Их Монгол улсыг байгуулсан нь
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Монголын эзэнт гүрэн дэлхийг бүтээсэн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч бол аугаа их Чингис хаан болой гэдэгтэй соёлт ертөнцийн олонх эрдэмтэн судлаач, төр эрхзүй, эдийн засгийн лут онолт, дэлхийн соёл иргэншлийг судалдаг эвэртэн мэргэжилтнүүд нэгэн дуугаар өгүүлэх болов. Үүний үндэс нь Чингис хааны 1206 оны эхэнд тунхагласан Их Монгол улс байсан билээ. Энэ түүхэн үйл явдлыг 1206 оны хавар, зун болсон, бүр намар цагт их хурилдайгаар даян дэлхийд зарласан буй гэх нь бий. Тухайлбал, халхын Түшээт хан аймгийн Жамбын 1677 онд туурвисан “Асрагч нэртийн түүх” хэмээх зохиолд Их Монгол Улсыг “Зуны эхэн сарын арван 16-наа” байгуулсан гэж шууд заажээ. Үүгээр бол аргын тооллоор 1206 оны тавдугаар сарын 25-ны улаагчин туулай өдөр эсгий туургатныг энх амгалан болгож нэгдсэн төрт улсаа байгуулсан болох юм. Дэлхийд алдартай Япон эрдэмтэн Окада Хидэхиро гуай энэхүү түүхэн үйл явдлыг “Дэлхийн түүх мэндэлсэн агшин” хэмээн дуу алданхан номоо эхэлсэн байдаг.
Монголчууд дэлхийн түүхийг бүтээж байх энэ агшинд Японд цэргийн эрхтнүүд төр барьж байсан бол Солонгосын хойгийг Корёгийн вант улс захирч байж. Бас л цэргийнхэн. Корёгийн баруунтайд Зүрчидийн Алтан улс. Манжуур, Өвөрмонгол, Хуай гол хүртэлх газар нутгийг эрхшээж байв. Алтан улсын өмнө талд Тангудын баруун Ся улс Өвөрмонголын баруун хэсгээс Нинся, Ганьсу хүртэлх хот болон нүүдэлчдийг захирч байсан хэрэг. Цаашилбал хар хятаны Ляо улс, аугаа Хорезм гүрэн шинэ байгуулагдсан Их Монгол улсыг нүд цавчилгүй ширтэн, Чингис хааныг ямар бодлого явуулахыг анан отоцгоож байв. Өрөөр хэлбэл, талын нүдэлчдийг шууд залгихад бэлэн өлсгөлөн барсууд л биеэ хурааж байсан гэсэн үг. Чингис хаан идэр бага 16 наснаас 45 нас хүртлээ Хамаг Монгол хийгээд Байгал нуураас Хятадын цагаан хэрэм, Алтайн нуруунаас Хянганы нурууны хоорондох эсгий туургатныг нэгтгээгүйсэн бол овог аймгуудын өвөр зуурын олон жилийн тэмцлийн улмаас хэзээ мөдгүй мөхөхөд ойрхон байсан юм. Гэвч монголчуудын дунд Чингис хаан хэмээх аугаа удирдагч дээд тэнгэрийн заяагаар төрж, угсаатны хүчтэй тэсрэлт буюу Л.И.Гумелеевийн оноодог “пассаниорсть” хэмээх оргилолт болсон нь Монголчуудыг дэлхийд алдаршуулав. Чингис хааны түүхэн гавьяа бол эсгий туургатныг нэгэн үндэстэн буюу Монгол хэмээх нэрээр үндэстэн болгон бүрэлдүүлсэн явдал байсан. Нэг хэл бичигтэй, нэгдсэн төр ёстой, нэг армитай, нэг өв соёлт, нэг туг сүлдтэй болов. Ийм учраас л дэлхий дахинаа биднийг Чингисийн Монголчууд гэдэг бөгөөд их хаантан маань Монгол туургатны хувьд Бурхан (Бога, god) юм. Энэ их гүр улсаа Их эзэн Чингис хаан “Манай шаньюйгийн үеэс (Хүн гүрний үеэс) хойш ийм хүчирхэг том улс байгаагүй” гэж шууд тодорхойлж байлаа. Энэ бол гайхамшиг байсан юм. 1206 оны Монгол язгууртнуудын чуулган Их хурилдайгаар Их Монгол улсыг байгуулсныг зарлахын сацуу Тэмүжин Чингис хааныг их хаанаар өргөмжлөн 1189 онд Хамаг Монгол улсын хан болоход нь өргөмжилсөн Чингис хаан цолыг нь дахин өгчээ. Алдарт “Монголын нууц товчоо”-нд энэхүү үйл явдлыг “Эсгий туургатан улсыг энх шударга болгож, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан тугаа байгуулаад..” гэж тэмдэглэжээ. Их хаан улсаа дээд өвөг Хүн гүрэн, Сяньбийн үеэс уламжилж ирсэн төр ёсоор газар нутаг, захиргааны нэгжээ төвийн болон зүүн, баруун их түмэн хэмээн гурав хуваажээ.
Их улсын төрийг эрдэмтэн судлаачид хэмжээгүй эрхт хаант засгийн хэлбэртэй, ардчиллын бүрдлийг агуулсан нарийн бүтэц зохион байгуулалттай (Их хурилдай, Сэцдийн зөвлөл) гэдэг. Дэлхий дахины төр ёсны түүх, сэтгэлгээнд тод мөрөө үлдээсэн, үлгэр дуурайл авахуйц, нүүдэлчдийн сонгодог засаглалтай загвар улс байсан нь эдүгээ улам гэрэлтэн өндөр хөгжилтэй улс орнууд шимтэн судлах болжээ. Өөрөөр хэлбэл, Чингис хааны төр-эдийн засгийн менежмэнтийн бодлого, маркетингийг дэлхий даяар шинжин тодорхойлж байна.
Их эзэн Чингис хаан 1189 онд Хамаг Монгол улсын хан болсон нь Их Монгол улсыг байгуулах урьдач нөхцөл, гол мөхлөг нь болсон бөгөөд 1206 онд хүртэл Хэрэйд, Онгуд зэрэг томоохон аймгуудыг нэгэн жолоонд оруулах гэж залуу насаа бүрэн зориулсан билээ. Ялангуяа Алтан улсын дарангуйллаас гарахын тулд дипломат уран арга хэрэглэж байсан нь Их Монгол улсаа байгуулахаас өмнө буюу 1205 онд Алтан улсад жил бүр 1000 лан алтны алба татвар өгч байх гэрээ байв.
Ийнхүү зүүн урдаас ирэх жадыг буулгаж дөнгөсөн бол тэр жилдээ Чингис хаан Тангуд руу анх удаа (1205) довтолж эдийн засаг, гадаад хилээ бэхжүүлж, баруун өмнөд нутгаа аюулгүй болгож амжсан юм. Мөн Найманыг бүрмөсөн дарж, өөрийн анд мөнхийн өрсөлдөгч Гүр хаан Жамух, Найманы Таян ханы цолыг үүрд хурааж, дотоод эв нэгдлээ бэхжүүлсээр байлаа. Чингис хаан Их Монгол улсаа байгуулах “уран барилга”-ыг тун тооцоотойгоор эхэлсэн нь эндээс харагдана.
Харин Их Монгол улсыг тунхагласан хурилдай хуралдсан газар нутгийн тухайд өгүүлбээс МНТ-нд өггүлсэн Онон мөрний эх гэдэг нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” сурвалжид ч мөн давтагдан зааж буй. Энэ нь Хамаг Монгол улсын Хабул хан, Хотул хан нар өргөмжлөгдөж байсан, Тэмүжин, Жамух хоёр насан балчир үедээ хоёронтаа анд бололцсон, 1184 онд Мухулайд Тэнгэрийн зайран эш үзүүлсэн, Хорхунуг Жубурт л байх үндэстэйг сүүлийн үед манай эрдэмтэд илэрхий баримталж байна. Есүхэй баатар ч энэ хавиар нутаглаж байсан бөгөөд хожим Тэмүжин мөн л энд гэр бүлтэйгээ нутаглаж байснаас тодорхой болон дам нотлогдож байна.
Их Монгол улсын баруун жигүүрийг Чингис хаантай идэр ахуйдаа ирж анх нөхөрлөсөн Аралудын хүлэг Боорчи тэргүүлж, Алтайн нурууг дамнан өрнөд хил нь хол илүү өнгөрч байлаа. Зүүн жигүүрийг Чингисийн нөгөө итгэлт нөхөр болох Жалайрын Мухулай даргалж байв. Зүүн жигүүрийн өмнөд хил нь Их Хянганд тулж, “Хараун Жидаун” хавийн түмэн гэж нэрлэдэг байжээ.
Чингис хаан Их Монгол улсыг байгуулахдаа улс төрийн том шинэтгэл хийв. Хуучны овог аймгуудын бие даан орших эрмэлзлийг үгүй хийж, Мянгатын системд оруулан тарааж, хуучин язгууртнуудын эрх мэдлийг хязгаарлав. Өөрөөр хэлбэл, тэдний хатуу тогтсон дэглэм болох хүрээ, овгийн эздийг засаг төр түвшитгэж, өөрт нь буюу нэгдсэн улсыг байгуулахад түшиг болж гавъяа байгуулсан талын баатрууд, малчид, анчид, нөхөд болоод шинэ төр ёсыг дэмжиж байсан түшмэд, захирагч ноёдоор сольж урамшуулжээ. Их хаан хэмжээгүй эрхийг өөрийн гарт төвлөрүүлэхийн тулд гол албан тушаалтнаар өөрийн итгэлт нөхрийг томилж, есөн удаа осол үйлдэвч гэмд үл тооцох онцгой эрх олгосон нь Их Монгол улсын бат бэх байдлыг хангаж өгчээ. Үүнийгээ “Их засаг” хуульд тод тусгаж, Сэцдийн зөвлөлийг байгуулсан нь тун нарийн бодож боловсруулсан босоо засаглалын тогтолцоо байлаа. Зарим гадаад, дотоодын эрдэмтэд энэхүү тогтолцоо нь ардчилсан шинжийг агуулдаг байжээ гэж дүгнэдэг нь ч бас үнэний хувьтай юм. Хааны алтан ургийнханд тусгай өмч (Өэлүн эх, Хасар, Бэлгүтэй, Отчигон зэрэг) ялгаж өгсөн нь төр улсын эрх барихад нөлөөлөх боломжийг нь хаасан хэрэг байлаа. Хаант төрийн болон хааны аюулгүй байдлыг хангах үүднээс түмэн хишигтнийг мянгатын ноёдоос ч дээгүүр эрхтэйгээр байгуулж, түүндээ эсгий туургатан даяар алдаршсан ноёд, язгууртны үр хүүхдийг татан оролцуулж байсан нь дотооддоо хямралдан тэмцэлдэх, зарим ноёдын урваж сарнихаас хязгаарласан ухаалаг бодлого байжээ. Сайшаал абугайн өгүүлснээр төмөр морьт цэрэг буюу урьд хожид байгаагүй хүчирхэг аравтын тогтолцооноос бүрэлдсэн армиа бэхжүүлсэн нь догшин хар сүлдний сүр хүчин дор улам төгөлдөржсөн буй за.
Орчин цагийн улс төрийн тогтолцооны ухааны үүднээс хандахул Чингис ханы байгуулсан гэх улс нь хүн ам, газар нутаг, төр ёс болон бүрэн эрхт байдлын хувьд яах аргагүй бүх шалгууруудыг хангасан хүчирхэг улс болон товойн гарч иржээ. Хүн амын тооны хувьд эрдэмтдийн янз бүрийн нягтлан шинжилсэн үзлээр бол 700 мянгаас 2.5 саяын хооронд хэлбэлзэх боловч чухамдаа нэг сая орчим хүн амтай, 120 мянган цэрэг гаргах хүчин чадалтай байжээ гэж үзэж блох юм. Дараагаар 1207 оноос эхлэн Ойн иргэдийг дайлж эхэлснээс хойш Их Монгол улсын хүн ам тогтмол нэмэгдсээр байсан нь лавтай. Их Монгол улс нь шидэт дохиураар илбэдсэн мэт гэнэт бий болчихоогүй бөгөөд их хааны идэр наснаас эхэлсэн эсгий туургатныг нэгтгэх, цаашилбал хүрээлэн буй Тангуд, Алтан улс, Сүн улс, Хорезм зэрэг гүрнүүдийн хэзээ мөдгүй ирж болзошгүй довтолгооныг сөрж байгуулсан талын нүүдэлчдийн их нэгдэл байлаа.
1209 оноос өргөн хүрээтэйгээр Тангуд улсаас эхлэн хийж эхэлсэн Монголын байлдан дагуулал нь түүхийн гүн дэх адармаатай үйл явдлыг бичил дуран авайгаар шинжин өнгийвөөс тусгаар тогтнолоо баталгаажуулах, үндэстнээ бэхжүүлэх бодлого байжээ гэж тайлбарлаж болно. Түүнээс бус олз баялгийн төлөө хомхойсч цуст дайн үүдээгүй, бас бурхны нэрийн өмнөөс бусад ард түмэнд буян түгээх гэж Их Монгол улсын байлдаг дагуулал өрнөөгүй юм. Чингис хааны явуулж буй бодлого нь хар аяндаа даян дэлхийд энх амгалан тогтоох (пакс Монголика) аугаа үйлс болон хувирч үүнийг “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээн томъёолох болсон буюу..
Их Монгол улс байгуулснаар Монгол үндэстэн бүрэлдэн тогтохын сацуу их гүрний шинжийг агуулсан аугаа их худалдааны эргэлт бий болж, үйлдвэрлэх хүчний, соёлын хөгжил хурдацтайгаар өрнөн дэлгэрснийг цохон дурдууштай. Өрнө дорныг холбосон нүүдэлчдийн их гүрэн байгуулагдсан нь XIII зууны дэлхий ертөнц дахин мэндэлсэн мэт, цоо шинээр сэрсэн мэт бус угтаа геополитик, геогазарзүй, үндэстэн угсаатны хил хязгаарыг хамаарлыг эрс хувиргав. Ийм нэгдмэл хүчтэй төргүйгээр Монгол орон хамжлагат ёсны хөгжсөн шинэ түвшинд шатанд гарч чадахааргүй байсан агаад Хүн гүрнээс хойших өмнөх уламжлал өв соёл, нийгэм-эдийн засгийн шилдэг ололтуудыг Чингис хаан анд нөхдийнхөө, алтан ургийнхаа дэвшилтэт язгууртнуудын дэмжлэгтэйгээр өвлөн авч, их гүрнийхээ хөгжлийн хурдасгуурын гол цөмөө болгосныг нэн анхаарууштай. Үүнийг л бид Чингис хааны соёрхсон “Мөнх тэнгэр” хэмээх төрийн үзэл, Тэнгэризм хэмээн томъёолоод байна. Их Монгол улсын хэмжээгүй эрхт хаант засаглал нь хүч хэрэглэдэг өмнөх хаант улсуудын тогтолцоог боловсронгуй болгож, эзэн харьяатын ёсыг эгнэгт бэхжүүлсэн нь томоохон үсрэлт байв. Хүн гүрний үеэс уламжилсан аравтын системээр улсаа зохион байгуулсныг дээр хальт дурдсан. Үүнийгээ 1203-1204 онд Хэрэйдийг даран сөнөөх үедээ үндсэндээ жигдрүүлж чадсан байсан юм. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад төрийн өндөр албан тушаалд итгэлт нөхдөө тохоон томилдсон жагсаалтыг сонирхоход үнэхээр маш нарийн зохион байгуулалттай төрийн механизмын төгс загвар харагдана.
Их Монгол улсыг дээр өгүүлсэн хүчирхэг гүрнүүд сэрэмжлэн харж, сэжигтэй тохиолдолд довтлон ороход бэлэн байлаа. Бас Чингис хааны үүсгэсэн их улсыг “авран хамгаалагч буй за гэх” Ойрад, Хиргис, Уйгар, Хар Хятаны иргэдийн эелэл ч байв. Эхний гуравт нь их хаан охидоо өгөн өгөөмөр зан гарган худ ургийн харилцаа тогтоож Торгоны замыг хянах эхний боломжоо нээсэн юм.
Үүгээрээ их хаантан Их Монгол улсад зөвхөн “эсгий туургатан” төдийгүй “хавтсан үүдтэн” хэмээх суурин иргэд ч эрх тэгш амьдрах эрхтэй болгож, ямар ч шашныг чөлөөтэй шүтэж болно хэмээсэн нь дэлхийд шинэ ай давалгаа, шиэн эринийг бий болгов. Сайшаал абугайн Чингис хааны байгуулсан улсын хязгаарыг өгүүлсэн нь надад тааламжтай байдаг. Түүндээ “Чингис хаан Алтай Хянганы ногоон нарст даваанаас Алтайн нурууны мөнх цаст оргил хүртэл..” гэхчлэн өгүүлсэн нь уран. Энэ уудам хязгаарт хоёр зуугаад түмэн хүн амтай, гучин нэгэн овог аймгийг багтаасан улс алаглан, оволзон, асарлан байсан билээ.