Улаанбаатарын бизнес эрхлэгчид төдийгүй бодлого тодорхойлогчид Монголын нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний импортыг ихээхэн тасалдуулсан Орос-Украины дайн хурдан дуусахыг мөрөөддөг гэлтэй.
Ашигт малтмалын нөөцөөр нэн баян тус улсын эрх баригчид өнгөрсөн жил Орос Украинд цэргийн хүчээр халдсаны дараа өрийн хямралд орж, гадаад валютын нөөц шавхагдаж эхлэх үед дефолтын хямралаас зайлсхийхийн тулд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Харин одоо Монгол Улс 2023, 2024 онуудад гадаадад төлөх ёстой өрөө барагдуулахын тулд Хятад руу нийлүүлэх нүүрс, зэсийн экспортоо яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан байна. Дахин сэргэх болсон Хятадын эрэлт хэрэгцээг хангахын тулд ложистик, зам тээврийн байгууламжуудыг ч нэмж барьж эхэлжээ.
Тус улсын Сангийн сайд Б.Жавхлан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Бид далайд гарцгүй, хэрэглээнийхээ 60-70 хувийг хоёр их хөрш Орос, Хятадаас худалдан авдаг орон. Украин дахь дайн болон Хятадын хилийн хязгаарлалт нь биднийг хүнд байдалд оруулсан” гэж байв.
Тэрээр түүнчлэн, “Бид дайныг хүсэхгүй. Монголчууд энх тайванч ард түмэн. Бид өнөөдөр ч гэсэн дайныг дуусгахыг хүснэ” гэсэн юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Украин дахь дайныг зогсоохыг уриалж, Оросыг тус улсаас цэргээ нэн даруй гаргахыг шаардах тогтоолыг батлах санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн 32 орны тоонд багтжээ. Нийт 141 улс уг тогтоолыг дэмжсэн бол долоон орон эсрэг санал өгсөн юм.
1991 онд ЗХУ задран унаснаас хойш Монгол Улс хойд хөршийнхөө бүтээгдэхүүнүүдээс хамааралтай байдлаа аажмаар бууруулсан ч зарим нэр төрлийн барааны импортын 90 гаруй хувийг авсан хэвээр байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, үр тариа, азотын бордоо, цианид болон Орос улсад үйлдвэрлэсэн машин механизмын сэлбэг хэрэгсэл багтдаг. Эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөх нь Монголд инфляцийг хөөргөддөг ажээ.
Б.Жавхлан хэлэхдээ, Украин дахь дайн хэзээ дуусах нь тодорхойгүй тул Хятадтай хилээ нээх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх хамгийн чухал хүчин зүйл гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар улиралд Ковид-19-ийн цар тахлын дэгдэлтийн улмаас Хятадын олон хотод хөл хориход хүрсэн. Хэдийгээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хятад хилийн боомтуудаа нээхээр шийдвэрлэсэн ч энэ оны эхэнд заримыг нь хэвийн горимоор ажиллуулаагүй хэвээр байсан билээ.
Хятад цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг аажмаар зөөлрүүлсээр, өнгөрсөн долоо хоногоос Хятад-Монголын хил дахь хамгийн том хуурай замын боомт болох Эрээн хэвийн ажиллаж эхэлсэн юм.
Дефолт хямралын эрсдэл буурсан нь
Дэлхийн банк 2021 онд 1,4 хувьтай байсан Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 5,2 хувьд хүрч өснө гэж таамаглаж байсан ч дараа нь Украины дайны улмаас 2,5 хувь болгон бууруулжээ.
2021 оны дөрөвдүгээр сард дээд цэгтээ, 4,9 тэрбум ам.долларт хүрч байсан Монголын гадаад валютын нөөц урсгал тэнцлийн алдагдал нэмэгдсэний улмаас өнгөрсөн оны наймдугаар сард 2,6 тэрбум ам.доллар болон 2017 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байна. Иймээс ч EIU (Эдийн засгийн тандалтын алба) өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улс ойрын дөрвөн жилд эдийн засгийн дефолт хямралд орох эрсдэлтэй гэж дүгнэж байв.
Гэтэл Монгол Улс өнгөрсөн оны сүүлийн хагаст төсвийн өндөр алдагдалтай, мөн өрийн асуудалтай тулгарсан ч оны сүүл гэхэд Хятад руу хийх экспортоо мэдэгдэхүйц сэргээсний ачаар дефолт хямралд ороогүй тухай Б.Жавхлан ярив. Тэрээр мөн, “Манай улсын 2022 оны эдийн засгийн өсөлт дээд тал нь гурван хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тамааглал байсан ч 4.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан билээ. Гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам. доллараас бага байхаар тооцоолсон ч 3.4 тэрбум ам. доллар болж өссөн юм. АНУ-д зээлийн хүү өндөр байгаа энэ үед Монгол Улс бонд гаргасан нь Азийн олон оронд маш амжилттай арилжаалагдаж байна” гэсэн юм.
Монголын Засгийн газар төсвийн алдагдлаа зохицуулж чадсаныхаа дараа нэгдүгээр сарын 9-нд 8.65 хувийн хүүтэй 650 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргасан билээ. Олон улсын санхүүгийн “Fitch Ratings” агентлаг өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын гадаад валютын үнэт цаас гаргагчийн зэрэглэлийг “В” гэж баталсан аж. Үүнтэй харьцуулахад, өнгөрсөн долдугаар сард дампуурлаа зарласан Шри Ланкийн зэрэглэл “RD” (хязгаарлагдмал дефолтын түвшин) байгаа бөгөөд энэ нь зөвхөн Олон улсын валютын сангаас л тусламж авах боломжтой гэсэн үг юм.
Нүүрс худалдан авагч Хятад улс
Монгол Улс 2021 онд Хятадын хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч байсан Австралийг ардаа орхисон билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын нүүрсний түншлэлийн харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон.
Тэгтэл арванхоёрдугаар сарын 6-нд Улаанбаатарт олон мянган хүн жагсаал хийж, улсынхаа хамгийн том нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн авлигын хэрэгтэй холбоотой олон арван УИХ-ын гишүүн, төрийн албан хаагчийг огцруулахыг шаардсан билээ.
Үүний дараа тус улсын Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” компанид БНХАУ-д худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ байгуулахаа больж, нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржийн дуудлага худалдаагаар борлуулахыг хоёрдугаар сараас эхлэн үүрэгдсэн билээ. Мөн нүүрс олборлогчид бүтээгдэхүүнээ гагцхүү улсынхнаа хил дээр хүргэх үнээр борлуулах ёстой гэж үзжээ.
Гэвч Хятадын нүүрс худалдан авагчид энэ өөрчлөлтөд илт дургүйцэн Монголын авлигатай тэмцэх зардлыг нөхөхийн тулд илүү их мөнгө төлж байна гэж мэдэгджээ.
Хилийн боомтуудын үйл ажиллагааг хариуцдаг Монголын албан тушаалтан Х.Булгантуяа “Asia Times”-т ярихдаа, “Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улс бүс нутагтаа нүүрс, зэсийн томоохон экспортлогчдын нэг болсон ч ядуурал, авлига, хүн амын тэгш бус байдлын хувьд маш өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Энэ нь мэдээж манай улсын гадаадын хөрөнгө оруулалт төдийгүй эдийн засгийн салбарт таагүй нөлөө үзүүлсэн хэвээр. Ер нь сүүлийн дөрөв таван жилд нүүрсний өөрийн өртгөөс уурхайгаас хилийн боомт хүртэл хүргэх тээвэрлэлтийн зардал нь илүү гарах болжээ. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт дутмаг байснаас л болж нүүрсний экспортод элдэв зуучлагч олширч, дундуур нь завшигч авлигачдад орон зай үүссэн. Энэ тухай би Хятадад бусад албан тушаалтны хамт удахгүй айлчлахдаа тодорхой ярих болно” гэж хэлсэн юм.
Шинэ сэргэлтийн бодлого
Монгол Улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сард ядууралтай тэмцэх, ногоон эдийн засгийг бий болгох зорилгоор “Бодлогын алсын хараа 2050” урт хугацааны төлөвлөгөөг зарлаж, 2021 оны арванхоёрдугаар сард боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөө, ногоон хөгжил, улсын бүтээмжийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулжээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын Засгийн газар ойрын арван жилд Хятад руу илүү их зэс экспортлохоор зэхэж байна. Энэ зорилтод хүрэхэд өнгөрсөн даваа гаригт Оюутолгойн зэсийн гүний уурхай ажиллаж эхэлсэн явдал нөлөөлнө гэдэг дамжиггүй.
Монголын Засгийн газар (34%) болон “Рио Тинто” (66%)-гийн хамтран эзэмшдэг Оюу Толгой нь 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй бөгөөд 2028 он гэхэд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлож эхлэх ажээ. Энэ нь 2036 он хүртэл жилд зургаан сая орчим цахилгаан автомашины зэс эд анги үйлдвэрлэхэд хангалттай үзүүлэлт юм.
Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь манай улс гадаадын хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтран ажиллаж, найдвартай түнш болж чаддагийг харуулж байна. Монгол Улс дэлхий нийтийн хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахад хэзээд бэлэн” гэсэн нь нэгийг өгүүлнэ.