2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Л.Эрдэнэчимэг нарын гишүүд шүүх байгууллагын өмнөөс Тавантолгойг “шүүсэн” нь

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-Гэтэл Таван толгойн ажлын хэсэгт ажилтан нь орсон байсан Гадаад харилцааны яам гэрээний төслийн анхны хувилбарын тааруухан монгол орчуулгыг олон нийтэд мэдээлсэний дараа намынх нь байгуулсан эхний Засгийн газрын тогтоолын (УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх өөрөө нэг сайд нь байсан) заалт болгоныг биелүүлж гэрээг нь хийсэн хоёр дахь Засгийн газрын ажлын хэсгийг буруутгаж УИХ-ын дарга хэлэлцээрийг зогсоов. Унтаж байгаад гэнэт сэрсэн юм шиг-

Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-ын гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Хөрөнгө оруулагч талаас “Туркойс хиллс ресурсес лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой Лтд”, “Оюутолгой Нидерланд БиВи”, “Рио Тинто Интэрнэшнл Холдингс Лимитед” компанийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм. Гэрээг баталгаажуулах бэлтгэл ажил болгон олон улсын банк, санхүүгийн 15 орчим байгууллагатай ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын хэлцэл хийсэн гэдгийг талууд тодотгодог.

УИХ ба Засгийн газар Тавантолгой ордын ашиглалтын талаар тогтоол гаргав

Шинэчлэлийн Засгийн газар Тавантолгойн ордын талаар 2014 онд тогтоол гаргаж гацсан сонгон шалгаруулалтыг өмнө нь богиногосон жагсаалтад багтсан оролцогчдын дунд шинэ нэмэгдэл болзол, нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн явуулахаар болов.

Эдгээр шинэ нөхцөлийг тоймловол:

  • Сонгон шалгаруулалтад оролцогч дотоодын хувийн компани, эсвэл компаниудын нэгдэлтэй (51 хувиас багагүй) хамтарсан консорциум байгуулсан байна.
  • Чалкогийн өрийг хариуцна.
  • 270 км төмөр зам концессоор барих ба 30 жилийн дараа төрд үнэ төлбөргүй 100 хувь шилжүүлнэ.
  • 2.5 жилийн дотор жил дутам 30 сая нүүрс баяжуулах үйлдвэр барина.
  • Нийт баяжмалын гуравны нэгээс доошгүй хувийг Хятадаас өөр зах зээлд борлуулна.

Ер нь өмнө гарсан алдаа, дутагдал, цаашид гарах эрсдэлийг хувийн компаниудад “үүрүүлэх” болзол гэж бараг хэлж болохоор нөхцөлүүд байв. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсаны дараа сонгон шалгаруулалт, түүний дараах хэлэлцээр хариуцсан, шийдлийн Засгийн газрын шадар сайд М.Энхсайхнаар ахлуулсан үндсэн ба дэд ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 2014 оны эцсээр дүгнэж Шиньхуа, Энержи ресурс, Сумитомогийн консорциумыг шалгаруулав. “Пибоди” Монголын компаниудтай хамтарч консорциум байгуулж чадаагүй боловч техникийн саналаар тэнцэж, санхүүгийн санал үнэлэхэд оноогоор ялагдав. Тавантолгойн ордод хөрөнгө оруулах боломж харж Монголд зургаан жил болсон “Пибоди” Монголоос гарав.

ДУРСАМЖ:

Дэд ажлын хэсэгт “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран, бас намайг оруулсан байв. Ажлын хэсэг консорциумын төлөөлөлтэй уулзаж хэлэлцээр хийх журмаа
тохиролцлоо. Цаг хугацаа хэмнэх үүднээс консорциумын бэлтгэсэн гэрээний төсөл дээр үндэслэн хэлэлцээрийг явуулах, хэрэв манай бодлого, хууль тогтоомжуудын заалтууд хоорондын зөрүүтэй байдлын улмаас шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлыг холбогдох дээд байгууллагуудад уламжлах, хэлэлцээрээр хүрсэн үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлж байхаар тохиролцсон юм. Монголын талын ажлын хэсэг гэрээний анхны төслөөс санал нийлэхгүй, эсвэл ойлгомжгүй асуудлуудыг түүвэрлэн жагсаалт гаргаж, өөрсдийн саналыг томъёолон консорциумын ажлын хэсэгт хүргүүлэх, консорциумын төлөөлөлтэй уулзаж саналаа танилцуулах зэргээр ажиллаж байв. 2015 оны эхээр ажлын хэсэг гэрээ хэлэлцээрийг Монгол улсын хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоолд заасан болзол, нөхцөлийн дагуу хэлэлцээрийг дуусгасан гэж гарын үсэг зурахад бэлэн болсон гэж үзсэн юм.

Гэтэл Таван толгойн ажлын хэсэгт ажилтан нь орсон байсан Гадаад харилцааны яам гэрээний төслийн анхны хувилбарын тааруухан монгол орчуулгыг олон нийтэд мэдээлсэний дараа намынх нь байгуулсан эхний Засгийн газрын тогтоолын (УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх өөрөө нэг сайд нь байсан) заалт болгоныг биелүүлж гэрээг нь хийсэн хоёр дахь Засгийн газрын ажлын хэсгийг буруутгаж УИХ-ын дарга хэлэлцээрийг зогсоов. Унтаж байгаад гэнэт сэрсэн юм шиг.

Өмнө нь тогтоол гарахаас өмнө ҮАБЗ-өөр хэлэлцэж хамтдаа асуудлыг шийдвэрлэсэн гэж нийтэд ойлгогдсон билээ. Тэр даруй их хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гэрээнд дүгнэлт гаргахаар болж А.Гансүхийн өдөр тутмын сониноор нийтлүүлсэн дүгнэлтийн агуулгыг тоть шиг давтаж, М.Энхсайханд гэрээ, хэлэлцээр хийхдээ хууль зөрчсөн тул арга хэмжээ авахыг “даалгасан” албан тоот Ч.Сайханбилэгт явуулав. УИХ-ын гишүүн болгон ийм юм хийгээд байвал Монголд шүүх, хяналтын байгууллагын хэрэг гэж байна уу.

Хэлэлцээрээр юу тохирч чадсан вэ?

  • Эхний жил бараг 600 сая гаруй долларын хөрөнгө оруулалт, хоёр жил хагасын
    хугацаанд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх байв.
  • Чалкогийн 140 сая долларын өрийг ЭТТ-с салгаж, цаашид бүрмөсөн шийдэх байлаа.
  • Төрийн өмчит “Монгол төмөр зам” компанийн Чингис бондоос зээлсэн өрийг барагдуулах тохироо хийв.
  • Борлуулалтын орлогын 2.5 хувь, үнэ өссөн нөхцөлд түүнээс дээш хувиар тооцож Эрдэнэс Таван толгой-д “түрээс”-ийн төлбөр төлөх асуудлыг тохирч чадсан байлаа.

Төсөл хэрэгжүүлсэнээр, жилд бараг нийт 180 сая долларын татвар, төлбөр хураамж төлж, үндэсний олон аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж, эцэст нь уншигч та бидний 1072 ширхэг хувьцаа “амь орох” байв. Байгуулагдаагүй, гарын үзэг зурж баталгаажаагүй гэрээний асуудлаар 2019 онд Ажлын хэсгийг ахалж байсан М. Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэсэн тул Т.Наран бид хоёр АТГ-т дуудагдаж “гэрчийн” мэдүүлэг өгч байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын эзэмшлийн 49 хувийг монгол компани худалдан авав

2016 онд ОХУ-ын Ростех корпорацтай хийсэн хэлцлийн дүнд 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирснийг тухайн оны зургадугаар сард сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдэгдэл хийв. Ингэхдээ Засгийн газар 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорац ОХУ-ын “Ростех” компаниас шилжүүлэн авсан гэжээ.

ШИГТГЭЭ:

“Монголын зэс” корпорац нь 49 хувийг худалдан авахдаа хэд хэдэн хууль зөрчсөн гэж УИХ үзэж, төрийн өмчид буцаан авах талаар 2017 оны 23 тоот тогтоолыг баталсан. Тодруулбал, Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэжээ.

Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзэж, харилцан суутгал хийх замаар төрийн өмчид авахыг Засгийн газарт даалгасан юм. Тус тогтоолын дагуу Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан түүхтэй.

Харин “Монголын зэс” корпорациас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан бөгөөд гурван шатны шүүхээс тус компанийн талд шийдвэр гарсан байдаг.

Үргэлжлэл бий

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img