2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Б.Идэр-Од: Комеди клубт ирээд, урдуур суусан хүнийг илүү “шардаг” шүү

 Архиваа ухаж байгаад, 2021 оны дөрөвдүгээр сард Б.Идэр-Одтой хийсэн  ярилцлагаа олов. Тухайн үед энэ ярилцлагыг “Өдрийн сонин”-д  зориулж хийсэн юм. Тэгэхэд ярилцагчийн маань ээж Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан үе болохоор манайхан “сонгуулийн далд сурталчилгаа” гэж үзсэн байж мэднэ, гэнэт нийтлэхээс татгалзсан. Сонин намайг  жолоочоос жолоодогчийг хүртэл олон хүнтэй уулзуулсан ч бөөн ажил болж авчихаад, гаргаж чадаагүй нүүрээ “түлсэн” цөөн тохиолдлын нэг энэ байв. Түүнээсээ болоод би Б.Идэр-Одтой дахин дуугарч чадаагүй яваа билээ. Цаг хугацааг “ухрааж” хоёр жилийн өмнөх Б.Идэр-Одтой уулзуулъя. Өмнөхөн нь мань эр толгой дээрээ эмэгтэй хүн гаргаж, хийморь сүлдэд нь олон хүн “санаа зовсон” доо. Энэхүү товч тайлбараас бусад нь гарчиг, яриа яг тэр үеийнхээрээ шүү.        Комедиан Б.Идэр-Одтой ярилцлаа.

-Саяхан нэг өглөө сошиалд орсон чинь “Идэрээ эмэгтэй хүнийг толгой дээрээ гаргалаа, хийморь сүлд нь доройтсоон” гээд баахан хүн бичээд байхаар нь гайхлаа.  Яасан юм бол гээд харсан чинь дасгал хийж байгаа бололтой зураг байна лээ. Хүмүүс өөрт чинь хэт анхаарч, хэлэлцээд байхаар эерэг хүлээж авдаг уу, хэцүү санагддаг уу?

-Үүнийг  эерэг хүлээж авсан л даа. Миний л ажиглалт шүү. Манай нийгэм сүүлийн нэг жил стресстэй болчихлоо. Бие биенээ үзэн ядахдаа хурдан болоод байна. Нэг бодлын тэр нь зөв ч юм шиг.  Хэдий болтол болохгүй, буруу зүйлсийг харсаар байж дүлий юм шиг байх вэ.  Чоно алаад, машиныхаа хамар дээр цусыг нь гоожуулаад тавьсан бол хүмүүс шүүмжлэх, бухимдлаа хурцаар илэрхийлэх нь зөв.  Өмнө нь  би ч  бас сөрөг хандлагатай пост бичдэг байсан л даа.  Таалагдаагүй юман дээр сөрөг үг их хэрэглэдэг байж. Сүүлийн үед онцгүй санагдсан ч  ядаж гурав хоног дуугүй байя. Гурав хоногийн дараа ч  цухалдуулаад байгаа бол  хараал зүхэлгүйгээр бичихэд болох юм гэдэг дүрэм баримталж байгаа. Энэ бол алдартай дуучны хэлсэн үг юм.

-Нийгэмд нөлөөлөгч хүмүүсийн ёс суртахууны  асуудлыг нийтээрээ их ярьдаг боллоо. Гэхдээ “Өөртөө хатуу, бусдад зөөлөн хандах тухай Күнзийн сургаал байдаг. Харин бид өөртөө зөөлөн, бусдыг хатуу шүүгээд байгаа нь нийгмийн бухимдалтай ч холбоотой байж магадгүй. Нэг алдаа хийхэд л хүмүүс хайр найргүй шүүмжлэх боллоо. Үүнээс болоод болгоомжилж, өөртөө хяналт тавих болсон уу?

  -Мэдээж үйл хөдлөлдөө болгоомжтой ханддаг болсон.  Гэхдээ хүн л юм чинь алдаа гаргана. Аливаа зүйлийг өөрийн бодлоор бичихээр буруу бодсон тохиолдол яалт ч үгүй гардаг. 100 пост орууллаа гэхэд нэгэн дээр нь үнэхээр анзаараагүй алдаа гаргах нь бий. Гэхдээ хүмүүсийг буруутгахгүй байна. Ер нь ингэж явсан нь зөв.  Давхар стандарт гэж ярьдаг шүү дээ. Нэгэнд нь хатуу хандаад, нөгөөд нь зөөлөн ханддаг. Үнэхээр ёс зүй ярьж байгаа бол  бүх л зүйл дээр ёс зүйгээ яримаар байна. Хүн рүү дайрах амархан. Гэтэл тогтолцооны асуудлыг хөндөхгүй орхих жишээтэй. Сүргээсээ тасарсан хонь руу дайрч байгаа мөртлөө сүрэг рүү  дайрч чадахгүй байгаа юм.

Ганц нэг хүний алдаан дээр бөөнөөрөө дайрах амархан.  Гэтэл цаана нь зохион байгуулалтад орсон, хоёр гурван үе давхарга, шаттай далдалж нуудаг, хэдэн тэрбумаар нь идэж цусалдаг институцийн доторхийг нь уудалж, анализ хийж, сайн бодож судалж байж дайрч болохоор юм руу дайрдаг хүн ховор.

  Харин илт хэл халтирсан, буруу ярьчихсан амархан хоол руу сайхан дайрч байна. Томхон асуудал руу бөөнөөрөө дайрах чадамжтай л болмоор байна.

-Ингэхэд та Америкт Канзасийн их сургуульд агаарын хөлгийн инженерээр суралцсан юм билээ. Энэ мэргэжлээрээ гурван жил ажилласан гэсэн. Яагаад мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм бол?

-Хоёр шалтгаантай юм уу даа. Мэдээж нисэхийн ажлын хажуугаар өөр юм хийх боломжгүй. Би хувиараа бизнес хийх сонирхолтой.  Хоёуланг нь хамт хийх боломжгүй юм байна гэдгийг ойлгоод гарсан л даа. Бүүр нэг том шалтгаан нь юу гэхээр би яваандаа хуулийн сургуульд сурч инженер, хуульч хоёрыг хослуулсан мэргэжилтэн болохыг хүсдэг юм. Ямар учиртай вэ гэхээр  нисэх шиг техник их оролцдог салбарт хуулийн зөвлөх ирэхээр техникээ ойлгохгүй, инженерүүд нь хуулиа ойлгохгүй. Техникийн гэрээ гэдэг асар их мөнгө яригддаг, компанийн хувь заяанд хүчтэй нөлөөлдөг. МИАТ компанид ажиллаж байхдаа миний ажигласан зүйл  инженер бол салбартаа их тус болно.   Давхар хуульч болж чадвал  бүүр ч их туслах юм байна гэж бодсон юм.   Ойрын үед хуульч болъё гэж боддог. Тэгж байж дараа нь  нисэхийн салбар руугаа орвол илүү хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

-Сониуч асуулт байна. Онгоц засдаг хүн машинд нь эвдрэл гарвал засчих уу, яадаг вэ?

-Нэгэнт л техник юм чинь суурь нь адилхан л даа.  Машинд шүүлтүүр байдаг бол онгоцонд ч шүүлтүүр байдаг. Машинд түлш баяжуулагч байдаг бол онгоцонд бас байгаа.  Зүгээр сонирхож цагаа зарцуулах уу гэдэг асуудал  байгаа юм. Миний хувьд машины сонирхол муутай.  Зарим хүн машиныг  сайхан морь шиг л таашаадаг байхад  миний хувьд зүгээр л унаа хөсөг гэдэг утгаар нь л хүлээж авдаг учраас хобби болгож, цаг зарцуулдаггүй. Засварын газар аваачаад өгчихсөн нь шулуун санагддаг.  Найзуудтайгаа хөдөө хээр явж байхдаа бол  машиныг нь хамт ухалцаж зогсох дуртай.

-Комедигийн залуусын подкастыг сонссон. Найзууд чинь таныг машин, байранд нэг их ач холбогдол өгдөггүй гэж ярьж байна лээ. Одоо ч энэ хандлага чинь хэвээрээ юу?

-Одоохондоо тийм.  Найз охиныхоо машиныг бид хоёр дундаа унадаг шүү дээ.   Би  ингэж боддог.  Үнэлгээ нь унадаг хөрөнгө, баялаг бүтээдэг хөрөнгө гэж байдаг.  Миний хувьд илүү  мөнгө байхгүй учраас  бүх мөнгөө бизнес рүүгээ хийдэг.  Бизнес маань надад яваандаа цалин өгнө. Машин маань цалин өгөхгүй, эсрэгээрээ  засвар үйлчилгээ, сэлбэгний мөнгө надаас хурааж авна шүү дээ. Тийм болохоор үнэлгээ нь унадаг хөрөнгө рүү эрт мөнгөө хийх хэрэггүй гэж боддог.

-Найз охинтой болчихсон юм уу?

-Тийм. Найз охинтой болоод удаж байна шүү дээ.

-Яаж ингэж олон чиглэлээр ажиллаж  чаддаг юм бол оо гэж гайхдаг. Мэдээж  залуус  өөрөөс чинь суралцахыг хүсэх байх л даа?

-Би уг нь нэг их олон чиглэлээр яваагүй шүү дээ.  Комеди бол байгалиас өгөгдсөн аав, ээжийн генийн буян байх шүү. Хүмүүсийн боловсролд тус нэмэр болох нь хамгийн том дэмжлэг юм байна гэж би ойлгодог. Тийм учраас англи хэлний апп хийгээд яваад байгаа.   Миний ажил бас технологитой холбогддог. Би багаасаа  интернэтэд дурласан. Үүнийгээ дагаад мэдээллийн технологид  дуртай. Миний ажил үүнтэй заавал холбогддог.  Надад өөр хийдэг юм байдаггүй.

-Подкаст хийгээд сэтгүүлчдийг бараг ажилгүй болгох гээд байгаа юм биш үү?

– Одоо бараг хүн болгон сэтгүүлч болчихлоо шүү дээ.

-Аав, ээжийн  ген гэснээс аав тань нисгэгч байсан, онгоцтой осолдсон гэдгийг хүмүүс мэднэ. Эр хүн ийм байх ёстой юм байна гэдэг үлгэр жишээг та хэнээс авсан бэ?

-Өвөөгөөсөө.  Саяхан нэг генетик судлаач бичсэн байна лээ.

Эмэгтэй хүний эрэгтэй хүүхэд нь аавтай нь генетикийн хувьд хамгийн төстэй байдаг гэнэ. Генетикийн хувьд хамгийн  төстэй хүнтэйгээ цуг өссөн юм байна гэж би ойлгосон. Ээжийн аав бол намайг өсгөсөн хүн л дээ.

-Өвөө чинь хуучны зарчимч хүн байсан санагдаж байна?

-Зарчимч, хатуу харагддаг. Гэхдээ ээж “Хатуу аав байсан, өвөө болоод зөөлөн болсон” гэдэг.  Өвөө маань намайг  муу хийлээ гэж загнадаггүй. Харин юм хий гэж хэлүүллээ гэж загнадаг байсан.  Өөрөөр хэлбэл хүн санаачилгаараа хийдэг байх ёстой гэнэ л дээ. Ширээ муухай бол санаагаараа арчих учиртай. Аяга цэвэр биш бол угаах ёстой. Түүнээс биш угаа гэж хэлүүлнэ гэдэг муу зүйл гэдэг байсан.  Тэгээд би юмыг өөрөө түрүүлж санаачилгаараа  хийчих юмсан гэж хичээдэг.  Гэхдээ жигтэйхэн ажилсаг хүн гэсэн үг биш шүү.

-Ээжийгээ дахин гэрлэхэд яаж хүлээж авсан бэ, Жеффтэй ямар харилцаатай байдаг вэ?

-Хойд аав гэх муухай  гэж хүмүүс зөвлөсөн.

Америк аав маань хошин шогийн мэдрэмж  өндөртэй.  Насаараа хүний эрхийн хуульч хийсэн учраас  хүний эрхийн мэдрэмжтэй ярьдаг. Америк орныг надад үзүүлсэн хүн.

Жижиг цайны газар байсан ч  бараг салфетканых нь түүхийг ярих нь холгүй байдаг.  Тэр нь их таалагддаг.  Гүүр байлаа гэхэд энэ гүүрийг хэдэн хүн барьсан,  барих үеэр ямар үйл явдал болсон. Гүүр барьсны төлөө ямар шан харамж өгсөн, түүгээр нь юу хийсэн гээд маш сонирхолтой түүх ярьдаг хүн дээ.  Бууз, хуушууранд дуртай,  хувьсах чадвар сайтай хүн.  Харин монгол хэлийг л сурч чадаагүй дээ. (инээв)

Ээж чинь Ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэж зарлахад нь яаж хүлээж авсан бэ?

-Намайг ухаан орсон цагаас л ээж улс төрийн ажил хийдэг байсан болохоор би нэг их гайхаагүй.  Туршлагатай, иртэй байх насан дээрээ ирсэн гэж боддог.  Нэг их эргэлзэж сандрах юм байгаагүй.

-Ээжтэйгээ хийсэн ярилцлага чинь хамгийн анх нэг сая хандалт авсан, хамгийн их хүн үзсэн гэж ойлгосон?

– Тийм.  Урт хэмжээтэй ярилцлагууд нэг сая үзэлт авна гэдэг хэцүү. Ер нь их ховор тохиолдол. Маш олон хүн үзсэн байна лээ.  Дараа нь тусгай дугаар гээд шинэ жилээр дахиад нэг дугаар хийсэн. Тэрийг бас их олон хүн үзсэн. Ээж, хүү хоёр нээлттэй ярьж байгаа нь хүмүүст  таалагдсан юм шиг байна лээ. Дараа нь “Танай студид аавтайгаа, ээжтэйгээ  яриад хадгалаад авчихъя” гэсэн хүмүүс олон залгасан.

Компаниа улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж эхлээрэй гэсэн зөвлөгөөг чинь харсан. Бүртгүүлэхээсээ өмнө үйлчилгээгээ зарж байсан гэсэн үг үү?

– Манай хууль журам дөнгөж эхэлж байгаа бизнесүүдэд  хатуу талдаа байдаг. Нягтлан бодох, татварын мэдлэг муутай  20 настай залуу яараад компаниа бүртгүүлчихсэн. X тайлан гаргана гээд өөрөө бодоод байдаг.    Гэхдээ тэр тайлангаа буруу гаргачихсан. Дансанд нь орлого орж ирээгүй байхад  татварын газраас “Тайлангаа буруу гаргасан” гээд торгууль бичээд, тайлангаа тавиагүй гээд 500 мянган төгрөгөөр торгосоныг  ч мэдээгүй байсан. Шуудангийн систем нь муу болохоор тэр юм уу торгуулийн мэдэгдэл нь ирээгүй. Манай найзад ч ийм юм тохиолдож байсан. Торгууль бичсэнийг нь мэдээгүй  хоёр, гурван сар явчихсан.  Шууд нэг сая 500 мянган төгрөгийн торгуультай ажлаа эхэлж байх жишээтэй. Гэтэл өндөр хөгжсөн орнуудад компанийн дансанд мөнгө  орж ирээгүй бол  аль болох торгууль тавьдаггүй. Компаниа олон төрлөөр бүртгүүлдэг. Зарим нэг төрлөөр бүртгүүлсэн нөхцөлд  гүйлгээ хийгээгүй бол тайлан гаргах ч шаардлагагүй байдаг. Таван гутал зарж амжаагүй байж торгуульд орчихдог. Энэ утгаар нь эхлээд хэдэн гутал зараад, дансандаа 2 сая төгрөгтэй болчих, тэр мөнгөө эхлээд хувийн дансаараа авчихна биз. Ядаж нягтлангаас зөвлөгөө аваад, мөнгө төлдөг болчихоод хуулийн өмнө хариуцлага хүлээвэл өлзийтэй гэж л хэлсэн юм. Түүнээс биш компаниа бүртгүүлэхгүй яв гэсэн үг биш шүү.

-Инженерийн ажлаа болиод л CallPro компаниа байгуулсан юм билээ. Яагаад энэ бизнесийг сонгосон бэ?

-Ийм учиртай юм. Манай  CallPro компанийн үндсэн  системийг бол   2009 оноос хойш хөгжүүлсэн. Би компаниа 2014 онд найзуудтайгаа хамтарч байгуулсан юм. Компаниуд дуудлагын төвтэй болохын тулд 20-80 мянган доллар зарцуулдаг байсан. Техникийн зардал нь өндөр.   Одоо шинээр яригдаад байгаа үүлэн системд шилжихээр  манайд байсан үнэтэй технологийг компаниуд  Бөмбөгөр дээр лангуу түрээсэлж авдаг шиг технологийг түрээсэлж авдаг горимд шилжүүлсэн юм. Өмнө нь бид технологийг маш өндөр үнэтэй хөгжүүлээд, хэдэн жилд нэг, хоёр том компани л авдаг байсан. Манай хоёр найзын компани байсан. Үүнийг нь жижиглэнгийн түрээсийн бизнес болгоод гурвуулаа болсон. Ингэснээр том банк 30 мянган доллар зарцуулж байж авдаг байсан үйлчилгээг өнөөдөр фэйсбүүкт дэлгүүртэй эгч  сарын 200 мянган төгрөг төлөөд авдаг болсон юм.  Уг нь их буянтай үйлчилгээ байгаа юм.

Хүмүүс нисэхийн инженер гэхээр л онгоцны далавч бодоод байдаг. Онгоц дотроо маш олон харилцаа холбооны төхөөрөмжүүдтэй. Онгоцны инженер хүн аль ч төрлийн инженер рүү хөрвөж болдог.

-Комеди хийдэг хүмүүсийн эргэн тойрныхон элэглэлийн бай болчих гээд хэцүү байх даа.  “Миний ээж” гээд комедиг сонсоод би лав зөндөө инээсэн. Харин гол дүр болсон ээж тань яаж хүлээж авсан бэ?

– Комедиг  хүмүүс ойлгож хүлээж авдаг болоод байна. Нийгэмд байдаг, яриад суухад хэцүүхэн сэдвүүдийг хошигнож ярьж байгаа л асуудал шүү дээ. Яг клубт ирээд үзвэл бичлэг үзсэнээс 50 хувь илүү халуун дулаан сэтгэгдэлтэй байдаг.  Бичлэгт тухайн үеийн гоё уур амьсгал тусдаггүй.   Зарим хүн ууртай явж байгаад үзэхээрээ  ууртай хүлээж авах гээд байдаг.  Комеди клубт ирээд урдуур суусан хүнийг илүү “шардаг” шүү.

Ээж бол яах вэ.  Улстөрч хүмүүсийг ярьж л байвал дуртай байдаг юм биш үү. Би бол ээжийгээ баярлуулсан л гэж бодоод байгаа шүү дээ.

-Комедигийн баримтат кино гаргана гэсэн үү, Америкт сурч байхдаа ярьсан анхны ярианы бичлэг байдаг гэсэн?

Оюутан байхдаа анх комеди хийж үзэж байлаа. “Орон болгоноос нэг авьяас үзүүл” гээд би элдэв авьяасгүй болохоор онигоо ярьсан юм.

-Баримтат кино гаргах эсэхийг манай Комедигийн захирал Б.Батаа л мэднэ.

Гаргах л байх гэж найдаж байгаа. Юутай ч хар бичлэгүүдээ өгсөн. Оюутан байхдаа сургуулийн  үдэшлэг дээр онигоо ярьсан бичлэг байдаг. Тухайн үедээ комеди гэж мэдэхгүй байсан л даа.

-Монгол онигоог орчуулж ярихад инээсэн гэхээр сайн ойлгожээ?

-Америкчуудыг оролцуулаад, ойлгож магадгүй онигоо ярьсан л даа.

-Ойрын үед юу мөрөөдөж байна, хэлэх боломжтой юу?

– Англи хэлний  Hippocards апп  гэж бий. Тэр апп-ийг маань яг одоо өдөр болгон 50 мянган хүн идэвхитэй хэрэглэж байна.  Төлбөрийн чадвар багатай сумын төвийн хүүхэд ч   интернэттэй л байхад хэл сурах боломжтой байгаасай гэж хүсдэг.  Интернэтээр дүүрэн англи хэлний апп байна гэж хүмүүс хэлдэг л дээ.  Хэрэглэхэд хялбар, монголчууддаа тохирсон хэлбэрээр хүргэхийг хичээж байгаа. Саяхан Архангайн Хотонт сумын хүүхэд  манайх руу мэйл бичжээ. “Манай сумын ХААН банк хаах гээд байна. Hippocards апп-ийнхаа төлбөрийг хийж амжихгүй нь ээ. Түрүүлээд нээгээд өгч болох уу” гэж бичсэн байна лээ. Манай төлбөр зургаан сар хэрэглэхэд 19 мянган төгрөг байдаг юм.  Хөөрхөн санагдсан.  Баян-Өлгийн Бугат сум, Архангайн Хотонт сумын хүүхдүүдэд Улаанбаатарт байгаа юм шиг л гоё контент хүргэхээр зорьж байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img