2024-12-21, Бямба
-30 C
Ulaanbaatar

Шувууны Жаргал: Хун шувууны амьдралын хэвшлийг харахад өөр ижил амархан олохооргүй юм билээ

“Шувууны Жаргал” гэгддэг гэрэл зурагчин Л.Жаргалсайхантай шувуу ажиглах соёл, шавжны макро зураг, үзэсгэлэнгийн талаар ярилцлаа. 

-Та фэйсбүүкт шувуу, шавжны зураг, гоё  тайлбартай оруулдаг, түүндээ их цаг зарцуулдаг байх гэж бодлоо?

-Зурганд бол мэдээж цаг орно. Постыг нь бол би хоёр, гурав хоног бодно. Уншиж судална. Би  чинь орос сургалттай  23 дугаар сургууль төгссөн байхгүй юу. Дараа нь  Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Ирээд нэг их удалгүй Гадаад яаманд хоёр гурван жил болоод, гадаадад удаан ажилласан юм. Тийм болохоор монгол хэлний чадвараа голдог.  Үг хэллэгээ бодно. Гадаад яаманд үг үсгийн алдаа гаргавал хатуу ханддаг байсан. Зөвхөн “Үнэн” сонины тэргүүн дээр яаж бичсэн яг тэрүүгээр бичдэг байлаа.

– Багад чинь  эрвээхэй, шувуу хөөцөлддөг энэ сонирхлын сэжим тавигдсан уу?

-Би одоо тэрийг сонирхоод байдаг. Яагаад хүүхэд, залуус амьтан шувуу мэдэхээ больчихов. Одоо бараг галуу, тогоруугаа ялгахаа больсон. Яагаад гэхээр бидний үед “Түмэн бодис” нэг жил, “Ургамал судлал” нэг жил, “Амьтан судлал” бас  ордог байсан.

Би сая макро үзэсгэлэн дээр ирсэн багш нараас асуусан юм.

ЖаргалЖилд 4-8 цагийн хичээлд сууна гэдэг телевизээр хоёр солонгос кино үзсэнээс бага цаг зарцуулж байгаа гэсэн үг. Багш сайн байхгүй бол тэр  богинохон хугацаанд хүүхдэд юм өгөхөд хэцүү.

-“Нуугдмал ертөнц” шавжны үзэсгэлэнг хүүхдүүд их үзэж байсан.

-2017 онд би бас дөрөв, таван жил шувууны зураг авчихаад хэдэн найз нарыг уриалаад шувууны зураг авдаг арваад хүнийг хамтруулаад бас үзэсгэлэн гаргасан юм. Хүүхдэд зориулсан үзэсгэлэн гэсэн тодотголтой, “Жаргал ба түүний нөхөд” нэртэй. Хүүхдэд  зориулагдсан болохоор зургийг нь дор түвшинд байрлуулдаг. Шувууны зураг тавиад дээр нь жижигхэн дуу гаргагч байрлуулан түүн дээр дарвал шувууны дууг нь сонсох боломжтой байсан юм. Шавжны үзэсгэлэн дээр бол зургийн хажууд жижиг хатаамалыг нь байрлуулсан. Хүүхдүүд “Ууртай шувуу” (манайд байдаггүй), “Авгалдай”  буюу Ларва гээд шар өт мэддэг.   Америкийн сүлдны цагаан бүргэд, монарх гээд америк эрвээхэй мэддэг. Монгол орны амьтан шавж, шувуу мэдэхгүй болоод байх шиг. Бид хотод тэртээ тэргүй байгалиас хөндийрсөн улс. Ус, цэцэг харахгүй дандаа бетон ширэнгэд амьдарч байгаа. Тэр нь харамсалтай санагддаг. Энэ байдлыг бага ч болов зөөлрүүлэх сэн гэж хүсдэг юм. Идэвхитэй зураг авч эхэлсэн арав гаруй жилийн өмнөх зорилго бол тэр.

Нэгдүгээрт  таниулах, яагаад хүүхдүүд гадны амьтдыг мэдээд, Монголынхыгоо мэдэхгүй байна. Хоёрт, гадны зурагчид Монголд шувуу, амьтны  гоё зураг аваад гайхалтай гээд  сайтдаа үзүүлдэг. Яагаад монгол хүн өөрсдөө авч болдоггүй юм гэж бодсон.  Миний хувьд янз бүрийн сайтад, байгаль хамгаалах, хүүхдийн боловсролд зориулаад зургаа үнэгүй өгдөг байв.

-Зээ охин чинь ээж, эрвээхэй гэж хэлд орсон гэсэн үү?

– Хоёр охинтой. Нэг нь энд хоёр хүүхэдтэй. Нөгөөдөх нь Германд эмч.  Аав, ээжийнх нь хүмүүжил нөлөөлдөг юм байна. Хүүхдүүддээ юм ярьж, ном уншиж өгнө.   Бидний үед тийм юм байгаагүй шүү дээ. Өвөөгийн үүрэг бол алсын. Гэхдээ  гэр бүлд нэг нь шувуу, шавж, амьтан гээд явахаар нөгөө жижигхэнүүд шавж барьж авчирч өгнө. Тэр юу вэ, ялаа юу, шумуул уу, юу вэ гээд гүйгээд, анзаардаг болдог.

-Та багадаа шувуу хэр сонирхдог байв?

– Бусдын адил. Шувуу харагдвал чавхаар харвах гэж үздэг. Түмпэнд талхны үйрмэг цацаад, тагтаа барьдаг. Зун  эрвээхэйн хатаамал хийх даалгавар өгдөг байсан. Аав, ээжийн захиалж өгдөг ном, сэтгүүлээс уншсан юм их л дээ.

– Шувуу сонирхох нь тансаг хобби гэж санагддаг.  Гадаадын жуулчид  ч бас ерээд онд Монголд ирээд архиддаг байсан. Дараа нь шувуу, эрвээхэй сонирхоод, зураг дараад явдаг болдог гэж сонссон. Шувуу эрвээхэй хөгжсөн түвшний сонирхол шиг байгаа юм?

-Монголчуудын амьжиргаа гайгүй болж байна. Хүмүүс чөлөө цагаа аятайхан өнгөрүүлэх гээд бясалгал, йог хийдэг сонирхлууд гарч ирж байна. 2012 оноос шувууны зураг авч, 2017 онд үзэсгэлэн гаргаж байхад арав хүрэхгүй хүн сонирхдог байсан. Одоо “Шувуу ажиглах групп”-ийн гишүүн 15 мянган хүн байдаг. Америкчуудын 25-30 хувь нь “Би шувуу ажиглагч” гэж бүртгүүлсэн байдаг юм билээ. Тэр бол амьдралын шинэ хэв маяг шиг байгаа юм.

-Хүн байгальдаа татагдаад ойртоод байна уу даа?

– Хотын түгжрэл, бухимдлаас холдмоор  байна шүү дээ. Зусланд гараад, гол горхины чимээ сонсоод суух нь гоё. Байгалийн амьтан болохоор байгаль руугаа эргээд тэмүүлэх нь сайхан.

-Гэхдээ та хоббигоо үр дүнд хүргэсэн байна лээ. “Монгол орны шувууд” гээд тайлбар толь хийсэн байл уу?

-Монгол орны 500-гаад шувуу бий. Түүнээс 340 шувууны зурагтай, шувуу судлаач  Ц.Пүрэвсүрэнтэй хамтраад  “Монгол орны шувууд” лавлах гаргасан.

Хүүхдүүдэд зориулсан “Би шувуу сонирхогч” гэж   номонд зураг өгсөн. Миний зургийн гол хэрэглэгч нь гадныхан байдаг. Гадаадад ховор ч манайд элбэг байдаг шувууны зургийг өгөөч гэдэг. “Европын ховор шувууд”, “Украйны шувууд”, “Саудын Арабын шувууд” гэх зэрэг нийтдээ хориод номонд зураг өгсөн.

-Фэйсбүүкт зурагтай пост оруулдаг нь мэдээлэл солилцоход хэрэг болдог юм байна шүү дээ.

-Фэйсбүүк нийгмийн мэдээлэл солилцох платформ. Чиний нүүр ном гэсэн үг. Тэр номонд хүн бие биенээ муулах хэрэггүй. Тэнд би зураг оруулах гэж хичээдэг.  Зураг сайн, сонирхолтой байх ёстой. Ямар нэг мэдээлэл байх учиртай. Шувуу унтахдаа яадаг вэ, яаж дулаанаа зохицуулдаг вэ, яаж амьсгалдаг вэ  гэх мэт бүгд мэдэх ёстой суурь мэдээллүүд байдаг шүү дээ.

– Шувуу  яаж унтдаг вэ?

– Шувуу хошуугаараа дулаанаа алддаг. Хошуугаа 180 градус эргүүлээд дулаалж аваад унтдаг. Болвол жаахан хүнчилж бичдэг.

-Та бараг л  шувууны хэл ойлгодог болсон  байх даа?

– Хүүхэд залууст ойртуулах гэж л тэгж бичдэг юм. Оросын гэрэл зурагчдын тийм арга байдаг. Зүгээр зураг оруулчихвал анхаарал тогтохгүй. Хүнд мэдээлэл өгөх гэж байгаа бол ядахдаа гурван хором анхаарлыг нь барих хэрэгтэй.

-Хос хунгийн дууль, хун шувуу ижилдээ үнэнч тухай яриа олон байдаг. Бусад шувууд бас ижилдээ үнэнч байдаг уу?

– Байгалийн зөн гэж  бий. Биднийг, амьтан, шувууг авч явдаг юм байгалийн зөн гэж би ойлгодог. Тэр нь үр удмаа үлдээх. Гол зорилго нь үр удмаа үлдээх болохоор  бусад бүх зүйл тэр хуульд захирагддаг. Нугас гэхэд ямагт эрийнх нь тоо илүү байдаг. Нүүдлийн үед эмэгчин нь илүү их энддэг юм билээ. 25 хувь нь байхгүй болно. Хүч сайтай, эрүүл нь бие биенээ сонгоно. Заримдаа эмэгчин нь сонгоно. Заримдаа эрэгчин нь сонгоно. Дөрөв таван эрэгчнээс нэг  нь л хосоо сонгож байгаа болохоор олсныгоо алдахгүйг бодно шүү дээ. Бидний  нүдээр харахад салахгүй дагаад, хөөцөлдөөд байгаа мэт санагддаг.

Хунг бол ижлээ алдахаар хэцүүддэг гэдэг. Тэр том шувууны амьдралын хэвшлийг нь харахад  өөр ижил амархан  олохооргүй юм билээ. Нэг нууранд нэг л хос үүрлэдэг. Их хажиг шувуу. Бусад шувууны ангаахай дэгдээхэй ойр зуур явбал элдэнэ, хөөнө. Эзэмшил нутгаа хамгаалж байгаа нь тэр. Нууранд хоёулхнаа үлдчихсэн. Нэг нь үхчихвэл хэцүү. Гэхдээ янз бүр байдаг юм билээ. Тахианы төрлийн хур сойр бол олон удаа эвцэлдэж байж үрээ аваад холдчихдог. Зарим нь эр эм хамт өндөг, ангаахайгаа өсгөдөг юм билээ.

-Та саяхан зурганд явна гэж байлуу?

-Би жилдээ 80-90 удаа гардаг.  Долоо хоногт дунджаар хоёр удаа явдаг.  Их гоё хобби. Гадаад  яамны дараа 20-иод жил Бороогийн уурхайд ажилласан.  Жилийн эцэст ажлаа   дүгнэнэ. Бодит тоогоор дүгнэдэг. Энэ сард би ийм үр дүнд хүрэх ёстой гэх мэтээр шат шатандаа зорилготой байдаг.

Тийм болохоор би таван жил зураг аваад, үр дүнд хүргэе гэдэг. Ном байдаг юм уу, үзэсгэлэн байдаг юм уу бүтээлээ гаргаж бодитой барьцтай юм хийх ёстой. Үзэсгэлэн гаргаад ном хийгээд байгаа нь үүнээс үүдэлтэй.

-Шавжны макро зураг их ажиллагаа шаарддаг бололтой байсан?

-Шавжны сахал, үс, нүдийг бид энгийн нүдээр харахгүй шүү дээ. Их ажиллагаатай. Өдөржин ажиллаад гурав, дөрвөн зурагтай үлдэнэ. Зүүнд хатгаж,  үзүүр дээр нь тогтоодог.  Зүүн дээр тогтоосон юмаа гэрэлд тавих гэж байснаа хөдөлгөчихвөл толгой  нь салаад уначихдаг. Ингэж байрлуулах уу, тэгж байрлуулах уу, гэрэл хаана байна гээд тойроод баахан явдаг. Нэг юм тогтоогоод, автомат зам дээр камераа тавиад, 60 алхам авна, хүний хоёр ширхэг үсний хэмжээтэй, 140 микроноор авна гээд камер маань автоматаар аваад явна. Тэр хооронд нь би хажууд нь харж сууж байгаад амьсгаа гаргах ч юм уу, хөлөө соливол хөдөлгөөн ороод, нөгөө 60 зургаа аваад гаргаад, компьютер дээр эвлүүлтэл бүрсийчихсэн байх жишээтэй. Тэгэхээр яах вэ, дахиад л авна шүү дээ.

Нэг зургийг таван удаа авсан тохиолдол бий. Макро зураг сонирхох хүмүүсийн хувьд техник хэрэгсэл яах вэ. Мөнгө нь хүрч байвал хэн ч худалдаад авчихна. Одоогийн залуус 15-20 саяар камер авдаг. Дээд тал нь 60-70 саяар камер авч байна. Техник бол яах вэ. Харин түүнийг дуустал нь хийх сонирхол, тэвчээр л хэрэгтэй.  Эрвээхэйн зураг авах гэж хоёр, гурван жил болсон байх. Дандаа өвөл авч байсан.

Хэдэн зуун эрвээхэйн зураг дарсан. Надад хайрцаганд хатаагаад аваад ирдэг юм. 12 өдрийн дараа өдийхөн хэсгийг дуусгана гэж бодохоор хааяа зүрх үхнэ шүү дээ. Шувуундаа явах юм сан, гадаа гарах юмсан гэж бодогдоно. Гэхдээ нэгэнт ам гарсан, хүмүүс хүлээж байгаа болохоор дуусч байж л гарна. Шавж удаан авах өөрт хэцүү.

-Шавжаараа бас ном хийсэн  үү?

-Миний оролцоотой, оролцоогүй арваад ном гарчихлаа. Царцаа, дэвхрэгний лавлахыг Г.Мягмар гэж залуу хийсэн. “Цохны тодорхойлох бичиг” гэж  хамт макро үзэсгэлэн гаргасан Ц.Өлзий гэж судлаач гаргасан. Үлдсэн хэдэн номыг сүүлийн таван жилд хамтраад хийсэн. Усны цох, хар цох, эрвээхэйн хоёр боть гэх мэтчилэн. Энэ бараг миний бүтээл юм шиг харагдаад байгаа юм. Гэхдээ зураг нь л минийх. Түүний цаана судлаачийн арав, хорин жилийн хөдөлмөр шингэсэн ажил байгаа юм. Ёстой цаг хугацаагүй ажил. Энэ яг ямар цох, эрвээхэй юм,  хаана байдаг юм. Барьж ирээд хатаана, тодорхойлно. Уншиж судална. Тэр бол ёстой асар их хөдөлмөр. Гэхдээ хамтраад ажиллахаар тэр судлаачийн хийсэн ажил олонд танигдаж, толилуулж ил болгож байгаа гэж ойлгодог.

-Шавжны үзэсгэлэн чинь энд тэнд уригдаж гараад байна уу даа?

-Үзэсгэлэнтэй холбоотой хэд хэдэн сонирхол надад байсан л даа. Нэгдүгээрт, хүүхдүүдэд зориулж зургаа  томоор хэвлэх. Үнэтэй байсан тул боломжийн буюу дунд зэргийн хэмжээгээр хэвлэж тавьсан. Хоёрдугаарт, олон макро зураг сонирхдог хүмүүсийг оруулъя гэсэн юм. Маш сайн зургууд байх учиртай. Хамтарч ажиллаж байгаа Ч.Гантигмаа докторын багийнхны номуудыг үзэсгэлэнгийнхээ үеэр борлуулъя гэсэн юм. 30 мянган төгрөгний ном номын дэлгүүрт очвол 50 мянга болно. Өмнөговийн музейд өгье гэсэн бодол байсан ч тэд сонирхсонгүй. Манай судлаач залуус МУИС,  дараа нь ХААИС-ийнхан манай дээр гаргаач гэсэн. Гэхдээ энд бас их ажил ордог. Тэгээд Эрдэнэт рүү аваад явж байгаа гэсэн.  Тэгээд хэдэн хүнд хүрэхээр боллоо доо.

-Эхнэр чинь бас зураг авдаг  уу?

-Үгүй, би уг нь арваад жилийн өмнө  камер авч өгөөд хамт явья гэсэн чинь нэг их сонирхоогүй. Эмэгтэй хүн байгаль, амьтны  зураг сонирхох нь бага. Гадны жишиг харахад 100 зурагчнаас хоёр, гурав, дөрөв нь л эмэгтэй байдаг. Эмэгтэй хүн долоо хоногт хоёр удаа шавар шавхайн дээр очиж хэвтнэ гэж бодохгүй шүү дээ. Зураг авдаг нэг, хоёр найз бий л дээ. Одоо ингээд хэвтээрэй, мөлхөөрэй, аль болох муу хувцсаа өмсөөрэй гэхээр, үгүй ш дээ. Би бол яах вэ. Зурганд явлаа гээд өглөө гоё хүн гараад, орой нь юм уу, маргааш нь шороон дээр хөрвөчихсөн нохой шиг л юм орж ирдэг.

-Таныг шувууны Жаргал гээд байдаг. Уг нь Жаргалсайхан юм билээ.

-Тийм. Оюутан байхад, дараа нь гадаадад ажиллахад  Жаргалсайхан гэдэг нэрийг гадныхан хэлж чаддаггүй. Flickr гээд гэрэл зургаа хуваалцдаг сайт дээр миний зураг   хандалтын тоо нь дөрвөн сая хүрч байсан удаа  бий. Нэг зураг 80-90 мянга хүрнэ. Гадныхан шувууны зураг их сонирхдог. Тэгээд Жаргал болсон. Шувууны Жаргал гэдэг нь яах вэ. Тухайн үед шувууны зураг дагнаж  сонирхдог хоёр, гуравхан хүн байв. Говийн Х.Түмэндэлгэр надаас өмнө байсан. Бас шувуу судлаачид байв. Жаргалсайхан гэснээс Шувууны Жаргал гэдэг нь дотно байдаг. Гадныхан бас шувууны зургаас гадна хөхтөн амьтан, эрвээхэй, шавьж их авдаг шүү дээ.

Шувуу, шавжны зураг их авахаар байгаль орчны асуудалд анхаардаг болчихдог. Наад зах нь аятайхан зураг авчихъя гэж бодно шүү дээ.

Хамгийн ойрхон Багануурын Гүн галуутайд нэг нуур бий. Булганы Дашинчилэнгийн тэнд Баян нуур гэж байдаг.

Нуурыг тэжээдэг, ус хураадаг тархины хэдэн зэгстэй. Түүнийг нь өвөлдөө мал идчихээд байна. Зориудаар зэгс шагшуургыг нь хадаад байдаг. Дараа жил нь очихоор нүцгэн нуур болчихсон.  Нуур нь ширгээд тэжээдэг булаг, тархийг нь хамгаалж хашиж хамгаалах шаардлага аяндаа тулгарч байгаа.

Зэгс, шагшуургагүй болохоор ямар шувуу үүрлэх юм.  Шувуу нүцгэн газар буухаар  их өрөвдмөөр. Төрсөн бууцан дээрээ ирсэн гэсэн үг шүү дээ. Зэгсэнд  нуугдаж үүрээ засдаг. Зэгс нь байхгүй нүцгэн болохоор жаахан юм овойлгоод, дээр нь хэвтэж байдаг.

Ил байна гэдэг үнэг, нохой, адуу малнаас өгсүүлээд эрсдэлтэй. Шувуу үржих аргагүй болж байгаа юм. Тийм юмнуудад анхаарч анзаардаг, харамсдаг болчихдог.

Төрийн одон медаль надад байдаг ч шувууныхан маань надад авч өгсөн “Байгаль орчны тэргүүний ажилтан” миний хувьд хамгийн нэр хүндтэй, дотно санагддаг шагнал.

-Монгол эрчүүдийн хобби гэхээр нэлээд дээхнэ бол ан гөрөө хийх гэж хариулдаг байсан. Одоо бол шувуу, эрвээхэй сонирхдог болжээ?

-Би ан гөрөөнд арваад жил явсан. Найз нарыг дагаад чоно, нохой юу тааралдснаа буудчих гэдэг өвчтэй үе байсан. Тэр нь  аяндаа алга болдог юм билээ. Хамгийн сүүлд чоно буудаад, нас явахаар тэгдэг ч юм уу амьтан агнаж, улай үзэх сэтгэлд тавгүй болдог. Тэгээд шувууныхантай таарсан. Шувууны зураг маш их таашаал өгнө. Аятайхан зураг гарсан болов уу гэж үзэхээр яарна. Гэртээ орж ирээд, хувцсаа тайлангуутаа зургаа том телевизийн дэлгэцэн дээр үздэг. Зураг гоё гарсан бол хэд хоног наадам болж байгаа юм шиг  баясана.

-Та мундаг аппараттай  болохоор хүмүүс зураг аваад өгөөч гэж гуйдаг уу?

-Тийм юм тохиолдоно. Камерууд зүгээр л стандарт, нэг их гайхамшигтай юм байхгүй. Яах вэ, камераа хоёр гурван жил болоод л сольдог юм. Манайд тоосжилт ихтэй. Камер амархан мууддаг. Бас технологийн дэвшлийг дагаж явах ёстой шүү дээ.

Японд нэг найзыгаа дагуулаад, алаг тогоруу харах гэж явсан юм. Найз маань япон хэлтэй, багын найз л даа. “Намайг нэг аваадхаач” гэлээ. “Уучлаарай, хөгшин нь  авч чадахгүй” гэсэн чинь “Яаж байгаа юм бэ” гээд гайхаад. “Надад богино дуран байхгүй. 500, 800-гийн дурангаар авч болдоггүй шүү дээ” гэсэн чинь “Чи ёстой муухай томорчихсон байна аа, надад дуран уртдаад байгаа юм уу” гэнэ.  “Тэгвэл яах вэ, наанаа зогсож бай” гэсэн. Фокуслах хамгийн ойрын зай нь долоон метр байдаг. Нэлээд холдож байгаад татаад авч өгөөд, “Урт дурангаар авахаар нүүр чинь хавтгай юм гардаг шүү” гэсэн чинь “За болъё, болъё” гэсэн. (инээв)

Шувууны Жаргалын  зураг дарч байгаа агшинг харуулсан зураг цөөтэй гэнэ.  “Зожиг болохоор хүн дагуулах дургүй. Олон хүн шувуу үргээчихдэг.  Хүн дагуулаад явахаар тайлбарлагч хийсээр байгаад зураггүй хүрч ирнэ” хэмээн тайлбарласан юм. Шувууны Жаргалын зургийг Г.Эрдэнэтуяа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img