Эдийн засагч Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Хархорин хот байгуулах тухай захирамж гарчихсан яваа. Энэ хэр бодитой, хэрэгжих боломжтой шийдэл бол?
-Ганц Хархорин хот байгуулах захирамж биш л дээ. Өнгөрсөн жил гэхэд л төмөр замын хувьд хоёр газар тууз хайчиллаа. Энэ бүхнээс эдийн засгийн нэгдсэн бодлого алга гэдэг нь харагдаад байна. УИХ хөгжлийн нэгдсэн бодлоготой байя гээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан. Ингээд өмнө нь байсан баахан бичиг баримтыг хүчингүй болгочихсон. Иймэрхүү давхардсан бодлого гаргахаа больё, цэгцтэй байя гэж ярьж суусаар Алсын хараа-2050 гэсэн том бичиг баримт боловсруулж гаргасан. Үүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөө л бий. Өөрөөр хэлбэл төр засаг бодлогын хувьд эдгээр бичиг баримтыг л барьж яваа. Гэтэл өнгөрсөн зун хийсэн мэдээллүүдээс нь харахад бодлого дотор байхгүй юмыг гаргаж ирж тавиад байна л даа. Тод жишээ нь Хархорин хот. 2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, таван жилийн төлөвлөгөө алинд ч шинэ хот байгуулна гэсэн үг өгүүлбэр байхгүй.
2020 оны их хурлын гишүүд Майдар хот, Аэросити хот байгуулах тухай тогтоол өргөн барьсан. Өнөө тогтоолыг нь тэр жилийнхээ тавдугаар сард баталсан юм. Улаанбаатар хотын дагуул хот болох Майдар, Шинэ Зуун мод хот байгуулах тухай гэсэн тогтоол гарсан. Тэр тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Тодруулж хэлбэл Майдар, Аэроситигийн тухай л өдгөө мөрдөж яваа бодлогод онцолсон. Энэ хоёрын зураг төсөл хийгдэж яваа.
-Орхоны хөндийд Хархорин хот байгуулна гэсэн яриа хөөрөө бол их эртнийх л дээ. Таван жилийн төлөвлөгөөнд энэ талаар тусгаагүй билүү?
-Таван жилийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын дагуул хот гэдэгт сая танд хэлсэн Майдар, Аэросити гэсэн нэр л бий. Шинэ хот байгуулах тухай тэнд дурссан, дурдсан зүйл огт байхгүй. Таван жилийн төлөвлөгөөг харахад Улаанбаатар хотын дагуул хотыг хөгжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй талаар тооцоо тавьчихсан байдаг. Таван гаруй тэрбум төгрөг тавьсан санагдаж байна. Хөгжлийн нэг бодлоготой аж төрнө гэвэл яг баталсан шийдсэнээ л ажил болгох хэрэгтэй.
-Хархорин гэдэг хот байгуулъя гэж бодъё. Өртөг зардлын хувьд их мөнгөний тоо гарах байх. Жишээ нь Майдар хот гэх мэт том бүтээн байгуулалтуудад хэчнээн тэрбумыг төсөвлөсөн байдаг бол?
-Сайншандын аж үйлдвэрийн паркийг харахад зөвхөн ТЭЗҮ-ийг нь боловсруулахад 2.4 сая ам.доллар зарцуулсан. Парк байгуулахад 10 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж байна. Майдар хот гэхэд 30 тэрбум еврогийн хөрөнгө шаардлагатай гэж байгаа. Дагуул хотын өртөг гэхэд л ийм өндөр. Шинэ хот гэвэл үүнээс их тоо гарах нь тодорхой. Тал газар очоод хот байгуулна гэнгүүтээ өнгөрсөн зууных шиг шууд бариад эхлэхгүй. Хөрөнгө мөнгөний хэмжээ, цэвэр усны нөөцийг нь судална. Талбайнх нь координатыг тогтооно. Зураг төсөл боловсруулах ажил гэхэд л нийтдээ арван жил болно. Тэр хугацаанд асар их мөнгө зарцуулагдана. Шуудхан хэлэх нэг шүүмжлэл байна. Төр засгийн байгууллагууд өөрсдөө төлөвлөгөөнд байхгүй зүйл гаргаж тавиад байх юм. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө эвдээд байна. Ингэснээс 2030 он хүртэл хийх наад захын амин чухал хэрэгцээнлдээ анхаарах учиртай. Наад зах нь Улаанбаатар хотод шинэ цахилгаан станц барих хэрэгтэй. Хотоороо хөлдөх эрсдэл дунд байна шүү дээ.
-Шинэ хот байгуулъя гэвэл ахиад өр зээл тавих шаардлага гарах нь тодорхой. Тийм боломж бидэнд бий юу?
-Бид гадаад бондоо 2031 он хүртэл төлнө. Дөрвөн төрлийн бонд бий. Засгийн газрын өр найман тэрбум ам.доллараас төдийлөн буухгүй яваа. Ингээд харахаар бидэнд ахиад өр тавих, зээл авах бололцоо байхгүй. Гэнэт л Улаанбаатарын утаа, түгжрэл болохоо байлаа гэнгүүт “Өө тэгвэл Хархорин хот байгуулчихъя” гэж хөөрцөглөж болохгүй л дээ. Хархорин хот барих асуудлыг лоббиддог хэсэг хүн байгаа. Түүх соёл яриад хүчтэй лоббиддог хүмүүс бий. Гэвч бодит нөхцөлөө харахаар айхавтар гоё шинэ хот байгуулах боломж байхгүй.
-Өмнө нь дагуул хот хэчнээнийг байгуулна гэсэн шийдвэр гарлаа, Майдар, Аэроситигээс гадна?
-Майдар, Аэросититэй нийлээд таван хот байгуулах шийдвэр гарч, ТЭЗҮ хийсэн байдаг юм. Оюутны хотхон, Эмээлтийн аж үйлдвэрийн парк, Дарханы аж үйлдвэрийн цогцолбор байна. Өнөөдөр ямар байна гээд харахаар үлгэн салгаж явж буй нь Эмээлтийн аж үйлдвэрийн парк л байна. Бусад нь бүгд цаасан дээр байна. Цаасан дээр буусан ТЭЗҮ-үүдийг нийлүүлбэл арав орчим сая ам.долларыг зөвхөн ТЭЗҮ боловсруулахад зарцуулчихсан яваа. Хөрөнгийг үргүй зарцуулдаг ийм зүйлийг улстөрчид өөрсдөө хийгээд байх юм. Манай улсын хувьд юунд мөнгөө зарах нь чухал вэ гэдэг л чухал байна. Эдийн засгаа төрөлжүүлье гэвэл цахилгаан станцуудаа барих хэрэгтэй. Цахилгааны хангалттай эх үүсвэртэй болж байж бид шинэ хотын тухай ярих учиртай.
good luck