Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
– Ер нь энэ хууль гарсанаар хайгуулын ажилд орж ирж байсан хөрөнгө оруулалт буураад зогсохгүй хоёр, гурван жилийн өмнө цуцлагдсан тусгай зөвшөөрлийг захиргааны хэргийн шүүхээр сэргээх зүй бус үйлдэл эхэлж Ашигт малтмалын газрын ажилтан, захиргааны хэргийн шүүгчид оролцсон гэмт хэргийн сүлжээ маягийн бүлэглэл үүсч эхэлсэн гэдэг –
Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдав
2011 оны өвөл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрөл түр хугацаанд шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ уг төслийг нууцийн зэрэглэлтэйгээр хаалттай хэлэлцээд 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл мөрдөх хууль болгон баталсан юм. Хууль батлагдахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Ашигт малтмалын газарт албан тоотоор хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зогсоох чиглэл (шийдвэр ч гэж ойлгож болохуйц ) өгсөний дагуу агентлаг шинээр тусгай зөвшөөрөл өгөхийг зогсоочихсон билээ. Гэтэл хуулийн үйлчлэлийг УИХ, эсвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр зогсоох тул уг үйлдэлийг дараа нь хууль болгон баталсанаар зөвтгөсөн байдаг.
ШИГТГЭЭ:
Хуулийг дахин хоёр удаа сунгасан ба сүүлчийн сунгалт нь хугацаагүй (Ашигт малтмалын хуульд өөрчлөлт ортол, эсвэл шинэчлэгдэх хүртэл) сунгаснаас гадна шилжүүлэхийг нь бас хориглосон юм. 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахад дээрх хориг тавьсан хуулийг хүчингүй болгов.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Хууль гаргах болсон шалтгаан нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж эрх бүхий албан тушаалтанууд тайлбарсан ба харин олон нийтийн дунд бол тусгай зөвшөөрлийг урьд нь “замбараагүй олгосон”, тусгай зөвшөөрлийн “наймаа” их байгаа, “худалдан авагч нь хятадууд юм” гэсэн яриа их гарч байв. Тусгай зөвшөөрлийг Монгол улсын хуулийн дагуу олгож байсан тул “замбараагүй” олгосон гэдэг ойлголт нь тусгай зөвшөөрлийг олон тоогоор олгосныг ойлгож байгаа юм шиг байгаа юм.
Ер нь энэ хууль гарсанаар хайгуулын ажилд орж ирж байсан хөрөнгө оруулалт буураад зогсохгүй хоёр, гурван жилийн өмнө цуцлагдсан тусгай зөвшөөрлийг захиргааны хэргийн шүүхээр сэргээх зүй бус үйлдэл эхэлж Ашигт малтмалын газрын ажилтан, захиргааны хэргийн шүүгчид оролцсон гэмт хэргийн сүлжээ маягийн бүлэглэл үүсч эхэлсэн гэдэг.
Тэр бүү хэл зарим компанийн буцааж хүлээлгэж өгсөн болон цуцлагдсан тусгай зөвшөөрлийг компани нь өөрөө мэдээгүй байхад тэдний өмнөөс тусгай зөвшөөрлийг нь сэргээлгэсэн хоёр ч тохиолдол гарсаныг сонсож байв. Тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглохоос гадна шилжүүлэхийг хориглосон нь бас сөрөг үр дагавар авчирсан билээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон сүүлийн нэг жилд хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг давхар хориглосоноор асуудал бүр дордож хайгуулын талбайн (орд илрэлийн) үнэ цэнэ нэмэгдүүлэх ажил үндсэндээ зогссон гэж хэлж болно. Түүнээс гадна нэгэнт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байсан тул хуулийн “цоорхой” ашиглах, эсвэл хууль бусаар Захиргааны хэргийн шүүгч нартай хуйвалдан аль 2007 оноос эхлэн цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх “үйл ажиллагаа” явагдаж бараг сүлжээ, бүлэг үүсэх хэмжээнд хүрсэн гэж ярилцах болов. Эцэст нь хэлэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон хууль жил жилээр сунгаж гарч байсан тул дараа жилээс нь шинээр олгож эхлэх нь гэсэн хүлээлт зүй ёсоор үүссэн байсан билээ.
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:
NEWS.MN Сайт: 2013.07.29 Ж.Эрхэс
Н.Алгаа: Бусдын итгэлийг алдах муухай
…-Эрэл хайгуулын ажил зогсонги байдалд орчихоор эдийн засагт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Тиймээс л энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагчид Лаос, Камбож, Мьянмар рүү дүрвэж байна. Монголоос мөнгөний урсгал гадагшаа чиглэчихлээ
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН. 2014.5.20. No 24831
Н.Алгаа: Жижиг эрх ашигт том зорилго нь дарагдчихаад байна
…Хувийнхан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодоод лиценз олго гээд байгаа юм биш үү. Ер нь цаашдаа лицензийг олгоод, ашигт малтмалаа ашиглаад байх ёстой юм уу?
-Манайхан хойч үедээ хадгална гэж нэг юм яриад байгаа юм. Олоогүй юмыг юуг нь хадгалах юм бүү мэд. Нөгөөтэйгүүр олсныгоо хадгалаад байх юм бол хэзээ ашиг болж ирэх юм бэ. Ямар ч хөрөнгө оруулагч ашигтай байх үед л хөрөнгөө оруулдаг, дэлхий дээр 200 жил ийм л зарчим байсан. Манайхан эсрэгээр явах гээд байх юм. Уул уурхай ийм их эрсдэлтэй гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй, мэддэггүй юм уу. Ашигтай үед хөрөнгө оруулалт орж ирээд үнэ буурах үед үйлдвэрээ ажиллуулж хүндрэлийг давдаг…
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдав
2010 онд УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлав. Бодлогын зорилго нь төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, улмаар ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад оршиж байв.
Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна хэмээн харж, бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ гэж онцлов.
ШИГТГЭЭ:
Чинхау-МАК компани 2003 оноос Хятадад нүүрс экспортлоод эхэлчихсэн, улмаар нүүрсний тээвэрлэлтийг автомашинаар биш өөр аргаар тээвэрлэх боломжуудыг судалж байна гэж дуулдсан бөгөөд Хятадын нарийн төмөр замтай холбосон мухар төмөр замыг уурхай хүртэл барих төсөл боловсруулж, санхүүжилтийг шийдэхээр германы Дойчебантай урьдчилсан яриа тохиролцоо хийж байгаа сонсогдсон юм. Гэтэл Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу МАК-ийн төмөр замын төслийг Засгийн газрын саналаар их хурал шийдэх болсон тул энэ төсөл зогсов.
2012 онд Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих төслийг Энержи Ресурс компани концессоор гүйцэтгэх болж ажлаа эхэлсэн боловч сонгуулийн дараа зогсоож энэ төслийг төр буцаан авав. Хэрвээ барьж дуусгасан бол 19 жилийн дараа төмөр замыг төрд шилжүүлэх гэрээтэй байв. Энэ төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар Монголын Төмөр зам компаниийг байгуулав.
2013 онд Ухаа худаг-Гашуун сухайн чиглэлийн төмөр замыг бариулахаар Монголын Төмөр зам компанид Чингис бондын хөрөнгөөс 280 сая долларын зээл олгов. 2014 онд УИХ тогтоол баталж Таван толгой-Гашуун сухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар шийдвэрлэв.
2020 онд энэ тогтоолоо УИХ хүчингүй болгов.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсаны дараа өргөн ба нарийн царигийн асуудлаар улсынхаа хэмжээнд хоёр талцаж маргалдав. Энэ маргаан нь хувийн хөрөнгө оруулалтаар богинохон хугацаанд баригдах байсан төмөр замын хоёр төслийн нэгийг нь бүрмөсөн зогсоход хүргэж, нөгөө төслийг нь төр хэрэгжүүлэхээр өөртөө авч төрийн өмчит төмөр замын компани байгуулсанаар нэг хэсэг намжив. Монголын төмөр зам компани Чингис бондоос авсан зээлээрээ төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж чадалгүй зогсов. Зогссон шалтгааны талаар салбар хариуцсан сайдын нийтэд мэдээлсэнээр бол нэмэлт санхүүжилт олдохгүй байгаа гэсэн үнэмшил муутай тайлбар байв. Харин гол шалтгаан нь геополитик, улс төр бүр нарийндаа өргөн ба нарийн царигийн сөргөлдөөн байсан байх.
2014 онд УИХ тогтоол гаргаж Таван толгой – Гашуун сухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар шийдвэрлэсэн боловч 280 сая долларын санхүүжилтаас албан тушаалтанууд дундаас нь завшсан асуудал босож нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнээр төмөр замын бүтээн байгуулалт бүрмөсөн гацав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалтануудтай хамаатай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Солонгос улсын нэг иргэнд 40 сая төгрөгийн торгуулийн ял ногдуулсанаар асуудал дуусав. Таван толгой – Гашуун сухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барих тогтоолоо УИХ хүчингүй болгож төмөр зам барих бүтээн байгуулалтын төсөл улсын нууцад хамрагдав. Энэ төмөр замын цариг өргөн болсон нь тодорхой ч хил дээр өргөн царигаас ямар технологоор яаж нарийн царигт шилжүүлэх, шилжүүлэн ачих технлогид ямар хөрөнгө оруулалтын зардал гарах, шилжүүлэн ачаад ямар хугацаа ба зардал гарах нь тодорхойгүй үлдэв. Мөн гүйцэтгэгчдийг яаж шалгаруулсан талаар мэдээлэл байхгүй, 2012 онд 700 сая гаруй долларын хөрөнгө оруулалтай төсөл байсан бол одоо бараг 2 дахин нэмэгдсэн тухай судлаачид ярих болов.
Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалт 20-30 хувь нэмэгдэхээр улстөржүүлээд хэрэлдээд байдаг, төмөр замын төсөлийн хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдэх нь байх ёстой зүйл гэж эвлэрэнгүй байдгийг ойлгохгүй юм. Уг нь нэг л зарчимтай баймаар, “тэмээ хулгайлсан ч хулгайч, тэвнэ хулгайлсан ч хулгайч” гэж зүйр үг байдаг даа. Ер нь Оюутолгойн төслийг бас улсын нууцад хамруулчихмаар юм байна даа, улстөржиж хэрэлдэхгүй амар.
“Коул Монгол” Бага хурал ба Үзэсгэлэн зохион байгуулагдав
“Дисковер Монгол” чуулган ба “Майнтех” үзэсгэлэн амжилттай хэрэгжиж байсныг ажигласан ажил хэрэгч залуус 2011 онд “Коул Монгол” Бага хурал ба Үзэсгэлэн, мөн “Металс Монгол” Бага хурлыг зохион байгуулав. Эдгээр арга хэмжээнүүд нь тодорхой төрлийн ашигт малтмал ашиглах техник технологи, тээвэр ба логистик, хил гааль, худалдааны асуудалыг авч үзэж байснаараа хөрөнгө оруулалтын асуудал анхаарч байсан “Дисковер Монгол” чуулган ба “Майнтех” -с ялгарч байсан юм.
“Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг анх удаа зохион байгуулав
МУУҮА-аас 2012 онд “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлыг Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цогцоор нь хөндөн ярилцсан бөгөөд Бага хуралд оролцогсод ”OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг орчуулж, батлуулж, хэрэгжүүлэх нь зүйтэй” нэгдсэн шийдэлд хүрсэн билээ.
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:
ӨНӨӨДӨР СОНИН. 2013.03.15. No17236
Н.Алгаа: Хаана ч, хэзээ ч нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал байх ёстой
ШИГТГЭЭ:
С.Давааням, 1981 онд Донецкийн Политехникийн дээд сургуулийг баяжуулагч инженерээр төгссөн. 1981-1998 онуудад Эрдэнэт үйлдвэрт баяжуулах фабрикийн ерөнхий инженер, дарга, үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтэсийн дарга, үйлдвэр эрхэлсэн захирлын алба хашиж байсан. 1999-2007, 2017-2019 онуудад Эрдэнэтийн технологийн сургуулийн захирал, 2009-2014 онуудад Эрдэнэт үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэсийн дарга хийж байсан.
2002-2017 онуудад Монголын баяжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр ажилласан. Техникийн ухааны доктор, профессор.
2010-2014 онуудад МУУҮА-ийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлын хорооны дарга байхдаа “Нэн түрүүнд ХАБ” бага хуралыг санаачилж зохион байгуулсан юм.
ДУРСАМЖ:
Тухайн үед Ассоциаци тодорхой асуудал хариуцсан хороод байгуулж ажиллуулж эхэлсэн юм. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, Байгаль орчин, Хууль эрх зүй, Мэдээлэл суртачлагааны хороодыг байгуулан Ассоциацийн Зөвлөлийн гишүүдээр ахлуулан ажиллуулж байв. Давааням Эрдэнэт үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуй, байгаль орчны хэлтэсийн дарга хийж байх хугацаандаа үйлдвэрийн үйл ажиллагаанд олон улсын ”OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг нэвтрүүлж Чех улсын компаниар баталгаажуулалт хийсэн туршлагаа дээр нэр дурдсан хорооны хуралд танилцуулж хөдөлмөрийн аюулгүй байдлаар бага хурал хийх санал тавьсан билээ. Эрдэнэт үйлдвэр энэ арга хэмжээг ивээн тэтгэх боломжтойг ч танилцуулсан билээ. Энэ арга хэмжээний үр дүнд 2012 онд ”OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг орчуулж үндэсний стандарт болгон батлуулсан түүхтэй. Энэ стандартыг хэрэгжилтийг хангах, сурталчилах ба түгээн дэлгэрүүлэх зорилгоор бага хурал зохион байгуулагчид болон оролцогсодын санаа сэдэлд үндэслэн хоёр жилийн дараа МОШПА (Монголын мэрэгшсэн ХАБ-н мэрэгжилтэнүүдийн холбоо) ТББ байгуулагдсан юм. Одоо энэ холбоо ХАБ-н мэрэгжилтэнүүдийн мэргэшсэн байдлыг олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.