2024-11-21, Пүрэв
-10 C
Ulaanbaatar

Э.Дэлгэрмаа: Анхаарал багатай өссөн хүүхэд асуудалд хойрго, хайхрамжгүй нэгэн болж хувирдаг

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн “Сэтгэл судлал арга зүйн” тэнхимийн багш Э.Дэлгэрмаатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, донтолт зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

-Өсвөр нас буюу шилжилтийн нас залуужлаа гэж ярих боллоо. Ер нь хэдээс хэдэн насныхныг өсвөр насанд хамруулдаг вэ?

-Өсвөр насны хүүхдийн хувьд биет болон сэтгэлзүйн шилжилтийн үе дундуур явж буй, ойролцоогоор 12-18 насны хүүхдийг хэлнэ. Энэ насанд хүүхдүүдийн бие махбодын хөгжил хурдасч, биеийн өөрчлөлтүүд явагддаг. Мөн сэтгэлзүйн хувьд өөрийгөө таньж мэдэх, бие даасан байдалд хүрэх, нийгэмд өөрийн байр сууриа тодорхойлох гэсэн асуудлуудтай нүүр тулдаг. Энэ үед тэдний хувьд өөрийгөө ойлгох, нийгмийн харилцаа, бие даах чадвар зэрэг нь чухал ач холбогдолтой болдог.

-Сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж байхад өсвөр насныхны нийтлэг асуудал юу байдаг вэ?

-Өсвөр насныхан ихэвчлэн өөртэйгөө холбоотой асуудлуудтай тулгардаг. Энэ нь ихэвчлэн “Би хэн бэ?” гэсэн асуултаас эхэлж, өөрийн үнэлэмжийг тогтоох, зан чанар, үнэт зүйлсээ тодорхойлох гэх мэт өөрийгөө таньж мэдэхтэй холбоотой байдаг. Зарим тохиолдолд хайр дурлалын бүтэлгүйтэл, гэр бүлийн харилцааны хүндрэлүүд ч гардаг.

Ер нь насанд хүрэгчдийн хувьд тулгардаг олон асуудалтай өсвөр насныхан ч мөн адил нүүр тулдаг гэж хэлж болно.

-Өсвөр насны хүүхэд болон оюутнуудын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Ялгаа гэж зааглаад хэлэхэд хэцүү ч, бие махбод болон сэтгэл зүйн хувьд насны онцлогтой холбоотой өөрчлөлтүүд байдаг. Гэхдээ ахлах ангийн сурагчид болон оюутны 1, 2-р курсын сурагчдын зан байдал ихэнхдээ төстэй байдаг. Тулгарч буй асуудлууд нь л өөрчлөгддөг.

-Жишээ нь ямар ямар асуудлууд өөрчлөгддөг вэ?

-Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн “Би хэн бэ?”, “Юунд дуртай вэ?”, “Ямар найзуудтай болох вэ?” гэх мэт өөрийгөө танин мэдэхтэй холбоотой асуудлуудтай байдаг. Харин оюутан болоод ирэхэд “Би энэ мэргэжлээрээ амжилт гаргаж, ирээдүйд амьдралаа авч явж чадах болов уу?”, “Найзуудтайгаа гадуур гарах уу, эсвэл хичээлдээ суух уу?” зэрэг илүү бодит асуудлуудыг шийдэх хэрэгтэй болдог.

-Асуудлуудаа шийдэж байгаа байдал нь…?

-Тухайн хүүхдийн асуудалд хэрхэн хандах нь ихэвчлэн эцэг эхийн өгсөн хүмүүжил, суурь боловсрол, EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжтай холбоотой байдаг. Жишээлбэл, эцэг эх нь хүүхдийн сэтгэл санаа, мэдрэмжийг нь ойлгож, байнга дэмжиж ирсэн бол хүүхэд аливаа асуудалд хариуцлагатай, идэвхтэй хандах магадлал өндөртэй байдаг. Харин анхаарал халамж бага авсан хүүхдүүд асуудалд илүү хойрго, хайхрамжгүй хандах хандлагатай байдаг.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ямар зөвлөгөө хүсэж, асуудал ярьж орж ирдэг вэ?

-Ихэвчлэн эцэг эхчүүд “Манай хүүхэд өөр болчихлоо. Өмнө нь ийм байгаагүй, одоо нэг л их нүүрээ будаад, өөртөө анхаараад, том хүн болох гэж байгаа юм шиг” гэж ярьдаг. Тэд хүүхдээ танихаа больсон мэт санагддаг.

Гэвч энэ бол өсвөр насны хэвийн үйл явцын нэг хэсэг. Хүүхэд өөрчлөгдөж байгаа нь зүй ёсны хэрэг, үүнд эцэг эхчүүд ч мөн өөрсдөө дасах шаардлагатай болдог. Гэхдээ өөрчлөлт огцом биш, хүүхэд нэг л өдөр өөр хүн болсон юм биш. Тухайн эцэг эх гэнэт анзаарсан гэсэн үг.

Хүүхэд урьд нь ч аажмаар хөгжиж, өөрчлөгдөж байсан, зүгээр л та тэр үеийг анзаараагүй байж магадгүй. Хамгийн чухал нь, хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж, түүний хөгжлийн энэ үеийг дэмжих хэрэгтэй.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?

-Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэй харилцахдаа ихэвчлэн хүүхдийн бие махбодын өөрчлөлтөд илүү анхаарч, сэтгэл зүйн болон нийгэмшихүйн хөгжилд нь төдийлөн анхаарал хандуулдаггүй нь нийтлэг алдаа байдаг.

Бие махбод бол хамгийн эхэнд илэрхий өөрчлөгддөг. Өндөр болсон байна, эрэгтэй хүүхэд бол мөр өргөн, охидууд эмэгтэйлэг гоолиг болсон байна гэх мэтчилэн гэтэл цаана нь юу харагддаггүй вэ гэхээр тухайн хүүхдийн нийгэмшихүй, сэтгэл зүйн онцлогийн өөрчлөлт нь тийм айхтар харагддаггүй.

Өсвөр насны хүүхэдтэй харилцахдаа эцэг эхчүүд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, цаг үе өөрчлөгдөж байна гэдгийг ойлгох нь чухал. Арван жилийн өмнөх өсвөр насны онцлог одоогийнхтой адилгүй. Технологийн хөгжил, хоол хүнс, нийгмийн харилцаа зэрэг орчны нөлөө маш их өөрчлөгдсөн тул эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийнхөө өсвөр насны үеийн туршлагатай харьцуулах нь утгагүй юм. Бид ч бас өөрсдөө суралцаж, хүүхдүүдтэйгээ хамт дасан зохицож явах ёстой.

Арван жилийн өмнө өсвөр насны хүүхдийн талаар ярихад “эрх чөлөөг нь өг, та нар хүүхдүүдэдээ эрх чөлөөг нь өгөхгүй байна, дараад байна, бүх үйлдлийг нь хянахаа болих хэрэгтэй” гэдэг байсан. Гэтэл эрх чөлөөтэй хамт “хариуцлага” гэж ерөөсөө яриагүй.

Өсвөр насны хүүхдэд эрх чөлөө өгсөн ч, түүнтэй хамт хариуцлагын ойлголтыг заахгүй насанд хүрсэн хойно нь мянга хариуцлагагүй, хуумгай байна гэж загнаад нэмэргүй шүү дээ. Жишээлбэл, хүүхдүүдэд өглөө босоод өөрсдөө бие даан шийдвэр гаргах хэрэгтэйг ойлгуулах, автобусаар явах уу, таксигаар явах уу гэдгээ шийдэх нь цаанаа санхүүгийн хариуцлагатай холбоотой болохыг ойлгуулах хэрэгтэй.

Мөн хүүхдэдээ хэт их шахалт үзүүлж, том хүн шиг ачаалал өгөх эсвэл эсрэгээр нь хэт их хайрлаж, бага насны хүүхэд мэт хандах нь хоёул буруу. Хүүхэд өсвөр насандаа өөрийгөө таних гэж хичээж байгаа үед эцэг эхийн ийм хандлага нь хүүхдэд эргэлзээ, сөрөг мэдрэмж төрүүлж ойлгомжгүй байдлыг бий болгож байдаг.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд онцолж өгөх зөвлөгөө гэвэл…?

-Танай хүүхэд бага насандаа ямар онцлогтой байсан юм, багаас дадсан ямар зан чанар нь өөрчлөгдөж байгааг маш сайн анзаарах хэрэгтэй. Өөрчлөгдөж байгаа зан чанар, одоо бий болсон зан чанар дээр нь тохируулж харьцах ёстой. Гэнэт том хүн шиг тэг ингэ гэснээ жаахан хүүхэд мэт эрхлүүлээд эхэлдэг. Тэгэхээр хүүхэд маань аав ээж надад хайртай юм болов уу, үгүй юм болов уу, би яах ёстой юм бол гээд эргэлзээ, сөрөг мэдрэмж аваад эхэлдэг.

Дээрээс нь эцэг эх өөрийн хайрын хэлэмжийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Манай хүүхэд биенд нь хүрэхээр таатай байна уу, үгүй юу, гоё үг хэлэхээр баярлаж байна уу эсрэгээрээ үл ойшоож байна уу, миний хүүхэд надад хайраа илэрхийлэхдээ үйлдлээрээ хайраа илэрхийлж байна уу гэдгийг анзаараад олоод мэдчих юм бол хүүхэдтэйгээ харьцах харилцаа дээрдээд явчихна. Иймэрхүү арга замаар хүүхэдтэйгээ холбогдож болно.

Бид хүүхдүүдтэй алхам тутамдаа холбоо тогтоож байдаг. Үгэн байдлаар, үйлдлээр гэх мэт. Амьдралын хэмнэлдээ тааруулаад хүүхэдтэйгээ холбоо тогтоочих нь маш зөв байдаг. Тэрнээс долоо хоногтоо огцом ганц удаа “ за чи яасан, юу мэдэрч байна, яагаад байна?” гээд шалгаагаад байж болохгүй. Хүүхдээ л зовооно. Өөрөө ч бас яг юу мэдрээд байгаагаа бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа шүү дээ.

-Хоёр, гурван насны синдром гэж байдаг шүү дээ. Бага насны хүүхэд бол өөрийгөө ойлгуулж илэрхийлэх чадвар сул харин өсвөр насныхны хувьд бүрэн дүүрэн биш ч ер нь нэг ингээд байнаа гэж ойлгуулж чадна. Өсвөр насанд синдром гэж байх уу?

-Өсвөр насны синдром гэхээрээ маш төвөгтэй юм шиг боловч тийм биш. Үүн дээр эцэг эхчүүд нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв бага насанд нь хүүхэдтэйгээ сэтгэл санааных нь талаар ярилцаж, мэдрэмжийг нь асуудаггүй байсан бол өсвөр насанд нь гэнэт ярилцах гэж оролдоход хүүхэд бэлэн байж чаддаггүй. Өмнө нь огт ярилцаагүй, сэтгэл санааны талаар ярьдаг дадалгүй байсан бол өсвөр насанд нь гэнэт хэдэн цагаар ярилцъя гэх нь хүүхдэд сөрөг мэдрэмж төрүүлдэг.

Хүүхэд “Яагаад аав, ээж гэнэт надтай ярих гээд байна? Би буруу зүйл хийчихэв үү?” гэсэн эргэлзээ, айдастай болдог. Тиймээс эцэг эхчүүд эхлээд хүүхэдтэйгээ аажмаар, бага багаар ярилцаж эхлэх хэрэгтэй.

Эхний удаад 5-10 минут “Сэтгэл санаа нь ямар байна?” гэж асуугаад, дараа нь бага багаар нэмээд “Хичээл нь ямар байна?”, “Өнөөдрийн хамгийн амжилттай зүйл нь юу байсан, юун дээр алдсан, маргааш яаж сайжруулж болох уу?” гэх мэт энгийн асуултуудаар яриагаа өргөжүүлэх нь зүйтэй.

Гэхдээ ширээний ард байцаалтын маягаар биш, хүүхэдтэйгээ хамтдаа дуртай зүйлсийг нь хийж байхдаа, өглөөний цай ууж байхдаа, дэлгүүр хэсэж байхдаа эсвэл кино үзэж байхдаа ярилцах нь илүү үр дүнтэй. Ингэснээр хүүхэд өөрийгөө нээх боломжийг олж, илүү тайван орчинд ярилцах боломжтой болно. Мөн заавал нүүр тулан ярилцах биш, чатаар эсвэл биеийн хэлэмжээр ч мөн харилцаж болно.

Тогтмол, өдөр бүр бага багаар ярилцах нь илүү чухал. “Угаасаа хэцүү” эсвэл “угаасаа төвөгтэй” гэсэн тогтсон хандлагаар хандаж болохгүй. Хүүхдүүдэд тасралтгүйгээр анхаарал, дэмжлэг үзүүлэх нь маш чухал. Уг нь гайгүй шүү дээ манай өсвөр насныхан чинь.

-Та Gen Z үеийхэнд багшилдаг. Gen Z үеийнхэнд нийгэм даяараа шахуу тийм нааштай байдаггүй. Цаг барьдаггүй, хариуцлагатай биш гэх мэтээр шүүмжилдэг. Дунд нь ороод багшлаад өдөр тутам харьцаад явж байгаа хүний хувьд тэдний авууштай тал нь юу байна гэж хардаг вэ?

-Тийм ээ, давуу болон сул тал аль аль нь бий. Нэг онцгой давуу тал нь тэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж чаддаг. Бидний үед “чимээгүй бай, гараа өргөж ярь” гэдэг дүрэм байсан бол одоо “яриад бай, асуух юм байвал асуу” гэсэн хандлага түгээмэл. Тиймээс Gen Z үеийнхний харилцааны ур чадвар илүү өндөр хөгжих боломжтой. Мөн тэд илүү соёлтой, харилцаанаас суралцаж, өөрийн алдаанаасаа ухаарч явдаг.

Хоёрдугаарт, аливаа зүйлийг маш хурдан ойлгодог, сурах потенциалтай үе гэж хардаг. Тэд маш богино хугацаанд шинэ зүйлд суралцах чадвартай боловч энэ чадвараа бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал. Гуравдугаарт, soft skills буюу зөөлөн ур чадвар. Тухайлбал, цагийн менежмент, асуудал шийдвэрлэх чадвар сайжирч байна. Тэд одоо дэлхий нийтээс шаардаж байгаа ур чадвартай, дэлхийн хүн болохын тулд өөрчлөгдөж, хөгжиж байгаа гэж би хардаг.

Мөн багаар ажиллах чадвар маш сайн. Тэд баг болж асуудлыг шийдвэрлэхдээ хоорондоо сайн харилцаж, хамтын ажиллагаагаар soft skills-ээ хөгжүүлж чаддаг. Гэхдээ хариуцлагын хувьд сул тал бий. Тэд багаас нь хариуцлага гэдэг зүйлд анхаараагүй болохоор одоо тэднээс хариуцлага нэхэх нь зарим талаар утгагүй санагддаг.

-Нэгэнт тогтоогүй, сураагүй, хариуцлагыг одоо яаж өөртөө суулгах вэ? Хариуцлагыг хэрхэн ухамсарлах вэ?

-Хариуцлагыг гэнэт их хэмжээгээр өгөх нь хүүхдэд хүнд ачаа мэт санагдана. Хэрэв багаас нь үе шаттайгаар, насанд нь тохируулан хариуцлага өгч байвал хүүхэд үүнд дасаж, хариуцлагатай болно. Жишээлбэл, бага насанд нь тоглоомоо хураах, хоол идсэн аягаа цэвэрлэх гэх мэт жижиг үүрэг даалгавар өгч, дараа нь бага багаар хариуцлагыг нэмэх нь зүйтэй.

Хүүхэд багаасаа даалгавруудаа амжилттай биелүүлж сураад явбал, насанд хүрээд хариуцлагаас зугатахгүй. Гэртээ тодорхой дүрэм, хариуцлагыг ярилцаж тохирох нь хүүхдэд илүү ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ.

-Эсрэгээрээ хариуцлагаас зугатаана гэж байдаг. Энэ юутай холбоотой вэ?

-Хариуцлагагүй байгаа нь тухайн асуудалтай нүүр тулах чадвартай л холбоотой гэсэн үг. Асуудалтай нүүр тулахад айдсын мэдрэмж дагаад явж байдаг. Ихэнх хүмүүс асуудлаа шийдэхээс илүүтэй магтуулахыг хүсдэг. Гэхдээ асуудалтайгаа нүүр тулах нь хамгийн хэцүү хэсэг, харин нэгэнт тулсан бол даван туулах процесс харьцангуй хялбар болдог. Асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа нь өөрийнхөө нэг хэсгийг хүлээн зөвшөөрч байнаа гэсэн үг. Асуудлаа хүлээн зөвшөөр, нүүр тул дараад нь даван туул, цаашдаа яахаа бодох хэрэгтэй.

-Донтолт нас харгалзахгүйгээр маш их газар авч байна. Ялангуяа залуус маань мөрийтэй тоглох, кола их уух, хамгийн наад зах нь дэлгэцийн донтолт гээд. Өсвөр наснынхны донтолт гэхээр та юуг онцлох вэ?

-Өсвөр насныхны донтолт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Маш энгийнээр тайлбарлая л даа. Донтолтын цаана юу байдаг вэ гэхээр хэрэгцээ байдаг. Хэрэгцээ гэж юу юм? Өлслөө хоол иднэ, нойр хүрлээ унтана. Энэ бол бидний биологийн хэрэгцээ. Өсвөр насныхны хувьд авч үзье л дээ. Тэдний нийгэмших хэрэгцээ хангагдахгүй бол яах вэ? Гутрангуй, ганцаараа зожигдуу болно. Энэ хэрэгцээг хангахын тулд хичээх үү, хичээнэ.

Тухайн хүүхдийн нийгэмших хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд утсанд донтох нь их байдаг. Утсаар дамжуулаад хэн нэгэнтэй харьцаж байна эсвэл өөрийгөө сатааруулах хэрэгсэл болгож байна.

Ерөнхийдөө донтолтыг хэрэгцээ дагаж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ өсвөр насны хүүхэд нийгэмшихүй, сэтгэл хөдлөлөө нээх, илэрхийлэх хэрэгцээ нь хангагдахгүй байх юм бол энэ нь удаан хугацаандаа донтолт руу шилжих боломжтой. Гэхдээ хүн болгон донтолттой болохгүй. Энэ нь амьдралыг туулах арга замаасаа шууд хамааралтай.

Мөн маш олон залуучууд “бит”-д ихээр донтож байна. Энэ бол нийгмийн аюул. Үүний цаана ямар хэрэгцээ байна вэ гэхээр санхүүгийн хэрэгцээ. Хэрвээ санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрчихсэн, санаа зовох юмгүй амьдардаг бол битэнд донтох уу? Үгүй байх. Гэтэл эхний өдрөө таван мянга, дараагийн өдрөө хорин мянга хийчихсэн хүн амархан аргаар олж болох юм байнаа гээд өөрийн мөнгөний хэрэгцээгээ хангах гэж үзнэ. Тэгэхээр донтолтыг байнгын ямар нэгэн хэрэгцээ дагаж байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img