2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Асгатын орд ба УИХ-ын популизм

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

1994 оны Ашигт малтмалын хууль батлагдахаас өмнө гадаадын хөрөнгө оруулагч сонирхож байсан ордуудын нэг  бол Цагаансуваргын зэс-молибдений орд юм. Энэ ордын хайгуулыг социализмын үед хийж нөөцийн тооцоог хийсэн боловч тайланг хүлээн авч, нөөцийг батлаагүй юм билээ. Нийт 1.2 сая тонн зэсийн нөөцтэй байх боломжтой, энэ нь одоогийн байдлаар Эрдэнэтээс 7 дахин бага, Оюу толгойгоос 15 дахин бага хэмжээтэй орд гэсэн үг.

1992 оны сүүлч хавьцаа юм уу даа, Австралийн  “Молопо” гэдэг нэгэн жижиг хувийн компани  уг ордыг сонирхож Монголд орж ирэн хамтарч ажиллах асуудлаар “Монгол Эрдэнэ” компанитай  хэлэлцээр хийгээд явж байгаад 1994 оны Ашигт малтмалын дагуу тусгай зөвшөөрөл авсан боловч  хөрөнгө оруулалт хийж чадаагүй шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэж сонссон юм байна.  Мэдээж тэр үед ус, цахилгаан хангамжийн дэд бүтцийн сураг ч байхгүй газар том биш орд дээр оруулах хөрөнгө босгоход бэрх байсан биз.

1997 онд Ашигт малтмалын шинэ хууль гарсаны дараа нь МАК хайгуулын лиценз авч нөөц нэмэгдүүлэх хайгуул өөрийн хөрөнгөөр нилээд олон жил хийх шиг болсон. Түүнээс хойш 20 гаруй жилийн дараа Цагаансуваргын орд уул уурхайн төсөл болж хэрэгжиж эхлэх гэж байх шив дээ. 2015 оны үед орд ашиглах бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байсныг манай төр засгийн урагшгүй бодлого, үйлдэл ба популист улстөрчдийн “гавъяа”-гаар  бараг таван жил гацах шив. Цавын полиметаллын орд бол Төмөртийн овоог бодвол нөөц багатай далд аргаар олборлох орд юм. 1994 онд Япон улсын Засгийн газрын тусламжийн хөрөнгөөр орд газарт үнэлгээ өгөх төсөл хэрэгжүүлсэн байдаг. Төслийн  уурхайн налуу ам нэвтэрч, хүдрийн биетэд хүрч хяналтын өрөм тавьж, дээж авч шинжлэн социализмын үед гадаргуугаас өрөмдлөгөөр тогтоосон нөөцийг баталгаажуулсан.

Ерөнхийдөө нөөц цаашид нэмэгдэхгүй, далд уурхай болон баяжуулах үйлдвэр барьж ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд байна дүгнэсэн юм билээ.  1997 оны хууль гарсаны дараа лицензийг нь МАК авсан гэж сонссон, дараа нь үр ашиггүй гээд орхисон уу, бусдад шилжүүлсэн үү мэдэхгүй юм. Тусгай зөвшөөрлийг нь одоо нэг хятад компани эзэмшдэг гэж сонссон.

Цавын ордоос хойшоо Улааны полиметаллын орд бий. Энэ орд дээрх хоёр ордыг бодвол нөөц ихтэй боловч хүдэр дэх цайр, хар тугалганы агуулга бага, олон улсын жишгээр ядуу бага агуулгатай хүдрийн ордод багтах байх.  Анх ямар компани лицензийг нь авсаныг мэдэхгүй, ямар ч гэсэн 2000-д оны эхээр Далайфарийст гэдэг компани ашиглалтын лицензийг эзэмшиж байсан ба  хөрөнгө оруулагч олох гэж бас л Канадын Торонто, Япон, Солонгос, Хятад олон газраар явж байгаа гэж сонсогддог байсан. Дараа нь Голомт банкны барьцаанд байгаа сурагтай байсан ба одоо Хятадын Шинь Шинь гэж компани тусгай зөвшөөрлийг авч одоо ашиглаж байгаа. Улааны орд бас уран агуулдаг юм уу даа, улсын мэргэжлийн цацрагийн хяналт, цөмийн эрчим хүчний удирдах газартай учраа олох гэж нилээд удсан байх.

Ер нь Хятадын хөрөнгө оруулагчдын хувьд асуудал байна. Тэдний ихэнх нь нутагтаа хувийн бизнес эрхэлж байгаад хуримтлуулсан хөрөнгөө Монголд арвижуулах гэсэн жижиг хөрөнгө оруулагчид, хариуцлага муутай. Дээр нь манай хууль тогтоомж хятад хэл дээр бараг орчуулагдаагүй тул хэл, харилцааны талд бэрхшээлтэй,  таамаг, сургаар нилээд явдаг юм болов уу гэж бодогддог.  Мөн босоо тогтолцоотой удирдлаганд ажиллаад сурчихсан тул манай орон нутгийн удирдлага асуудлыг нь шийдчихвэл (манайхан ч амлаж бол харин чадна л даа ) боллоо гэж итгэдэг юм болов уу. Цаашилбал манайхан хятадууд л гэвэл ер нь нийгмээрээ гадуурхах маягтай шүү.

Сэлэнгэ аймгийн нутаг дахь Төмөртэй, Баянгол, Хустай, Төмөртолгойн төмрийн ордуудын хайгуулыг мөн л улсын төсвийн хөрөнгөөр социализмын үед хийж нөөцийг тогтоосон бөгөөд Засгийн газрын тогтоолоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт байгуулагдсаных нь дараа харъяалуулсан гэж ярьдаг юм. 1997 онд хууль гарсаны дараа  Төмөртэйн ордын лицензийг  Монгол-Хятадын хамтарсан “БЛТ”, Төмөртолгойн ордын лицензийг  монголын бас нэг хувийн компани тус тус эзэмшиж байсан ба сүүлд Төмөртолгойн ордын лиценз хятадын компанид шилжсэн юм билээ. 2000-аад оны дундуур Ашигт малтмалын газар лицензүүдийг хүчээр цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шинээр олгосон.

Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёулангаас нь төмрийн хүдэр олборлон баяжуулж байгаа. Мөн тэр үес Баянголын ордын тусгай зөвшөөрлийг Монгол-Хятадын хамтарсан “Болдтөмөр Ерөө гол”, Хустайн ордын тусгай зөвшөөрлийг манай үндэсний “Эрдэс холдинг” компани тус тус эзэмшин олборлолт явуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордуудаас уул уурхайн төсөл болж хэрэгжих боломж багатай ашигт малтмалын хоёр орд байгаагийн нэг Хөвсгөлийн Бүрэн хааны фосфоритын бүлэг орд, нөгөө нь Баян Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд болой.

1990-ээд онд сэтгүүлч Ц.Балдоржийн бичсэн  “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээс хойш 2000-аад оны дунд хүртэл Бүрэнхааны фосфоритын бүлэг ордыг төдийлөн хөрөнгө оруулагч нар сонирхсонгүй. Дараа нь Монгол ба Хятадын хэд хэдэн компани хэд хэдэн лиценз, зөвшөөрөл уг бүлэг орд дээр хуваан эзэмшиж байгаа дуулдсан. 2010-аад оны эхээр ҮАБЗ-ийн нууцын зэрэглэлтэй албан тоот үндэслэн Хятадын хоёр  компани эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл, иргэний нийгмийн байгууллагын гомдол нэхэмжлэлээр их хурлын гишүүн байсан Б.Батбаяр гишүүний хүүгийн компани эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шүүхээр тус тус хүчингүй болгосон тухай сонсогдож байв.

Байгаль орчны асуудлаар уг ордыг ашиглахыг их эсэргүүцдэг л дээ. Гэхдээ ордыг ашигласанаар байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх талаар үнэлгээ хийгээгүй, хийлгээгүй байж эсэргүүцдэг юм. Өмнө дурьсанчлан сургийн ба домгийн мэдлэгээр эсэргүүцээд байгаа л даа. Ер нь уг ордыг олборлож ашигласанаар фосфорын бордоо үйлдвэрлэж борлуулах боломжтой. Бордоо үйлдвэрлэхийн тулд их хэмжээний хүхрийн хүчил хэрэгтэй.

Хүхрийн хүчил маш их идэмхий тул их хэмжээгээр хол тээвэрлэхэд маш өндөр өртөгтэй бас аюултай. Тиймээс хүдэр, эсвэл баяжмалаа тээвэрлэж хүхрийн хүчил байгаа газар хүргэж боловсруулан бордоо үйлдвэрлэх. Өнөөдөр харагдаж буй ганц боломж Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барьж тэндээс гарсан хүхрийн хүчил ашиглах. Бас Бүрэнхаанаас Эрдэнэт хүртэл төмөр зам барих. Нэг иймэрхүү мөрөөдөл байдаг юм, биелэх болов уу, хариуг нь уншигч танд үлдээе. Ер нь биелэх болтугай.

Асгатын мөнгөний ордыг ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг Монголросцветмет нэгдэл Монгол улсын хууль, тогтоомжийн дагуу 1990-д оноос хойш одоог хүртэл эзэмшиж байна. Тус нэгдэл уг ордыг ашиглалтанд оруулахын тулд Орос, Австрали, Канад, Америк гээд маш олон орны олон байгууллагуудтай санал солилцож, ялангуяа хүдэр баяжуулах технологийн туршилт хийлгэх, техник, технолог сонгох гэж их явсан даа.  Харин 2010-аад онд оросууд хамтарч ашиглахаар зөвшөөрсөнийг манай УИХ Оросын тал төслийн 50-иас дээш хувийг эзэмших гэж байна гэж популизмаад зогсоочихсон юм.

Асгатын ордод Монголын талаас хүрч очихын тулд Монгол-Оросын хилийг нэг бус удаа орж гардаг юм гэсэн. Тиймээс газар зүйн байрлалын хувьд хамгийн тохиромжтой түнш бол Оросын компани л даа.  Боломж бол тэр бүр гараад байхгүй, дараачийнх нь хэзээ вэ гэдгийг бурхан л мэдэх байх даа.  Асгатын ордод  мөнгөний агуулга өндөр учир мэргэжилтэнүүд мөнгөний орд гэж нэрлэдэг юм. Гэвч нийлмэл, холимог эрдэсжилтэй тул мөнгөнөөс гадна, зэс, мөнгөн ус, цайр, хүнцэл, сурьма гээд маш олон төрлийн химийн элемент агуулагддаг тул полиметаллын орд гэж нэрлэх нь зөв болов уу. Технолог талаасаа ч гэсэн эхлээд шууд мөнгө ч юм уу, өөр бусад ашигт малтмалын баяжмлыг дангаар нь гаргаж авахад хэцүү учир одоо хүртэл хүдэр боловсруулах технолог сонгоход хүндрэлтэй байгаа болов уу.

2019 онд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр “Монголросцветмет” нэгдэлээс “Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн.  Уншигч Та хэрэв анзаарсан бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ашигт малтмалын олон орд газрын лицензийг  1997 оны Ашигт малтмалын хууль гарсаны дараа гадаад,  дотоодын хувийн компаниуд эзэмшиж эхэлсэнийг анзаарсан байх. 1997 оны хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон, ашиглагдаагүй сул байсан ордуудыг тусад нь ялгалгүй нийтлэг зохицуулалтанд хамруулсан юм. Өөрөөр хэлбэл түрүүлж өргөдөл гаргасанд нь түрүүлж өгөхөөр, түүнчлэн хайгуулын, эсвэл ашиглалтын аль нэгийг. Хайгуулын лицензийн нийт хугацаа 2 сунгалтайгаа нийлээд 7 жил байснаас  1997 онд авсан лицензүүдийн хугацаа 2004 онд хуулийн дагуу дуусгавар болох байсан учир лицензээ хадгалахыг хүссэн компаниуд хуулийн дагуу онцгой эрхээ эдэлж өргөдөл гаргаад шууд ашиглалтын лиценз авах боломжтой байв.

Тухайн үед “Айвонхоу Майнз”, өөр бусад компаниуд ч энэ эрхээ эдэлсэн л дээ.  Тэрнээс биш популистуудын яриад байгаа шиг МАХН, эсвэл Н.Энхбаяр авилга аваад өгчихсөн юм биш.  Манайхны зарим хүмүүс улсын төсвөөр хайгуул хийсэн талбайд хайгуулын лиценз өгсөн гэж АМХЭГ-ыг шүүмжилж байгаа харагддаг.  1997 оны хууль бол хориглоогүй, сул байгаа талбайд заавал (урьд нь хайгуул хийсэн ч мэдээлэл нь байхгүй, эсвэл мэдээллийн үнэн бодитод итгэх үндэслэлгүй бол) ашиглалтын лиценз ав гэж шаардаж болохгүй биз дээ.  Ашиглах гэвэл заавал ашиглалтын лиценз авч байж л ашиглана шүү дээ.

Компаниуд хайгуулын талбайн га тутам 1 доллар төлж байсан бол ашиглалтын талбайд га тутамд 10 доллар төлөх болдог тул хадгалах, шилжүүлэх, эсвэл орхих сонголттой л доо. Яг энэ сонголтын сонгодог жишээ Тавантолгойн орд дээр гарсаныг өмнө өгүүлсэн билээ. Ер нь 2004 онд хайгуулын лицензийн тоо огцом унасан нь хайгуулын  хугацаа хуулийн дагуу дуусгавар болж, дахиж сунгагдаггүй хуулийн зохицуулалтай шууд холбоотой. Түүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд олборлож ашиглаж эхэлбэл ашиглалтад орсноос хойш 5 жилийн хугацаанд  хайгуулд  гаргасан зардлыг Засгийн газраас баталсан журамд зааснаар улсад буцаан төлөхөөр хуульчилсан байсан. Ашиглалтанд ороод явсан ордууд дээр энэ заалт сайн хэрэгжсэн л дээ. Өөр сонголт байсан уу гэвэл байсан. Тухайлбал, дээрх ордуудыг ашиглах лицензийг сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар олгох хувилбар байсан байх. Манайд сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа ямар байдалтай явдаг билээ, тэгээд ч тэр үед ашигт малтмалын үнэ хамгийн доод түвшинд уначихсан, дээрх ордуудыг сонирхох өрнөдийн хөрөнгө оруулагч байхгүй, Монголын компаниуд хуримтлал багатай, уул уурхайг тоодоггүй байсан нөхцөлд урд хөршийн компаниудаас өөр хөрөнгө оруулагч бараг гарахгүй байсан биз ээ.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img