2025-05-03, Бямба
11 C
Ulaanbaatar

Бурхадтай ойрхон Атос уулын лам нар

Эртний домогт яруу найрагч Хомерийн туульд “Үүлэн дунд умбан харагдах, өндрөөс өндөр үзэсгэлэнт Олимпус уул”-н  дахь Грек бурхдын гайхамшигт түүхийг хүүрнэдэг. Туяа цацарсан алт, гэрэл гялбасан гантиг чулуугаар бүтсэн гайхамшигт ордон, цайзны алтан хаалгуудыг Хорай бурхад буюу үзэсгэлэн гоо гурван дарь эх сахин хамгаална. Энд бурхадын хаан Зевсийн өргөө сүндэрлэж, үхэшгүй мөнхийн морьд сүр цогтойгоор давхилдаж, хүчирхэг бурхад өндөр оргилоос байгаль дэлхий, үзэсгэлэн гоо, мод хад, далай тэнгис хийгээд хүмүүний амьдралыг тэр чигт нь тольдон хараачилж буй тухай гардаг.

Өнөөдөр ч энэхүү сүрлэг ихэмсэг үзэсгэлэнг харж, мэдэрч болно гээд төсөөл дөө. Грекийн зүүн хойд хэсэгт, 2033 метрийн өндөрлөг дээрээс Эгейн тэнгисийг тольдох Атос хэмээх хад асга, модот уулан дунд очсон хэнийг ч ер бусын орчил угтана. Яг энэ уулан дунд эртний тууль домог үргэлжилсээр байгаа мэт санагддаг юм.

Христосын Ортодокс- Үнэн алдартны шашинт, гүн сүслэгч лам нар хүмүүн бидний бужигнасан жир амьдралаас өөрсдийгөө бүрэн  тусгаарлаж, олон зууны туршид шүтэгдсээр ирсэн бурхадтай хамгийн ойр гэгдэх “Ариун уул Атос”-д ирж суурьшжээ.  Суурьшин аж төрсөн эхний  200 жилийн туршид энэ уулан дах 180 сүм хийдэд 20.000 лам сууж бурхан шашны ном хурж байжээ. Тэгж ахуйд нь далайн дээрэмчид, явуулын тонуулчид гээд элдэв дээрэм довтолгоо байнга болдог байж. Лам нар энэ мэт довтолгооноос хамгаалахын тулд  бөх зузаан хадан хэрэм босгосон гэдэг. Сүүлдээ сүмийнхэн довтлогчидтой хэлэлцээр хийж, эв зүйгээ олж, харилцан тохиролцсоноор  1100 жилийн туршид тэнгэрт, тэнгэрүүдэд ойрхон ажин түжин амьдарчээ.

Грекүүдээс гадна Орос, Болгар, Серб, Украйн, Беларус, Румын, Молдав, Македончууд гэх мэт  олон орны хүмүүс эцэг эх элгэн садангаа б орхиж, эд хөрөнгөтөй байх, эхнэр авах, үр хүүхэдтэй болох эргэх хорвоогийн эгэл хүмүүний жамаас татгалзаж, өөрийн хүслээр лам болсон юмсанж.

2016 онд Путин айлчилсан
2016 онд Путин айлчилсан

1988 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өв бүртгэгдсэн, энэхүү домогт  ууланд  нийт 20 гаруй сүм хийд бий. Эдгээр сүм хийдэд 2000 гаруй лам нар  амьдардаг. Тэдний зарим нь өөртөө таарсан оромж сууц барьж, засаж өөрөөл бусдаасаа зайтай маш энгийн борог амьдарна.  Даяанч амьдралтай гэсэн үг.  Энэ нас, нэгэн амьдрал хийгээд бие сэтгэл, ухаан бодлоо зөвхөн ганц л бурханд зориулсан улс энд аж төрдөг.

Атос ууланд эмэгтэй хүн огт байдаггүй. Энэхүү хойг дээр 1046 оноос эхлэн 400 жилийн турш эмэгтэй хүн хөл тавихыг хатуу хорьсон аж. Ингээд ч зогсохгүй  эм мал, амьтнаас хүртэл цээрлэдэг. Учир нь энэ ууланд гэгээн эх Мариа ирж,  миний нутаг болоосой хэмээн мөргөсөн гэх домогтой юм байна. Ийнхүү цэвэр ариун онгон дагшин энэхүү ууланд түүнээс өөр эмэгтэй байх ёсгүй хэмээн үздэг болж. Үүнээс гадна, бүхнээ золиос болгож, бие сэтгэлээ зориулах бурхны их үйлд  эмэгтэй хүн саад тотгор болж үймүүлнэ  хэмээн эмээдэг байна.

Констанинополь хоттой, 395-1453 он хүртэл оршин  тогтож байсан эртний Византын эзэнт гүрний үед ч Атос уул шашин шүтлэгийн онцгой чухал газар байв. Өнөөдөр эндээс IV зууны үеийн барилгын архекторыг харж болно.  Сүм хийдэд нь шашин түүхийн маш ховор судар ном, эртний түүхэн баримтууд, шашин урлагийн үнэлэж барамгүй эд өлгийн зүйлс хадгалагдаж буй.  Тэр утгаараа  түүхч эрдэмтдийн хурал болно.

Биеэ даасан бодлого, хууль дүрэмтэй энэхүү улсад, нэгэн айхтар хэрэг түүх болон үлдэж өнөөг хүртэл яригдсаар байдаг билээ. Түүхийн дурсгалт энэ газарт Византын гүрний тухай эрдэм шинжилгээний хурал 1953 оны 4 дүгээр  сарын 17-ний өдөр болж л дээ.  Яг тэр үед Мария Поймениду гэдэг 22 настай грек хүүхэн мэргэн арга сэдэн олж, уг хуралд орохоор эртнээс төлөвлөсөн гэдэг. Бүсгүй маш нарийн, нямбай төлөвлөгөөтөйгээр үзсэн гэдэг. Тэрээр эрэгтэй хүний дүрд хувилаж, үс зүс, хувцас хунараа солин өмсөж хурлынхантай нийлэн Атос ууланд ороод авч. Тийнхүү сүм хийдээр эрчүүдтэй мөр зэрэгцэн явж, лам нартай уулзаж, эртний сүм хийдэд орж үзэж сонирхсоор гурав хоножээ. Төд удалгүй бүсгүй гярхай хүмүүст сэжиг төрүүлэн баригдаж,  шанд нь шашинд харш, хууль зөрчсөн хэрэгт унаж 1 жилийн хугацаатай шоронд хоригдох ялаар шийтгэгдсэн аж.

Өнөөдөр ч гэсэн Атос ууланд шууд яваад очих боломжгүй,  олон сарын өмнөөс визийн мэдүүлэг өгнө. Нэг өдөрт зөвхөн 110 хүнд л орох зөвшөөрөл олгоно.  100 хүн нь ортодокс- үнэн алдартны шашинтнууд. Үлдсэн 10 виз нь л өөр шашинтнуудад ногдоно. Ариун ууланд очихдоо заавал өмд, ханцуйтай хувцас өмсөнө.  Усан завиар хоёр  цаг шахам давхиж байж хүрнэ.

Хүний гар хүрээгүй шахам үзэсгэлэнт байгальтай, хад мод холилдон гоёмсог сүрлэгээ гайхуулсан Атос ууланд шувууд жиргэж, тэнгисийн ус хадан цохио мөргөхөөс өөр чимээ үгүй. Ийм  нам гүм газарт ирсэн энгийн хүнд бодол ухаанаа цэглэж, сэтгэл зүрхээ ариусгаж, бясалгал хийсэн мэт болдог аж.  Тэнд очсон хүмүүс “Үнэхээрийн сайхан, ер бусын газар” хэмээн алдан ярьцгаадагийн гол шид нь энэ байх.

Дэлхийн хамгийн хуучин зан заншилтай үлдсэн цорын ганц сүм тул олон улсын сонирхолыг ихээр татдаг гэнэ
Дэлхийн хамгийн хуучин зан заншилтай үлдсэн цорын ганц сүм тул олон улсын сонирхолыг ихээр татдаг гэнэ

Сүмийн лам нар зорьж ирсэн хүмүүсийн сэтгэл санааг засаж сэргээж, сэтгэлийн амар амгалан тайвшралыг өгнө.  Өдөр тутмын утга учиргүй хэрүүл маргаан, сэтгэл түгшүүлэн үймүүлэх нийгмийн том жижиг явдлаас салж, сэтгэлийн тайвширалыг мэдэрнэ гэдэг юутай сайхан.

Түүхэнд хамгийн эртний гэгдэх цорын ганц сүмийн амьдрал  

Атос уулын лам нар 1100 жилийн турш баримтлаж ирсэн эртний дэг жаягаа ягштал дагадаг. Лам болгон өөрийн хийх ажил үүрэгтэй, тун завгүй улс. Үүрийн туяа тусаа ч үгүй,  биднийг ид нойрондоо дугжирч байх 4 цагт Атос ууланд амьдрал буцалж  эхэлдэг аж.

Зуу зуун жилийн өмнө, сэрүүлэг гараагүй үед лам нарыг сэрээхийн тулд тусгай банзан модыг модон алхаар  зогсолтгүй тогшин цохидог байж. Одоо ч гэсэн энэ заншлаар 3 цагаас эхлэн 10 минут тутам модоо тогших лам нар нэг байраас нөгөө рүү олон арван шатаар өгсөж уруудаж өглөөг эхлүүлнэ. Гол сүмдээ хуран цугласан санваартнууд, цахилгаан тог хэрэглэхгүй тул  лаагаа асааж сүмээ гэрэлтүүлнэ. Лам нар эрэмбэ дараагаар цувран зогсож, яг 4 цагтаа мөргөлөө эхлэж хөгжим адил уянгалаг сайхан хоолойгоор дуулах мэт залбирдаг.

Зарим тусгай мөргөл зогсолтгүйгээр 6 цаг үргэлжилэх тул шөнийн 2 цагт эхлэж, өглөөний 6 цагт өндөрлөх нь  ч бий. Учир нь  Атосын лам нар залбирал үйлдэхдээ, хөл хөдөлгөөнгүй, тайван нам гүм орчинд бүхий бодол анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлийнхээ угаас залбирахыг эрхэмлэдэг. Шинээр ирж буй лам нараа хүлээн авч бүтэн гурван жилийн турш тууштай байх эсэхийг нь сорин шалгаж байж авна.

Тэд  өдөрт хоёр удаа хооллож, долоо хоногт ганц удаа л загас иднэ. Хоолны орц нь маш энгийн ч жинхэнэ органик хүнстэй. Өөрсдөө загас барьж, жимс ногоогоо тарина. Ургуулсан усан үзмээрээ улаан дарсаа нэрж, талхаа барьж будаа буурцаг, шош иддэг байна.

Хоол хийх хэсэгт 8 лам нарийн зохион байгуулалтай ажиллаж өдөр бүр 200 хүний хоол бэлдэнэ. Өглөөний мөргөлд орох боломжгүй тул залбирлаа ажиллаж байхдаа хийнэ. Хоолны танхим  нь 1000 жилийн тэртээд байсан хуучны том өрөө. Ширээнүүдийн гантиг тавцан нь гэхэд 1500 жил болж буй эд. Ирсэн зочид лам нарын адил өглөө босож хамтдаа залбирч дуусаад эртний зааланд сууж, цай хоолонд цугтаа орно.

Өглөөний цайны  үед мөргөл залбирлыг нэгэн лам тунгалаг сайхан хоолойгоор дуулах мэт уншиж, шал шүргэсэн урт хар өмсгөлтэй, энгэр дүүрэн урт сахалтай лам нар хүн бүхэнд үйлчлэх нь сүсэгтэн олон, бусад зочдод гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг байна.

Хүний гар,  малын хөл бараг хүрээгүй үзэсгэлэнт байгальд, дуу чимээ, хөл үймээнээс ангижирч, гэр орон, үх хүүхэд, ажил төрлийн үл дуусах эрэлт шаардлаг нэгэн хэвийн амьдралаас түр ч гэсэн  тасарч “огт өөр ертөнцөд” ороод ирсэн мэт  мартахын аргагүй хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байна.

Атосын ламын дундаж нас  нь 35. Өндөр боловсролтой, дээд сургууль төгссөн инженер, эмч, хөгжимчин, урлагаар мэргэжсэн хүмүүс хүртэл байдаг аж. Гаднаас хэрийн бүтээгдэхүүн оруулахгүй тул бүгдийг өөрсдөө хийнэ. Сүмийнхээ барилга засвар, талх боовоо барих, хувцсаа оёх, цэвэрлэгээ хийх, ууланд явах зам жимээ засах, ирэх зочдын буудлыг үйлчилгээ хийх, улаан дарсаа нэрэх гээд бүгдийг  төрөлжсөн мэргэжил, мэдлэг, туршлагатай  хүмүүс хариуцна.

Эднээс хамгийн завтай нь эмч.  Учир нь эндэхийн лам нар бүгд эрүүл биетэй, саруул ухаантай аж. Ламын нарын дунд цусны даралт ихсэх, чихрийн шижин, юм мартах өвчин бараг байхгүй. Эрүүл цэвэр хөрсөнд ургасан ургамал цэцгээр шарх арьсны эмчилгээний тос, үс эмчлэх шампунь, саван, эм тан зэргийг гаргаж авдаг байна. Нас өндөр болж тэнгэрт хальсан лам нараа Христос шашны үйлээр нутаглуулсны дараа 4- 5 жилийн дараа үлдэгдэл болох гавлын ясыг авч улаан дарсаараа угаан оливийн тосоор цэвэрлэж тусгай өрөөнд байрлуулж хадгалдаг заншилтай.

Атос уулын хийдэд ёс суртахуунд таарахгүй садар самуун хүмүүс, гэмт хэрэг элдэв харш явдалтай сэтгүүл, кино, видео хийхийг хориглодог. Ижил хүйстэн болон шашиндаа харш хүнийг ирвэл хөөж гаргах хуультай. Энэхүү хуучны сүм хийдэд ганц хоёр удаа л телевизийн баг орж бичлэг хийсэн түүхтэй билээ.

 

 

 

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img