2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Н.Цэрэнбат: Ханбогдод баригдах хотын дэд бүтцэд Оюу толгой 50 сая ам.доллар зарцуулъя гэж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгох шийдэл яригдаж, тодорхой ажлууд эхэлчихсэн яваа. Өнгөрсөн баасан гарагт Хан богд суманд өрнөсөн “Ханбогд бүтээн байгуулалт, ажлын байр” форумын үеэр сумыг хот болгох төлөвлөгөө онцлох сэдэв болсон юм. “Эрдэнэс Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ханбогдыг хот болгох төлөвлөгөө ид яригдаж байна. Хотын бүтээн байгуулалтад оролцох, ер нь төслийн бизнест оролцоход бидний зүгээс анхаарах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Хот төлөвлөлтийн үндсэн суурь бол тухайн газар нутаг дээр хийгдэх суурьшлын бүсийн план. Суурьшлын бүсийн планд шаардлагатай дэд бүтцийн хүчин чадал тооцооллууд их чухал. Эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж хотынхоо үндсэн ачаалалд нийцэж баригддаг. Тэр утгаараа аль ч газар хот баригдахад цаг хугацаа шаардлагатай. Олон талын оролцоо шаарддаг ажил. Энэ хугацааг товчлох үүднээс Засгийн газраас баталсан төлөвлөгөөг цаашид улсын эдийн засгийн хөгжлийн төлөвлөлттэй, дээр нь Оюу толгой төслийнхөө өсөлт хөгжилтөд тулгуурлаж нийцүүлээд нэгдсэн мэдээллийг өгөөд эхэлчихлээ.

Ханбогдынхон хот барих бүтээн байгуулалтад ямар оролцоотой ажиллаж болох тухай тоо баримттай мэдээллийг “Ханбогд бүтээн байгуулалт, ажлын байр”форумын үеэр сонслоо. Оюу толгой төсөл бүх зүйлийг Монголоос авах ёстой гэж ярьдаг ч Оюу толгойн тавьж буй стандартад хэзээ хүрэх вэ гэдгээ хараахан ярихгүй, хүлээн зөвшөөрөхгүй явсаар ирсэн нь бодитой үнэн. Харин өнөөдрийн тухайд энэ алдаагаа цаг хугацааны хувьд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Тэдний хүсч байгаа шаардлага, стандартад хүрэхэд Монголын төр захиргааны байгууллагууд, Монголын хөгжлийг дэмжиж буй төсөл хөтөлбөр, санхүүжүүлэгч байгууллагууд, мэргэжлийн зөвлөх байгууллагуудын ажлыг уялдуулах хэрэгтэй.

Энэ бол бидний богино хугацааны зорилго. Энэ чиглэлээр өнгөрсөн жил хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн олон улсын зөвлөх багуудыг авчирч ажиллуулсан. Мөн Рио Тинто групп, Оюу толгой компанийн орон нутгийн хөгжлийн хариуцсан хэлтсийнхэн мэргэжлийн зөвлөх багуудтай ажиллаж байна. Энэ мэтээр мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтэд үндэслэж байж нэгдсэн төлөвлөгөө маань хэрэгжих бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Ирээдүйн Ханбогд хотын дэд бүтцийн үндсэн суурь бүтээн байгуулалтууд хийгдэж яваа гэж ойлгосон…?

Цэрэнбат-Тэгж ойлгож болно. Эрчим хүчний үндсэн сууриуд хийгдсэн. Дулааны магистрал шугамнаас салаалах ажлууд явагдаж байна. Дэд бүтцэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Оюу толгой төсөл ирэх таван жилд 50 сая ам.доллар зарцуулъя гэж байна. Шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийг улс болон орон нутгийн төсвөөс хийх үүрэгтэй шүү гэдэг дээр талууд харилцаж ойлголцоод явж байна. Өнгөрсөн онд хэлж байсан саналыг сум, орон нутгийнхан хүлээж авч, дулааны станцын урьдчилсан бэлтгэл ажилд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ жилийн төсөвтөө тусгажээ. Энэ бол төр, хувийн хэвшлийн нэгдэл хэрхэн урагшилж болдгийг харуулсан явдал.

-Эрчим хүчний хангамжийн хувьд Таван толгойн станцын талаарх сүүлийн үеийн мэдээлэл танд байна уу?

-Засгийн газар тун удахгүй Таван толгойн станцыг хэрхэн барьж эхлэх талаар шийдвэр гаргах байх.

-Ханбогдод хот байгуулах тухай ярихад хөндөгдөх асуудлын нэг нь ус. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Бид шинэ үеийн ололт, техник технологитой, шинжлэх ухаантайгаа зөв харилцах ёстой. Шинжлэх ухаанд тулгуурласан мэдээлэл дээр үндэслэж аливаа шийдвэрийг гаргаж явах учиртай. Ус бага байгаа, газрын гүний усыг хэт их ашиглах нь буруу гэх мэт өөр өөр он цагийн янз бүрийн ойлголтыг өнөө цагтай холбож яриад дэмий гэж бодож байна. Оюу толгой төсөл ашиглалтад орох үед нэг секундэд 900 литр ус ашиглана гэж байсан бол өнөөдрийн бодит хэрэглээ өөрчлөгдсөн. Нэг секундэд 540 орчим литр ус л ашиглаж байна.

Усыг дахин ашиглаж буй баяжуулах үйлдвэрийн дахин ашиглалт 88 хувьтай байгаа. Гэх мэтчилэн усыг үр ашигтай ашиглах технологийг эхлүүлж чадсанаараа энэ төсөл илүү олон боломжийг бусдадаа олгож яваа. Усны чиглэлээр олон улсын аудитын баг дахин ажиллаж тодорхой дүгнэлт гаргачихсан. Гэх мэтчилэн хөгжилд садаа болдог ус, байгаль орчинд халтай технологийн үргүй байдал, хадны мангаа шиг санагддаг зүйлсийг ил тод ярьдаг болгосон. Дэлхийн банк санхүүгийн олон байгууллага Оюу толгой төслийг санхүүжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй байх, усыг бага ашиглах технологийг нэвтрүүлэхийг шаардаж байгаа. Тэрний хүрээнд Оюу толгой компани хэрэгжүүлэлтээ хангаад явж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img