Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг нийт 31 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хууль, тогтоолын төслүүдийг 95.3-100.0 хувийн саналаар батлав. Тэр дундаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 100.0 хувийн саналаар батлагдав. Уг тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэн батлах, боловсруулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, органик болон процессын хуулиудад өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл өгч буй юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэхүү өөрчлөлтөд парламент дахь намын бүлгүүдийн саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталж буйг онцлон дурдсан юм. Тэрбээр, Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, хагаралдуулсан байдалд байлгахыг хүсдэг олон эрх ашгууд бийг сануулж, тэр бүхэнд авталгүй, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд нэгдмэл санаа зорилготой Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг онцгойлон тэмдэглээд, цаашид эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал энэ удаагийн нэмэл, өөрчлөлтөөр дуусгавар болж байгааг чухалчлан өгүүлэв.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооноос төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэж, зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсныг зүйл заалт бүрээр нь уншиж сонсгон, нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай батлагдлаа. Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 87.5 хувийн саналаар батлагдсан бол Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 89.6 хувийн саналаар батлагдав.
Монгол Улс анх удаа улсын төсвийн тухай хуульд эерэг үзүүлэлтээр буюу нэмэгдүүлэн тодотгох өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, улсын төсвийн орлого давж биелэхэд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлж, эх орны хишгийг ард иргэдэдээ хүртээмжтэй, тэгш хуваарилах үндсэн зарчим бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг сануулав. Тэрбээр, хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох шийдвэр халамж бус, эх орныхоо баялгаас хишиг хүртээж байгаа явдал хэмээгээд баялгаа “баялгийн хараал” болгохгүй, ерөөл болгохын тулд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, гадаад дотоодын шилдэг менежментийн багаар удирдуулж, “Нүүрсний хулгай”, “Баялгийн хулгай” гээд байгаа энэ эх захгүй асуудлаа цэгцэлж байж, ард иргэдэд өгөөж хишгийг нь хүртээж чадна хэмээн чухалчлан тэмдэглэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Тогтоолын төслийн тавдугаар заалтаар, төрөөс хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд олгодог хөнгөлөлттэй зээл санхүүгийн дэмжлэгийг хэрхэн оновчтой хуваарилах, төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл, судалгааг гаргаж цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах тухай заасантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 2022 онд баталсан хуулийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт хийсэн эсэх, хөтөлбөрүүд хэр үр дүнтэй болсон талаар асуув. Үүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд мах, гурил, шатахууны компаниудын зээлийн хүүг 10 хүртэл хувиар хөнгөлөхөх арга хэмжээ авсны үр дүнд зах зээл дээр үнэ тогтворжих хандлага гарч байна гэж ойлгож болно. Ялангуяа, гурил, будааны эргэлтийн хөрөнгө болон бусад зардлууд 40-50 хувиар өсчихсөн тул үнэ өсөөд байгаа. Махны үнэ хавар өсдөг. Харин энэ долоо хоногоос буурах үйл явц ажиглагдлаа. Долоо хоногийн дараа гэхэд тодорхой хэмжээгээр буурсан байна гэсэн дүгнэлттэй байгаа гэсэн юм.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл санг бий болгов. Мэдээний санд боловсруулалт, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон багийг томилон ажиллуулж байна. Судалгааны үр дүнгээс дурдвал: Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар гурван настай гурван хүүхэд тутмын нэгд, таван настай гурван хүүхэд тутмын хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр, Зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт 65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна. Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.
Түүнчлэн ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг “хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа”-нд үндэслэн тооцоолж үзэхэд нэг хүн дунджаар 10.4±9.1 жилийн өмнө “хавдраа эрт илрүүлж” оношлуулжээ. Ийнхүү ходоодны хавдрыг эрт оношлогдсон 44 хүний хувьд 228 хүн жилийг амьдралын хугацаандаа уртасгасан байна. Дээрх хүмүүс эрт илрүүлэн оношилсноор цагаасаа эрт нас барахаас сэргийлж, мөн амьдралын дараагийн жилүүдэд ажил, хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болсон гэж үзэхээр байна. Нэг хүний боломжит орлогын хэмжээ 143,0 сая төгрөг байна. Дээрх үр дүнгүүдээс харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хүний нөөцийн хангамж, эдийн засгийн асар их ач холбогдолтой байж, хувь хүн, гэр бүлийг ядуурлаас сэргийлэх бүрэн боломжтойг харуулж байна гэж байлаа.
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд 6-17 насны багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмэх, сумын эрүүл мэндийн төвд 18-30 насны багцын тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэн даатгуулагч эрт илрүүлэг багц үзлэгт хамрагдаж эхэлснээс дуусах хүртэлх хуанлийн 20 хоногийн хугацааг ажлын 20 хоногт багтаах, даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээх зохицуулалтуудыг тус тус тусгаснаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангав. Эрт илрүүлгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг авч ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамруулax ажил эхлээд нэг жил өнгөрч байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдсан байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилт нэвтэрсэн нь эмч нар үндсэн ажлаасаа хөндийрч маш их цагийг ажлын гүйцэтгэл гаргах тооцооны ажилд зарцуулж байгаа юм байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт цахим мэдээллийн сүлжээг боловсронгуй болгож хөгжүүлэхэд Засгийн газар, ялангуяа Эрүүл мэнд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч ажиллах нь чухал гэдгийг дурдсан.
Мөн эрт илрүүлгийн явцад аймаг, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисоор хангах, чадавхжуулах, алслагдсан сум, баг, хороонд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй, бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагад хандах боломжгүй иргэдэд явуулын хэлбэрээр үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх хэрэгцээ байгаа нь харагдсан. Орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх ажлыг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг Ц.Туваан гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог илүү сайжруулах, үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хараат бус ажиллах бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн хүн амын эрүүл мэндийн асуудал өрхийн орлого, амьдралын чанартай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд өрхийн бодит орлого буурч, хүнсний гол хэрэгцээт барааны үнэ нэмэгдэж, ядуу иргэдийн тоо өсөж байгаа нь тулгамдсан асуудал боллоо. Улс орны эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ үгүйлэгдсээр байна. Ийм нөхцөл байдалд эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, хүний нөөцийн зөв бодлого явуулж, чадавхжуулах, олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламжийг энэ чиглэлд түлхүү зарцуулах, эрт илрүүлгийн ажлыг төлөвлөсөн хугацаанд бүх иргэдийг, ялангуяа орлого багатай иргэдийг бүрэн хамруулах хэлбэрээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Эцэст нь эрт илрүүлгийн ажлыг нийтийг хамаарч хийхийн зэрэгцээ оношилгооны чанар үр дүнг нь сайжруулах үүднээс зүрх судасны өвчин, хавдар, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэх мэт анхаарал татсан өвчлөлөөр зохион байгуулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу хуралдаан асуулт, хариултаар үргэлжиллээ.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, Ж.Чинбүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нар “D-Parliament” цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамруулax ажилд иргэдийн дөнгөж 31 хувь нь хамрагдсан шалтгаан болон энэхүү үзлэг оношилгоонд ажиллаж буй нэг эмчийн ажлыг хэрхэн үнэлж тооцож буйг лавласан байв. Мөн эмнэлгүүдийг үзлэг оношилгоо хийх, ялангуяа ходоодны дуран бусад төхөөрөмжөөр хангах асуудалд авч буй арга хэмжээ, зарим иргэд эрүүл мэндийн шинжилгээний хариугаа авч чадахгүй байгаа шалтгаан, хүртээмжийн талаар тодруулсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснээс хойш нийт хүн амын 31 хувь нь хамрагдаад байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэдийн энэ талаарх оролцоо ойлголт, мэдээлэл дутмаг байна. Гол хүчин зүйлс нь хөдөө, ялангуяа сум, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байсаар байна. Энэ нь насанд хүрэгчдийн эрт илрүүлгийн зургаан багцын шинжилгээг сумын эрүүл мэндийн байгууллагаасаа авах нөхцөл боломж хангагдаагүй, боловсон хүчин хүрэлцээгүй, оношилгоо эмчилгээний тоног, төхөөрөмж хүрэлцээ хангамж, дутмаг байгаатай холбоотой. Иймд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвөөр үйлчлүүлэх, үзлэгийн дараалал, ачаалал их байгаагаас орон нутгийн иргэд ялангуяа малчид эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ хүрээнд бид явууллын багийг зуны цагт ажиллуулж, хөдөөгийн иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, ходоодны дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Цаашдаа 2023, 2024 онд эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд нийт иргэдийг 100 хувь хамруулна” гэж байлаа.
Мөн тэрбээр “Эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамруулахдаа насанд хүрэгчдэд зургаа, хүүхдэд хоёр төрлийн багцаар үйлчилж байгаа. Эдгээр үзлэг, шинжилгээнд ажиллаж байгаа эмч нарын үнэлгээг нэг иргэнээр тооцох санхүүжилтийн үнэлгээгээр явж байгаа. Цаашлаад 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн тарифт өөрчлөлт оруулж, цалинг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авна” хэмээн хариулсан.
Түүнчлэн Ажлын хэсгээс, “Эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 38.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан. Эмнэлгүүдэд хамгийн их зардалтай байдаг дуран болон холбогдох ариутгал халдваргүйтлийн аппарат, бусад хэрэсглээр хангасан. Цаашдаа эмнэлгүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ авсан 38.9 тэрбум төгрөгөөрөө хэрэгцээт тоног, төхөөрөмжөө авах замаар хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний хариуг e-mongolia цахим нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан өгч байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв