2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Кофены тухай заавал мэдэх учиртай 8 баримт

  • Кофены үр ногоон байдгийг, хуурсны дараа бидний мэдэх бор өнгөнд хувирдгийг кофенд дурлагчид андахгүй. Кофены жимсний мод экваторын бүс дагасан дулаан уур амьсгалтай нутгуудад ургадаг. Кофены модноос ургасан чери гэдэг жимсийг хальслахад дотроос нь өмнө хэлсэн шиг ногоон үр гарч ирдэг, хурааж авсан ногоон үрийг нэг бол угааж, эсвэл байгалиар нь хатаадаг юм. Байгалиар нь хатаасан үрийг хуурч хийсэн кофены үнэр, амт “янзтай” байдаг гэж кофечид онцолдог. Хуурч бэлдэж савласан кофены үрэн дээр natural, washed гэсэн бичиг харагддаг нь ийм учиртай юм байна. Манай улсад натурал үр бага хэмжээгээр л орж ирдэг.
  • Кофены бизнес эрхлэгчид кофеныхоо үрийг Бразил, Колумби, Этиоп, Гватемала, Кени, Танзани, Индонезиас Солонгосын боомтоор дамжуулан импортолдог. Кенийн кофе дарсны эсвэл цэцгийн анхилуун үнэр, амттайгаараа дэлхийд танигдсан брэнд бол кофены эх орон гэгддэг Этиопын кофеноос цэцэг, жимс, модны үнэр мэдрэгддэг гэж кофенд дурлагчид онцолдог.
  • Түгээмэл хэрэглэдэг инстант буюу түргэн уусдаг кофег ихээр хэрэглэвэл стрессийн гормон ялгаруулдаг сөрөг талтай. Учир нь инстантыг кофены үрээр хийдэг ч түргэн уусдаг болгохын тулд химийн боловсруулалт хийдэг. Тодруулж хэлбэл хиймэл кафейн нэмдэг. Уух тусам сэргэж, донтуулаад байдаг нь ийм учиртай. Дэлхийд тариалагдаж буй ногоон үрний тал нь инстант кофе үйлдвэрлэхэд зарцуулагддаг гэсэн статистик бий. Кофег хураасны дараа хамгийн сайн нь, хоёрдугаарх нь, гуравдугаарх нь гэх мэтээр зэрэглэж ангилсны дараа үлдсэн “хог”-ийг нь хөлдөөж, хатаах маягаар бэлтгээд л бидний хэрэглэдэг инстант кофе худалдаанд гардаг.
  • Италиас уламжилж түгсэн эспрессо нь express буюу хурдан шуурхай гэдэг үгнээс үүдэлтэй. Каппучино, латтэ гээд бүгдийнх нь суурь болдог энэ ундааг бэлтгэдэг технологи нь тусдаа. Технологид нь үндсэн хэд хэдэн шаардлага байдгийн нэг нь гаргах хугацаа. Олон улсад 21-29 секундэд гарсан эспрессог хамгийн төгс гэж үздэг. Кофе сайн мэддэг хүн бол аягаа эргүүлэх юм уу, өнгө зэргээр нь шинжээд зөв буруу хийснийг нь мэдчихдэг.
  • Кофег зохистой хэрэглэвэл эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг олон судалгааны үр дүн нотолдог. Өглөө багахан зүйл идээд хар кофе уухад бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг. Эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөний тухайд хавдрын эсрэг үйлчилгээтэй, сахар, чийг бам, мартах өвчнөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, цөсний чулуу үүсэх магадлалыг бууруулна, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг багасгана, элэгний янз бүрийн гэмтлээс хамгаална гэж ирээд яривал давуу тал олонтой. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл ходоод хямрах, даралт ихсэх, зүрх дэлсэх зэрэг олон сөрөг талтайг мартаж болохгүй. Кофенд дурлагчдад зөвлөхөд өдөрт хоёроос гурван цагийн зайтай гурваас дөрвөн аяга кофе л уух “норм”-тойг анхааруулъя. Товчхондоо кафейнийг нь тооцож уух хэрэгтэй. Нэг аяга кофе 80-100 мг кафейн агуулдаг. Эмэгтэй хүн 300 мг кафейний өдрийн нормтой. Эрэгтэй хүн 400 мг-ийн нормтой. Тэгэхээр эмэгтэйчүүд кофе уухдаа гурван аягаас хэтрүүлээд хэрэггүй байх нь. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өдөрт нэг аяга кофе уух л норм бий. Үүнээс хэтрүүлбэл хугацаанаасаа эрт төрөх эрсдэлтэй. Кофе хэтрүүлж уусан ээжээс рахиттай хүүхэд төрдгийг энэ дашрамд сануулъя. Хүүхдэд кофе өгч огт болохгүй. Учир нь кафейн кальцийн нийлэгжилтийг эрс бууруулдаг гэмтэй. Ид өсч байх үед буюу кальци хэрэгтэй насан дээрээ кофе уугаад сурчихвал өсөлтөд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийнэ баталчихсан.
  • cofeeКофе уувал арьс хуурайшдаг гэсэн яриа цаанаа учиртай. Кофег удаан хадгалбал найрлага дахь тосонд нь өөрчлөлт орж арьсыг хуурайшуулж сэвхтүүлэхээс гадна дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд кофег илчлэг өндөртэй махан хоолноос хойш гучин минутын дараа уувал өөх тос задлах эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг юм байна. Нэмж онцлоход хараар нь уухад илчлэггүй, харин сүү, сахар нэмэхээр хоолны дайны илчлэг өгдөг.
  • Та кофе шопт ороод хамгийн түрүүнд ямар асуулт асуудаг вэ? Энэ асуултад бидний олонх “Уух дуртай кофегоо л захиалдаг” гэж хариулах байх. Зүй нь “Танайх ямар кофе хэрэглэж байгаа вэ” гэж асууж занших хэрэгтэй. Энэ нь ресторанд ороод танайх гурилтай шөлөө үхрийн махаар хийсэн үү, эсвэл хонины махаар хийдэг үү хэмээн лавлаж байгаатай ялгаагүй асуулт. Кофе сорт, чанараараа арабика, робуста гэсэн хоёр янз байдаг. Арабика нь хамгийн сайн чанарынх. Өнөөх нь чанар муутай. Таны орсон кофе шоп арабика гэхгүй бол холимог гэсэн хариу өгөх байх. Учир нь робустаг чанар муутай учраас дангаар нь огт хэрэглэдэггүй. Энэ хоёр үрний амт нь гэхэд л эрс ялгаатай. Арабика чихэрлэг, исэллэг, хүчиллэг гэх мэт таван амтыг цогцоор нь агуулдаг бол нөгөөх нь гашуун амттай, үнэр муутай. Хоёрдугаар гол ялгаа нь робустагийн кафейний агууламж хоёр дахин их байдаг. Ер нь робустагаар инстант кофе хийдэг гээд ойлгочихож болно.
  • Кофены үрийг гурван жил хүртэл хадгалдаг. Нэг жилийн насжилттай, хоёр, гурван жилийн насжилттай гэж ангилдаг. Жил ахих тусам үнэ нь буурдаг онцлогтой. Кофег чанараар нь дөрвөн ангилалд хуваадаг. Манайд дорооосоо хоёр дахь нь буюу комершл үрнүүд түлхүү орж ирдэг юм байна. Кофены үрийг хуурч савласнаас хойш нэг жилийн дотор хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. Хуурч савласан кофены үрийг задалж хэрэглэчихээд буцаагаад агаар оруулахгүй нөхцөлд хадгалах хэрэгтэй. Амтлагчуудтай хамт байлгаж огт болохгүй. Учир нь кофе үнэр, агаарыг сорж татдаг онцлогтой. Хүмүүс хөргөгчнийхөө үнэрийг арилгах гэж нунтагласан кофе хийгээд байдаг нь цаанаа ийм шалтгаантай. Сонирхуулж хэлэхэд бариста нар үнэртэй ус цацдаггүй бичигдээгүй дүрэмтэй. Үнэртэй ус цацчихаад ажиллавал найруулсан кофенд үнэртэй ус нь шингэчихдэг аж.

Төгсгөлд нь онцлоход кофены дэлхийд гэж яригдах хэд хэдэн том сүлжээний салбарууд Монголд ажиллаж байна. Сүлжээ кофены газруудын дараагийн шат нь удахгүй хөгжинө гэж кофенд дурлагчид онцолдог. Тэдний хэлж буйгаар кофены соёл маш нарийн мэргэжлийн, өөрийн онцгойлсон шинж чанартай болох аж. Кофе шопуудын тухайд хуурсан кофегоо яг л шинэ талх шиг өдөрт нь хэрэглэгчдэдээ түгээж үйлчлээд өдөрт нь дуусгадаг чиг рүү орчихсон, тун удахгүй сүлжээ кофены газрын үйлчлүүлэгчид ийм кофе шоп руу хошуурах биз ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img