2024-09-19, Пүрэв
-0 C
Ulaanbaatar

Н.Лүндэндорж: Хуулиар ирж болзошгүй аюул, дээрэм тонуулыг шударга ёс гэдэг ерөндөгөөр хязгаарлана

Хууль зүйн шинжлэх ухааны доктор  Н.Лүндэндорж  УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан анхны “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын үеэр шударга ёс, зүй ёсны талаар сонирхолтой тайлбарласан юм.

“Хууль зөвхөн шударга ёсыг сахин хамгаалахын төлөө үүсч бий болсон” хэмээн Ф.Бастиа хэлсэн байдаг. Шударга ёс гэдгийг хүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг. Харин   Н.Лүндэндорж доктор хууль боловсруулагчид шударга ёс, зүй ёс гэдгийг хэрхэн ойлговол зохистойг заасан юм. Учир нь шударга ёс гэдэг  хуулийн төсөл зохиогчийн луужин юм байна.

Хуулийн төсөл бичигч хэм хэмжээ бүрийг бичихдээ  “Энэ шударга уу” гэдэг асуултыг өөртөө тавих ёстойг багш нь сануулж байна.

Шударга ёс гэдэг мэдээж жирийн иргэд бидэнд ч хамаатай сэдэв.

Тэрбээр ярианыхаа эхэнд оролцогчдоос “Rule of Law” гэж юу вэ хэмээн  асууж “шалгалт” авч амжив. Учир нь “Rule of Law”-гийн стандартад нийцүүлэх нь хуулийн төсөл боловсруулагчийн эрхэм зорилго гэнэ.

Хуульчдын амнаас  байнга шахам унадаг “Rule of Law” хэмээх моодны үгийг үнэндээ монголчууд янз бүрээр орчуулж иржээ.

Хууль дээрэм тонуулын хэрэгсэл болохоос хязгаарладаг ерөндөг нь орчин үед “Rule of Law”. “Эрх зүйт ёс”, “хуулийн стандарт” гэх мэтээр оролцогчид багшийн асуултад хариулсан. Хариултыг сонсоод хашир багш ийнхүү хуучиллаа.

“Rule of Law”-г маш олон жил оюутнуудаас асуулаа. Жишим ч үгүй “Хууль дээдлэх ёс” гээд нийтээрээ хэлчихдэг.  Тэгэхээр нь “Ээ чааваас” гэж боддог. Хууль дээдлэх ёс гэж манай эрдэмтэд бас ярьдаг шүү. Бүүр залуу эрдэмтэд ярина. Миний шавь нар ч хэлнэ.

Эрх зүйч биш, ярианы англи хэлтэй хүмүүс “Хууль дээдлэх ёс” гээд бидэнд орчуулаад өгчихсөн юм. Яагаад болохгүй вэ гэж бодож магадгүй. Хууль хоёр, гурван янз. Эрх зүйт хуулийг дээдэлж байвал  “Rule of Law”  мөн.

Эрх зүйт бус хуулийг дээдэлж байвал  “Rule of Law” биш.  Монгол Улсын 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын иргэд хувийн өмчтэй байж болохгүй” гэсэн заалт байсан. Хувийн өмчтэй байж болохгүй гээд бүх хүний өмчийг хурааж аваад, хангайн аймагт 50 толгой малтай, говийн аймагт 75 толгой малтай байхыг зөвшөөрдөг.  50 толгой малыг  дотор нь таваарлаг шинжээр нь төрөөс тогтоодог байсан. 33 нь бог байна. 17 нь бод байна. Бод дотроос  хамгийн таваарлаг мал үхэр учраас тэр нь 12-оос илүү байж болохгүй. Илүү байвал татварын бодлогоор дарамталдаг. Үүнээс илүү байвал Төв хороо, Засгийн газар энэ саарал байшинд шийдвэр гаргаад, худалдаж авч байгаа нэрээр бяцхан дээрэм хийгээд хураагаад авчихдаг байсан юм. Энэ яаж байгаа юм гэж асуувал “Жижиг хөрөнгөтөн үүсэх гээд байгаа юм” гэж хариулдаг.

Үнэн чанартаа бид 1960 оны энэ Үндсэн хуулиа дээд зэргээр дээдлэн хэрэгжүүлээд бүгдээрээ өмч, хөрөнгөгүй пролетариуд болсон, өмнөх далан жилд.

Энэ хууль дээдэлсэн явдал мөн үү? Дээдэлнэ гэдэг ягштал хэрэгжүүлэхийг хэлж байгаа, тийм үү. Өмч хөрөнгөгүй гэдгийг автоматаар эрх чөлөөгүй гэсэн утга дагадаг. Энэ хуулийг дээдлээд, эрх чөлөө, өмч хөрөнгөгүй, хөмөрсөн тогоон дор 70 жил амьдарлаа. Үүнийг “Rule of Law”  гэж болох уу? “Rule of Law” гэдгийг хууль дээдлэх гэж ойлгох нь буруу гэдгийн жишээ энэ юм.

Социализмын үед эхнэргүй, нөхөргүйн татвар гэж байсан шүү дээ. Би залуу байхдаа төлж байсан. Хүн заавал эхнэр авах ёстой юу. Авахгүй шалтгаантай байж болох уу? Заавал нөхөрт гарах ёстой юу, гармааргүй байж болно биз дээ.

Түүнийх нь төлөө торгох зөв үү? Ийм хуулийг би эрх зүйт бус хууль гэж оюутнууддаа заадаг юм. Латинаар substantia, англиар substantive, оросоор суфстанция гэдгийг би монголоор агуулга гээд байгаа юм.
Юмны уг чанарыг суфстанция гэнэ гээд Аристотель хэлсэн  тухай би орос хэл дээрх эх сурвалжаас харлаа. Ш.Монтескьегийн хэлснээр “хуулийн амин сүнс”-ийг нь хуулийнх нь уг чанар, мөн чанарыг агуулга гээд байгаа юм.

Хуульд яагаад агуулгын  шаардлага тавигддаг гэхээр хуулиар ирж болзошгүй аюулыг зайлуулах үүднээс юм. Хуульд тавигддаг стандарт нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөө. Энэ бол номер нэг стандарт. Хоёрдугаарт эрх зүйн нийтлэг зарчим. Та нар ямар нэг эх сурвалж дээрээс нийтлэг зарчмын жагсаалт үзсэн үү?

Эрх зүйн нийтлэг зарчмуудыг жагсааж бичиж болохгүй гэж үздэг. 1787 онд АНУ-ын Үндсэн хуулийг хийхэд хүний эрхийн билл байсан уу?

Эрхээ мэдэхгүйгээс болоод хүмүүс цагдаад долоон булчирхай, найман найлзуурхайгаа тоочоод, “базуулчихдаг”

 Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт 18 бүлэг эрх байна гээд манайхан биччихсэн шүү дээ. АНУ-ын Үндсэн хуулийг тогтоосон эцгүүд хүний эрхийг тоочиж болохгүй. Тоочвол шинэ эрх үүсвэл тэр хохирно гээд тийм жагсаалт гаргаагүй байхгүй юу. Тэд мөн ухаантай хүмүүс байсан. Үндсэн хуулийг мужуудаар хэлэлцүүлэхэд хөөрсөн  түмэн “Хүүе, энд бидний эрхийг жагсаагаагүй байна” гээд орилолдоод унахаар нь тэдэнд тааруулж, тэр хүний эрхийн биллийг оруулсан.

Арга буюу хийсэн тэр муу уламжлалыг “Моод Монголоор төгсдөг” гэдэг шиг бүгдээрээ Үндсэн хуульдаа жагсаагаад 18 бүлэг эрх болчихоод байгаа шүү дээ.

Гэтэл шинэ эрх үүсч болох уу? Жишээлбэл Мирандагийн зарчим гэж бид ярьдаг. Тэр чинь асар хожуу үүссэн хүний эрх шүү дээ. Хуулийн байгууллагын өмнө өмгөөлөгчгүйгээр ганц үг ган хийхгүй “гүрийж” болно гэдэг эрх. Энэ эрхээ мэдэхгүйгээс болоод манай хүмүүс цагдаагийн байгууллагад очоод, долоон булчирхай, найман найлзуурхайгаа тоочоод, “базуулчихдаг”.  Эрхээ мэддэг бол “Хэлэхгүй ээ”, “Дуугарахгүй ээ, өмгөөлөгчтэйгээ дуугарна” гэвэл яах юм.

Зодох уу? Яаж ч чадахгүй шүү дээ. Энэ мэтийн эрхүүд үүсч байгаа юм. Хүний эрх, эрх чөлөө гэдэг дээр ямар эх сурвалж ашиглахаа та нар мэдэж байгаа. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Монголын хувьд Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 18 бүлэг эрх.

Эрх зүйн нийтлэг зарчим гэдгийн жагсаалт байхгүй. Гэрээний талууд бүгдээрээ тэгш тийм үү? Эрх зүйн зарчим мөн үү? Мөн шүү дээ.

Манайхан Үндсэн хуулиа 1992 онд хийхдээ эрх зүйн нийтлэг зарчим мэдэхгүй байсан учраас нэг буруу юм хийсэн байдаг.

Үндсэн хуулийн зургаад байна уу даа. Улсын эрх ашгийн үүднээс хүний хувийн өмчийг дайчлан авах тухай байдаг. Энд “Дайчлан авч болно” гэсэн.

Энэ дайчлан авах гэдэг урьдчилсан, шударга нөхөн олговортой гэдэг хоёр ойлголтыг автоматаар дагуулж байдаг. Үүнийг нь Үндсэн хуульдаа тусгаж өгөөгүй учраас төр хүний газрыг дуртай үедээ өөрөө үнэлээд авч болох юм байна гээд гэр хорооллын  газруудыг нийслэл олон жилийн өмнө “Чиний газар 100 мянган төгрөг” гэж хэлээд, газрыг нь дээрэмдэж авч байсан юм.

1992 онд юун яасан эрх зүйн нийтлэг зарчим мэдэх. Тэр үед бид  хөмөрсөн тогоон дотроос дөнгөж гарч ирээд, нүд ам нь гялбаад зогсч байсан юм чинь харин ч энэ дүнгийн хууль хийсэн нь их юм. Эрх зүйн нийтлэг зарчмууд гэж байна, салбарын зарчмууд байна. Тийм зарчмуудыг хуулийн төсөл боловсруулж байгаа хүн заавал мэдэх ёстой.

Тэгэх юм бол аюул зайлна. Ирж болзошгүй аюул, дээрэм тонуулыг шударга ёс гэдэг ерөндөгөөр бас хязгаарлана. Шударга ёс гэж юу вэ гэхээр манайхан бүгдээрээ таг болчихдог. Гэхдээ шударга ёс хэцүү.  М.Санделийн онолд тулгуурлаад би та нарт мэдээлэл өгнө.

 Ж.Санделийн “Шударга ёс” гэж номыг уншсан хүн байна уу? Шударга ёсны талаар хамгийн орчин үеийн ойлголттой болъё гэвэл энэ номыг уншаарай. Энэ номыг уншихад “хямдхан” гэдэг жигтэйхэн. Дандаа кэйсэд тулгуурлаж байгаа юм.  Энэ хүн АНУ-ын Харвардын их сургуулийн профессор. Коммунитарист гэдэг чиглэлд багтдаг хүн.

Миний хэдэн минутын яриа яах вэ. Үүнийг уншсан байхад нэлээд дээгүүр харж явж болно шүү.

Шударга ёсноос гадна зүй ёс гэдэг бас зовлонтой ойлголт. Шударга ёс, зүй ёс агуулгын хувьд жаахан ялгаатай. Сүүлд ярина.Нийтлэг бус эрх ашгаас  агуулгын стандарт мөн хамгаалж өгдөг.Бүлгийн сонирхол, хувийн сонирхол ороод ирж үү? Фуллерийн зарчмыг О.Мөнхсайхан ярина.

Хууль нийтлэг байна л гэдэг.  Хууль бүхэнд хамаатай асуудлыг зохицуулдаг болохоос биш тодорхой компанид, бүлэг хүмүүст зориулсан хууль байж болохгүй ээ л гэж байгаа юм.

Хуулиар ирж болох дээрэм тонуулаас сэргийлэхийн тулд эдгээр агуулгын стандартыг тавьдаг юм байна. Хуульд тавигдах хамгийн макро стандарт нь энэ хэдэн юм байна. Энэ хэд нийтдээ  “Rule of Law”  гэдгийн агуулгыг илэрхийлдэг юм.

Ингэж ойлгож болно. За одоо хэдүүлээ   “Rule of Law”  гэдгээ жаахан ярих хэрэгтэй. Монголд “Rule of Law”-г янз бүрээр орчуулж хэрэглэж байсан. Нэг үе бид эрх зүйт төр гэж ойлгож орчуулсан. Би бас тэгж ойлгоод бараг ном бичээд ярьж байсан хүн та нарын урд сууж байна шүү.

Одоо тэр үеэ бодохоор санаа зовоод байдаг юм. Тэгээд яах вэ, хүний танин мэдэхүй хязгаарлагдмал байдаг. Хүрсэн түвшингээрээ тэлээд явж байдаг даа гэж л боддог. Эрх зүйт төр гэдэгтэй огт холбоогүй шүү. Одоо ч ингэж ойлгож байгаа хүн цөөнгүй бий. Эрх зүйт төр гэдэг огт өөр ойлголт байдаг.

Хууль дээдлэх ёс гэж ойлгох нь бас  буруу гэдгийг дээр дурдсан. “Rule of Law”  гэдгийг монгол хэл дээр  эрх зүйг дээдлэх ёс, эрх зүйт ёс, эрх зүйд  захирагдах ёс гэж ойлгож болно. “Rule of Law”  гэдгийг зарим хүн хожуу үүссэн гэж андуурдаг.

Хожуу үед моодонд орсон, судалгааны эргэлтэд орсон гэдгээр нь ойлгоод байдаг.  Энэ бол дундад зуунд үүссэн ойлголт. XV,  XVI зууны үед үүссэн гэж судлаачид үздэг.  Тэр үед эрх зүйн гурван эх сурвалж байжээ.

Хааны зарлиг, хууль тогтоогчийн гаргасан хууль, шүүгчийн шийдвэр  гэсэн бас нэг эрх зүйн эх сурвалж байж. Дундад зууны үед энэ гурвын аль нь дээгүүр ач холбогдолтой юм бэ гэсэн хэлэлцүүлэг өрнөжээ. Эрх зүйн шинжлэх ухаанд эрэмбийн тухай ярьдаг.

Эрэмбэ нь эрх зүйн шинжлэх ухаанд маш ач холбогдолтой. “Төр гэдэг чинь би” гэж XIV Людвиг хэлсэн. Хааныгаа л төр гэж үзэж байсан үе шүү дээ. Гэсэн ч явж явж ерөөсөө тэр  Law гэдгийг Rule болгосон нь л тэргүүлэх ач холбогдолтой байг гэж үзсэн байна. Ингэж  “Rule of Law”   гэдэг ойлголт үүссэн. Эрх зүйг удирдлага болгосон нь дээгүүр байг гэсэн санаа.

Өөрөөр хэлбэл амин сүнстэй, шударга ёс,  зүй ёс, эрх зүйн нийтлэг зарчимд тулгуурласан нь илүү ач холбогдолтой байг гэдэг утгаар “Rule of Law” гэдэг ойлголт үүссэн юм гэнэ лээ.

“Rule of Law”-гийн тухай ярихад  Альберт  Дайсиг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол Английн хуульч. Энэ хүн  1885 онд бичсэн Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа гэдэг бүтээлдээ  “Rule of Law”   гэдэг юу юм бэ гэдэг анхны тодорхойлолт хийсэн гэж үздэг.

“Rule of Law”   гэдэг нэгдүгээрт шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч шийтгэж болохгүй гэсэн үг. Хоёрдугаарт нийгэмд эзэлсэн байр сууриас үл хамааран хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна. Гуравдугаарт хууль тогтоох үйл ажиллагаа нь хувь хүний эрхээр ямагт хязгаарлагдаж байх ёстой.

Өөрөөр хэлбэл хүний эрх хуулийн үндэс болохоос биш хууль хүний эрхийн үндэс биш гэсэн санааг Дайси хэлсэн.

Манайхан эсрэгээр нь ярьдаг. “Хуулиар эрх олгосон” гэдэг. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан 18 бүлэг эрхээ бид юу гэж ойлгодог вэ. Төр гэж нэрлээд байгаа хэсэг бүлэг хүмүүс энэ 18 бүлэг эрхийг Үндсэн хуулиар бидэнд бэлэглэжээ гэж андуураад байдаг.

Өнөөдөр  “Rule of Law” -гийн тухай ойлголт  Альберт  Дайсигийн үеэс хол урагшилсан. Орчин үед эрх зүйн онолын үүднээс  “Rule of Law”   гэдгийг хоёр янзаар үзэж байна. Substantive  талтай. Procedural талтай.

 Хуулийн төсөл бичиж байгаа хүн  Ш.Монтескьегийн тодорхойлсон хуулиудын амин сүнс болсон анхдагч оюун ухаанаас зөрүүлж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ? Байгалийн хууль зүй тогтлыг хэлж байгаа юм. Зөрүүлээд хийчихсэн юмнууд мэр сэр байдаг шүү. Жишээлбэл Ньютоны хууль  байгалийн хууль мөн үү?

Миний ганц мэддэг хууль “Аливаа биет шулуун замын жигд хөдөлгөөнөө хадгална”. Энэ бол байгалийн хууль. Автобусанд шүхэр бариад зогсч байсан хүн гэнэт жолооч тормос гишгэхэд нөгөө шүхрээрээ өмнөө байсан хүнийг хатгаж гэм хор учруулсан байж болно. Үүнийг манай хууль хяналтын байгууллага яаж шийтгэх бол?

Болгоомжгүйгээсээ болоод хүний амь насыг хохироосон байна гээд шийтгэх үү? Гэтэл энэ үйл явцад ертөнцийн хууль үйлчилсэн байна шүү дээ. Тэр хүнийг манай хууль шийтгэнэ. Ертөнцийн хуулийн эсрэг үйлчилсэн хууль хийгээд, хүн барьж хориод ял шийтгэл оноож байгаа нь  байгалийн хууль мэдэхгүй байгаагийн шинж.

Монголын хуульчид байгалийн шинжлэх ухаанд муу шүү дээ. Би их сургуулийн Хуулийн сургуульд байхдаа математик оруулдаг болсон. Эрх зүйн үнэт зүйл гэдэг юм байна.

Эрх зүйн үнэт зүйл гэдэгт би гурван зүйл оруулж байна. Түрүүн ярьсан эрх зүйн нийтлэг зарчим. Та нар хуулийн төсөл боловсруулж байхдаа ямар нэг бүлэг, намын эрх ашиг ороод ирвэл “Эрх зүйн нийтлэг зарчимд нийцэхгүй байна” гэж сануулбал зогсохоос өөр арга байхгүй. Төр дайчлан авах тухай ярихын өмнө шударга урьдчилсан нөхөн олговор гэдгийг заавал бичих ёстой.

Ингээд хэлсэн байхад үүргээ биелүүлж байгаа хэрэг. Дараа нь үндсэн ба салшгүй эрх гэж бий. Үндсэн хуульд заасан суурь эрхэд нийцүүлнэ гэсэн үг. Хүний үндсэн эрхийг хязгаарлаж болдог харин салшгүй эрхийг хязгаарлах бололцоогүй. Шашин шүтэх эрхийг яаж хязгаарлах юм. Хүний тархи толгойд байгаа итгэл үнэмшлийг хязгаарлах бололцоо байхгүй. Ийм эрхүүдийг салшгүй эрх гэдэг.

Монгол эрчүүд эмэгтэйчүүддээ үүрүүлсэн ачаагаа хүлээн зөвшөөрч…

Justice  гэдгийг нэгдүгээрт шударга ёс, хоёрдугаарт  зүй ёс гэж ойлгодог. М.Санделийнхаар дэлхий дахинд шударга ёсны гурван онол байгаа юм байна. Та нар хуулийн төсөл бичиж байхдаа  энэ хэм хэмжээ шударга ёсонд нийцэж байна уу гэж бодохдоо шударга ёсны талаар ийм төсөлөөлтэй бол энэ болж байна, болохгүй байна гэж хэлж чадна.

  • Нэгдүгээрт утилитарианист онол  гэж бий. (Бентам гэж Английн хуульч том онол боловсруулсан агуу хүн)

Хүнд ашиг тустай, аз жаргалтай таатай байдлыг бий болгож байгаа тэр бүх үйлдлийг шударга ёс гэнэ гэж үзсэн.

  • Хоёрдугаарт Кантаас эхтэй Роулсын хөгжүүлсэн шударга ёсны онол бол “Хүн эрх чөлөөтэй, сонголт хийх эрх чөлөө нь эрх тэгш байх”.

Ерөнхийд нь томъёолж хэлбэл эрх чөлөө гэдэг дээр фокусладаг.  Хүн төрлөхийн ялгаатай, зарим нь ухаантай, зарим нь царайлаг, зарим нь амны хишигтэй. Үүнээсээ болоод тэгш бус байдал үүсээд байдаг. Нэгэнт байгалиас тэгээд төрсөн юм чинь хохь чинь  гээд хаяж  болохгүй. Дутуу төрсөн нөхдөд боломж олгож, тэгш төрсөн нөхөдтэй нь тэгш нөхцөлд аваачъя гэсэн.

  • Гурав дахь хэсэг нь Аристотелийн үзэлд тулгуурласан коммунитарист онол.

Шашин, ёс суртахуун, үндэсний мэдлэг соёлоор дамжин бидэнд зөв зүйтэй гэсэн нийтлэг үнэлэмж тогтдог. Боловсролтой боловсролгүйгээс үл хамаараад итгэл үнэмшил хүнд байдаг.

Зүй ёс гэдэг нь шударга ёс гэдгээс арай өөр утгатай. Хуульчид бүгд мэддэг нийгмийн гэрээгээр нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйл гэж байна. Жишээлбэл Монгол Улсад эрэгтэй хүн 60 хүрээд тэтгэвэрт гардаг. Эмэгтэй хүн 55 хүрч гардаг. Яагаад эмэгтэй хүнийг эрт амарч жаргах бололцоо олгоод, эрчүүдийг болохоор таван жил зүтгүүлж байгаа юм. Энэ шударга уу?

Эрэгтэй хүн эрт үхдэг гэдэг бүх дэлхийн статистик бий. 10 жилийн өмнө “явдаг”. Улам эрт явуулах гэж таван жил зүтгүүлж байгаа хэрэг үү? Хүн ам зүйн нөхөн үржихүйн бодлого, дундаж наслалтаа аваад үзвэл зүй тогтол зөрчсөн зүйл мөн үү мөн. Тэгсэн мөртлөө бид яагаад зөвшөөрөөд байдаг юм. Энэ зөвшөөрлийг нийгмийн гэрээ гэж үзэж байгаа юм. Зүй ёс гэж үзэж байгаа юм. Би үүнийг оюутнууддаа юу гэж тайлбарладаг гэхээр монгол эрчүүд эмэгтэйчүүддээ үүрүүлсэн ачаагаа хүлээн зөвшөөрч таван жил илүү зүтгэе, эрт явдаг ч хамаагүй гэж зөвшөөрсөн учраас энэ хууль батлагджээ. Үүнийг эсэргүүцэхгүй байна. Энэ мэтээр жам ёсноос зөрсөн нийгмийн гэрээгээр хүлээн зөвшөөрчихдөг зүйлүүд зөндөө бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img