2028 он хүртэлх дэлхийн ДНБ-ий өсөлтөд БНХАУ-ын эзлэх жин 22.6 хувьд хүрэхээр байна. Ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн тэлэлтэд оруулах хувь нэмрээрээ БНХАУ бусад улсыг тэргүүлэх бөгөөд АНУ-аас хоёр дахин илүү жин дарах төлөвтэй байгааг Олон Улсын Валютын Сан онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт тус байгууллагын гаргасан дэлхийн эдийн засгийн төсөөлөлд суурилан тооцоолсноор 2028 он хүртэлх дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд БНХАУ-ын эзлэх жин 22.6 хувьд хүрэхээр байна. Харин 12.9 хувийг нь БНЭУ, 11.3 хувийг нь АНУ эзлэх аж.
Бодлогын хүүгийн өндөр түвшний нөлөө хадгалагдсанаар дараагийн таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг гурван хувиар тэлнэ гэж Олон Улсын Валютын Сан үзэж байгаа юм. Энэ нь сүүлийн 30 гаруй жилийн хамгийн сул өсөлт болох тул улс орнууд геополитикийн зөрчлөөс шалтгаалсан эдийн засгийн хуваагдлаас сэргийлж, үр бүтээмжээ нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авахыг тус байгууллага уриалжээ.
Дээрх тооцооллоос харвал дэлхийн эдийн засгийн өсөлтийн 75 хувь нь 20 улсад төвлөрөхөөр байгаагийн зэрэгцээ тэн хагасыг нь БНХАУ, БНЭУ, АНУ болон Индонез улсад тэн хагас нь ногдох төлөвтэй байна. “Их 7”-ийн бүлгийн орнуудын эзлэх жин төдийлөн их биш байгаа бөгөөд ХБНГУ, Япон, Их Британи, Франц улс эхний 10-т багтаж байна.
Харин “Goldman Sachs”-ийн Ахлах эдийн засагч асан Жим Онейллийн нэрлэсэнчлэн BRIC бүлэг буюу Бразил, ОХУ, БНЭУ болон БНХАУ нийлээд 2028 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд 40 хувийн жин дарах аж. Энэхүү дөрвөн улс 2009 онд BRIC чуулганыг байгуулсан бол жилийн дараа ӨАБНУ бүлэгт нэмэгдсэнээр өнөөгийн BRICS нэрийг олж авсан юм.