаа үед Путинийг баривчлах эрсдэлтэй алхам хийхгүй” хэмээн Оросын хуульч, улс төр судлаач Игорь Семеновский RIAMO.ru-д өгсөн тайлбартаа онцолж байв.

Путиныг баривчлах тогтоолтой холбоотой тайлбар өгөхдөө Игорь Семеновскийн хэлсэн үгэн дунд анхаарал татаж байгаа нэг хэсэг нь “өнөөгийн засгийн газар нь байгаа цагт эрсдэлтэй алхам хийхгүй” гэсэн өгүүлбэр юм.

Үүгээрээ тэрбээр, дайны үед Монгол, ОХУ-ын харилцаа сайн байгааг илэрхийлсэн бололтой. Олон улсын тавцанд манай улс Орос, Украины сөргөлдөөний тал дээр төвийг сахисан байр суурь илэрхийлдэг ч НҮБ-ын санал хураалтаар Оросын эсрэг санал өгөхөөс түтгэлзэж байснаараа Оросыг дэмжигч гэж харагдах болсон. Түүнчлэн шинжээчийн онцолсноос харахад, Путин ирлээ гэхэд яагаад ч баривчлахгүй гэдгээ манай тал өнгөрсөн жил л үг, үйлдлээрээ баталсан бололтой.

Ёстой, “гэхдээ албагүй”

Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг биелүүлэх тал дээр их л эргэлзээтэй. Яг л хоёр үзүүртэй зүү шиг.

Шинжээчдийн үзэж байгаагаар, эрхзүйн үүднээс Путиныг баривчлах тогтоол гаргахад ОУЭШ-д ямар ч бэрхшээл байхгүй, ОУЭШ-ийн гишүүн орнууд тогтоолыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Ингээд нутаг дээр нь Путин ирвэл шүүхэд хүлээлгэж өгөх ёстой.

Гэхдээ хууль ёсны үүрэг нэг өөр, харин тухайн улс орны үйлдэл бас өөр байж болдог гэж ВВС агентлагт тайлбар өгсөн, Копенгагены их сургуулийн Олон улсын эрхзүйн шинжээчид болох Глеб Богуш, Кевин Йон нар өгүүлжээ.

Тодруулбал, баривчлагдах ёстой хүн ОУЭШ-ийн өмнө халдашүгүй эрх байдаггүй, харин тодохрй улс орнуудтай хамтран ажиллах асуудлыг улс орнууд өөрсдөө шийддэг аж. Улс хоорондын харилцаанд төрийн тэргүүн хувийн халдашгүй дархан эрхтэй байдаг тул тухайн хүн төрийн тэргүүний албан тушаалд байгаа үед нь өөр улс орон баривчлах боломжгүй гэнэ.

Шинжээчдийн тайлбарласнаар, баривчлах тогтоолыг хэрэгжүүлэх нь үргэлж л цаг хугацааны асуудал байдаг, харин одоо Путиныг баривчлах тогтоолыг гүйцэтгэх нь бараг боломжгүй аж.

Эндээс, “нэг талаас ОУЭШ-ийн өмнө хүлээсэн үүрэг, нөгөө талаас төрийн тэргүүний халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээсэн улс оронд албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн тэргүүн очвол хүлээн авч буй орны эрх баригчид юу хийх ёстой вэ?” гэсэн асуулт гарч ирнэ.

Гэвч энэ асуултад эцэслэсэн хариулт гэж байдаггүй ВВС-д тайлбар өгсөн шинжээчид онцолжээ. Тэдний онцолсноор баривчлах эсэх нь тухайн орны шийдвэр байдаг аж. Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөг Ромын дүрмийн гишүүн орнууд тогтоолыг гүйцэтгэж, сэжигтнийг баривчлан шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэхдээ ОУЭШ аливаа нэг орныг үүргээ биелүүлэхийг шаардах ямар нэг арга хэрэгсэл байдаггүй гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img