Монгол ардчилсан орон. Одоо ч ардчилсан улс. Цаашид ч ардчилсан байх болно. Бидний хувьд хоёр том диктатурын дунд чийдэн асч байгаа газар. Тийм ч учраас дэлхий онцгой анхаарч байна. Өмнө нь хэзээ ч байгаагүйгээр маш олон орны томчууд ирлээ. Сүүлийн гурван жилд өрнөсөн гаднаас манайх руу, манайхаас гадагшаа хийсэн айлчлал өмнө нь хэзээ ч ийм түвшинд байгаагүй. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг хайрлаад байгаа юм ер биш. Украйны дайнаас хойш оросууд бүр зэрлэг болсон. Манай хоёр хөршийн хувьд олон жилийнх нь улстөрийн ааш араншин их өөр. Хятадууд зугуухан малтаад аажуухан урагшилдаг.
Зуун жил ч хүлээх нь тэдний хувьд асуудалгүй. Харин оросууд бол хүрч ирээд шууд зоддог. Тэр араншин нь сүүлийн үед бүр улаан цагаандаа гарлаа. Энэ араншин нь чөлөөт зах зээлийн орнууд биднийг өмөөрөх, бидэнд ойртох шалтгаан болж эхэллээ л дээ. Бид ложистик, эрчим хүч, шатахууны хувьд Оросоос хамааралтай. Тэр утгаар нь манай төр түдгэлзсэн байр суурин дээр яваа. Зөв л гэж бодож байна.
Чөлөөт ардчилсан нийгэм бол янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн цуглуулга. Тийм учраас хувь хүмүүс дэмжих, эсэргүүцэх янз бүрийн байр суурьтай аж төрөх нь мэдээжийн асуудал. Ийм хүмүүсийг төрийн зүгээс барьж хорьж элдэв юм болох шаардлагагүй. Цагдаа бол төр. Тэгэхээр төр маань юу харуулаад байна, бидэнд. Цагдаа хууль сахиулуулах л үүрэгтэй. Үзэл суртлын цагдаа манайд байхаа болчихсон, уг нь. Тэр утгаараа үүнийг хатуу эсэргүүцэж байх хэрэгтэй. Ерэн он хүртэл Монгол улс хориод улсыг нь манай тал, бусдыг нь дайсан гэж үздэг байсан. Гэтэл Шинэ Үндсэн хуулийн дараа бид дайсангүй болсон. Хойд Солонгос ч манай дайсан биш. Оросыг дэмжсэн, эсэргүүцсэн жагсаал ганц манайд болоод байгаа хэрэг биш. Улс бүрд л ийм зүйл болж байна. Олон ургальч үзэл гэдэг чинь ардчиллын нэг том баталгаа. Төр бол өөр байх ёстой.
Хийн хоолой бол маш том геополитикийн асуудал. ОХУ Хятадад энэ саналыг тавьсаар байгаа. Сая Ши Жин пинийг эх оронд нь айлчлахад өнөө саналаа тавилаа. Огт хариу хэлэхгүй яваа. У.Хүрэлсүх очихдоо бас гуйсан. “Дэмжиж байна” гэснээс өөр үг унагаагүй. С.Лавров “Гадаадын олон орон Монгол руу анхаарал их тавьж байна. Энэ асуудал дээр Хятад манай хоёр арга хэмжээ авна” гэсэн утгатай үг хэлсэн. Хамгийн сонирхолтой нь арга хэмжээ авах асуудалдаа Хятадыг төлөөлөөд, удирдаад явчихаж байгаа байхгүй юу. Хятадууд үүнд нь дургүйцсэн нь ойлгомжтой. Орос, Хятад хоёр юун дээр ч нийлж болно. Монголын асуудал дээр л нийлэхгүй. Энэ бол баталгаа. Том хөршүүд бие биедээ хазаар болж чаддаг. Бидний ярьсныг бол нохой хуцсан чинээ тоохгүй.
Байгаль дээр байгаа уран ямар ч хор хөнөөлгүйг дунд сургуулийн сурах бичгээс олоод харчихаж болно. Монгол ураны асар их нөөцтэй. Ялангуяа зүүн тал тэр чигээрээ. Ураны энэ том урсгал Казастанаас эхлээд үргэлжилдэг. Гурван орон л дэлхийн бүх ураны 90 хувийг гаргадаг юм. Канад, Австрали, Казахстан гурав. Манайх одоогоор нээгдсэн нөөцөөрөө дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хүрэхгүй хувийг л эзэлж байгаа. Судалгаа хайгуул хийвэл асар их нөөц гарна гэж үздэг.
Дэлхий дээр цөмийн эрчим хүчээр ажилладаг 500 гаруй станц бий. Тэжээлийг нь өгдөг гол улс бол Орос. Дэлхий дээр 12 мянган цөмийн толгой байгаа. 6000 нь Орост бий. Ийм нөхцөлд уран олборлоод явахад хэцүү. Тийм учраас Канадын компанийн үйл ажиллагааг хориглосон түүх манайд бий. Путин “Канадын компанийг хөөгөөд явуул, тэгээд хамтраад ажиллачихъя. Төлбөрт унахад битгий санаа зов. Бид төлчихнө” л гэсэн. Дараа нь Сү.Батболдын Засгийн газар гарч ирээд Ерөнхий сайд Москвад айлчилсан. “Та нар мөнгийг нь төлнө гэсэн” гэж сануултал “Үгүй төлөхгүй. Сайн хуульч олж өгье” гэсэн. Бид очоод яасан, ялагдсан. 100 сая долларын төлбөр төлөх болсон. Сүүлдээ 80 саяыг төлөөд асуудлыг дуусгасан. Уг нь асуудал дэгдэж эхлэх үед хөрөнгө оруулагч тал 25 сая доллар өгчих гэсэн юм. Тэр үед Н.Алтанхуягийн Засгийн газар ажиллаж байсан.
Засгийн зүгээс “Нэг ч төгрөг өгөхгүй” гэсэн. Тэгэнгүүт хөрөнгө оруулагч тал 400 сая ам.доллар нэхэмжилсэн. Уг нь манай улсын хувьд жижиг хэмжээний атомын цахилгаан станц барьчихад болохгүй юм үгүй. Саяхан зурагтаар гарав даа, нэг нөхөр “Шар нунтаг чинь биднийг үхүүлдэг, энэ байна” гээд шилтэй юм харуулж байна лээ. Хамгийн түрүүнд өөрөө хэцүүднэ биз дээ. Иймэрхүү зүйл дээр эрүүл ухаанаар хандмаар байгаа юм.
Бид түүхэндээ үзэл сурталтай байгаагүй. Социализмын үед ч үзэл сурталтай яваагүй. Ганц хоёр солиотой улс байсан л байх. Ер нь бид үзэл суртлаас хол ард түмэн. Манайд диктатур тогтоно гэвэл гадны цэрэг хүч л тогтоож чадна. Тийм зүйл болохгүй байх. 1920-1990 он хүртэл оршсон тогтолцоо том арми, тавьсан тавиулууд дээр л тогтож байсан. Тэгж ярих юм бол аймаар том коммунизм байгуулах гээд 1932 онд сүйдлэхэд тэр жилийн анхны бослого энэ ард түмнийг өлсгөлөнгөөс аварсан. Казахстанд хэчнээн хүн өлсч үхсэн гэж санана. Сталинаас “Хамтралжуулалтаас болж хэчнээн хүн үхсэн бэ” гэж асуусан байдаг юм. Огтхон ч тоолгүйгээр “Арав орчим сая болов уу” гэж хариулсан гэдэг. Харин манайд 1932 онд коммун байгуулахад нэг жил орчим л болсон. Бүх малынхаа гуравны нэгийг идчихсэн. 1932 оны бослого гараагүй бол бид өлсч үхэх байсан. Мах дууслаа л бол өлсч үхэх нь тодорхой. Бослого гарсан учраас байдал өөрчлөгдсөн. Ингээд харахад бид прагматик хүмүүс. Аливаа бэрхшээлийг даваад ард нь гаръя гэсэн бодолтой улс. Манайд ер нь Марксын “Капитал”-ыг уншсан хүн байдаг болов уу.
Сүүлийн 33 жил энэ улс гайхалтайгаар дэвшсэн. Эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөгөөрөө ярих юмгүй хөгжиж дэвшсэн. Монголын нийгмийн хөгжлийн дайсан нь монголчууд. 2012 оны хэмжээнд очих нь бидний хувьд диваажин. 2012 онд Монгол улсын ДНБ-ий өсөлт 17.6 хувь болж дэлхийн рекордыг тогтоосон. Хоёрт нь Азарбейжан орж байсан. Энэ бол их том үзүүлэлт. “Өдрийн сонин” 48 нүүрээр хэвэгдэж байсан. Битүү реклам. Хотын төвийн оффисийн 1 метр квадратын төлбөр 75 ам.доллар байлаа. Одоо 75 доллараар худалдаж авах байх. Тэр үед улсын төсвийг жилдээ хоёр, гурван удаа хийдэг байсан. Мөнгө нь илүү гарчихаад хийдэг байсан юм.
Багш нарын цалинг жилд зургаан удаа нэмсэн жил бий. 2009 онд. 2005-2012 он хүртэл ийм байлаа. Дараа нь хэцүү юм их болсон. Н.Алтанхуяг гарч ирэнгүүтээ шууд Оюу толгойг хаачихсан. Тэгээд гурав, дөрвөн жил гацсан. Арайхийж ярьж хэлэлцээд эргээд нээсэн. Гол үүрэг гүйцэтгэсэн Ч.Сайханбилэг нь шоронд. Дараа нь 2012 оны тавдугаар сард сонгуулийн өмнө Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон хууль гаргачихсан. Одоо хүртэл хэвээрээ байгаа. Ганц уул уурхай биш шүү, банк, боловсрол гээд өчнөөн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах хууль гаргасан.
Дэлхийд уул уурхайн гурван том компани бий. Нэг нь “Рио тинто”. Тухайн үед дэлхийн уул уурхайн гурван том компанийн хоёр нь ороод ирчихсэн, “Англо Американ” хүлээгээд зогсч байсан. Бид яг айлтай адилхан, юм зарж амьдрах ёстой. Бидэнд уул уурхайгаас өөр борлуулах зүйл юу ч байхгүй. Эдийн засгаа солонгоруулна гэвэл мөнгө хэрэгтэй. Мөнгө олох ганц боломж нь уул уурхай. Монголын бүх малыг зараад нэг уурхайны үнэд хүрэхгүй.
Би Л.Оюун-Эрдэнийг дэмжээд байгаа юм. Манай хүн юу ч хулгай хийж амжаагүй байхгүй юу. Өөрт нь жаахан юм байвал айгаад бусдыг хулгайч гэж хэлж чадахгүй явсаар ирсэн улс л даа, бид. Гэтэл Л.Оюун-Эрдэнэд юм байхгүй учраас өнөөдрийн үйл явц өрнөж байна. Нийгэм дэх нэр хүнд нь асар өндөр байна лээ, судалгаа хийж үзэхэд.
Эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцдэг. Эмэгтэй гээд яасан гэж. Манай нийгэм эмэгтэйчүүдийг шахан гадуурхдаг газар биш. Өөрөө зодуулсныгаа л хэлээд гомдоллоод явдаг. Манай улсын бүх түүхэнд эмэгтэйчүүд илүү эрх мэдэлтэй байсан. Одоо ч гэр бүл дотор тэр янзаараа. Эцсийн бүлэгт гэр бүлийн бүх худалдааг эмэгтэй хүн хийдэг. Өнөөдөр Монголын парламент дахь эмэгтэйчүүдийн эзэлж буй хувийг том утгаар нь харвал Америк энэ тэрээс илүү байгаа.
Санал нэг ээ