2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Жорлон бол нөөц баялаг

Зуун жилийн турш модон жорлонгоосоо ангижирч чадаагүй яваа монголчуудын хувьд гэр хорооллын жорлон  орчныг бохирдуулагч  мангас болж хувирсан. Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан тоогоор  Улаанбаатар хотын хөрсний  88 хувь нь бохирдсон агаад нийслэлд тоологдсон 244900 нүхэн жорлон  гол буруутнаар тодорчээ.

Жорлон  үнэхээр шийдэж чадахгүй том асуудал гэж үү?

 Харах өнцгөө өөрчлөөд үзэх үү дээ.

 Шийдэл олж чаддаг улсуудын хувьд хүн малын өтгөн ялгадас  аль хэдийнэ нөөц баялаг болж хувирсан.

Учир нь өтгөн ялгадас  байгалийн органик үлдэгдэл шүү дээ.  Өтгөнөөс метан хий гарган авч, эрчим хүч үйлдвэрлэж байна.  Эко бордоо үйлдвэрлэж хотын ургадаггүй модод,  ногоон зүлгийг ч тэтгэх боломжтой.

Харин энэхүү  түүхий эдийг бордоо болгож хувиргахын тулд жорлонгоо өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Модон жорлонгийн ялгадас эко түүхий эд байж чаддаггүй. Учир нь өтгөн, шингэнийг ялгах боломжгүй. Дээр нь манайхан угаадсаа жорлон руугаа хийдэг. Саван, воок бусад элдэв химийн бодис эко түүхий эд байх  боломжийг үгүй хийдэг.

Албан тушаалтнуудын санал болгодог соруулдаг жорлонгууд  ч сайн шийдэл биш. Хөрсөнд бохир нэвчүүлэхгүйгээр жорлонгоо доторлож болох ч үүнээс бусад талаараа  өмнөх модон жорлонгуудаас дээрдэх юмгүй.   Учир нь бордоо үйлдвэрлэхийн  тулд өтгөн, шингэн ялгадас тусдаа саванд цугларах учиртай.

Монголд  ийм шийдэл  аль хэдийнэ орж ирсэн. “Жорлонгоо өөрчилье” багийнхны санал болгодог финляндын био жорлон гэхэд л өтгөн, шингэн ялгадас нь тусдаа саванд ордог. Шээсийг  тусгай саванд юүлж,  өтгөн ялгадасыг байгальд шингэдэг био гялгар уутанд  хурааж,  бактер, үртэс дээрээс нь цацаж, өмхий үнэргүй, хар шороо болж хувирах замыг нь засдаг.

Ийм био  жорлонтой бол гэрийн нөхцөлд хар шороо “үйлдвэрлээд” жорлонгийн түүхий эдээрээ  хашаан дахь зүлэг, модоо бордчихож болно. Гэр хорооллын нэг  ч болов өрх хөрсний бохирдолд хувь нэмрээ оруулахгүйгээр ялгадсаа аюулгүй зайлуулна гэсэн үг. Био жорлонг лизингээр авах боломжтой. Сая 200 мянган төгрөгөөр бид гар утас авчихдаг. Харин жорлондоо хөрөнгө оруулж дадаагүй. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр өөрийгөө төдийгүй нийслэлчүүдийг эрүүл орчинд амьдруулах нь том буян шүү.

 Илүү далайцтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд био жорлонгийн түүхий эдийг цуглуулж авч, бордоо үйлдвэрлэх жижиг үйлдвэр ч Монголд бий болох эхлэл тавигдсан.  Гэсэн ч хүний өтгөн ялгадас цуглуулдаг уг үйл ажиллагаанд ковид том цохилт болов бололтой. Түүнээс гадна Монголд үйлдвэрлэсэн бордоог хүлээн зөвшөөрөх гэж асуудал бий.

Манайхан гаднаас оруулж ирсэн эко бордоог худалдаж авдаг мөртлөө Монголдоо үйлдвэрлэсэн бордоог хүлээн зөвшөөрч чаддаггүй тал бий.

 Гэсэн ч энэ бүх бүтэлтэй бүтэлгүй түүх монголчууд ч бас жорлонгийн түүхий эдээ нөөц баялаг болгож хувиргах боломжтойг  харуулсан юм.

Модон жорлонгийн агуулга асуудал бус нөөц баялаг болох цаг айсуй.

Өвлийн хүйтэнд  гадаах модон жорлонд бөгсөө хайрч суухын оронд био жорлонгоо гэртээ оруулаад тухлаад суух нь ч том дэвшил биз дээ. Аймшгийн модон жорлонгийн дуусдаггүй үлгэрээ хэдий болтол ярих вэ,  үлгэр жаргах цаг одоо шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img