-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та сүүлийн үед ямар судалгааны ажлууд дээр ажиллаж байна?
–Баярлалаа. Танд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхийдөө миний судалгаа Монголын түүхийн ХХ зууны эхэн үе буюу 1900-1021 оны үеийг хамардаг юм.
Энэ цаг үед монголчууд тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлынхаа төлөө хэрхэн тэмцсэн хийгээд Олноо Өргөгдсөн Монгол улсын нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилт, геополитик орчин, хүн ам зүйн байдал ямар байсныг тодруулсан судалгаа шинжилгээний ажил хийдэг.
Харин одоо би гурван төсөл, хэрэгжүүлж байна. Нэг нь дотоодын төсөл. Хоёр нь гадаадын эрдэмтэдтэй хамтарсан төслүүд. ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран Дэлхийн Монгол судлалын талаарх төслийг хэрэгжүүлж дууслаа. Төслийн хүрээнд эл сэдвээр Орост хоёр ном, Монголд хоёр ном хэвлүүлснээс гадна хоёр талын төслийн багийн гишүүд 20 гаруй судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн.
–Судалгааны ажил хийхдээ Өрнө, Дорнын түүхч судлаачидтай хамтарч ажиллана биз?
–Тиймээ. Дээр дурдсан Оросын эрдэмдтэй хамтрахаас гадна Японы эрдэмттэй “Чингисийн хэрмийн олон улсын судалгаа”, мөн “Монгол дахь торгоны замын ул мөр” төслийг хэрэгжүүлж, археологийн малтлага хийж, эх бичгийн судалгаанууд хийж байна. Мөн Чех, ХБНГУ, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна.
Хэдэн жилийн өмнө “Монгол судлалыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах” гэсэн инновацийн төсөл дээр хамтран ажиллаж их том ажлын ард гарсан. Монгол судлалын талаар мэдлэг олгож, мэдээлэл түгээх зорилгоор вэб сайттай болж, тэндээ бүх мэдээллээ оруулсан байгаа.
Энэхүү ажил, сайтын хувьд үнэ өртөг ихтэй, олон хүний хөдөлмөрөөр бүтсэн, нийтэд өгөөжтэй ажил болсон л доо. Харамсалтай нь “Шинжлэх Ухааны Технологийн Сан” энэ сайтыг ажиллуулна гэж аваад одоо хүртэл ажил хэрэг болгохгүй юм. Хэрвээ бид сайтыг МУИС-ийнхаа мэдэлд авбал байнга шинэ мэдээ мэдээллээр хангаж, тогтвортой ажиллуулж чадна. Mongolstudies.com сайт маань хэд хэдэн булантай хийгдсэн.
Төслийг хэрэгжүүлсэн 2013-2015 онуудад миний бие уг сайтыг хариуцаж ажиллахад хоёр жилийн дотор 40.000 гаруй хандалттай болж байсан шүү.
-Би таны хэлээд сайтыг сонирхож харсан юм байна. Цахим номын сан нь их аятайхан шгийдэл санагдсан…
–Цахим номын санд олон монгол эрдэмтдийн лавлагаа бүтээлүүд, бас миний маш их хүч хөдөлмөр зарцуулж хийсэн гадаадын 1000 гаруй судлаач, монголч эрдэмтдийн олон арван бүтээл багтсан. Үүнээс гадна монгол орны түүхэн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулсан булан бий.
Бас интерактив булантай. Тэр булангийн нэг гоё нь “Гандан Тэгчинлэн хийд”, “Богд хааны музей”, “УБ хотын музей” зэрэг түүх-соёлын обьектээр 3D аялал хийх боломжтой.
–“Чингисийн хэрэм” төслийнхөө талаар сонирхуулаач. Хэнээс хамгаалж барьсан хэрэм юм бол?
–Гурван орны нутаг дэвсгэрийг дамжин оршдог, Киданы үед байгуулсан гэж үздэг Чингисийн хэрэмийг хэнээс хамгаалж барьсан нь өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байгаа. Судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлдэг.
Энэ далан Хэнтий, Дорнодын нутгаар дамжин хил дамнан гарч Өвөр Монгол, Оросын Забайкальскийн нутгаар үргэлжилдэг. Тус хэрмийг Монгол, судлаачид Оросын эрдэмтэд судалж байсан.
Сүүлийн үед манайхан АНУ-Израилийн эрдэмтэдтэй хамтран судалж байгаа. Япон улсын ахисан түвшний судалгааг дэмжих сангийн (JSPS)тэтгэлгээр хэрэгжүүлж яваа. Энэ төсөлд Япон, Монгол, Тайвань, Өвөр Монголын эрдэмтэд оролцож байна.
Бидний төсөл 2021 онд эхэлсэн, таван жилийн хугацаатай.
Төслийн хүрээнд “Чингисийн далан”-д холбогдох бичмэл баримтуудыг цуглуулах, археологийн малтлага хийх, хэрмийн дагуу оршин сууж байсан угсаатнуудын судалгаа, баримтат кино бүтээх, судалгааны өгүүллүүд хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах зэрэг олон арван ажил хийж байна.
–Япон гэснээс Япон-Монголын хамтарсан “Монголын нутаг дахь, Торгоны замын ул мөр” гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Сонин сайхан их биз?
-Төсөл хэрэгжээд явж байна. Өмнөговийн Цогт Овоо сумын нутаг дахь Дугшихын балгас дээр очлоо, саяхан. Археологийн зорилтын малтлагыг нь археологич профессор У.Эрдэнэбатын баг гүйцэтгэсэн. Манай ахмад түүхч Х.Пэрлээ гуай XIV зуунд энд суурин газар байсан гэж тэмдэглэсэн байдаг юм.
Харин нутгийнхан болохоор Тогоонтөмөр хааны хот хэмээн нэрлэдэг. Очоод үзэхэд хөх цагаан ваарны үлдэгдлүүд элбэг, байшин барилгын туурь нь маш их баларсан, бараг мэдэгдэхгүй болсон ч дроноор авсан зураг дээр маш тодорхой ул мөр харагдаж байна лээ.
-Сонирхолтой ул мөр ажиглагдав уу?
–Дугшихын хоолойд усалгаат тариалан эрхэлж байсан ул мөр одоо ч тодхон байж л байна. Эндээс “Тан”, “Сүн”, “Юань” улсын үеийн олон зоос олдсон, Дундад иргэн улсын зоос цөөн тоогоор олдсон. Олдворуудын зарим дээжид он цагийг тогтоох судлагааг Японд хийнэ.
Ази-Европыг дамнасан эртний торгоны зам Говь Алтай аймгаар дамжин гарч байсныг түүхч П.Дэлгэржаргал судлан гаргасан байдаг. Харин дундад зууны үед “Торгоны зам” чухам хаагуур дамжин өнгөрч байсныг тодруулах судалгаанууд хийгдэж байна.
Италийн жуулчин Марко Поло “Торгоны зам”-аар аялаж бичиж тэмдэглэсэн ч тэрбээр манай Өмнөговийн нутгаар өнгөрч гарсан гэх зүйл тэмдэглэж үлдээгээгүй. Зүүн хэсгээр явсан учраас тэр л дээ. Дугшихын балгасыг чухам ямар зориулалттай газар байсныг тогтоохоор ажиллаж байна.
–Та сүүлийн жилүүдэд, Иран, Бухара, Самарканд гээд Ил хаант улсын нутгаар явж байгаа. Уудлаад яривал шимтэй, сонирхолтой сэжүүр, баримт олон л бий байх даа?
–Монголын эзэнт гүрний эзэмшиж байсан дөрвөн том улсын газар нутгаар аяласандаа түүхч хүний хувьд их баяртай яваа. Номноос сурч судалсан бүхнээ биеэр очиж, нүдээр харна гэдэг их сайхан, маш өгөөжтэй.
Сүүлийн хоёр жилд Цагаадайн улс гэгддэг Дундад Азийн олон орнуудаар явлаа. Би МУИС-д докторантуудад Орос-Сибирийн түүх, бакалавруудад Зүүн Европын түүхийн хичээл заадаг юм. Миний судалгааны нэг чиглэл бол “Монгол хатад судлал”.
2000 онд тэнхимийнхээ багш Д.Энхцэцэгийн хамт “Монгол Хатад” ном бичиж хэвлүүлсэн, хэд хэдэн судалгааны өгүүлэл бичсэн юм.
Ираны түүхийн дөрвөн том хотоор явж, Хэрэйд овгийн Сорхугтани хатны үр сад Ираныг захирахдаа ямар түүх, өв соёлын дурсгал үлдээснийг хараад сэтгэл өөрийн эрхгүй хөдөлсөн шүү.
Түүхч Д.Анхбаяр шавь маань Д.Энхцэцэг багш бид хоёрыг Иранаар аялуулсан юм. Доктор Д.Анхбаяр маань турэг, перс, курд, цагаадай, азар гээд зургаан эх сурвалжийн хэлтэй, их эрдэмтэй гялалзсан залуу.
Мөн урд хөршийн нутгаар олонтоо очиж, Монголын Их Юань гүрний түүхтэй олонтоо танилцсан.
–Та өөрөө Хэрэйд овогтой хүн билүү?
-Тийм ээ. Хэрэйд аймгийнхан гурван голын монголчуудаас урдуур, Хянганы нуруунаас Туулын шугуй хүртэл газар нутгийг эзэмшиж байсан. Бид хэрэйд гэдэг овгийг авахдаа тэдний амьдарч байсан газар нутгийг харгалзан үзсэн л дээ.
Учир нь манай өвөг дээдэс Сүхбаатар аймгийн Халзан сум, эртний Сүрэгчин хошууны улс юм. Манай нутаг Дарьгангад чулуун зэвсгийн үеэс л хүмүүс амьдарч сууршиж байсан түүхтсайхан нутаг. Зарим хүн Манжийн үеэс төмөр сүрэг хариулуулах гэж хүмүүс аваачсан мэт буруу ташаа ойлгодог.
Дарьгангын хийц сайтай хүн чулуун хөшөөнүүдийг Эзэнт гүрний үед хамаарна хэмээн манай археологчид тогтоосон. Сүхбаатар аймгийн уугуул улс учир Хэрэйд гэдэг овгийг авсан. Тийм болохоор Хэрэйд овогтой хүмүүст илүү их анхаарал тавиад байдаг юм (инээв).
–Тулуй хааны хатан Хэрэйд аймгийн Сорхугтан хатны тухай итгэлийг тань Ургенч хотын Давлатын их сургуулийн сайтаас олж уншсан. Энэ хатны тухай сайхан баримтуудаар ярилцлагаа үргэлжлүүлье.
–Чингис хаан Отгон хүү Тулуйдаа Сорхугтанийг өөрөө сонгож гэрлүүлсэн түүхтэй. Манай их хаадын нэг онцлог нь хүний язгуур угсааг харахаас илүүтэйгээр уг хүний өнгө зүс, сэргэлэн цовоо, авхаалж самбаа, оюун ухаан сийрэг байхыг л эрхэмлэн анзаардаг байсан.
Зарим орон шиг заавал язгууртан гэр бүлээс бэр буулгах албагүй гэж үздэг байсан. Монголын дөрвөн ханхүүг төрүүлж, өсгөн бойжуулж, хүмүүжүүлсэн Сорхугтани хатан Иранд амьдарч байгаагүй ч Хүлэгү хан ээжийгээ дурсан санаж бунхан барьсныг нь би очиж үзсэн.
Исламын шашнынэгэн онцлог нь булш бунхныг огт хөндөхгүй заншилтай. Сорхугтани хатны бунхан доор зүгээр жирийн нэгэн түшмэдийг булшилсан гэсэн, тийм ёстой байж л дээ.
Сорхугтани бэхи бол Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү хэмээх дөрвөн их хаадыг төрүүлсэн хосгүй хатан юм даа. Сорхугтани хатан Сайф-Ад – Дина Бохарзи хэмээх номч, бичгийн хүнд мөнгө өгч Бухара хотод “Хатны сургууль” байгуулж 1000 хүүхэд сургаж, зэргэлдээх хотуудыг худалдан авч “вак”- “сан” байгуулж, сургуулийн зардлыг гаргадаг байж.
Хатдын сургуулийн зургийг интернэтээс олж аваад Узбекстанаар аялахдаа хайгаад, хайгаад олохгүй цөхөрсөн.
Тэгээд буцахын яг өмнөх өдөр, Д.Анхбаяр шавь мааньхолбогдож “Багшаа, Буян-Кули хааны бунханг заавалүзээрэй.
Цагаадайн хаадаас хамгийн анхны исламынзаншлаар оршуулагдсан хүн шүү” гэдэг юм. Хайж явсаар олж очтол, нэлээд хуучирсан, сэргээн засварлалт ер хийгдээгүй байсан.
Эл бунханы хажууд маш үзэсгэлэнт нэгэн бунхан харагддаг байгаа. Гэтэл өнөө бунхан чинь Сорхугтани хатан үүрэг өгсөн өнөөх Бохарзийн бунхан байх нь тэр.
Харин Сорхугтани хатны санаачлагаар байгуулсан Хатны сургууль гэх медресийг олж чадаагүй. Хамгийн харамсалтай нь XVII зуунд маш хүчтэй газар хөдлөлтөд олон сургуулийн барилга нурж хатны сургууль өртөж, алга болсон шиг билээ.
Сорхугтани хатны тухай итгэл тавьсны дараа” Хатны сургууль” гэдэг чинь танай монгол хатан байсан юм уу гээд олон хүмүүс гайхширч байсан. Өвөг дээдсийн минь үлдээсэн мөрийг бахархсан, шагширсан ийм агшин бүр үнэхээр бахархам сайхан шүү.
–Их хатан Ц. Дондогдуламын мэндэлсний 150 жилийн ой удахгүй тохионо. Дондогдулам хатныг аягач байсан гэдэг. Энэ хэр бодитой баримт вэ?
–Ардчилсан хувьсгал ялснаар түүхчдийн бүтээлд тавих үзэл суртлын хяналт суларч, хаад хатдынхаа түүхийг бичих боломж гарсан.
Дээр дурдсан “Монгол хатад” номоо анх гаргахдаа Монголын үе үеийн 20 хатдыг түүхийг монгол эх сурвалжууд болон судалгааны бүтээлүүд дээр тулгуурлан бичихдээ Дондогдулам хатныгаа оруулсан юм. Дараа нь доктор, дэд профессор Д. Энхцэцэг маань “ Улсын эх дагина” номоо гаргахад нь би редакторласан.
2024 оны арванхоёрдугаар сарын 29-ний тусгаар тогтнолын өдрөөр Богд хааны ордон музейгаас Ц.Дондогдулам хатны 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх гэж бэлдэж байна. Музейд ажилладаг шавьдаа зөвлөгөө өгч, урлаг, шашин, нийгэм гэх мэт олон талт чиглэлээр илтгэл тавиулахаар төлөвлөж сууна.
Богд хаан “Амарбаясгалант” хийдэд залрах үед, Сэцэн хан аймгийн хөвчийн жонон бэйсийн Цанлигдорж ноёны хатан мөргөхөөр явсан гэдэг. Цанлигдорж ноён эхнэртээ хань бараа болгож хатныхаа төрсөн дүү Дондогдулам охиныг хамт явуулсан байдаг.
Түүнээс биш, зарим хүмүүсийн хэлдгээр “Аягачин” хүн байгаагүй шүү. Тухайн цаг үед дугуй цагаан дугариг царайтай эмэгтэйг сайхан хэмээдэг байж. Ингээд Дондогдуламыг Богд гэгээнтэн таалсан юм билээ. Их хааны ёслож авсан, албан ёсны хатан Ц.Дондогдуламыг манжийн хаанаас зөвшөөрч түүнд “ Дарь Эх” хэмээх өргөмжлөл өгсөн түүхтэй.
-Ц.Дондогдулам хатантай холбоотой сонирхолтой баримт олон байх даа…?
–1910 оны 10 дугаар сард Манжийн төрөөс “Засаг тусын их яамны хуралдаан” анх болсон байгаа юм.
Хуралд Бээжин рүү Их Хүрээний монгол сайд Н.Пунцагцэрэн, Сэцэн хан аймгийн засаг ноён М.Доржпалам, тэдэнд бараа болж Эрдэнэ жонон ван Ц.Ширнэндамдин нар явсан байдаг. Тэдний өдрийн тэмдэглэл, өдөр тутмын мөнгөний тооцоо нь манай Улсын нийтийн Номын санд бий.
Аялалын санхүүгийн тайлангаас харж байхад цөөхөн үлдсэн хэдэн мөнгөө яг буцааж өгсөн баримтууд байдаг. Тэр баримтуудыг хараад “Манай ноёд түшмэдүүд өндөр ёс суртахуунтай байж дээ” гэсэн бахархал эрхгүй төрдөг.
Энэ хурлын үеэр Н.Пунцагцэрэн сайд Богд гэгээн болон Дондогдулам нар захидлаар харьцаж байж. Хатны захидалд: “Нөгөө 10 зүйлийг зурхайчаас асууж өгөөч” гэсэн байдаг юм. Н.Пунцагцэрэн сайд хариу захидалдаа “Хатан таны асуусан 10 зүйлээс ес нь бүтэх нигууртай, харин нэг нь маш бүрхэг байна” гэж бичсэн байдаг.
Энэхүү захидлын ард талд нь эмчээс нүдний хараагаа алдаж байгааг эмчлэх боломжтой эсэхийг асуусан Богд хааны хувийн захидал байсан юм. Хаан хувийнхаа эрүүл мэндийн талаар асуусан гэхээр хатан бас эрүүл мэндээ асуусан байж магадгүй. Их хатны үр хүүхэдтэй болох хүсэлт байж болохыг үгүйсгэх аргагүй.
Оросын консулын бас нэгэн бичигт “Цагаан цэцэг хүрээнд их тархаж байна. Иймээс вакцин оруулж ирвэл маш ашигтай байна. Хүрээнд Богд хаан өвдсөн байж магад, ойрдоо огт үзэгдэхгүй, тусгаарлаад байна” гэж бичсэн баримт бас бий.
“Цагаан цэцэг” тахал мэт өвчин туссан хүний хараа муудаж, царай арьсанд сорви тогтож, үр хүүхэдгүй хүртэл болгодог муухай өвчин байсан юм.
Богд хааны нүдээ асуусан захианы хариуд нь “Нүдийг наанаас хичнээн эмчлээд хэрэггүй, уг өвчний үндсийг устгахгүй бол болохгүй. Цонхыг хичнээн арчивч түр зуур гэгээ ороод буцаад бүрхэхтэй адил” гэж зүйрлүүлэн бичсэн байдаг. Энэ сурвалжуудыг би судлаж, эрдэм шинжилгээний хуралд нэгэн итгэл тавьсан.
Эх хатанд үр хүүхэд заяагаагүй ч олон сайхан хүүхэд үрчлэн авч, өсгөж хүмүүжүүлэхийн дээр хүрээний урчуудыг нэгтгэн зангидаж, гар урлал хөгжүүлж, уран гоёмсог эд зүйлс хийлгэж байсан бөгөөд тэр үед хийсэн хатны сайхан шуумал одоо ч бий.
Дондогдулам хатан жирийн хүн биш, чойжин буулгадаг байсан юм билээ. Монголчууд бид их хатнаа найманшарга морьдтой нь Шарга морьтод сүүлийн замд нь үдсэн түүхтэй улс. Өнгөрсөн жил Дондогдуламын рашааныг хүн хувьдаа авч, өөд нь татаж сайхан болгосонд дотроо их баяртай байгаа.
–Таны яриа үнэхээр сонирхолтой юм. Та олон улс орны Архив, Номын санд сууж ажилласан байх. Аль нь их таалагдав?
–Оросын номын сангууд, архив манай улсын түүхэн холбогдох материал сайтай, тэнд нэлээд ажилласан. АНУ-ын Конгрессын номын сан сэтгэлд ёстой нэг нийцсэн газар. Бүх ном, материал нь чөлөөтэй, хэрэгтэй эх сурвалжаа үнэ төлбөргүй татан хувилан авч болохоос гадна дэлхий дээр гарч буй бүхий л нарийн нандин мэдээлэлд нэвтрэх бүрэн боломжтой. Би Конгрессын номын сангийн “Юдин фонд”-д суусан.
Энд нэгэн сонирхолтой түүх байдаг. Оросын Юдин Геннадий Васильевич гэдэг Сибирийн чинээлэг худалдаачин эр Орос, Сибирийн түүхийн маш их ном сонирхож цуглуулж л дээ. Тэр үнэт номын сангаа хоёр хүүдээ өвлүүлэх гэтэл хөвүүд нь гашуун ундаанд дуртай тул найдваргүй улс байж.
Тэгээд Юдин цуглуулгаа эзэн хаан II Николайд зарах гэж үзээд бүтээгүй тул АНУ-ын Конгрессын номын санд зарчихсан түүхтэй.
Юдингийн сан гэдэг үнэхээр баялаг, гайхалтай тэр чигээрээ Сибирийн тухай. Энэ чинь манай буриадын түүхээс эхэлнэ. Маш баялаг. Сар гаруй суухдаа аль болох олон сурвалж үзэж судлах гэж сандраад л… яараад л… бас сайхан шүү.
Мөн Ташкентын номын сан гэдэг бол жинхэнэ гайхамшиг. Ихэвчлэн перс хэл дээр арвин эх сурвалжууд байна лээ.
Манай оюутнууд үнэ төртөг ихтэй Турк, хаалттай орон Иран гэж явахын оронд хажуугийн Узбек улсад очиж перс хэл сурвал мөн хэрэгтэй байна даа.
Ташкентын Шинжлэх Ухааны Академийн Номын сангийн сан хөмрөг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.
–Та Узбекийн “Дорно дахины хүрээлэн” дээр өөрөө очсон байх аа.
–Тиймээ, би Узбекид очихын өмнө тэдний Шинжлэх ухааны академид олон удаа захиа бичсэн, хариу байдаггүй, жаахан хаалттай юм билээ. “Судрын чуулган” хэмээх номны хамгийн анхны хувилбар нь дэлхий дээр ердөө хоёрхон хувь байдаг.
Нэг нь Ташкент өнөөх Ираны Табриз хотод байдаг юм. 1310 онд хэвлэгдсэн “Судрын чуулган” номыг үзэх чин хүсэлтэй байлаа. Энэ гайхамшигт судрыг манай Иль хааны тушаалаар бичигдсэн.
Түүхч Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг эмхэтгэн бичих даалгавар өгсөн байгаа юм.
Ер нь бол Дэлхийн түүхийг 10 ботиор бичсэний 2 боть нь монголчуудын түүхэнд холбогдоно. Үнэ цэнэтэйэнэ сударт манай “Нууц товчоо”-д байхгүй асар их түүхэнмэдээлэл энд бий.
Узбекийн ШУА-тай цахимаар холбогдож чадаагүй боловч Ташкент хотод очмогц би шууд яваад очсон, нүүр тулан уулзахад найрсгаар хүлээж авсан. Тусгай өрөөнд нь орж,цагаан бээлий өмсөж, түүхийн гайхамшигт судрыг үзэхэд Монгол хаадын нэрийг бүгдийг алтан үсгээр бичсэн байсан. Сорхугтани хатан эр нөхөр Тулуй хаантай сууж байгаа зургийг хараад сэтгэл үнэхээр хөдөлсөн.
1310 оны тийм хуучин судрыг өөрийн нүдээр харна гэдэг түүх хүний хувьд том аз юм даа. Одоо Узбекийн түүхчидтэй хамтарч ажиллаж байна.
Өнгөрсөн жил манайд хурлаа хийсэн. Энэ жил Узбект хурлаа амжилттай сайхан хийлээ. Ирэх жилийн хурлаа Турктэй хамтарч хийнэ.
–Та ангийн найз нартайгаа аяладаг. Найз нарынхаа тухай сонирхуулаач?
– Би чинь 1978 онд 23 дугаар сургууль төгссөн, их хуучны хүн (инээв), Ангийнхан маань юуч мэдэхгүй жаахан байхаасаа нийлсэн болохоор цаанаасаа сайхан байдаг.
Тэд маань гэгээлэг сэтгэлтэй, боловсролтой хүмүүс, дээр нь нэмээд бид их сайн багш нартай ч байж дээ. Сүүлийн хэдэн жил 10 жилийн ангийнхантайгаа Узбекистанаар аяласан даа.
Ангийн найзууд маань урлаг, түүх соёлоо эрхэмлэн явдаг хүмүүс. Бидний энэ жилийн аялал Хөх хот, Ордосоор дайрч, урагшаа Шиан хотыг хамарсан.
Ирэх жил бид Туркээр хамтдаа аялхаар төлөвлөж байна. Аялж байхдаа ангийнхандаа “Та нар танин мэдэхүйн пост тавь” гэдэг юм. П.Оюунсайхан маань барилгын инженер тул барилга байгуулж, суваг шуудуу сонирхож байхад Ү.Энхцэцэг маш гоё хатгамал хийдэг тул узбекийн алдарт “сюзане” хатгамлын өнгө хээ гээд сонирхолтой нандин пост оруулна.
Энэ жил Хятадаар аялахад, манай ангийн өөр гурван хүн нэмэгдсэн. Тэд маань их хөгжилтэй. Сайн пост тавьж байж Турк явах эрхээ авах юм байна гээд бөөн инээдэм болно. Ангийн охид маань эрүүл хоололт, иогоор хичээллэж, надад бас сайнаар нөлөөлдөг.
–Урангуа гэдэг нэрний тухай хөөрхөн түүх байдаг байх аа?
–(инээв) Миний элбэрэлт ээж Д.Дэнсмаа намайг төрүүлэх гэх нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтсэн байж л дээ. Миний аав Л.Жамсран эртлэн босч цай шөл хийж бэлдээд, бие нь яаж хоносон бол гэж эмнэлэг рүү утасдтал “эхнэр чинь амаржих гэж байна” гэж байна хурдал! гэж гэнэ.
Сандраняаран аавыг гарч явтал радиогоор “Шарай голын гурванхаан” дуурь дуулж байж. Эмнэлэг явах замдаа аавын толгойд “Шарай голын гурван хаан” дээр ямар ямар хатан гардаг билээ гээд бодогдоод байсан гэнэ.
Тэгээд “Рогмагуа хатан”, “Урангуа хатан”, “Арлангуа хатан” нэрнээс минийэнэ нэрийг сонгосон юм билээ. За тэгээд би сургуульд оров оо. Гэтэл намайг хүүхдүүд шоолж, чиний нэрд “гуа” гэж байгаа нь шийгуа гэсэн хятад үгтэй адил байна гэж шоолох болсон.
Би ичнэ гэж жигтэйхэн. Сүүлдээ төрсний гэрчилгээ бас ээжийн пасторт дээрх нэрээ арилгаад Урнаа болгочихсон юм. 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад зөрчилтэй гарч торгуулаад, аавынхаа хайрласан жинхэнэ нэрээ буцааж авсан түүхтэй.
Манай түүхчид хүүхдүүддээ түүхээс их нэр өгдөг. Түүхч Ш. Нацагдорж гуайн охиныг гэхэд л Ариунгуа гэх жишээний. Одоо ч гэсэн надаас ах дүү хамаатан садан, шавь нар маань түүхэн нэр байнгаасуудаг.
Жишээ нь: “Монолун” гэдэг эрэлхэг хатны нэрийг би дүү дизайнер Б.Номунгэрэлийн компанид хүртэл өгсөн.