2024-11-30, Бямба
-9 C
Ulaanbaatar

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг тавьсан байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав

Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

  • Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
  • Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
  • Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
  • Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
  • Малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

  • Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
  • Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
  • БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
  • Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
  • Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
  • Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохион байгуулах,
  • Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Эх сурвалжЗасгийн газар
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img