Том гүрнүүдэд эрчтэй хөгжиж буй циркуляр эдийн засгийн тухай 8 баримт
- Циркуляр эдийн засгийн түүх 1966 оноос эхлэлтэй. Английн эдийн засагчдын гаргасан санаа юм. Гэхдээ тойрог хэлбэрт буюу циркуляр гэдэг нэр томьёо нь бүр сүүлд гарсан түүхтэй. Зогсолтгүй эргэлддэг эдийн засгийн тогтолцоо байх ёстой гэсэн санаа 2012 онд гарч байв. Өнөөгийн шугаман эдийн засагт хэрэгцээгүй болсон зүйлийг хаядаг. Бүдүүн тоймоор хэлбэл хүн төрөлхтөн хаягдлаа булах маягаар л шийдсээр ирсэн. Тойрог хэлбэрт гэхээр элдэв хог хаягдалгүй, эдийн засгийн эргэлтэд нэг орсон л бол дахин боловсруулагдаад ашиг, өгөөжөө өгөөд явах эко шийдэл гэсэн үг. Аливаа түүхий эд, материалыг оруулаад л гаргадаг, гарсан нь дэлхийд хаягдал болдог, өөрөөр хэлбэл нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү шилждэг системээс улс орнууд энэ системээс татгалзахгүй бол эх дэлхий хогийн сав болсоор байна гэсэн шүүмжлэл бий.
- Циркуляр эдийн засаг дундаа Шотландын жишээ нэлээд сонгодогт тооцогддог. Хуучин муудсан телевизорыг хаях биш янзлуулах санаа сэдсэн нь сайн жишээнүүдийн нэгд зүй ёсоор ордог юм. Хөгжилтэй орнуудад хуучин эдлэл, хувцсаа хаяхдаа хүн аваасай гэсэн сэтгэлээр гэрийнхээ гадаа цэмбийтэл нь хураагаад тавьдаг эерэги хандлага бий. Манай улсад сүүлийн үед ийм хандлага бага сага ажиглагдаж байгаа ч дийлэнх нь хүнд хэрэглүүлэхгүй гэж урж, шатааж хаясан хэвээр буй. Шатаах нь хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж, экологид халтай амьдарч байна гэсэн үг. Германд second hand product буюу хуучин бүтээгдэхүүний зах гэж бий. Хотын захиргаанаас нь зохион байгуулдаг энэ арга хэмжээнд зориулж иргэд гэртээ ашиглахгүй зүйлсээ аваачиж зардаг юм. Гэхдээ ашиг олох зорилгоор биш. Хэрэглэж болох хүнд нь өгье гэсэн чин хүслээр хүүхдэдээ 40 еврогоор авсан тоглоомоо 50 центээр зардаг.
- Тухайн улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг экологийн ул мөр гэж тодотгодог. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ байдаг. Улс орон өндөр хөгжилтэй баян байх тусам иргэд нь ихийг хэрэглэдэг, хэрэглээ зардал өндөр байх тусам их хог гардаг. Энэ жишээнд үрэлгэн, хүнсний хаягдал их, таргалалт ихтэй, ихэнх иргэд нь цахилгаан түлш эрчим хүч ихээр зарцуулдаг том байшин, машинтай Америкийг олонтаа эш татдаг.
- Жараад оны дундаас яригдаж байгаад 2012 оноос л эрчээ авсан циркуляр эдийн засгийг Европын холбоо, Европын улс орнууд нэлээд дэмжиж буй. Тэр дундаа англичууд онцгой анхаарч байна. Шотландаас гадна Австри гэх өндөр хөгжилтэй орнууд тойрог хэлбэрт эдийн засагт ач холбогдол өгөөд эхэлчихснийг олон кейсээс харж болно. Сүүлийн үед улс орнууд тойрог хэлбэрийн эдийн засгийг хөгжлийн бодлогодоо тусгаж буй. Манай улсын хөгжлийн бодлогод энэ ойлголтыг тусгасан бичиг баримт одоогоор үгүй. Гэвч “Мал аж ахуйгаас гарсан бүх бүтээгдэхүүн эргээд байгальд шингэдэг. Ямар нэг хуванцар, химийн бодис ашигладаггүй” гээд харахаар Монгол циркуляр эдийн засагтай гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Гэхдээ хог хаягдлын тухайд жили ирэх бүр өссөөр байгаа гэх таатай биш статистик дуулддаг. Манай улс 2009 онд 820 мянган тонн хог хаясан бол 2015 онд 2.9 сая тонн болж өссөнийг статистикаас харж болно. Улаанбаатар хотод нэг ганцхан 3000 тонн хог хаягдал гардаг гэсэн тоо дуулддаг.
- Хог хаягдлыг ахуйн, үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Манай улсын хувьд ахуйн хог хаягдал 90.9 хувийг эзэлдэг. Тэгэхээр хог хаягдлаа багасгахын тулд айл өрхүүдтэй тулж ажиллах шаардлага үүсчихсэн гэсэн үг. Хуванцар, шилний хог хаягдлын ихэнх нь иргэдээс гардаг аж. Энэ бүхнийг тойрог хэлбэрийн эдийн засаг талаас харвал шил, лааз цуглуулж яваа хэсэг л байгаль орчинд ээлтэй хүмүүс болж таарч байна. Тэгэхээр тэднийг дэмжиж, зөв схем бий болгож чадах нь хогтойгоо, дээр нь нэмээд ядууралтайгаа тэмцэх ухаалаг менежмэнт болох юм.
- Батарей, аккумлятор, эмнэлгийн болон боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, цементийн үйлдвэрүүдийн хаягдал гэх мэт амархан шатамхай, химийн урвалд ордог, амьтны бус гаралтай, байгаль орчинд хурдан задардаггүй хог хаягдлыг аюултай гэж тодотгодог. Манай улсад жилдээ 10 мянган тонн аюултай хог гардаг гэсэн тоо бий. Үүний 10-50 хувийг л дахин боловсруулж, үлдсэнийг нь хаяж байна. Хаях зориулалтын шийдэл нь ландфил буюу гүн нүхэнд хогоо хийгээд харагдахгүй болтол хөрсөөр булах арга ч гэлээ манай улсын хувьд нүх ухсан болоод хогоо газарт овоолчихож байгаа нь бодитой үнэн.
- Хог хаягдлаа дахин ашиглахын тулд хамгийн эхний том ажил нь хогоо ялгаж сурсан иргэд. Энэ тал дээр жишиг болохуйц орон бол Герман. Бүх айл нь цаас, шил, лааз, хүнсний хог хаягдлыг тусад нь ялгах системд орчихсон. Тэнд эдийн засгийн хөшүүрэг байгаа учраас хогоо ялгаж байгаа гэж ойлгож болно. Шил гэхэд л дотроо жимсний чанамал, дарс, шар айрагны шил гэх мэтээр ангилагддаг. Томоохон худалдааны төвүүд шар айрагны хаягдал шил лааз худалдаж авдаг автомат машин бий. Шар айрагны шилэн дээр шошго нь байвал бар код уншуулаад л болчихдог аж. Бүх юмаа ингээд ялгачихаар боловсруулах үйлдвэрт очихоороо бэлэн түүхий болдог давуу талтай. Хүнсний хаягдлын ялзралын процессийг ашиглаж газ үйлдвэрлэх, газнаасаа эрчим хүч гаргаж авах, хаягдсан хүнсний ялзмагаар бордоо хийх гэх мэт өчнөөн үйлдвэрлэл Германд өрнөдөг.
- Тойрог хэлбэрийн эдийн засаг нь хаалттай дугуй, тэр дугуй руу орсон л бол гарахгүй гэдэг ойлголт онолын хувьд байгаа боловч амьдрал дээр шууд биеллээ олохгүй. Хэн ч ашиглахгүй, дахин юу ч хийх боломжгүй хог заавал гарна. Тэрийг нь үлдэгдэл хог гэж нэрлэж буй. Үүний нэг жишээ нь цөмийн хаягдал. Цөмийн хаягдлыг юунд ч ашиглаж болохгүй онцлогтой. Гол арга нь газарт булах эсвэл сансарт хаях л байна.
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -