2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Ашигт малтмал зөвхөн төрийн өмч үү?

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу

-Ашигт малтмалын хууль нь төрийн байгалийн баялгаа эзэмших эрхийг хувийн хэвшилд шилжүүлэн байгалийн баялгийг ашиглах процедурыг л зохицуулдаг болохоос Үндсэн хууль, Татварын хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэргээр зохицуулагддаг асуудлуудыг бүгдийг нь чихэж болох сав биш юм-

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн талаар өмнөх бүлгүүдэд хэсэгчлэн өгүүлсэн билээ. Би 18 жил ассоциацийн 5 ерөнхийлэгчтэй хамтарч 14 жил Гүйцэтгэх захирал, бас 4 жил Ерөнхийлөгчийн албыг хашсан байна. Энэ хугацаанд би юу хийж чадав, юуг хийж эс чадав гэдэг талаар эргэцүүлсэнийгээ уншигчидтай хуваалцая гэж бодлоо.

Ассоциацийг байгууллагынх нь хувьд дотоод ардчилалтай, удирдах болон хяналтын эрх мэдлийн зөв зохистой хуваарилалттай, цомхон, чадварлаг бүтэцтэй байгууллага болгон бэхжүүлэхэд анхаарч ажиллажээ. Эдгээр асуудлыг үе шаттайгаар ассоциацийн дүрэмд нэмэлт өөрчлөлт хийх замаар, тухайлбал 2001 онд ассоциацийн гүйцэтгэх захирал жил бүр хийсэн ажил, санхүүгийн орлого, зарлагаа нийт гишүүдэд тайлагнах, жилийн төсөв, төлөвлөгөөг Ассоциацийн Зөвлөлөөр батлуулах, Ерөнхийлөгчийг 4 жилд нэг удаа, Ассоциацийн зөвлөлийг 2 жилд нэг удаа сонгох өөрчлөлт оруулсан.

Анх ажилд орж байхад Ассоциацийн зөвлөлийн бүрэлдэхүүний дээд хязгаарыг тогтоогоогүй байсан тул 30-40 хүний бүрэлдэхүүнтэй Ассоциацийн зөвлөлтэй ажиллаж үзсэн. Гишүүд нь хуралдаа суухгүй, шийдвэр гаргаж чадахгүй асуудал их гардаг байв. Тиймээс 2005 онд Ассоциацийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй, бүрэлдэхүүнд нь үндсэн гишүүн, гишүүн болон мэргэжлийн холбоод, хувь гишүүний төлөөллийг квотоор тогтоож Гүйцэтгэх захирлыг Ассоциацийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргах дүрмийн өөрчлөлт хийсэн юм.

Ассоциацийг байгууллагынх нь хувьд дотоод ардчилалтай, удирдах болон хяналтын эрх мэдлийн зөв зохистой хуваарилалттай, цомхон, чадварлаг бүтэцтэй байгууллага болгон бэхжүүлэхэд анхаарч 2010 онд дүрэмд өөрчлөлт оруулж Хяналтын зөвлөлийг 3 жилд нэг удаа 5 гишүүнтэйгээр сонгохоор тусгасанаас гадна, Ерөнхийлөгчийг Ассоциацийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргасан байна.

Зохион байгуулалтын ийм өөрчлөлтүүд хийснээс гадна хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Үүнээс МУУҮА-д 2007-2008 онд хэрэгжсэн “Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн талаар товч дурдая.

2006 онд Канадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд Ашигт малтмал, уул уурхайн хөгжлийн сан /АМУУХС/-г үүсгэн байгуулсан билээ. 2007 оны зургадугаар сараас тус сангийн дэмжлэг туслалцаатайгаар “МУУҮА-ийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хөтөлбөр нь МУУҮА-ийн гишүүддээ үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, хэлбэр, төрлийг баяжуулан, байгууллагын институциональ чадавхийг бэхжүүлж улмаар орчин үеийн дүр төрх бүхий удирдлагын арга барил, бүтэцтэй, нийгэмд нөлөө бүхий төрийн бус байгууллага болгох зорилготой байлаа.

Чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь дөрвөн үе шаттайгаар нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. 2003 оноос “Дисковер Монголиа” чуулга уулзалт, 2008 оноос “MineTech” үзэсгэлэнг зохион байгуулах болсноор МУУҮА-ийн санхүүжилтийн 50-иас багагүй хувийг бүрдүүлэх боломжийг бий болгов. Гишүүн компаниудтай эргэх холбоо, харилцааг сайжруулах зорилгоор МУУҮА- д гишүүний төлөөлөл хэрэгжүүлдэг ажилтнаас гадна хүний нөөц, компанийн нийгмийн хариуцлага, ХЭМАБ, сургалт, байгаль орчны асуудал хариуцсан ажилтан зэрэг төлөөллийг оролцуулж эхлээд байна. Түүнээс гадна ассоциацийн Ерөнхийлөгчийн дэргэд орон тооны бус, Бодлого эрх зүй, Хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчин, Татварын бодлого, Хүний нөөц, Сургалтын хороо гэсэн дөрвөн хороог ажиллуулж гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байв.

Ер нь Ассоциацийн хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, орон тоо санхүүгийн чадавхи нь эрдэс баялгийн салбарын хөгжилтэй маш их хамааралтай байж ирсэн бөгөөд би анх Гүйцэтгэх захирлаар томилогдож байхад буюу 2000 онд ассоциацийн гишүүд нь 70 гаруй хувь хүн, 40 гаруй байгууллага байсан бөгөөд 2 орон тооны ажилтантай байв. 2012 онд хувь гишүүн 4, байгууллага 180 болж өөрчлөгдсөн бөгөөд ассоциаци төрийн бус байгууллагын хувьд байгууллагын гишүүнчлэлтэй болж төлөвшсөн. Энэ үед 10 гаруй орон тооны ажилтантай байсан бол одоо 2 орон тооны ажилтантай, нийт гишүүд нь 30 гаруй байгууллага болжээ.

Ийм болсон 2 шалтгаан байдаг. 2012 он хүртэл ассоциацийн гишүүдийн ихэнхийг нь хайгуулын болон ханган нийлүүлэлтийн компаниуд бүрдүүлж байсан бол тэдгээр нь өнөөдөр байхгүй болсон байна. Хоёрдох шалтгаан нь “Урт нэрт” хууль алтны компаниудыг нэгдэж тусдаа холбоо, АМНАТ жишиг үнэ хэрэглэх болсоноор жонш ба төмрийн дэд салбарууд тусдаа холбоо байгуулахад хүргэсэнээр ассоциацийн үндсэн гишүүдий тоо их цөөрсөн байдаг.

ДУРСАМЖ:

2009 оны намар ассоциацийн оффис дээр ЦЕГ-нын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны эрүүгийн нэг төлөөгч, нэг хурандаагийн хамт ирэв. Шалтгаан нь иргэний мэдээллийн дагуу ассоциаци дээр шалгалт хийх юм гэнэ. Шалга л гэлээ, гэхдээ нэг хүсэлт тавив. Шалгалт дууссаны дараа мэдээлэл хийсэн хүний нэрийг өгөөрөй, надад хийсэн хэрэг, үрэгдүүлсэн ба шамшигдуулсан зүйл үгүй тул нэр төрөө сэргээлгэхээр заргалдана гэсэн чинь тэгнэ л гэв. Тэр өдрөө ассоциацийн нягтланг бүх бичиг баримт, кассанд байсан мөнгөтэй нь дагуулаад явав. Маргааш нь нягтлангаас юу болсоныг асуусан чинь бүр орой болтол суулгаж кассны үлдэгдэл тоолж шалгасан, ямар нэг зөрчил дутагдал гараагүй гэв.

Ассоциацийн ерөнхийлөгчид хэлсэн чинь Хаан банкинд төгрөгийн нэг данс надад мэдээлэхгүйгээр өөр салбар дээр нэмж нээсэн байна. Шалгалт хийж буй эрүүгийн төлөөлөгч санхүүгийн аудит хийлгэх шаардлагатай гэж хэлж байна гэхэд тэгье гэв. Төв аймгаас нэг аудитын компани ирж аудит хийсэн боловч аудитын үр дүн ба дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ашиг сонирхлын зөрчилтэй мэт санагдсан тул ядахнаа нийтээр мэддэг үндэсний том аудитын компаниар аудит хийлгэх хүсэлтийг Ассоциацийн зөвлөлд тавьсаныг хүлээн авч шийдвэрлэн аудитын компанийг сонгон аудит хийлгэхийг ассоциацийн ерөнхийлөгчид даалгав. Тухайн үндэсний 4 том аудитын компанийн нэг нь сонгогдсон бөгөөд санхүүгийн аудит хийж бараг сар болов.

Ингэж удсаны учиг тайлагдаж санхүүгийн аудитын оронд баримтын шалгалт хийсэн болж таарав. Баримтын шалгалтаар баахан зөрчил (ихэнх нь бэлэн мөнгө хүлээн авсан, өгсөн хүмүүсийн гарын үсэг байхгүй гэх мэт) илэрсэн байсан бөгөөд харин надтай холбоотой нь 700 мянган төгрөгөөр хувийн машиндаа радиатор сольж тавьсан ганцхан зөрчил илрэв. Тэр үед ассоциацийн ажилд хувийн машинаа хэрэглэдэг байсан юм. Гэсэн хэдий ч дээрх баримтын шалгалтын үр дүнд үндэслэн эрүүгийн төлөөлөгч ассоциацийн нягтлан дээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байв. Мөрдөн байцаагч баримтын шалгалтын үр дүнд Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт гаргуулж, зөрчлийг арилгуулсанаар эрүүгийн хэрэг хаагдаж билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Уг нь ассоциаци өөрийн дүрэмтэй, хяналтын зөвлөлтэй өөрийгээ удирдах төрийн бус байгууллага билээ. Мэдээлэл гаргасан иргэн нь ассоциацийн хяналтын зөвлөл, эсвэл ассоциацийн зөвлөлд мэдээллээ өгөөд шалгуулчих ёстой л доо. Гэтэл цагдаагийн байгууллага мэдээллийг хүлээж аваад шалгаж байгаа нь эрүүгийн хууль үндсэн хуулийн зарчимдаа нийцэж өөрчлөгдөж чадаагүйг харуулж байна даа.

Ассоциацын нягтланд “…бусдын өмч хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж хохирол учруулсан бол…” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байсан билээ. Энэ хэрэг явдал дууссаны дараа ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэст эрүүгийн төлөөгчийн үйлдэлийн талаар гомдол гаргасан боловч, дараа нь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргад мэдээлэгчийн нэр өгөх талаар хүсэлт гаргасан боловч “гүйцэтгэх ажиллагааны нууц” гэдэг ганцхан хариу авсан билээ.

НИЙТЛЭЛҮҮД

Ассоциацид ажиллаж байхдаа би өдөр тутмын сонинд 3 нийтлэл бичсэн байдаг, эхнийх нь 2006 онд “Уул уурхай: Ухрах уу, Урагшлах уу” сурталчилгааны ажлын үед, нөгөө хоёрыг нь 2012 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэх, мөн “Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль батлагдаж байх үед бичиж байжээ. Харин ассоциацид ажиллахаа больсоноос хойш энэ номын хэсгээс “Mongolian Mining Journal” сэтгүүлд 3 нийтлэл бичиж өгч байсан байна.

ӨДРИЙН СОНИН. 2006.06.29. No 166 (2300)
САМАР, АЛТ ХОЁРЫН ЯЛГАА, ТӨР ЭРХЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Сүүлийн үест сонин хэвлэлээр янз бүрээр бичигдэж байгаачлан “гадаадынхны гар хөл болж тэдний эрх ашгийг хамгалахын төлөө” биш, эсвэл “эх орны хүү, ардын баатар” болж тодрохын төлөө ч биш ерөөс уул уурхайн салбарт бүх шат түвшинд нь 30 гаруй жил ажиллаж ирсэний хувьд салбарынхаа хөгжлийн төлөө зайлшгүй хэлэх ёстой санал байгаа тул энэхүү нийтлэлийг бичиж байна.

Миний бие “Эрдэнэт” үйлдвэрт инженер, Геологи, уул уурхайн яаманд мэргэжилтэн, Монголын Уул уурхайн үндсэний Ассоциацид гүйцэтгэх захирал гээд геологи, уул уурхайтай холбоотой үйлдвэрлэлийн болон төрийн ба төрийн бус байгууллагуудад техник ажил, бодлого төлөвлөлт, олон нийтийн ажил хийж иржээ.

Түүнчлэн сүүлийн саруудад Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэгт багтаж олон янзын саналуудтай танилцаж үзсэний хувьд уул уурхай дагасан маргаантай байр сууриуд нь эцсийн дүндээ үзэл баримтлалын хувьд ямар асуудал дээр ялгарч байгаа, түүний учир шалтгаан нь юу болох, энэ тохиолдолд бид бодлогын үндэс болсон хуулиндаа юуг анхаарах ёстой вэ гэдэгт үзэл бодлоо илэрхийлж байна.

ГОЛ АСУУДАЛ ЮУНД БАЙНА ВЭ?

Уул уурхайн салбар болон ашигт малтмалын салбар тойрсон өргөн хүрээний маргаан хэлэлцүүлэг нь эцсийн дүндээ явж явсаар зарчмын ганц л асуудал дээр төвлөрч байгаа нь Ашигт малтмалын хуулийн зарчмын зөрүүтэй төслүүдээс харагдаж байна.

ЭНЭ НЬ ТӨР БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЭЗЭН ЮМ БОЛ ЭЗЭМШИХ ЭРХЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХ ВЭ? ГЭДЭГ АСУУДАЛ ЮМ.

АНУ-аас бусад бүх улсын үндсэн хуулинд заасны адил манайд ч бас “байгалийн баялаг нь төрийн өмч бөгөөд бүх ард түмний мэдэлд байна” гэсэн зарчим үйлчилдэг. Нэгэнт үндсэн хуулиар тодорхойлогдсон энэ зарчим дээр маргаад байх зүйлгүй бөгөөд нэг тал нь төрийн өмчийг булааж дээрэмдэх гээд, нөгөө нь хамгаалах гээд байгаа юм огтхон ч байхгүй гэдгийг хаана хаанаа ойлгож байж дараагийн шийдвэрийг гаргах учиртай.
Дараагийн шийдвэр гэдэг нь өмчийн эзэн өөрийн өмчлөх эрхийг бусдад буюу хувийн хэвшилд шилжүүлэх үү, үгүй юу, хэрвээ шилжүүлж болох бол ямар нөхцөл, үе шаттай байх вэ гэдгийг шийдэх явдал юм. Чухам энд л үзэл баримтлалын гол ялгаа байгаа билээ. Үүнийг дагаад байгалийн баялаг нь оршин байгаа хэлбэрээрээ хөрөнгө мөн эсэх, түүнийг таваар болгон хувиргах явцад өөрчлөгдөж буй өмчлөлийн бүрэлдэхүүнийг нь хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг мөн шийдэх шаардлагатай болно.

ТӨР “ЭРХЭЭ ЭДЭЛЖ БУЙ“ ХУВИЛБАРУУД

Умард Солонгос. Куба зэрэг социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой улсуудад төр нь байгалийн баялгийг өмчлөх эрхээ дан ганц өөрөө эдэлдэг бөгөөд ард түмнийх нь хувьд төрөөс олгох тэтгэмжийг баялгаасаа хүн бүр шударгаар хүртэж буй хэлбэр гэж үздэг. Асар их эрсдэлтэй энэ салбарт төр төсвийн хөрөнгөөрөө эрсдэл хүлээдэг учир зөвхөн өөрийн болон улс төрийн хамтрагчдынхаа хувьд стратегийн ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын хайгуулд мөнгөө зарцуулдаг бөгөөд зах зээлийн эрэлт, хэрэгцээнд захирагддаггүй. Үүний тод жишээ бол 1990-ээд оноос өмнө манай улсад нүүрсний ордуудыг эс тооцвол хар тугалга, гянтболд, цагаан тугалга, зэс, жоншыг хуучин ЗХУ болон ЭЗХТЗ-ийн бодлогын хүрээнд тэднийг түүхий эдээр хангах зориулалтаар л хайж, олборлодог байлаа.

Харин өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засагтай орнуудад төр өмчлөх эрхээ бусдад тодорхой нөхцөлтэйгээр шилжүүлэх замаар баялгийнхаа ашиглалтыг сайжруулж ашиг орлого олдог тогтолцоотой. Ингэхдээ өмчлөх эрхийн бүрдлүүд болох эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхүүдийг ямар процедураар шилжүүлж байгаагаараа мөн ялгаатай. Тухайлбал Японд хайгуулын лиценз олгохдоо хэрэв орд илрүүлбэл ашиглах эрхийг нь хамт олгох буюу эзэмших. ашиглах, захиран зарцуулах эрхийг бүхлээр нь шууд олгодог.

ХАРИН МАНАЙ УЛСЫН ХУВЬД ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ШИЛЖҮҮЛЭХ БӨГӨӨД ЭДГЭЭР НЬ ТУХАЙ БҮРТЭЭ ШАЛГУУР, НӨХЦӨЛТЭЙ БАЙХ ЗАРЧМЫГ СОНГОСОН

Энэ процедурыг тодорхойлон зохицуулж байгаа гол хэрэгсэл нь Ашигт малтмалын хууль юм. Дахин давтан онцлоход Ашигт малтмалын хууль нь төрийн байгалийн баялагаа эзэмших эрхийг хувийн хэвшилд шилжүүлэн байгалийн баялагийг ашиглах, мөн төр өөрийн мэдлийн аж ахуйн нэгжээр дамжуулан эрхээ хэрэгжүүлэх болон хэрхэн ажиллах процедурыг л зохицуулдаг болохоос үндсэн хууль, Татварын хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэргээр зохицуулагддаг асуудлуудыг бүгдийг нь чихэж болох сав биш юм.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуульд зааснаар байгалийн баялгийг эрж хайхын тулд эхлээд гурван жилийн хугацаатай хайгуулын лицензийг авах бөгөөд дахин дээд тал нь хоёр удаа хоёр жилээр сунгаж болно. Энэ бол тухайн газар нутагт геологийн үйл ажиллагаа явуулах эрх болохоос тэр газар нутгийг юмуу хөрсөн доорхи баялгийг нь хувьчилж авч буй хэрэг огтоос биш. Түүнчлэн үүнийг дагаад нээсэн ордоо онцгой эрхээр ашиглах зэрэг эрхүүд, лицензийн төлбөрөө цаг тухайд нь төлөх, үйл ажиллагааныхаа тайланг үнэн зөвөөр мэдүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон үүргүүд бий болдог.

Харин хөрөнгө оруулалт, хөдөлмөрийнхөө үр дүнд ямар нэг баялаг илрүүлбэл дараагийн ээлжинд түүнийгээ ашиглах эрхийг авч болно. Энэ нь нөөцийг таваар болгон хувиргаж орлого олох үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрх болохоос төрийн өмчийг шууд өөрийн болгож буй хэрэг бас биш юм. Үлгэрлэвэл айлын хонины ноосыг нь авч эсгий болгож худалдаад эзэнтэй нь ашгаа хувааж байгаатай л адил. Ашиглалтын лицензийг эзэмшсэнээр тухайн газарт оршин байгаа ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглаж өөрийн сонгосон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах, бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд борлуулах зэрэг эрхийг эдэлдэг.

Үүний нөгөө талд үйлдвэрлэлийн хэмжээ, ашиг, орлогоо үнэн зөвөөр тайлагнан нөөц ашигласны төлбөр болон бусад татвар хураамжийг төлөх, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн нөхцөл. аюулгүй ажиллагааг хангах, нэн тэргүүнд монгол ажилчдыг авч ажиллуулах зэрэг олон үүргийг хүлээлгэдэг бөгөөд хуулинд тус бүрт нь задлан тусгасан байдаг.

Ерөнхийд нь дүгнэвэл төрөөс байгалийн баялгийг хайх ашиглахтай холбоотой аливаа эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгохдоо тодорхой нөхцөл, хариу төлбөр, хугацаатайгаар олгодог тогтолцоо манай улсад үйлчилж байна. Төрийн өмчлөх эрхийг ийнхүү үе шаттайгаар шилжүүлэх харилцааг харилцан үр ашигтайгаар зохицуулснаараа 1997 оны Ашигг малтмалын хууль уул уурхай салбарын хөгжлийн суурь болсон гэж гадаад, дотоодын мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Энэ зарчмыг өөрчлөх, эсвэл огт ийм харилцаа байж болохгүй төр өөрийн эрхийг өөрөө л хэрэгжуүлнэ гэж үзэх бол бид ЭХЛЭЭД эдийн засгийн үзэл баримтлалаа өөрөөр тодорхойлох шаардлагатай болно.

Ингэхдээ ураны орд, зэсийн баяжмал, алтан гулдмай зэрэг “баялаг” нь газрын хөрсөн доор нуугдмал байгаагаасаа бусад үед дан ганц төрийн өмч биш бөгөөд материаллаг болон оюуны өмчийн шинж чанарыг давхар агуулсан онцгой өмч юм гэдгийг мартаж болохгүй.

АШИГТ МАЛТМАЛ ЗӨВХӨН ТӨРИЙН ӨМЧ ҮҮ?

Яг үнэн хэрэгтээ байгалийн бүтээл болох ашигт малтмалыг төрийн бус өөр хэн нэгний өмч гэж маргах гэсэнгүй. Ард түмэн өөрсдийн мэдэл, хяналтад байлгах хамгийн энгийн арга учир төрд энэ эрхийг шилжүүлсэн биз.

Харин тэр газар тийм хэмжээний нөөцтэй, тийм ашигт малтмалын орд байна гэдэг мэдээлэл бол яахын аргагүй оюуны өмчийн шинж чанартай бөгөөд төсвийн хөрөнгөөр уг мэдээллийг бий болгоогүй л бол төр уг ордыг дангаар захиран зарцуулах нь шударга бус юм. Энэ мэдээллийг олж авахын тулд хайгуулын лиценз эзэмшигч нь их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж хүнд хүчир мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Чухамхүү цэлийсэн тал газрын хаана нь ямар бүтэцтэй, ямар эрдэс баялаг, ямар хэмжээгээр агуулагдаж байна вэ гэдэг мэдээллийг бий болгосны дараа л лиценз хэмээх алга дарам цаас сая үнэ цэнэтэй зүйл болдог билээ.

Өөрийн хөрөнгө, үйл ажиллагааныхаа үр дүнд үнэ цэнэтэй мэдээллийг бий болгож чадсан хүн/компани/ лиценз буюу мэдээллээ хэн нэгэнд бэлэглэх, худалдах, өвлүүлэх эрхийг зайлшгүй эдлэх ёстой. Харин энэ үйл ажиллагаанаас татвар авах эсэх нь төрийн асуудал.

Хоёрдугаарт, хүн бүр мэддэг ч сүүлийн үед ойлгохыг хүсэхгүй байгаа нэг зүйл бол ашигт малтмал нь байгаль дээр байгаа тэр хэлбэрээрээ шууд арилжааны зүйл болдоггүйгээрээ бусад байгалийн баялгаас ялгаатай. Эдгээрийг самар, алтны жишээнээс тодхон харж болно.

Самар нь байгалийн баялаг мөн үү гэвэл мөн, алттай л адил ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Олон улсын зах зээл дээр самрын бизнес багагүй ашигтай бөгөөд үнэ нь нэлээд сайн өсөлттэй байгаа. Алтнаас ялгагдах нь нөхөн сэргээгддэг, гэхдээ л нөөц нь хязгаарлагдмал. Тэгвэл иргэд самар байгаа эсэхийг очиж үзэх, түүх бүртээ мэдэгдэж татвар төлдөг, төр нь түүсэн самрынх нь боргоцой том байвал талыг нь авна гэж дүрэмддэг, үнэ нь өсөхөөр татвар нэмдэг билүү? Хүссэн хүн бүхэн ууланд гарч самар түүж болдог, орон нутгийн захиргаанд сайндаа л мэдэгдэж зөвшөөрөл авдагаараа самар жинхэнэ утгаараа ард түмний мэдэлд байгаа юм.

Харин алт байгаа эсэхийг ойд очоод самар ургасан эсэхийг харахтай адил хялбархан мэдчихдэггүй. Эхлээд хайх зөвшөөрлөө авна, хураамж төлнө. Хайгаад аз таарч олвол ашиглах буюу ухаж гаргаж ирэх зөвшөөрөл авна, бас л төлбөр хураамж бүгдийг нь өгнө. Эцсийн эцэст гуддмай болгож аваад зарах хүртэл маш олон үе шатыг дамжина. Энэ бүхэнд хөрөнгө хүч, хөдөлмөр, мэдлэг чадвар шингэнэ.

Самар, алт хоёрын ялгаа чухам үүнд л байгаа юм. Ашигт малтмалын орд гэдэг бол очоод л суга татаад гаргаад ирэх булаастай бөөн мөнгө биш хөрөнгө оруулалт, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд бий болгож буй онцгой өмч юм. Энэ утгаараа төр харин ч бага оролцоотой байх ёстой мэт. Өөрөөр хэлбэл лиценз эзэмшигчийн эрх, түүний өмчлөлийн агуулгыг хүлээн зөвшөөрөх нь чухал байна.

Онцгой өмчийн ЭРХ ЗҮЙН ТУХАЙД

Мэдээлэл, үйл ажиллагаа шингэж байж арилжааны зүйл болдог материаллаг болон оюуны шинж чанарыг аль алийг нь агуулсан өмчийн онцгой хэлбэрийг хөгжингүй орнуудын эрх зүйн системд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал тодорхой үйл ажиллагааг явуулах эрх нь өмчлөлийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд “Development right, “Operational right” гэх зэргээр нарийн зааглагдсан байдаг.

Гэтэл манайд ашигт малтмал хэмээх онцгой өмчийн хувьд эрсдлээ хийж үйл ажиллагаа явуулах эрх нь ирээдүйд өмчлөлийн бүрэлдэхүүн болох учиртай гэдэг баталгааг бий болгож өгснөөрөө 1997 оны Ашигт малтмалын хууль өнөөдөр буруутан болж байна.

Зүй нь бид олон улсын жишиг, зах зээлийн харилцаанд нийцсэн зөв хууль тогтоомжоо буцааж муутгахын оронд бусад хуулиа сайжруулж эрх зүйн орчноо бүхэлд нь шинэчлэх шаардлагатай билээ. Тухайлбал 1997 оны хуультай уялдуулан Газрын хэвлийн тухай хууль, Иргэний хууль зэрэг суурь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.

Хэрэв бид эрх зүйн орчныг муу хэлэгдээд байгаа Ашигт малтмалын хуулийн шаардлага, түвшинд нийцүүлэн шинэчилж чадвал өнөөдөр ихээр яригдаад байгаа төр стратегийн ордуудад оролцох, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг хэрхэн шилжүүлэх, лицензийн наймааг зохицуулах зэрэг асуудлуудын шийдэл уг хуулинд байж байгаа гэдгийг сайтар уншиж үзсэн хүн бүр ойлгох л учиртай.

Мэдээж хэрэг Ашигт малмалын хуулинд өөрт нь засаж сайжруулах, тодруулах заалтууд бий. Гэхдээ гол концепцийг нь ойлголгүйгээр нэмэлт өөрчлөлт хийх нь суугаад самар түүж байгаа мөчрөө хөрөөдөхтэй л адил болох вий.

Өнгөт төмөрлөгийн инженер Н.АЛГАА
“ӨДРИЙН СОНИН” ба “MONGOLIAN MINING JOURNAL” СЭТГҮҮЛ

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img