2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

Бреанна Вилсон: Монголын эртний нийслэл Хархорум бол соёлын гайхамшиг

АНУ-ын “CNN” телевизийн сэтгүүлч Бреанна Вилсоны бичсэн нийтлэлийг орчуулан толилуулж байна.

Хархорум нь түүхэнд янз бүрийн нэрээр дурдагдаж үлдсэн ч маш их алдар цуутай. Нэгэн цагт дэлхийн хамгийн алдартай хааны өргөө байрлаж байсан энэ эртний хот Торгоны замын хамгийн чухал, дэвшилтэт цэгүүдийн нэг болсон түүхтэй.

Орчин үеийн Монгол Улсын Өвөрхангай аймагт орших Хархорум ба түүний ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газрууд өдгөө тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг яах аргагүй мөн. Тус улсын өнөөгийн нийслэл Улаанбаатараас ердөө 350 км-ийн зайд орших Хархорум нь байгалийн сайхнаасаа гадна түүхийн ач холбогдлоороо гадаадын жуулчдын анхаарлыг татдаг.

ХархорумЧухам энэ хотоор дамжин түрэг, хятад, уйгар, согд, унгар, грек, армени, алан, гүржүүд өрнийг дорнотой холбосон замаар чөлөөтэй зорчдог байв. Даян дэлхийн улс төрчид, дипломатчид, худалдаачид, гар урчууд, наймаачид энэ хотыг зорин торго, хоолны элдэв амтлагч, цай, зааны яс, хөвөн, ноос, алт, мөнгө зэргийг арилжаалахаас гадна үзэл бодлоо чөлөөтэй ярилцан солилцохыг эрмэлздэг байсан аж.

Хархорум хот маш богино хугацаанд өөр өөр соёл иргэншил нэг нэгэнтэйгээ холбогдон эвтэй хамтран амьдрахад суралцах орон зай болж чадсан юм.

Өдгөө бид Чингис хаан ба түүний үүсгэн байгуулсан их гүрний талаар юу гэж ч хэлж, шүүмжилж болно. Гэвч Хархорум бол цагтаа соёл иргэншлүүдийн ойлголцол, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх үйлд онцгой үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хархорумд шашны янз бүрийн урсгалыг хүлээн зөвшөөрдөг байсан ба тус хотод бөө мөргөлийн 12, лалын шашны хоёр, Христийн ба Буддын шашны тус бүр нэг сүм үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг байжээ.

Гэвч Хархорумын цэцэглэлт удаан үргэлжлээгүй. Учир нь Хубилай хаан тус хотын бүтээн байгуулалт эхэлснээс хойш ердөө 50 жилийн дараа Монголын эзэнт гүрний нийслэлийг одоогийн Бээжин рүү шилжүүлсэн билээ. Эрс тэс уур амьсгалтай, элдэв халдлагад өртөх эрсдэл ихтэй Хархорумыг оршин суугчид нь төд удалгүй орхиж, энэ хот нэг мэдэхэд л эзгүйрчээ.

Өнөөдрийн бидний харж байгаа Хархорум хот их хааны үеийнхтэй огт адилгүй болсон нь мэдээж. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ойрын жилүүдэд түүх, соёлын ач холбогдол ихтэй энэ хотыг сэргээн хөгжүүлэхээр шийджээ. Иймд Хархорумыг илүү гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй. Гэхдээ тус хотод одоо ч зочлох шалтгаан цөөнгүй бий.

Уламжлалт нүүдэлчин соёл иргэншилтэйн улмаас Монгол Улсын өнгөрсөн үеийн түүхэн ул мөр төдийлөн хадгалагдаж үлдээгүй ажээ. Өдгөө ч дэлхийн хамгийн том, хүчирхэг гүрний нэг байсан Монголын түүхийн ихэнх хэсэг нь нууцлаг хэвээр.

“Монголын нууц товчоо”-ноос гадна Монголын эзэнт гүрний үеийн тухай монголчуудын өөрсдийн бичсэн сурвалж бичиг ч цөөхөн үлджээ. Тэгвэл Хархорум орчмын археологийн дурсгалуудаас үүнийг нөхөх цөөнгүй олдворууд илэрсээр байна.

Тэдгээрээс дурдвал, хатуу хучилттай зам, тоосгон ба шавар барилгын үлдэгдэл, шалны халаалтын систем, зуухтай ор зэргийн ул мөр олджээ. Түүнчлэн зэс, алт, мөнгө, төмөр, шил, үнэт эдлэл, яс, хусны холтос зэргийг боловсруулж байсан олон баримт илэрсэн аж. Археологийн малтлагаар мөн Хятад, Төв Азийн зоос, шаазан эдлэл, дөрвөн зуухыг хүртэл гаргаж авсан байна. Тэдгээрийн ихэнхийг хотын төв хэсэгт байрлах гоёмсог, орчин үеийн хийцтэй музейгээс сонирхож болно.

ХархорумМонголын эзэнт гүрний эртний нийслэлийн төвд сүндэрлэж байсан “Мөнгөн мод” хэмээх ер бусын усан оргилуурын тухай домог хамгаас сонирхолтой. Домогт өгүүлснээр, уг модны төрөл бүрийн жимсийг цэвэр мөнгөөр урласан ба Чингис хааны удмынхан хүндэт зочдынхоо хамт тэрхүү усан оргилуураас ундрах дарс, айраг, архи, зөгийн балнаас дураараа уудаг байжээ.

“Мөнгөн мод”-ыг малтлагаар олж илрүүлээгүй бөгөөд Хархорумыг довтолсон нэгэн дайралтын үед устсан байх магадлалтай. Гэвч “Мөнгөн мод” хэмээх содон оргилуурын түүх хэн бүхний сонирхлыг татдаг нь гарцаагүй.

Хархорум эзгүйрч балгас болоод удсаны дараагаар 1585 онд Халх Монголын хунтайжийн зарлигаар Буддын шашны хийд барих болсноор дахин амь оржээ. Хунтайж гуравдугаар Далай ламтай уулзаж, Түвдийн буддизмыг Монголын төрийн шашин хэмээн тунхагласан нь Хархорумын суурин дээр тус улсад Буддын шашны анхны Эрдэнэ зуу хийдийг барих угтвар нөхцөл болсон байна.

1930-аад оны Зөвлөлтийн хэлмэгдүүлэлтийн үеэр Сталин өөрөө Монгол дахь хэд хэдэн гол сүм хийдийг шашны эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн үлдээхийг даалгасан нь Эрдэнэ зуу хийдийг сүйрлээс аварчээ. Эрдэнэ зуу хийдийн цогцолборыг Зөвлөлтийн дарангуйллын цагт музей болгосон аж.

ЗХУ задран унасны дараа Эрдэнэ зуу хийдэд дахин ном хурж эхэлсэн боловч өмнөх үеийнхээ цар хүрээнд хүрээгүй. Уг хийд оргил үедээ 100 гаруй сүм дугана, 300 орчим өргөө, 1000 ламтай байсан гэдэг. Эдүгээ Эрдэнэ зуу нь Монголын хамгийн ариун дагшин газрын нэг бөгөөд Буддын шашинтан монгол хүн бүр амьдралдаа ядаж ганц удаа очиж мөргөл үйлдэхийг эрмэлздэг байна. Тус цогцолборын Лаврин сүмд лам нар өдөр бүр ном уншдаг юм билээ.

Хархорумын өөр нэг очиж үзэх зохилтой газруудын нэг бол “Эрдэнэсийн хүрээ” хэмээх монгол бичгийн каллиграфийн төв. Тус төв сүүлийн үед үйл ажиллагаагаа өргөжүүлэн дан ганц монгол бичиг гэлтгүй Монголын өв соёлыг бүх талаар сурталчлан таниулахад анхаарах болжээ. Ирэх зуны турш Монголын үндэсний хөгжим, тэр дундаа хөөмийн концерт төдийгүй сургалт явуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр зогсохгүй ирэх есдүгээр сард уламжлалт шаазан эдлэл үйлдвэрлэж эхлэх гэнэ.

Хархорумыг хаа нэг өөр газрыг зорихдоо зам дагуу түр ороод гарах төдий газар гэж үзэх нь бий. Уг нь жуулчид эртний энэ хотод дор хаяж хоёр өдөр саатвал зүгээрсэн. Үүний тулд аль нэг зочид буудал, буурчийн газар, гэр хотхонд ядаж нэг шөнө саатвал дээр. Тийм газар Хархорумд цөөнгүй.

Хархорум“Их хорум” гэж орчин үееийн тохилог зочид буудал гэхэд л 27 өрөөтэй, саун, зоогийн газар, баартай. Эл зочид буудлаас Эрдэнэ зуу хийд, Хархорумын музей, “Эрдэнэсийн хүрээ” монгол бичгийн каллиграфийн төвийн аль алин руу алхаад л хүрчихнэ.

Харин “Silver Tree Guest House”-т та хэн нэгний гэрт зочилж буй мэт сэтгэгдэл төрнө. Эндхийн зоогийн газар мах төдийгүй веган хоолны сонголттой. Мөн Монголдоо анхны био хийн халаалтын системтэй бөгөөд ажилтнууд нь англи, франц, орос, польш, монгол зэрэг хэд хэдэн хэлээр ярьдаг юм билээ.

Жинхэнэ монгол гэрт хонож үзэхийг хүсвэл Хархорумд шилдэг сонголтын нэг нь “Anja Camp”. Эднийх гурван улирлын турш ажилладаг хүлэмждээ тарьдаг экологийн эрүүл, байгалийн гаралтай хоол хүнс санал болгож, байгаль орчны төслүүдэд ихээхэн анхаардаг байгууллага. Жуулчны тус баазыг үүсгэн байгуулагчид хөрсний эвдрэлийг зогсоохын тулд чацаргана тариалах, модыг ашиглан цөцгий, дарс, органик шүүс, органик тос, монголчуудын дуртай чацарганы цай зэргийг хийх санаачилга гаргасныг мөн дуулгая.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img