Түрүүчийг нь ЭНД дарж уншина уу.
-Хоёулаа өмнөх ярилцлагадаа тархи судлал, бясалгал зөв амьдралын тухай хөөрөлдсөн. Одоо таны тухай, Далай ламын тухай яримаар байна. Та хаана төрсөн бэ, гэр бүлээ танилцуулаач?
-Би Калифорнийн Холливудад төрсөн. Айлын том хүү. Нэг эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань Санфранцискогийн ойролцоо амьдардаг. Нийгмийн ажилтан хүн. Хүний эрхийн төлөө тэмцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг юм. Охин дүү маань Английн хойд хэсэгт амьдардаг, их дээд сургуулиудад генетикийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хүн бий. Хоёулаа гэрлэсэн. Харин би гэрлээгүй, Дарамсалад Далай багштай нэгэн дээвэр дор амьдарч байна.
-Таныг анагаах ухааны доктор гэдгийг мэднэ. Ямар чиглэлээр мэргэшсэн бэ. Анагаахын чиглэлээрээ ямар ажил албууд хашиж байна?
-Миний хувьд өрхийн эмчилгээ тусламжаар мэргэшсэн хүн. Хэд хэдэн сургуульд багшилж байна. Хонгконгийн их сургуулийн хүндэт профессор. Тэнд зөвлөх профессорын албатай. Анагаах ухааны сургуулиас гадна Буддын шашныг судлах сургууль гэж бас бий. Тэр сургуулийн зөвлөх, олон жилийн өмнө Вашингтоны анагаахын сургуульд дэд профессороор ажиллаж байсан. Одоогоор Вашингтоны анагаахын сургуульд зочин багшаар ажиллаж байгаа. Энэтхэгийн Баранаст Төвд судлалын их сургууль гэж бий. Энэ сургуулийн дэд профессор. Асрах энэрэх сэтгэлийн чиглэлээр төрийн бус байгууллагатай. Ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Японд “Хүний үнэ цэнэ” гэдэг байгууллага байгуулсан. Үүсгэн байгуулагчдынх нь нэг л дээ. Одоо ТУЗ-ийнх нь даргаар ажиллаж байна.
-Та хүмүүст анагаахын үйлчилгээ үзүүлдэг үү?
-Гуч гаруй жил анагаахын үйлчилгээг үнэгүй үзүүлсээр өнөөг хүрсэн. Зарим тохиолдолд санхүүгийн боломжгүй хүмүүст эм тарианы тусламж үзүүлдэг.
-Хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байх…?
-Японд насанд хүрээгүй-чүүдийн хориход ажилладаг. Төвлөрлийн бясалгал зааж, уур хилэнгээ жолоодож удирдах тухай сургалтууд явуулдаг юм. Үүнээс гадна Японд номын аялал буюу эргэл мөргөл хийдэг. Петерсбургийн анагаах ухааны их сургуульд 16 мянган сувилагчийг сургасан. Харин энэ жилийн сүүлээр Петерсбургт эмч нарт зориулсан сургалт явуулах гэж байгаа. Тэндэхийн цагдаагийн удирдлагуудтай уулзах ажил бий. Гангстеруудынх нь толгойлогчидтой бас уулзана.
-Гангстерууд тантай уулзахыг хүсэв үү, эсвэл та өөрөө уулзах гэж байгаа юу?
-Уулзах хүсэлт тавьсан юм. Ер нь бусад улс орны гангстерууд ч уулзах хүсэлт тавьдаг. Би тэдэнд өөрөө өөртөө итгэл зөв итгэлийг яаж бий болгох, уур хилэнгээ хэрхэн удирдах чиглэлээр сургалт хийдэг л дээ. Мэдээж бясалгал заана. Маш сайн хүлээж авдаг шүү.
-Буддизмын юу нь таныг бурханы шашин руу эргэлт буцалтгүй татсан бэ?
-Би 14 настайдаа зэн буддизмын хоёр ном уншсан юм. Тэр хоёр номноос “Хүн өөрөө л бодит байдлыг мэдэж бүтээдэг” гэсэн өгүүлбэр сэтгэлд тод үлдчихсэн. Бидний ярьж яваа зүйл, үзэл хандлага л бодит байдлыг бүтээдэг нь гарцаагүй үнэн. Эндээс л бүх зүйл эхэлсэн дээ.
-Далай ламыг маш эрт сэрдэг гэж сонссон…?
-Тийм шүү, үүрийн гурван цагт сэрдэг. Сэрээд найм, есөн цаг хүртэл бясалгадаг. Дараа нь дугуйн дээр дасгал хийдэг. Өглөөдөө 40 минут, оройдоо 20 минутыг дасгал хийхэд зарцуулдаг. Бясалгалынхаа хооронд үүрийн таван цагийн үед өглөөнийхөө цайг барина. Ихэвчлэн есөн цагаас ажил нь эхэлдэг. Ном айлдахаар бол номоо айлдана. Хүмүүстэй уулзах хэрэгтэй бол уулздаг. Далай багш англи хэлээр ажлыг нь хөтөлж явуулдаг хоёр нарийн бичигтэй. Хятадаар ажил хэргийг нь явуулдаг нэг, төвдөөр явуулдаг нэг нарийн бичигтэй. Бүгдээрээ төвд хүмүүс. Далай багшийн заларч байгаа Бутанд төвд биш ганц хүн амьдардаг нь би.
-Нарийн бичиг гэхээр бичиг цаасных нь ажлыг хариуцдаг гэсэн үг үү?
-Нарийн бичиг гэдгийг арай өөрөөр ойлгоорой. Английн удирдах тогтолцооны дагуу явдаг нэлээд өндөр түвшний хүмүүс байдаг. Энгийнээр зүйрлэвэл захиргааны ажилтнууд гэж ойлгож болно.
-Далай лам өдрийн зоогоо барьсаныхаа дараа огт хооллодоггүй гэсэн, үнэн болов уу?
-Тэгдэг шүү. Ер нь буддын лам нар үдээс хойш зоог барьдаггүй. Лам хүний сахиж явах ёстой сахилын нэг л дээ. Далай багш өдрийнхөө зоогийг 11.30-12.00 цагийн хооронд барьдаг юм. Энэ үед нэлээд ахиу хооллоно. Тэгээд л болоо. Үдээс хойш бурханы шашны ном уншиж судалдаг. Орой харин их эрт нойрсдог. 17.00-18.00 цаг гээд нойрсох өрөө рүүгээ явдаг. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ мэдэрдэг нэг зүйлээ хэлмээр байна. Миний бодож байгаагаар Далай багшийн нойрсох нь бидэнтэй адил биш болов уу. Нойрсох үедээ ч хамаг амьтны тусын тулд бясалгадаг байх. Нотлох аргагүй л дээ, энэ бол надад төрдөг бодол, мэдрэмж (инээмсэглэв).
-Алдартай хүмүүс олноороо зорьж очно биз?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн улс орнуудын удирдагчид, урлаг, спортын алдартнууд зорьж ирдэг.
-Урт хугацааны бясалгалаа ямар давтамжтай хийдэг бол?
-Далай багш Дарамсаладаа жилд 1-2 удаа хэд хэдэн долоо хоногоор бясалгалын бүтээл хийдэг. Тэр үедээ хүн хүлээж авдаггүй. Дарамсалад байхаасаа бусад үед гэвэл Энэтхэгээр их аялдаг. Олон улс оронд очдогийг нь та мэдэх байх. Одоо Далай багшийн нас өндөр болсон учраас өмнөх шигээ олон улсад айлчилж аялдаг нь цөөрсөн.
-Төвдүүд Далай багшид олноороо бараалхдаг уу?
-Төвд хүмүүс олноороо зорьж ирдэг. Гэхдээ сүүлийн үед Далай ламыг зорьж ирэхэд хэцүү болж байгаа. Зорьж ирэх төвдүүдийн тоо цөөрч байна. Ерөнхийдөө баасан гаригийн өглөө төвд хүмүүс Далай багштай уулзах гэж урт дараалал үүсгэж зогсдог юм. Би танд нэг түүх ярьж өгье. Төвдөөс зугтаж ирсэн настай эрэгтэй хүн багшийг зориод ирж л дээ. Далай багш төвдүүдтэй уулзахдаа нэрийг нь, хаанаас ирснийг нь сонирхдог юм. Гэтэл өнөө настай хүнд Далай багш “Та түр хүлээж байгаарай. Дараа нь тухтай уулзъя” гэж. Хэсэг хүлээлгэсний эцэст тэр хүнтэй уулзахдаа “Хятадын цагдаагаас зугтах үед салаа замтай таарсан уу” гэж асуужээ. Мөнөөх эр “Тийм ээ, тэгсэн шүү” л гэж. Далай багш инээмсэглэснээ “Цагаан морьтой эрэгтэй хүн замыг тань зааж өгснийг санаж байна уу” гэж лавлажээ. Ахимаг насны эр “Аль замаар явахаа мэдэхээ байх үед үнэхээр тийм хүн гарч ирээд замыг минь зааж өгсөн” хэмээн гайхан хариулж. Тэгж хэлэхэд нь Далай багш баясгалантайгаар инээгээд “Тэр хүн чинь би байна” гэсэн гэдэг.
-Үнэхээр болсон явдал уу?
-Энэ бол ам дамжин яригддаг түүх. Яг болсон эсэхийг нь би мэдэхгүй. Гэхдээ маш олон хүн ийм зүйл болсон гэдэгт бат итгэдэг. Заримдаа Далай багш энгийн хүний дүрд хувираад тус бүтээдэг гэж ярьцгаадаг. Ингэх боломжтой. Номын тийм чадал Далай багшид бүрэн бий. Би танд дахин нэг түүх ярьж өгье. Энэ түүх бодитой, яг надад тохиолдсон үйл явдал.
Далай багш Бразилийн Рио де Жанейрод байгаль орчны чиглэлээр 1990 онд болсон нэг чухал уулзалтад оролцож байсан юм. Тэр уулзалтад оролцохоо шийдэж амжаагүй байхад нь нэлээд аюултай халдварт өвчин дэгдэж таарсан. Яг тэр өдрүүдэд намайг өрөөндөө дуудаад “Чухал хүмүүс байгаль орчны анхаарал татахаар сэдвээр ярилцана. Би оролцмоор байна, ийм өвчин дэгдсэн үед Бразил руу явбал яах бол” гэж асуухад нь би хоол ундандаа сайн анхаарч, вакцин тариулаад явах боломжтой гэсэн хариу өгчихлөө. Далай багш тухайн үед уламжлалт анагаах ухааны маарамбаасаа бас тэгж асуусан юм билээ. Тэр хүн яваад хэрэггүй гэсэн зөвлөгөө өгсөн л дөө. Хоёр өдрийн дараа Далай багш өрөөндөө дуудлаа. “Хуралд оролцохоор шийдлээ” гэдэг юм. Яг тэр агшинд би “Уламжлалт анагаахын маарамба нь яваад хэрэггүй гээд байхад миний зөвлөгөөгөөр аюултай сонголт хийчихлээ” гэсэн бодолдоо дийлдсэн үү, нэг тийм сонин мэдрэмжид эзлүүлчихлээ. Далай багшийн өрөөнд орсон хүмүүс гарахдаа нуруугаа харуулдаггүй ёстой. Хойшоо ухран ядан гарах гэж байх агшинд гэнэт гараас минь атгадаг байгаа.
Сандарсныг минь мэдэрсэн хэрэг л дээ. Гараас минь хөтлөөд бясалгал хийж суусан өрөө рүүгээ дагуулаад ордог юм. Тал талдаа метр хагасын хэмжээтэй ширээн дээр хагас үнэт чулуунууд дүүрэн харагдлаа. Тэр жижгэвтэр өрөөний хана дагуух шилэн хоргонд залсан бурхадын дүр ихэмсэг, сүрлэг, амгалан гэж. Далай лам намайг хөтөлсөн чигээр үнэт чулуу өрсөн тэр ширээг гурван удаа тойрсон шүү. Сүүлд нь надад хоёр чулуу бэлэглэсэн. Нэг нь эрхий хурууны чинээ болор, нөгөө нь төвдийн нэлээд эртний оюу. Далай багшийн өгсөн болорыг би Дарамсала дахь өрөөнийхөө шүтээний хэсэгтээ залсан. Оюуг нь хүзүүндээ зүүж явдаг. Далай багш хүнийг тэгж айхавтар мэдэрдэг. Миний хувьд маш хүчтэй мэдрэмж төрүүлсэн өдрийн нэг.