Энэ оны нэгдүгээр сарын 31-нд УИХ-ын дарга Төв банкны ерөнхийлөгчийг өрөөндөө дуудаж ирүүлээд экспорт өсгөх үүрэг өгсөн тухай мэдээ хэвлэлээр хөвөрснийг анзаарч харсан нь цөөхөн байх. Тэр албан мэдээнд “Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө УИХ-ын даргад гардуулав” гэсэн өгүүлбэр бий. Зүй нь төв банкинд экспортыг нэмэгдүүлэх ямар ч үүрэг байхгүй. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлж, төгрөгийн тогтвортой байдлаа хангаад явах учиртай хараат бус байгууллага. Ийм атал экспорт нэмэгдүүлнэ гэх мэт тэс хөндлөн зүйл яриад сууж байгаа нь өнөөдрийн хамгийн том эмгэнэл.
Мэдээг үргэлжлүүлэн уншъя. Нэгдүгээр сарын сүүлийн өдөр цацагдсан уг мэдээнд “Монголбанкны зүгээс экспортыг дэмжих чиглэлээр 2022 онд хийсэн ажлуудаа энэ онд үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон хөгжил рүү түлхүү чиглүүлэх боломжуудыг бий болгох, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах уулзалтуудыг эхлүүлжээ” гэсэн өгүүлбэр дурайж байна. Дахиад онцлоход экспортыг дэмжих ажил үүрэг чиглэлд нь огт хамаарахгүй Монгол банк ийм зүйл яриад сууж учиргүй. Төв банк хуулиараа ямар үүрэг хүлээдгийг эргэн харцгаая.
Монгол банк бол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага. Үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах. “Үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт хуульд бий. Монголбанкны тухай хуульд зааснаар энэ зорилтоо биелүүлэхийн тулд зургаан чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Эхнийх нь мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, удаах нь мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх. Гурав дахь үүрэг нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бол дөрөв дэх нь банкны үйл ажиллагаанд хяналт тавих юм. За тэгээд банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах гэсхийгээд төв банкны үүрэг бараглана. Энд экспортыг дэмжих үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн ямар ч үг өгүүлбэр байхгүй. Экспортыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар хийх ёстой. Эдийн засаг, хөгжлийн яамнаас эхлээд экспортыг дэмжих ажлыг хийх олон газар засагт бий.
Төв банкны түүхийг эргээд сөхөх нь ээ яг хараат бусаар ажиллаж, зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажилласан нь цөөхөн л дөө. Ганц, хоёр ерөнхийлөгчийг эс тооцвол бусад нь эрх барьж буй намынхаа дохио зангаагаар хөдөлсөөр ирсэн нь түүхэн үнэн. Монгол банк бие даасан статустай хэрнээ бие даалгүй өнөөг хүрсэний үр дагаврыг, үе үеийн УИХ-ын дарга нарын өмнө ингэж бөхөлзөж суусны горыг долларын ханшийн өсөлтөөс харчихаж болно. Одоогоос яг арван жилийн өмнө 1524 төгрөг байсан долларын ханш 4000 рүү дөхөж яваагийн цаана ийм шалтгаан бий.