Монгол бол далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том орон. Тэгсэн хэрнээ цаасан дээр л бүртгэлтэй 3000 гаруй хөлөг онгоцтой. Хойд Азийн энэ улс бусад орнуудын нэгэн адил далайн тээвэрлэлтийн бүдүүн баараг дүрмийн цоорхойг ашиглан далайн тээвэрлэлтийн бүртгэл үүсгэсэн ба хөлөг онгоц эзэмшигчдийн сэжиг бүхий үйлчлүүлэгчдийн илүүд үздэг сонголт болжээ.
1920-иод онуудад АНУ-ын зарим компани хуулиар хориотой архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийг хөлөг онгоцуудаар Панам руу жуулчлуулдаг байснаас хойш хэдэн арван жилийн дараа Панам, Либери, Маршаллын арлууд зэрэг далайн тээвэрт өчүүхэн хувь эзлэх орнууд “flag of convenience” буюу “ая тухтай далбаа” гэсэн ойлголтыг бий болгожээ. Тэгээд аль ч орны далайн тээврийн компанийн хөлөг онгоцуудыг өөрийн далбаан дор бүртгүүлэхийг зөвшөөрөн ашиг олж эхэлсэн юм. Энэ нь далайн тээврийн компаниудад улс орнуудынхаа хатуу чанд дүрэм журмыг тойрон гарах аятай боломж олгожээ. Өдгөө Панам, Либери, Маршаллын арлууд дедвейт тонн ачаа тээвэрлэлтийн хэмжээгээрээ дэлхийд эхний гуравт орж байна.
Тэгвэл Монгол Улс нэн ялангуяа Орос руу олон улсын хоригт хамрагдсан бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг компаниудыг бүртгэн үйлчлүүлэгч ихтэй болж эхэлжээ. Далайн тээврийн салбарт тус улс угаасаа “ая тухтай далбаа”-тай хамгийн муу нэртэй орнуудын нэг бөгөөд одоо олон улсын хориг арга хэмжээг бүтэлгүй болгох оролдлогод дам оролцож буйгаараа онгирч байх шиг. Гэвч Монголын цадигаа алдсан авир ч дэлхийн далайн тээврийнхний дүрэм журмыг тойрон гарах шилдэг аргаа хэрэглэхийг зогсоож чадахгүй биз ээ. Энэ нь харин хөлөг онгоцны ослуудад хүргэж болзошгүй.
“Цөөн хэдэн компьютер, факсны аппарат, чимэг болгон тавьсан хөлөг онгоцны загварууд, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл”-ийг хянадаг хоёр төрийн албан хаагчтай ганц өрөө оффисын хаалган дээр “Далайн захиргаа” гэсэн хаяг хаджээ” гэж “Maritime Executive” сэтгүүлд 2004 оны долдугаар сард бичиж байжээ.
Тухайн үед “Maritime Executive” Монголыг “ая тухтай далбаа”-тай орнуудын бүрэлдэхүүнд орж ирэхэд ихэд гайхсан нь ойлгомжтой. Монгол бол далайд гарцгүй дэлхийн хамгийн том хоёр орны нэг бөгөөд 3.2 сая хүн амаасаа илүү их адуутай гэдгээрээ алдартай. “Морьгүй монгол хүн далавчгүй шувуутай адил” гэх ард түмнийх нь зүйр үг ч байдаг. Хүн ам сийрэг тус улс дундад зууны алдарт удирдагч Чингис хаанаараа мэдээж мөн алдартай.
“Maritime Executive” 2004 онд хийсэн аяллынхаа үеэр илрүүлсэн Монголын шинэ далайн тээврийн бүртгэлийг өмнө нь Камбожийн бүртгэлийг олон жилийн турш хөтлөхдөө Хойд Солонгосын олон хөлөг онгоцонд тус улсын далбааг ашиглуулсан Сингапурын компани эзэмшдгийг тогтоожээ. Үүнээс жилийн өмнө Камбожийн далбаан дор явсан Хойд Солонгосын ачаа тээврийн “Sosun” хөлөг онгоц 15 ширхэг пуужин, пуужингийн ердийн цэнэгт хошуу, пуужингийн түлш зэргийг тээж яваад саатуулагдсан юм. Иймд Камбож хөлөг онгоцны бүртгэлээ шинэчилж, Япон улс Хойд Солонгосын далбаатай хөлөг онгоцуудад илүү хатуу хяналт тавих болсноор Монголын далбаатай хөлөг онгоцны тоо тав дахин нэмэгджээ.
Улам бүр хурдсах болсон даяаршил, түүний зайлшгүй нэг хэсэг болох даяар далайн тээврээс ашиг хүртэхийг хүссэн орны хувьд энэ нь ер бусын эхлэл байлаа. “Монгол Улс усанд хөвдөг, төлбөрөө төлөх чадвартай бүхнийг бүртгэдэг” гэж тухайн үед “Maritime Executive” сэтгүүлд дүгнэн бичжээ.
Энэ нь цаашид ч үргэлжилсэн. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тус улс эдийн засгийн өөрчлөлтийг эхлүүлж, ашигт малтмалын томоохон экспортлогч болсон ч гэсэн элдэв зохицуулалтаас дайждаг далайн тээврийн компаниудын хөлөг онгоцыг бүртгэсээр өнөөг хүрчээ.
“Монголын хөлөг онгоцны бүртгэл гэдэг бол хамгийн туйлын эцсийн цэг” гэж “Lloyd’s Market Association”-ийн Тэнгис болон агаарын тээврийн хэлтсийн дарга Нейл Робертс “Foreign Policy”-д ярилцлага өгөхдөө онцолсон. Тэрээр мөн, “Андеррайтер даатгагчид энэ улс болон ижил төстэй гуравдугаар зэрэглэлийн “ая тухтай далбаа” бүхий орнуудын бүртгэлд болгоомжтой хандаж дургүйцэнүй байдаг” гэсэн юм.
Ашгийн төлөө компани удирддаг Монголын бүртгэл улсаасаа бус, Сингапурын хаягаар үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн стандарт маш муу байгаа тул Олон улсын далайн тээврийн танхим 2022-23 оны Далайн тээврийн салбарын “ая тухтай далбаа”-тай орнуудын гүйцэтгэлийн хүснэгтэд долоон улаан туг тавьжээ. Тэгвэл Панам, Либери, Маршаллын арлууд нэг ч улаан туг аваагүй. Токиод байрладаг МОU буюу Далайн аюулгүй байдлыг хянадаг олон талт байгууллага хамгийн сүүлийн жилийн тайландаа Монголоос гадна Того, Сьерра-Леон, Доминикаг хар жагсаалтдаа оруулсан байна.
Гэвч Монголын бүртгэлд татагдаж буй тээврийн компаниудад өрнөдийн сайн андеррайтеруудын даатгал тийм ч чухал биш гэмээр. Монголын бүртгэлийн газар цахим хуудасныхаа танилцуулгад, “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Хөлөг онгоцны бүртгэлийн газарт 3000 орчим хөлөг онгоц бүртгүүлсэн ба тэдгээрээс 500 орчим нь тогтмол бүртгэлтэй байна. Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч бүртгэлтэй хөлөг онгоцны нийт тонн ачааны багтаамжаараа далайд гарцтай зарим орны урд гарсан” гэж бахархангуй бичжээ.
Сүүлийн саруудад тус бүртгэлийн газарт нэлээд олон хөлөг онгоц шинээр бүртгүүлсэн аж. Энэтхэгийн Мумбайд төвтэй “Gatik Ship Management” хөлөг онгоцны оператор компани Сейнт-Киттс ба Невисийн далбаатай 36 хөлөг онгоцоо олон улсын хоригт орсон Оросын нефтийг тээвэрлэхэд ашиглаж байсан нь тогтоогдсоны дараа жижиг арлын улс бүгдийг нь бүртгэлээсээ хасчээ. Тэгэнгүүт “Gatik Ship Management” тэдгээрээсээ дор хаяж дөрвийг, үүний дотор “Horai”, “Mercury” нэртэй хөлөг онгоцуудыг Монголд бүртгүүлсэн тухай “Lloyd’s List Intelligence” мэдээлэв. (“Gatik Ship Management” хориг арга хэмжээг зөрчсөн бусад хөлөг онгоцуудаа Арабын Нэгдсэн Эмират улсад байрладаг Габоны бүртгэлд оруулжээ).
Бүртгэлийн шилжүүлгийн талаар анх мэдээлсэн “Lloyd’s List Intelligence”-ийн шинжээч Мишель Бокманн надад ярихдаа, “Хөлөг онгоцуудаа Монголд бүртгүүлснээр “Gatik” туйлын ёроолд хүрэв. Тус компани түүнчлэн далайн тээврийн ертөнцөд маш өдөөн хатгасан дохио илгээлээ. Тэд үндсэндээ “Та нар биднийг даатгахгүй, далбаа өгөхгүй гээд яаж ч чадахгүй. Бид ямар ч нөхцөлд хүссэнээ хийх болно” гэж байгаа хэрэг” гэсэн юм.
Олон жилийн өмнө гишүүн болсон, шинээр бүртгүүлсэн гээд Монголын далбаатай хөлөг онгоцууд бүгд ачаалал ихтэй байгаа ажээ. Тавдугаар сарын сүүлийн өдрүүдэд тэдний хөдөлгөөнийг хянахад “Horai” Хойд тэнгист Оросын Приморск боомтоос Бразилийн Масейо хотыг зорьж байлаа. Өмнө нь “Lisca Bianca M” нэртэйгээр Италийн далбаан дор явсан “Horai”-г “Gatik” энэ оны эхээр худалдаж авсан юм. “Mercury” Приморскоос хөдөлж, Суэцийн сувгийг чиглэж байв. Бразилийн Сантос хотоос гарсан өөр нэг “Irbis” танкер Их Британийн эргээс холгүй хойд зүгийг зорьж байсан юм.
Оросын эсрэг хориг арга хэмжээ удаан үргэлжлэх тусам Монголын хөлөг онгоцны бүртгэл улам ачаалалтай байх магадлалтай. Харин Панам, Либери зэрэг илүү нэр хүндтэй “ая тухтай далбаа” бүхий орнууд хориг арга хэмжээг дэмжихгүй байж болох ч хөлөг онгоцны бүртгэлүүд нь өрнөдийн даатгагчдад хэт эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох боломжгүйн дээр АНУ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын торгуульд хамрагдах эрсдэлтэй юм.
Үүний эсрэгээр, Монгол шиг хамгийн доод зэрэглэлийн “ая тухтай далбаа”-тай улс орнууд, тэр тусмаа далайн тээвэр эрхэлдэггүй бол дэлхийн далайн тээвэрт нэр хүнд олж харилцаа холбоо тогтооход төдийлөн санаа тавьдаггүй. Үүний оронд бүртгэлээ бэлэн мөнгөний саалийн үнээ болгодог. Тэдгээрт одоо бүртгүүлж буй хөлөг онгоцууд даатгуулах бусад бүх арга нь бүтэлгүйтвэл Оросын төрийн агентлагаас санал болгож буй ачааны даатгалд хамрагдах боломжтой. “Зохицуулалтын ямар нэг цоорхой байх л юм далайн тээврийн олон компани түүнийг овжин ашигладаг. Ер нь олон улсын далайн дүрэм журмаас зайлсхийх маш олон арга бий” гэж Мишель Бокманн хэлсэн юм.
“Ая тухтай далбаа”-тай улс орнууд байгаа нь хориг арга хэмжээ авахаас хамаагүй илүү үр дагавартай. НҮБ-ын Далайн хуулийн конвенцид хөлөг онгоцны эзэн болон хөлөг онгоцны далбаа хоёрын хооронд “бодит холбоо” байх ёстой гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Америкийн хөлөг онгоц эзэмшигч нь АНУ-ын далбаан дор л хөлөг онгоцоороо тээвэр хийх ёстой гэсэн үг.
Гэвч дэлхий даяар далайн цагдаа байхгүй, Олон улсын далайн байгууллагад цагдах эрх мэдэл байхгүй тул НҮБ-ын конвенцийг зөрчих явдал газар авчээ. Өнөөдөр дэлхийн худалдааны флотын бараг дөрөвний гурав нь “ая тухтай далбаа”-н дор тээвэрлэлт хийж байна. “Ая тухтай далбаа”-тай улс орнууд ихэвчлэн хөгжиж буй эдийн засагтай (мөн Европын холбооны гишүүн Кипр, Мальта) бөгөөд тэдний ихэнх нь осол болон бусад эрсдэл гарах үед хариуцлагаас татгалздаг.
Оросын газрын тос болон бусад аюултай бодисыг Монголын далбаан дор тээвэрлэж буй элдэв доголдол, гажигтай танкерууд мэдээж аюул дагуулж буй. “Тийм танкеруудад хэзээ ч осол гарч болзошгүй. Ослоос сэргийлэх цорын ганц арга бол Далайн дүрмийг даган тэдгээрт боомт руу оронгуут шалгалт хийж байх явдал. Гэвч Орост хөлөг онгоцуудыг шалгах ямар ч сонирхол байхгүй” гэж Мишель Бокманн ярьсан юм.
Хэрэв Монголын далбаатай хөл онгоцууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Габоны далбаан дор хориг арга хэмжээг зөрчиж явсан “Pablo” танкер шиг осолд орвол Монголын хөлөг онгоцны бүртгэлийн газар (ажилчдын тоо: 11-50) үүргээ гүйцэтгэнэ гэдэг юу л бол. Бусад улс орнууд л туслахад хүрнэ. Чингис хаан эх орон нь олон улсад иймэрхүү нэр хүндтэй явааг мэдсэн бол юу гэж хэлэх байсан бол?