2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

Үндэсний бөхийг өрсөлдөхүйц энтертайнмент болгох ямар шийдлүүд байна вэ?

UFC өнгөрсөн жил нийт борлуулалтынхаа 60 хувийг контентийн борлуулалтаас олжээ. Бусад мэргэжлийн спортын лигүүдийн хувьд ч контентийн борлуулалт дийлэнх орлогыг нь бүрдүүлж буй. Үзэх харах юм элбэг өнөө үед харин үндэсний бөхийн барилдаан өрсөлдөхүйц энтертайнмент болж чадахгүй яваа. Үндэсний бөхийг өрсөлдөхүйц энтертайнмент болгох ямар шийдлүүд байна вэ? Энэ асуултын хариуг хайсан сонирхолтой нийтлэлийг танд хүргэж байна. Уг нийтлэлийг хөрөнгө санхүү, баялгийн салбарт гүн судалгаа хийж өргөн хүрээнд танилцуулдаг судалгаа-мэдээллийн фирм MIRA-гийн шинжээчид бичсэн юм.

Хөгжингүй орнууд өв соёлоо, үнэт зүйлсээ хадгалж үлдэхийг онцгойлон чухалчлах болсон өнөө цагт монголчууд үндэснийхээ соёлын өнгө төрх гэдэг утгаар наадмыг өргөн дэлгэр тэмдэглэсээр өнөөг хүрсэн түүхтэй. Тэр дундаа гурван наадмын нэг болох үндэсний бөхийг соёлын түвшинд уламжлан хөгжүүлэх ёстой гэдэгтэй үндэстнээрээ санал нэгддэг. Энэ ч утгаараа улсын баяр наадмаар үндэсний бөхийн барилдааныг нийтээрээ үзэж цэнгэцгээдэг билээ. Харин улсын баяр наадмаас бусад үеийн заалны барилдаануудыг сонирхох нь мэдэгдэхүйц буурч байна. Үндэсний бөхийн спортын хувьд цаашид өв соёл хэлбэрээр үлдэх үү, эсвэл мэргэжлийн спорт чиглэлд хөгжих үү гэдэг асуулт сонирхол татаж байна.

Үндэсний бөхийн түүхэн хөгжил:

XX зууны эхэн, түүнээс өмнөх цаг үед бөхчүүд одоогийнх шиг байнгын бэлтгэл сургуулилттай байсангүй. Эдийн засаг болон амьдралын хэв маягийн хувьд ч дан ганц нүүдлийн аж ахуйд суурилсан тул иргэд багахан бэлтгэлтэйгээр наадамд зодоглож, түрүү бөхийг ихээхэн эд агуурс бус ерөөл бэлгэдлийн шинж чанартай бэлгээр шагнадаг байж.

Монгол улсын тусгаар тогтнол 1946 онд олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн үеэс Монголын тамирчид чөлөөт, жудо, самбо зэрэг барилдааны спортоор олимп, дэлхий, олон улсын хэмжээнд өрсөлдөж эхэлж байнгын бэлтгэл сургуулилттай тамирчид бий болж байв. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд хамтдаа улсын наадамд нийт 16 түрүү авсан нь тэдний байнгын бэлтгэл сургуулилттай холбоотой. Ийнхүү XX зууны дунд үеэс их спортоор олон улсад өрсөлддөг, тусгайлан бэлтгэгддэг мэргэжлийн тамирчид үндэсний бөхийн барилдаанд амжилт гаргадаг жишиг тогтож эхэлсэн юм.

Ардчилсан хувьсгал ялсанаар хувийн хэвшилийнхэн нийгмийн хариуцлага, маркетингийн зорилгоор бөхчүүдийг компанийнхаа нэрийн өмнөөс цалинтай барилдуулж эхэлсэн нь үндэсний бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан шийдлийн нэг байлаа. Түрүү бөхийг мөнгөөр байлж эхэлсэн жил бол 1995 он. Ард түмний дунд бөхчүүд асар өндөр нэр хүндтэй гэх шалтгаан, монголчуудын бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг хандлагаас болж эрх мэдэлтнүүд, бизнес, улс төрийнхний сонирхох нэг том талбар нь үндэсний бөх болов.

Үүнийг дагаад тогтмол бэлтгэл сургуулилт хийх бөхчүүдийн тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч эхлэв. Бөхийн холбоо байгуулагдаж “Бөхийн өргөө”-нд жилдээ 10-15 бөхийн барилдаан зохион байгуулагддаг боллоо. Энэ тоо тасралтгүй нэмэгдсээр ирснийг онцолъё. 2022 оны эхний хагас жилд гэхэд л 45 барилдаан зохиогдсон статистик бий.
Өрсөлдөөн нэмэгдсэнээс хойш Б.Түвдэндорж, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга шиг олон түрүүлдэг байдал дуусгавар болсон гэж хэлж болно. Өмнө нь уламжлал төдий зохиогддог байсан үндэсний бөхийн барилдаан тогтмол хичээллэдэг тамирчидтай болж дүрэм, зохион байгуулалтын хувьд зайлшгүй сайжрах шаардлагатай тулгарсан юм.

Үндэсний бөхийн аваргууд дунд 4 болон түүнээс дээш түрүүлсэн аваргуудын эзлэх хувь хэмжээ
бөх

XXI зуун гарснаар:

“Бөхийн өргөө”-нд зохион байгуулагддаг тэмцээний тоо тасралтгүй өсч, Допингийн эсрэг үндэсний төв байгуулагдаж, барилдааны дүрэм, техник технологийн хувьд тасралтгүй сайжирсаар ирэв.

Гэсэн ч харилцаа холбоо хөгжиж ард иргэд олон улсын олон төрлийн мэргэжлийн спортын тоглолтуудыг шууд үзэж сонирхох боломжтой болсоноор үндэсний бөх сонирхох хандлага илт буурч эхлэв. Хүүхэд, залуусын хувьд сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис цаашлаад е-спорт гээд илүү контакт багатай спортоор түгээмэл хичээллэдэг болоод байна.

Том өрсөлдөөн үүссэнтэй холбоотойгоор бөхчүүд допинг хэрэглэх, найраанд ороолцолдох, жудаггүй зан авир, зодоон, цохион гаргах нь түгээмэл болсон нь үндэсний бөхийн анхаарал татсан эмзэг сэдэв болоод буй. Мөн барьц сонгох асуудлаас болж бөхчүүдийн жин ихээхэн нэмэгдэх, уран хурц барилдаан ховордох болов. Ийм шалтгаанаар үндэсний бөхийн үзэгчид улам бүр цөөрсөөр байна. Товчхондоо үндэсний бөх урьд өмнө байгаагүйгээр үнэ цэнээ алдаад байна.

Монгол улсын хүн амын 45.5 хувийг 24-өөс доош насныхан эзэлдэг. Хүүхэд залуус үндэсний бөхийн спортоос улам л хол хөндий өсч байгаа нь цаашид бөхийн үзэгчид буурах төлвийг илтгэнэ.

Монгол улсын нийт хүн амын насны бүтэц

бөхЭх сурвалж: ҮСХ

Орчин цагийн мэргэжлийн спортууд

2021 онд UFC нийт борлуулалтынхаа 60 хувийг контентийн борлуулалтаас олжээ. Бусад мэргэжлийн спортын лигүүдийн хувьд ч контентийн борлуулалт дийлэнх орлогыг нь бүрдүүлж байна. Үзэх харах юм элбэг өнөө цаг үед үндэсний бөхийн барилдаан нь өрсөлдөхүйц энтертайнмент болж чадаж байна уу гэвэл үгүй.
Мэргэжлийн спортуудын орлогын бүтэц

бөхЭх сурвалж: www.consultancy.uk

Сүүлийн жилүүдэд цахим спорт дэлхийн уламжлалт спортын зах зээлтэй эрчимтэй өрсөлдөх болсон. АНУ-д гэхэд цахим спортын үзэгчид NFL-с бусад бүх мэргэжлийн сонирхогчдын тоог давжээ. Мөн цахим спорт сонирхогчдын дундаж наслалт 32 байгаа бол мэргэжлийн спорт сонирхогчдын дундаж наслалт 39-өөс дээш байна. Урт хугацаанд цахим спорт эрчимтэй хөгжих, мэргэжлийн спорт сонирхогчид тодорхой хэмжээнд буурах магадлалтай байгаа.

Цахим спорт 2016-2021 онд

бөхЭх сурвалж: Statistica

Үндэсний бөхийн цаашдын хөгжил

Монголын үндэсний бөх цаашид мэргэжлийн спорт чиглэлд хөгжихийн тулд хамгийн түрүүнд дотооддоо мэргэжлийн спортын лигийн хэмжээний зохион байгуулалттай болох шаардлагатай. Дүрэм болон зохион байгуулалтын хувьд улсын баяр наадмаас ялгаатай байж болно.

Үзэгчдийг татахын тулд нэн тэргүүнд үзэгчдийн хүсдэг уран гоё, хурдан шуурхай, шударга барилдааныг гаргаж ирэх хэрэгтэй. Санхүүжилтийн хувьд ивээн тэтгэгч компаниуд, нутгийн зөвлөлөөс бөхчүүдэд олгож буй цалин хангамж, шагнал урамшууллыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах замаар шийдэж болно. Монголын контентийн зах зээл бусад мэргэжлийн спортуудын зах зээлтэй харьцуулахын аргагүй жижиг тул эхний ээлжинд ивээн тэтгэгчдийн санхүүжилт маш чухал.
Дотооддоо мэргэжлийн лигийн бүтэцтэй, тогтмол барилдаанууд зохион байгуулагддаг, тогтвортой үзэгч сонирхогчдын бааз суурь бүрдэж байж гадны тамирчдыг оролцуулах, олон улсад контентоо түгээх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм.

2022 оны тавдугаар сард МҮБХ-ны зүгээс SPS телевизийн контент хариуцсан албатай хамтран Алтан цомын төлөөх барилдааныг зохион байгуулахаар мэдэгдсэн нь дээрх чиглэлд том ахиц болно гэж харж байна. Уг тэмцээний хүрээнд үндэсний бөхийг дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лиг хэлбэрээр зохион байгуулах, шууд дамжуулалт, тайлбар, статистик бүртгэлийг шинэ түвшинд гаргахаар зорьжээ. Үзэгчдэд уран гоё, хурдан шуурхай, шударга барилдаан үзүүлэх зорилгоор барилдааны дүрэмд барилдааны идэвх санаачлага харах талаарх зохицуулалтыг шинээр оруулжээ.

Монголын үндэсний бөх хүмүүсийн үзэж сонирхох спорт болж бусад мэргэжлийн спортуудтай контентийн түвшинд өрсөлдөхүйц болж чадах эсэхийг өнөөхөндөө дүгнэхэд эрт. Одоогоор 20 мянга орчим бөх үндэсний бөхөөр барилдаж яваа гэсэн статистик бий. Цолтой бөхийн тоо 5.7 мянгад хүрээд буй. Цолтой бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ямар ч спортод уналт, өсөлт гэж байдаг. Ямартай ч үндэсний бөх маань цаг үедээ нийцүүлэн мэргэжлийн спортын контент бүтээх чиглэл рүү суралцаж хөгжиж явна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img